Тангараг өргөсөн хүмүүс: Цар тахал гээд цааргалах эрх байхгүй

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

Тангараг өргөсөн хүмүүс: Цар тахал гээд цааргалах эрх байхгүй

Тангараг өргөсөн хүмүүс: Цар тахал гээд цааргалах эрх байхгүй

Цар тахлын энэ үед иргэдийнхээ эрүүл энхийн манаанд ар гэрээ умартан амь насаа үл хайхран ажиллаж буй  хүмүүс бол төрийн алба хаагчид. Ард иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлын төлөө “галын шугам”-д ажиллаж буй тэдний бахархал нь ч бас  үндэсний аюулгүй байдал, ард иргэдийнх нь амгалан тайван байдал гэдэгт санал нэг байна. Төрдөө өргөсөн тангараг, хүлээсэн үүрэгтээ эзэн нь болсон алба хаагчдын төлөөллүүдтэй уулзаж, ажлынх нь нэг өдрийг сонирхлоо.


     ХАЛДВАРЫН ГОЛОМТ ГЭЭД АЖИЛЛАХГҮЙ ГЭЖ ЦААРГАЛДАГГҮЙ

ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.АМГАЛАНБАЯР: 

-Манай байгууллага 104 ажилтантай. Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ цаг үед дарга, цэрэггүй бэлэн байдалд ачаалалтай ажиллаж байна. Мөн орон нутгийн 14 салбар төвтэй. Үндэсний хэмжээнд нийт 300 орчим ажилтан нэгдүгээр сараас хойш дохиоллын удирдлагын системд шилжин ажиллаж байна. Та бүхний мэдэх хамгаалах хэрэгслийн цагаан хувцсыг зүгээр л өмсч, тайлдаггүй.

Мэс заслын үед хэрэглэдэг нэг удаагийн амны хаалтаас хэд дахин зузаан, шингэн нэвтрүүлэхгүй  N95  маск зүүхээс эхлээд нүдний салс хамгаалсан шил, салхи ус, агаар нэвтрүүлэхгүй комбинзон, усны гутал өмсөнө. Биеийн ил гарах бүхий л хэсгийг далдалсан хамгаалах хэрэгслийн хувцастай ажиллахад маш хүнд. Хүйтний улиралд халдвар хамгааллын дэглэмийн дагуу хаймран бээлий, гутал өмсчихөөд нимгэн цагаан хувцастай ажиллахад гар, хөл хайрагдах нь түгээмэл.

Одоо бол цаг агаар дулаарсан ч коронавирусийн халдвар +6-8 хэмд хамгийн өндөр тархах эрсдэлтэй гэдгийг олон улсын эрдэмтэд тогтоосон. Тийм учраас олон нийтийг халдвараас урьдчилан сэргийлэх ажилд гар бие оролцон ажиллаж байгаадаа эмч хүний хувьд бахархдаг.

Мэдээж, энэ их ачаалал, бэрхшээо, хүндрэлийн дунд ажиллаж буй ч мэргэжилдээ дурлах маш сайхан. Тийм учраас бид хэцүү гэхгүй.

Халдварын голомт, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмнэлгийн ажилчдад  халдвараас сэргийлэх хяналт, халдвар дэглэм сахих нь хамгийн чухал байдаг. Эмнэлгийн ажилтан, эмч мэргэжилтнүүд халдвар авахгүй байх нь хамгийн үнэт капитал юм. Голомттой бүсэд  ажиллаж байгаа нөхцөлд шуурхай нөхцөлд байсан ч бид яарч сандардаггүй.  Хэрэв яарч, сандарвал вирус тухайн ажилтны биед хүрэх, цаашлаад халдварлах эрсдэлтэй. Үүнийг баримтлах үүднээс хамгаалах хэрэгслийг бид нэг бүрчлэн байнгын дадлага сургуулилтаар өмсч тайлдаг юм. Нүдэнд үл үзэгдэгч вирус хувцсанд наалдсан үгүйг мэдэхгүй шүү дээ. Тиймээс бусдад эрсдэл учруулахгүйгээр хамгийн наад захын арга хэмжээг авдаг. Өвчтөнтэй ажиллаж буй үед хамгаалах хэрэгслийн хувцсыг  дөрвөн цаг тутамд солих заавар журамтай. Энэ дагуу ажилчид хувцсаа солино. Ийм боломжийг бүрдүүлэхийн төлөө л би журам гаргаж ажиллаж байна. Халдварын голомтод ажиллаж буй үйлдэл хөдөлгөөн бүхэн тусгай журам, төлөвлөгөөний дагуу л мөрдөгддөг.

Агаарын хөлөг тусгай үүргийн чиглэлээр халдварын голомттой бүс нутгаас ирсэн мөчид иргэдээ тусгай бэлтэсэн бүхээг дундуур нэвтрүүлж, эд зүйлсийг халдваргүйжүүлэх ажлыг бид зохион байгуулдаг. Өчигдрийн хувьд /2020.04.02/ орой 21:21 цагт Сөүл-УБ чиглэлийн онгоц газардаж, үүрээр дөрвөн цагийн үед зорчигчдоо тээвэрлэж дуусгасан жолооч нарын тээврийн хэрэгслийг ариутгаж халдваргүйжүүлсэн. Нийт 259 зорчигч тусгай үүргийн онгоцоор ирлээ. Агаарын хөлөгт дунджаар 4-8 цаг зарцуулж байна.  Найман хүний бүрэлдэхүүнтэй хоёр багаар ажиллах хугацаандаа зорчигчдын 9000 орчим ачаа тээшинд халдваргүйжүүлэлт хийж, зохих байгууллагад нь хүлээлгэн өгсөн.

Миний хувьд эрүүл ахуйн технологич, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн. Тиймээс надад өвчлөл гарсан эрсдэлтэй бүс,  халдварын голомт руу орохгүй, халдвар авч болзошгүй учраас би ажиллахгүй гэсэн ойлголт байхгүй. Ийм сэтгэхүй ч байхгүй. Эмч хүний өргөсөн тангараг, ард түмний өмнө хүлээсэн үүргийнхээ төлөө  халдвараас айж, зугатах эрх байхгүй.

Улс орон, нийгмийнхээ өмнө хүлээсэн үүрэг учраас бид зүтгэх ёстой, ажиллах ёстой. Бидний өмнө эрсдэл байсаар байна, баярлах болоогүй. Дэлхий нийтийг нөмрөөд буй халдварт өвчнийг эрсдэл бага даван туулсныхаа дараа л сэтгэл тайвширна.

АМРАЛТ ГЭСЭН ОЙЛГОЛТ БИДЭНД БАЙХГҮЙ

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч Т.ТӨМӨРБААТАР: 

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчид нэгдүгээр сарын 6-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Ялангуяа хилийн боомтуудад ажиллаж буй улсын байцаагчид хамгийн их ачааллыг үүрч байгаа.  Монгол Улсын хил дээр өнөөдрийн байдлаар 480 гаруй байцаагч ажиллаж байгаагийн 83 нь халдварын голомтод хяналт тавьж ажиллаж байна. Хамгаалах хэрэгслийн хувцастай 4-8 цаг ажиллана гэдэг маш хүнд хэцүү ажил. Агаар, салхи нэвтрүүлэхгүй комбинзонтой учраас хөлрөх ядрах, масктай мэдээлэл өгөхөд бэрх гэх мэт аль аль талаасаа маш их ядарна. Тусгай үүргийн онгоцоор зорчигчид ирж байгаа тохиолдолд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг маш сайн барих хэрэгтэй.

Хэрэв дэглэмийг барьж чадахгүй бол өвчин хүнийг албан тушаал, баян, ядуу, мэргэжил боловсролоор нь ялгахгүй.  Хүн гэдэг бодь галь талаасаа л халдвар авах учраас хэнийг ч ялгахгүй. Ялангуяа онгоц хүлээж авах үед зохион байгуулалтын удирдлагын шатанд бүх анхаарлыг төвлөрүүлж ажиллах ёстой.

Энэ үеэр бусад боомтуудаар ч бас зөвлөгөө авах дуудлага тасардаггүй. Анхаарал төвлөрсөн байж болох ч бусад боомтуудад ч бас тавих хяналтаа сулруулж болохгүй.  Улсын боомтуудаас ирж буй мэдээллүүдээ цаг алдалгүй өгөх үүрэгтэй. Үүнээс гадна иргэдээс  Тусгай үүргийн онгоцоор явах гэж байна, хилээр оруулж буй бараа бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотой дуудлага мэдээлэл тасардаггүй. Энэ бүхэнд зөвлөгөө өгөх үүрэгтэй.

Өнгөрсөн долоо хоногт буюу пүрэв, баасан гаригт тусгай үүргийн хоёр онгоц газардахад би эрсдэлтэй бүсэд ажиллаж буй улсын байцаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, онгоц газардах хүртэл хяналт тавьж ажилласан. Дөрөвүгээр сарын 2-нд  Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоц газардахад бид шөнийн 02:00 цаг хүртэл ажиллаж, зорчигчдоо ангилан хуваарилах үйл ажиллагаа үүрийн 04:00 цагт өндөрлөж байгаа юм. Өглөө нь Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц 15:59 цагт Буянт-Ухаа боомтод газардахад шөнийн 03:00 цаг хүртэл ажилласан.

Хэрэв дэс дараалсан нислэгүүд ирэх хуваарьтай бол хоол идэж, цурам хийх зав гарахгүй. Өглөө 08:00 цагт ажил эхэлснээс хойш маргааш өглөөний 04:00 цагт л ажил дуусна.

Миний хувьд зөвхөн Буянт-Ухаа боомтоос гадна Монгол Улсын 26 боомтуудаас Алтанбулаг, нүүрс тээвэрлэлт гарч буй Шивээхүрэн Гашуунсухайт зэрэг боомтуудаар жолооч нар орж, гарч байгаа тул халуунтай хүн ирж байна уу үгүй юу гэдэгт хяналт тавьж хоногийн мэдээллүүдээ нэгтгэж холбогдох байгууллагуудаа хүргэдэг. Сүүлийн үед нүүрсний экспорт эхэлсэнтэй холбоотой Хангимандалын боомтоор гэхэд л жолооч нарын орж гарч буй хөдөлгөөнд цаг минут тутамд мэргэжлийн зөвлөгөө өгч байна. Иймд утас 24:00 цаг нээлттэй байх ёстой. Магадгүй Алтанбулагийн боомтод асуудал гарч, дэглэм алдагдлаа гэхэд цаг алдалгүй зөв хариу арга хэмжээ авах талаас нь зөвлөгөө өгөх үүрэгтэй. Өчигдөр /2020.04.03/ гэхэд л Токио Уб чиглэлийн онгоцыг хүлээн авч, зорчигчдоо ангилан тусгаарлах ажлыг 03:00 цаг хүртэл зохион байгуулж, өнөөдөр /2020.04.04/ ХӨСҮТ-д мэргэжлийн багийнханд хичээл зааж ажилалаа. ХӨСҮТ-ийнхэн ч бас цаг наргүй ажиллаж байна. Нэгэнт өндөржүүлсэн бэлэн байдад байгаа учраас амрах зав чөлөө байдаггүй. Гэхдээ бид нэгэнт л бид анагаах ухааны их сургууль төгссөн эмч нар учраас өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байна.

Хамгийн гол нь бидний санаа зовоож буй зүйл нь Монгол Улсад ямар нэгэн байдлаар халдварыг тархаахгүй байх, хүн амын дунд халдвар гаргахгүй байх талаас онцгой анхаарч байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллага зөвхөн халдварын эрсдэлтэй нөхцөлд гэлтгүй баяр ёслол, амралтын өдрүүдийн аль ч үед ажилладаг.

Баяр тэмдэглэж, амрахаасаа илүүтэй 24:00 цагийн тогтмол ээлжээр эргүүлд гарч ажилладаг. Ажил, гэр алинд ч ялгаагүй байнгын бэлэн байдалд байх ёстой. Утас 24:00 цаг нээлттэй байдаг. Хэрэв ямар нэгэн асуудал гарахад мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу хариу арга хэмжээг шуурхай авч, халдварт өвчин хүн амын дунд тархахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавих үүрэг хүлээсэн хүмүүс.

ЦАГ НАРГҮЙ Ч ГЭСЭН ЦАГДАА ГЭДГЭЭРЭЭ БАХАРХДАГ

БГД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн урьдчилан сэргийлэх хэлтэсийн ахлах мэргэжилтэн Э.ЭНХТАЙВАН:

-Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу архи согтууруулах ундаа худалдан борлуулах болон түүгээр үйлчлүүлэх аж ахуй нэгж байгууллагуудад цагийн хязгаарлалт тогтоосон. Үүнд цагдаагийн байгууллагаас хяналт тавьж аливаа гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх шалгалтын ажлыг шат дараалан зохион байгуулж байна. Миний хувьд өнөөдөр жижүүрээр шөнийн ээлжинд дуудлага мэдээллийн дагуу зөрчил илрүүлэн шалгахаар ажиллаж байна. Цаг үеийн нөхцөл байдлаасаа шалтгаалан бид хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу бие махбодь, сэтгэлзүйн бэлтгэлтэй байдаг. Мэдээж энгийн өдрүүдтэй харьцуулахад өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойшхи хугацаанд гэр бүлдээ зарцуулах цаг өдрийн од шиг гардаг. Энэ байдлыг алба хаагч хүний хувьд ар гэртээ сайн ойлгуулж л ажилладаг. Цаг наргүй ажлыг минь гэр бүл маань маш сайн ойлгож дэмждэг. Хамгийн гол нь би мэргэжилдээ хайртай болохоор цаг наргүй ч гэсэн ажлаараа маш их бахархдаг. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа.

Ямарч үед дуудахад ажиллах бэлэн тул би амрах ёстой гэсэн ойлголт, хандлага бидэнд байхгүй. Хэрвээ шөнө унтаж байхад утас дуугарч ажлаас дуудвал ажиллах нь бидний үүрэг.

Онц ноцтой хэрэг зөрчил гарах, эсвэл бэлэн байдалд ажиллах нөхцөл үүсдэг. Тэр бүрт албаны бэлэн байдлыг хангаж, утас үргэлж нээлттэй байх ёстой. дүүргийн

ОНЦГОЙ НӨХЦӨЛД ГЭРТЭЭ ХАРИНА ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ

СХД-ийн  Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, дэд хурандаа Э.НЯМБАЯР: 

-Хорио цээрийн дэглэм тогтоосон онцгой дэглэмийн үед бид хилийн боомт, шалган нэвтрүүлэх товчоодод 24:00 цагаар ээлжлэн ажиллаж байна. Миний хувьд өнөөдөр /2020.04.03/ Эмээлт шалган нэвтрүүлэх товчоон дээр үүрэг гүйцэтгэж байна. Өнөө өглөө 09:00 цагт ээлжээ хүлээн авч, Улаанбаатар хот руу орж буй тээврийн хэрэгслүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран түүхий нүүрсний тээвэрлэлтэд хяналт тавьж байна. Мөн Улаанбаатраас гарч буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд манай хэлтсийн албан хаагч хяналт тавьж байгаа юм. Ээлжээр ажиллаж байгаа үед маргааш өглөө нь ээлжээ хүлээлгэн өгөх хүртлээ нойр авах эрхгүй. Ачаалал бага үед нэгэнтэйгээ зохицоод хоолоо иднэ.

Харин хот руу орж гарах хөдөлгөөнийг зогсоож нээх болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх үеэр их ачаалалтай байдаг тул хоол идэх нь бүүхэл бие засах ч зав гарахгүй. Ажлын ачаалал өдрийн цагаар хэвийн, орой 18:00-22:00 цаг хүртэл өндөр ачаалалтай байдаг.

Гэхдээ шөнө  тээврийн хэрэгслийн хөдөлгөөн тасардаггүй. Гадаа үүрэг гүйцэтгэхэд хувийн бэлтгэлээ хангаж, дулаахан хувцасаа өмссөн ч  өвлийн улиралд хүйтний эрч чангарсан үед их даарна. Хувь хүнээс тэсвэр хатуужил шаардна. Гэсэн ч даараад байна гээд л дулаахан газар бараадаж болохгүй. Одоо цаг агаар дулаарсан болохоор гадаа ажиллахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл алга. Бид нар 24:00 цагаар үүрэг гүйцэтгэх хугацаандаа постноосоо холдож болохгүй, хөлөө амраана гэсэн ойлголт байхгүй. Ээлжээр ажиллаж байгаа тул гэртээ харьж амрах цаг гарч байгаа. Гэсэн ч ой хээрийн түймэртэй, шар өвс шатаасан, нэгдэх дохиогоор ажиллах үед гэртээ харина гэсэн ойлголт байхгүй.

Төрийнхөө өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүрэг, хариуцсан ажилтай тул цаг үеийн нөхцөл байдалдаа дасан  зохицно. Иргэд маань бидний ажил мэргэжлийг ойлгож хүндэлж урам өгөхийн хэрээр л хүн амынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө илүү их хичээж, хариуцлагатай ажиллах ёстой гэж боддог. Хүн амынхаа эрүүл мэнд аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаадаа энэ мэргэжлээрээ бахархдаг.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж