Монгол дарга мөрөөдөхөд төсвийн мөнгө хэдэн зуун саяар урсана. Энэ бол Монголын нийгэмд хэвийн үзэгдэл болжээ. Хотын удирдлага “Гэрэлт гудамж”, “Агаарын хөлөг”, “Усан оргилуур” гэх мэт төслүүд санаачилсан ч хотын өнгө үзэмжийг нэмсэнгүй. Зарим нь ч амьдралд хэрэгжилгүй үлгэр болж замхарсан. Ёстой л төрийн мөнгө ёолдоггүй гэдэг ч дарга нарын агаарын мөрөөдлийг биелүүлэхэд улсын төсөв ёолж байгаа гэхэд хилсдэхгүй. Харин одоо Сүхбаатарын талбайн урд хэсэгт орших Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахаар Хотын захирагч С.Амарсайхан шийдвэрлээд байна. Нийт 85 метрийн урттай 14 метрийн өргөнтэй хөгжмийн аялгуутай усан оргилуур, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар байгуулах ажлын төсөлд 3.2 тэрбумыг зарцуулахаар болсныг иргэд шүүмжилж буй.
Коронавирусийн халдварын улмаас дэлхий нийтээр эдийн засгийн хямралд өртөж байхад Монголд хотын удирдлага нь эрүүл мэндийн салбартаа зарцуулах ёстой хөрөнгөө ийнхүү усан оргилууртай болох мөрөөдлийн төсөл ярьж байгаа нь сонгуулийн өмнөх мөнгө угаах арга гэж олон нийт хардаж байгаа юм. Үе үеийн хотын удирдлагууд бүтээн байгуулалт нэрийдлээр татвар төлөгчдийн мөнгөөр туйлж, чамгүй мөнгө урсчээ.
3.2 ТЭРБУМЫН ӨРТӨГТЭЙ УСАН ОРГИЛУУР АРСЛАНТАЙ ГҮҮРНИЙ УСАН ХӨШИГ ШИГ БОЛОХ ВИЙ
Улаанбаатар хотын ногоон байгууламжид жил бүр чамгүй мөнгө зарцуулдаг. Тухайлбал, өнгөрсөн жил нийслэлийн ногоон байгууламжид 7.5 тэрбум, түүний өмнөх жил 5.8 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэвч төсвөөс ийм их хэмжээний мөнгө зарцуулан байж хийдэг ажил урт насалдаггүй нь харамсалтай. Удлаа гэхэд 3-5 жилийн дараа угтаа хүртэл огтлогдож, нэг эсвэл шилжүүлэн суулгана гээд уг үндсээр нь аваад явчихдаг жишиг тогтжээ.
Нийслэлийн төв талбайн урд Хонхтой цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болж, суулгасан модыг бүгдийг нь шилжүүлж, оронд нь усан оргилуур барихаар болсон нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулаад буй. Хотын удирдлагууд усан оргилуурыг бий болгосноор 14 ширхэг арал, 7000 ам метр ногоон байгууламж усжуулалтын автомат системтэй болно хэмээж буй. Өөрөөр хэлбэл, 2015 онд 70 сая төгрөгөөр баригдсан ч удалгүй эвдэрсэн Арслантай гүүрний усан хөшигтэй адил ашиггүй зүйлд 3.2 тэрбумыг төсвийн мөнгөнд цацахаар болсон нь бүтээн байгуулалт нэриийдлээр сонгуулийн өмнөх мөнгө угаах арга байхыг үгүйсгэхгүй гэж олон нийтийн зүгээс харж, эсэргүүцэж байгаа юм.
ДҮҮЖИН ТЭЭВЭР МЕТРО ШИГ ЗАМХРАХ УУ?
2016 оны сонгуулийн өмнө метротой болно гэсэн шиг 2020 оны сонгуулийн өмнө дүүжин, соронзон тээвэр, тусгай замын автобустай болох шийдлийг эрх баригчид гаргалаа. Тодруулбал, 2020-2021 онд Францын Засгийн газрын санхүүжилтээр “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-ийн ажил хийгдэж байгаа юм.
Зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд Баянхошуу орчмоос III, IV хороолол хүртэл болон Энхтайвны гүүр, Чингисийн өргөн чөлөөний замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр шугам нээхээр төлөвлөжээ. Дүүжин тээврээр цагт 2500-3000 хүн үйлчлүүлэх бөгөөд Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут, Зайсангаас хотын төв рүү найман минутад зорчино гэж тооцоолоод байгаа юм.
Нийслэлчүүдийн хамгийн тулгамдсан асуудлын нэг авто замын түгжрэлийг бууруулахаар ийм шийдэл гаргасныг буруутгахгүй. Гэхдээ төслийг хэрэгжүүлэх цаг хугацаа болоод эрх баригчид солигдох эгзэгтэй үед ийм том шийдлүүд гаргаж байгаа нь эргэлзээ төрүүлнэ. Авто замын түгжрэл бол агаарын бохирдолтой дүйцэхүйц тулгамдсан асуудал. Маш том бүтээн байгуулалт, зоригтой шийдвэр, нарийн төлөвлөлтийн үндсэн дээр шийдвэрлэгдэх ажил. Гэхдээ энэ төслүүдийг агаарт замхруулахгүй, ажил хэрэг болгох нь хамгийн чухал.
ӨДИЙД МЕТРОТОЙ БОЛСОН БАЙХ БАЙЛАА
2011 онд Улаанбаатар хотыг метротой болгох төслийг хэрэгжүүлэхээ монгол дарга нар амалж байлаа. Албан ёсоор танилцуулсан нь 2013 он.
Толгойтоос Амгалан хүртэлх 17.7 км замыг 15-20 минут явах метроны тухай үлгэр олон жил үргэлжилсэн ч, үнэндээ энэ үлгэрт хүүхдүүд хүртэл итгэлээ больсон.
Дарга нарын зохиосон гайхамшигтай үлгэрт нь нийслэлчүүд 2017 оноос метрогоор зорчих тухай гардаг. Гэвч, үлгэр тэгсхийгээд амарсайхандаа жаргасан юм.
2020 он. “Улаанбаатар метро” төслийг иргэдэд албан ёсоор танилцуулсны долоон жилийн ой энэ онд тохиож байна. Төслийн ажил хугацаандаа, төлөвлөсөн ёсоор үргэлжилсэн бол Улаанбаатар метрополист хот болох байх. Нийтдээ 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй уг төслийг 60 хувийг япончууд хөнгөлөлттэй зээлээр олгохоор болж, үлдсэнийг нь олон улсын донор байгууллагууд болон хувийн хэвшил, дуудлага худалдаанаас олно гэж тооцсон. Гэвч энэ төсөл 2013 ондоо “царцаж” бүрмөсөн сураг алдарчээ. Өөрөөр хэлбэл, энэ бүх ажил 2016 оны сонгуулийн дараагаас таг мартагдсан гэсэн үг. “Метроны зам байгуулах зардал өндөр. Тооцоо, судалгаа үндэслэлгүй” гэсэн шалтгаанаар МАН-ынхан засгийн эрхийг авсны дараа “Улаанбаатар метро” төслийг унагасан байна.
Нийслэлийн тээврийн газрынхан Улаанбаатарыг метротой болгох судалгааг дахин эхлүүлж байгаагаа 2018 онд албан ёсоор зарласан. Метроны чиглэлийг Офицеруудын ордноос төв зам болох Энхтайваны өргөн чөлөө дагуу Сонсголон хүртэл хотыг зүүнээс баруун тийш холбосон 17.7 км газар доогуур барих бололцоотой гэж тодорхойлсон байна.
Тэд “2030 он гэхэд нийслэлийг метротой болгоно. Санхүүжилтийг нийслэл, эсвэл Засгийн газар дангаараа шийдэх боломжгүй учир гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, түншлэл, концессын гэрээгээр шийднэ” гэсэн юм. Гэвч иргэд үүнийг 2020 оны сонгуулийн шоу гэж хардаж буй.
АРСЛАНТАЙ ГҮҮРНИЙ УСАН ХӨШИГ МӨНГӨ УГААХ АРГА БАЙСАН УУ?
Нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор Арслантай гүүрэнд усан хөшиг татахаар болсон. “Усан хөшиг”-ийг нээж, тууж хайчилсан нь ердөө таван жилийн өмнөх үйл явдал. Улаанбаатарт анхны усан хөшигний нийт өртөг 70 сая төгрөг. Харамсалтай нь, нийслэлчүүдэд энэхүү усан хөшиг огт таалагдаагүй. Өнгө үзэмж, чанар муутай энэ хөшгийг далан сая биш долоон саяар барьсан гэхэд итгэх хүн олон байлаа.
Гэвч, мөрөөдөл биелэхгүй ч мөнгө угааж болно. 2019 оны зургадугаар сард “Усан хөшиг”-ийн ус цацруулагч зарим цоргыг сольж, төмөр урт хоолой бүхий цорго гагнахад дахин 40 сая төгрөгийг зарцуулсан тухай албаны хүмүүс мэдээлж байсан юм. Энэхүү “усан хөшиг”-ний эргэн тойронд бичил цэцэрлэгт хүрээлэн барина гэсэн ч өнөөдөр бодит байдлыг нь бичих шаардлагагүй биз. Энэ мэт татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн "шүдний чигчлүүр" олон. Бүтэлгүй мужаан тэрэг хийх гээд шүдний чигчлүүртэй үлдсэн шиг.
ЧУЛУУТЫН ХАВЦАЛ ДЭЭГҮҮР БАРИХ ШИЛЭН ГҮҮР ЦАРЦАВ
2017 онд Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр 150 метр урттай шилэн гүүрийг барьж, 2018 оны Үндэсний баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар манай дарга мөн л мөрөөдлөө дэлгэж байв. Гэвч, мөн л мөрөөдөхөд мөнгө төлсөн. Өнөөдөр ч шилэн гүүр ашиглалтад ороогүй, бүтээн байгуулалтын ажил эхлээгүй байгаа. Учир нь, шилэн гүүрний бүтээн байгуулалтын ажил санхүүжилт байхгүйн улмаас таг зогсжээ. 2017 онд хятадуудаас Чулуутын хавцлын шилэн гүүрийг бариад өгөх саналыг аймгийн удирдлагуудад тавьсан байна. Гэтэл Засаг дарга нь зөвшөөрөөгүй аж. Монголчууд өөрсдөө 150 метр урттай шилэн гүүр барьж, дэлхийд гайхагдана гэж мөрөөдсөн монгол даргаас болж хятадуудын хүсэлт талаар болжээ.
Тус гүүрийг барих “Шилмэл шил” ХХК-ийн захирал М.Даш өнгөрсөн 2019 онд “Шарк Танк” нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаарт дээрх шилэн гүүр төслөө танилцуулж 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн ч шаркуудаас авч чадаагүй юм. Энэхүү шилэн гүүр баригдсанаар жуулчдыг татна гэж тооцсон. Тодруулбал, гүүрээр жуулчид хоёр цаг орчим алхахдаа хажуугийн шатаар доош бууж, байгалийн өвөрмөц тогтоц бүхий хавцалтай илүү ойроос танилцахын зэрэгцээ төөрдөг толин байшингаар зочлон, агаарын гулсуур, агаарын дугуй, мотоциклын шоу үзүүлбэрийг сонирхох боломжтой гэж сурталчилж байв. Мөн хавцлын хоёр талаар энгийн болон дээд зэрэглэлийн хоёр төрлийн жуулчны бааз байгуулж, өөр өөр өнгө, загвар бүхий шилээр бүтээсэн 20 гэр, 10 монгол гэрт жуулчид хүлээн авахаас гадна ресторан, буфет ажиллуулах төлөвлөгөө бий. Гүүрийн өртөг нь 2.2 тэрбум төгрөг аж.
ТЭРБУМААР ТОХИЖУУЛСАН ГЭРЭЛТ ГУДАМЖ УДААН НАСАЛСАНГҮЙ
Аялал жуулчлал өндөр хөгжсөн дэлхийн хотуудад шөнө нь өдөр мэт гэрэлтэх үзвэр, худалдаа үйлчилгээ төвлөрсөн шөнийн гудамжууд бий. Тухайлбал, Нью Йорк, Токио, Сеүл, Бээжин, Бангкок, Куала-Лумпур зэрэг хөгжилтэй хотын худалдаа үйлчилгээний шөнийн гудамж, захууд нь жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг. Энэ жишгээр Улаанбаатар хот шөнийн гэрэлт гудамжтай /2017.06.08/ болж байв. Тодруулбал ,Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулж “АСА” циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх талбайг “Шөнийн гэрэлт гудамж” хэмээн нэрлэсэн.
Нийслэлийнхэн анх удаа гэрэлт гудамжтай болсон ч хүмүүсийн хүлээлт талаар өнгөрч, баян айлын хашааны гэрэлтүүлгээс ч дор болсныг гайхаж шүүмжилж байв. Тэрбум гаруй төгрөгөөр тохижуулсан гэрэлт гудамж нээлтээ хийснээс хойш архидан согтуурах гудамж талбай болон хувирч, оршин суугчид шөнөөр унтаж чадахгүйд хүрсэн гэх мэт хэл ам тасраагүй. Тиймээс 2019 онд Хотын дарга С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээж авсан даруйдаа гэрэлт гудамжийг хориглосон нь ийнхүү тэрбумын өртөгтэй шөнийн гудамж төсөл аль ч үгүй замхарсан билээ.
СЭЛБИЙН ГҮҮР МӨНГӨ УГААХ ХЭРЭГСЭЛ ҮҮ?
Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд барьсан 60 метр гүүр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ашиглалтад орсон. Гэвч зураг төсөл шигээ байсангүй. Гүүр ашиглалтад орохоос өмнө хотын удирдлагууд үерийн далан дагуух гуу жалгуудыг тохижуулах хүрээнд авто, явган хүний зам барьж, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байгуулан, чийрэгжүүлэх тоног төхөөрөмж суурилуулна хэмээж байсан ч ердөө хэдэн модон сандал өрж, битонон гүүр ашиглалтад орсноос өөрөөр Сэлбэ дэд төвийг шинэчилсэнгүй. Баянхошуу болон Сэлбэ дэд төвийг хөгжүүлэхэд шаардлагатай 53.7 сая ам.долларыг АХБ, 22.4 саяыг нийслэлийн ЗДТГ, үлдсэнийг нь ЕХОБ-наас санхүүжүүлж байв.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ