"Хятад руу 30 мянган хонь амьдаар гаргасан ч малын ген алдагдахгүй"

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

"Хятад руу 30 мянган хонь амьдаар гаргасан ч малын ген алдагдахгүй"

"Хятад руу 30 мянган хонь амьдаар гаргасан ч малын ген алдагдахгүй"

БНХАУ-д коронавирусийн халдвар газар авч, хөл хорио тогтоосон хүнд, хэцүү үед нь  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр алба ёсны айлчлал хийж, Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь бэлэглэж байгаа тухайгаа зарласан. Энэ нь  явдал БНХАУ-д шуугиан тарьж, Монголын нэр хүндийг хэсэгтээ өргөөд авсан. Ерөнхийлөгчийн айлчлалын дараа зарим аймаг, сумд болон иргэд БНХАУ-д хонь хандивлаж эхээлсэн бөгөөд 30 мянган толгой хонины нэлээд хэсэг нь хандиваар бүрдсэн.

Тухайлбал, Булган аймаг 1500, Говь-Алтай аймаг 1111, Баян-Өлгий аймаг 1080 хонь, Завхан аймаг 2234 хонь, Ховд аймаг 1000 хонь, Сүхбаатар аймаг 2000 хонь, Завхан аймаг 2234 хонь, Дорнод аймаг Баяндун сумын малчин н.Батмөнх 100 хонь, Хэнтий аймгийн Норовлин сумын иргэд 300 хонь зэргээр  иргэд, байгууллагын хандиваар 20 орчим мянган толгой хонь бүрдсэн.

Монголын ард түмнээс хандивласан 30 мянган толгой хонийг БНХАУ-ын тал амьдаар авах хүсэлтээ уламжилсан гэх мэдээлэл бий. Монгол хонийг амьдаар нь гаргавал малын удмын санд сөрөг нөлөөтэй гэх шүүмжлэл ч гарсан.  Бид энэ талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн  захирал П.Ганхуягаас тодрууллаа.

-Монгол малын удмын санг хэрхэн хадгалж, хамгаалж байна вэ вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Монгол Улсын үндсэн хуульд “Мал сүрэг  бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан байдаг. Тэр ч утгаараа  мал аж ахуйн салбар Монгол Улсын эдийн засгийн тулгуур үндсэн салбаруудын нэг юм. Манай улсын хувьд 1945 оноос эхлэн  мал аж ахуйн салбар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үржүүлэг технологийн ажлуудыг  зохион байгуулж ирсэн.

1972 оноос  өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол улсад нийтдээ 52 үүлдэр омгийн мал баталгаажсан байна. Энэ нь таван хошуу малаас гадна 48 үүлдэр омгийн малыг шинээр бүртгэсэн үг. Монгол малын удмын санг хамгаалах гэдэг нь  малыг  уугуул орчинд нь буюу генетикийн хувьд тусгай орчинд малын удам зүйг алдагдуулахгүй ашиг шимийг нь илүү сайжруулахыг хэлээд байгаа юм.

Дээрх 52 үүлдэр омгийн мал нь тусгайлсан аймаг, сум, бүс нутагт тохирно. Тухайлбал Сүхбаатар аймгийн Баян-Дэлгэр сумын улаан ямаа нь Баяндэлгэр сумандаа өсч, үржих нь уугуул орчин нь гэсэн үг. Хоёрдугаарт, өнөөдөр устаж үгүй болох дөхөөд байгаа үүлдэр омгийн малыг тусгай орчинд хадгалах ёстой. Тухайлбал, сарлаг, тэмээний хээлтүүлэгч малаас үрийг нь аваад эсхүл үр тогтсон хөврөлийг нь аваад тусгай орчинд буюу -196  градусын орчинд хөлдөөж хадгалан генийн фонд байдлаар хадгалж байна.

БНХАУ-д Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь бэлэглэхээр болсон шүү дээ. Тус улсаас 30 мянган толгой хонийг амьдаар авах хүсэлт тавьсан гэх юм. Энэ үнэн үү?

– Одоогоор судалгаа, шинжилгээ хийгдэж байна. Хоёр талаасаа нэгдсэн шийдвэрт хүрээгүй. Энэ долоо хоногтоо амжаад шийдвэр гарах байх.

-Тэгвэл хонийг амьдаар  гаргах нь монгол малын удмын санд сөргөөр нөлөөлнө гэхчлэн яригдаад байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

Малын генетикийн тухай хуулиар тухайн жилд экспортлох, импортлох мал амьтны тоо хэмжээг Засгийн газраас жил бүр гаргаж өгдөг. Зарим хүмүүс монгол малын ген гадагшаа гарах нь гэхчлэн ярьж байна. БНХАУ руу хонийг амьдаар гаргах нь хориотой зүйл биш. Өнгөрсөн жил Монгол Улсаас Лаос улсад 1000 хонийг хандив тусламжаар өгөхдөө онгоцоор ачуулж байсан. БНХАУ-д монгол мал өсч үржээд генетик нь сайжраад явж байвал заавал өмчирхөөд хандаад байх асуудал биш. Монгол Улс  малынхаа ашиг шимийг сайжруулахаар гаднаас мал авдаг шүү дээ. 

Хамгийн гол нь БНХАУ-ын тал хонийг үржүүлэхээр эсхүл хүнсэнд хэрэглэхээр ашиглах уу гэдэг нь чухал. Хэрэв хүнсэнд хэрэглэх гэж байгаа бол бид таваарын мал, үржилд ашиглах гэж байгаа бол үржлийн мал өгөх ёстой.

Удам зүйн хувьд  Монгол Улсад байгаа мал өөр улс руу гарахад монгол малын ген алдагдана гэсэн үг биш. Монгол Улс өөрийнхөө малыг  зөвхөн Монголын өмч гээд хадгалаад байж болохгүй. Харин ч монгол малыг гадаадад сайжруулаад өсгөөд явж байвал сайн шүү дээ.

-Монгол малын онцлогоос дурдвал?

-Монголын мал эх газрын эрс тэс уур амьсгалд дасан зохицсон тэсвэр хатуужил сайтай. Дотроо тодорхой  онцлог шинж чанарын ялгаатай 52 үүлдрийн омгийн өөр, өөр мал байгаа. Монголын мал цэвэр экологийн ургамлыг өөрсдөө сорчилж иддэг. Тал хээрийн бүсэд өнөөдрийн байдлаар мал идэхэд тохиромжтой 300 гаруй нэр төрлийн ургамал бий. Үүнээс бүгдийг нь биш юм аа гэхэд 30-40 нэр төрлийн ургамлыг идэж байгаа. Цэвэр байгалийн ургамал идэж байгаа мал өөрөө үл орлогдох бүтээгдэхүүн байхыг үгүйсгэхгүй. Тухайн мал нь өнөөдөр хүний нүдээр үзээгүй ургамлыг идээд  боловсруулаад мах, сүү, өөх болгож байна гэдэг нь тухайн ургамлын шинж чанар нь маханд нь шингэж байгаа гэсэн үг.

Зах зээлийн харилцаанд шилжихээс өмнө хонь нядлахад мах өөхний харьцаа тэгш байсан. Өөрөөр хэлбэл, өөхөн давхарга нь дандаа махан тарга  байсан. Одоо бол “Хүчит шонхор” зах дээр зарагдаж байгаа махны өөхөн давхарга нь 3/2 нь буюу мах бараг байхгүй.

Үүний учир нь бэлчээр муудах тусам махан давхаргыг үүсгэдэг тэжээллэг ургамлууд нь байхгүй болсон. Маш богино хугацаанд тарга авдаг ч ихэнх нь өөхөн тарга байдаг. Үүнийг зохицуулахын тулд цөөн тооны чанартай малтай байхын сацуу бэлчээрээ сэлгэж  ашиглахгүй бол яваа яваандаа мал бэлчих бэлчээргүй болно. Энэ бол асар том аюул. Монгол хүний нэг онцлог нь ерөөсөө мал аж ахуйдаа хөрөнгө оруулалт хийдэггүй. Ноолуураа самнаад, намар мах болгоод зарчихдаг. Гэтэл үндсэн үйлдвэрлэлийн хэрэглэл болсон бэлчээр нь үнэгүй болохоор ерөөсөө анхаардаггүй.  

-Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш монгол малын үүлдэрлэг байдал алдагдсан гэж та дээр дурдсан. Энэ талаар дэлгэрэнгүй яриач?

-Манай улс бэлчээрийн нүүдлийн мал аж ахуйтай орон гэдгээрээ бусад улсын малаас онцгой ялгаатай. Бэлчээрээсээ 360 орчим витаминт өвс тэжээлийг иддэг малын мах нь онцгой амттай боловч -45,+45 эрс тэс уур амьсгалд байдгаараа тэсвэр сайтай, давжаа биетэй юм. Тиймээс махны болон сүү үйлдвэрлэх төрөлжсөн үүлдрийн өндөр ашиг шимтэй мал биш. Мал хувь хүний өмч учраас мэргэжлийн байгууллагын оролцоо багасаж мал ангилах анги чанараар ялгах, мал ээмэгжүүлэлт, бүртгэлжүүлэлт, гарал үүслийн бүртгэлжүүлэлтийн ажлууд орхигдож малчид хотноосоо дур зоргоороо хээлтүүлэгч бойжуулан үржилд ашигладаг болсон зэрэг нь малын чанар муудаж сүргийн бүтэц алдагдаж тоо толгойн хойноос хэт хөөцөлдөж малын чанар эрс муудах шалтгаан болсон.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж