Олимпийн аваргын мөрөөдөлтэй каратэ мастер

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

Олимпийн аваргын мөрөөдөлтэй каратэ мастер

Японы өсвөрийн каратэгийн гурван удаагийн аварга, 9 настай Махиро Такано саяхан дуучин Сиагийн “Амьд” хэмээх дууны видео клипэнд тоглосон юм.

Махиро Диснейн баатар Даффи бамбаруушдаа хайртай, бас шоколаданд дуртай. Тэр оройн хоолоо идэхээсээ өмнө гэрийн даалгавраа заавал хийдэг. Охин бас скейтборд, видео тоглоом тоглох тун дуртай аж.

Бяцхан каратэч охинд клипэнд тоглох таалагдсан тул дуучин Жастин Бибер эсвэл Тэйлор Свифтийн клипэнд дуртайяа тоглоно гэсэн гэнэ. “Амьд” нэртэй дууны клипний зургийг Токио хотын захад долоо хоног авчээ. Охин каратэгийн дасгал руугаа явахын өмнө өгсөн ярилцлагадаа “Би үзүүлбэрээ алдаагүй хийх гэж байдгаараа хичээсэн. Харин Сиа намайг байнга л ёстой гайхалтай хүүхэд гэж хэлдэг байсан.” Хэмээн өгүүлсэн юм.

Махиро гэдэг нэр нь японоор "түмээр үржүүлсэнтэй тэнцэх сайхан сэтгэл, авьяас” гэсэн утгатай. Охин каратэгээр хичээллэхээс бусад үед үргэлж инээмсэглэж явдаг аж.

Клипэнд гардаг охины агаар дээрх түлхэлт, цохилт нь “ката” буюу Японы тулааны урлагийн хийсвэр үзүүлбэр юм. Махирогийн анхаарлаа төвлөрүүлэн хийж буй ката нь дайснаасаа хавьгүй илүү хүчтэйг харуулж буйн шинж юм.

Охин одоо дөнгөж 9 настай ч өөрийнхөө ангилалд хэдийн гурван удаа аварга болжээ. Махиро цэцэрлэгт байхдаа ялагдсан бөгөөд ялагдлын гашууныг бяцхан зүрхээрээ мэдэрсэн аж. Түүний цорын ганц мэх бол бэлтгэл бас дахин бэлтгэл. Махиро хичээлээ тараад өдөр бүр ахтайгаа шаргуу бэлтгэл хийдэг. Охин анх дөрвөн настайдаа ахтайгаа бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд таван нас хүрээд аавтайгаа хамт бэлтгэл хийдэг болжээ.

Каратэд хөдөлгөөн бүр хүчтэй, хурдтай, гэнэтийн байх ёстойгоос гадна одоо боллоо гэж хэзээ ч хэлж болдоггүй гэж бяцхан каратэч хэвлүүхэн ярьж байна. Каратэгээр яагаад хичээллэх болсныг асуухад охин – найз нөхөдтэй болдог учраас хэмээн хариулсан байна.

Махирогийн ээж аав охиноо каратэгээр хичээллэх болсонд нь талархаж явдгаа нуусангүй. Тэд каратэ хүүхдийг сахилга бат, шаргуу занд сургаж, хүнд бэрхийг даван туулах тэвчээр суулгадаг гэдэгт итгэдэг аж. Пуристууд жаахан охиныг клипэнд оруулсныг буруутгаж байгаа ч каратэч охины багш Такако “Махиро өөрийн чадах зүйлээ маш нямбай сайн гүйцэтгэсэн. Үүнд буруу юм байхгүй. Үүгээрээ охин каратэгийн мөн чанарыг дэлхий дахинд таниулсан” хэмээн бахархан ярьсан байна.

Махиро 2020 оны Токиогийн олимпийн каратэгийн албан ёсны элчээр томилогдсон аж. Түүний хамгийн том мөрөөдөл бол олимпийн аварга болох.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж