Шөнийн сурвалжлага: Зөвшөөрөлгүй архи ба биеэ үнэлэлт

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

Шөнийн сурвалжлага: Зөвшөөрөлгүй архи ба биеэ үнэлэлт

Шөнийн сурвалжлага: Зөвшөөрөлгүй архи ба биеэ үнэлэлт

Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хөл хорио тогтоож, коронавирусийн халдвараас хүн бүр өөрийн болон бусдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалахыг сэрэмжлүүлсээр байтал ашиг хонжоо хайсан хүмүүс эл журмыг огтхон ч хайхарсангүй.

Саун, массаж нэрийн дор охид, хүүхнүүд биеэ үнэлж, залуучууд нууцаар архи дамлан борлуулах зөрчил хөл хорио тогтоосон онцгой дэглэмийн үед ч гарсаар байна.

Нийслэлийн цагдаагийн  газар өнгөрсөн Баасан гаригт /2020.04.03/ үйлчилгээний газрууд цагийн хуваарийн дагуу ажиллаж буй эсэхэд гэнэтийн шалгалт хийсэн юм. Энэ үеэр манай сурвалжлах багийнхан Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсгийнхэнтэй 23.00 цагт эмзэг цэгүүдээр явахаар хөдөллөө.

Хэдийгээр хөл хорио үргэлжилж байгаа боловч их хотын шөнө хөл хөдөлгөөн ихтэй байв. Энд тэндхийн буланд хөл дээрээ тогтож ядан гуйван зогсох согтуу залуусыг цагдаа нар очиж тарааж байсан юм. Учир нь, залуус бөөнөөрөө зогсохоос эхлээд гудамж талбайн зөрчил үүсдэг гэнэ. Тэр дундаа согтуу эмэгтэйчүүд хоорондоо муудах нь их бөгөөд цагдаа нарын өөдөөс эсэргүүцэл үзүүлэх нь цөөнгүй тухай эргүүлийн цагдаа учирлаж байсан юм.

НАЙДВАРТАЙ ЗАЛУУС ЗАЛГАНА УУ!

00.02 цаг.   “Барс” худалдааны төвийн замын эсрэг талд байрлах “Ever green”  зочид буудалд гурван эмэгтэй биеэ үнэлсэн байж болзошгүй тохиолдол илэрлээ” гэсэн дуудлага алба хаагчдаас ирлээ. Биднийг тус газарт очиход цагдаа нар хоёр трансжендерээс гадна нэг эмэгтэйг буудлын хүлээлгийн сандал дээр суулган байцаалт авч байв.

Трансжендер хүмүүсийн хувьд  сошиал орчинд “Санхүү шууд өгнө” гэсэн заруудын  групп хуудаснаа “Халуухан охид байна. Найдвартай залуус залгана уу" хэмээн өөрсдийн утасны дугаараа үлдээсэн нь тогтоогдсон гэдгийг алба хаагчид хэлж байсан юм.

Тэд буудлын нэг өрөөг түрээсэлж байрлаад чамгүй удсан  бөгөөд цахимаар холбогдсон залуусыг эндээ авчрах, эсхүл өөрсдөө дуудлагаар байгаа газарт нь очдог гэнэ. Харин үлдсэн ганц эмэгтэйн хувьд  “Буудалд найзтайгаа уулзах гэж ирсэн. Би биеэ үнэлдэггүй” хэмээн хэлж байсан ч мөн л сошиал хуудсанд зар тавьж залуустай уулздаг нь тогтоогдсон аж. Биеэ үнэлсэн охид эмэгтэйчүүдэд Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн дөрөвдүгээрт зааснаар “Биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж  50 мянган төгрөгөөр  торгох" арга хэмжээ авдаг учраас тэд торгуулаад хаширдаггүй бололтой.

ЗОЧИД БУУДЛЫН ЗАЛГАА БОЛОХ “SKY” КАРАОКЕ НУУЦААР АЖИЛЛАЖ БАЙВ

Үүнээс гадна шалгалтын үеэр алба хаагчид “Ever green” зочид буудлын залгаа болох “Sky” караоке нууцаар ажиллаж байсныг илрүүлсэн юм. Караокед ороход ширээн дээрээ пиво, архийг алаглуулсан 35-40 эргэм насны арав гаруй халамцуу залуус угтав. Тэд цагдаа нарыг хараад сандралдан, царайгаа цамцаар халхлан буруу харан сууцгаана. Эдгээр залуусын нэг нь караокены эзнийг таньдаг бөгөөд найзыгаа гуйж гувшсаар караокег нь ажиллуулж  найзуудтайгаа доргиж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Ингээд таньдаг хүндээ тусалж, ашиг хүртэх гэсэн караокены эзнийг 2,5 сая төгрөгөөр торгож, тэнд байсан арав гаруй залуусыг Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр болсон юм.

Уг нь бол хотын даргын шийдвэрээр баар, фитнес, караоке, саун зэрэг газрууд дөрөвдүгээр сарын 30 хүртэл үйл ажиллагаа явуулахгүй байх ёстой.

Хотын даргын захирамж  гарснаас хойш согтууруулах ундааны төрлийн зүйлийг гар дээрээс буюу шаглах зөрчил ихээр гарснаас биш нууцаар үйл ажиллагаа явуулах болон биеэ үнэлэх тохиолдол  гараагүй байсныг цагдаа нар онцолж  байлаа.

БИЕЭ ҮНЭЛЖ БАЙГАА ОХИДЫГ БУУДАЛДАА БАЙРЛУУЛЖ, ТӨЛБӨРИЙН ТОДОРХОЙ ХУВИЙГ  АВДАГ

Удалгүй  Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Central” зочид буудалд 19-34 насны таван эмэгтэй биеэ үнэлсэн талаарх дуудлага мэдээлэл эргүүлээс ирэв. Газар дээр нь очиход дээрх таван эмэгтэйгээс гадна тэднээс үйлчилгээ  авсан гэх хоёр залууг хамт саатуулжээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн  цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилтан, хошууч Ц.Хатанбаатар “Цагдаагийн алба хаагчид хотын даргын захирамжийн хэрэгжилтийг иргэн аж ахуйн нэгж байгууллага хэрхэн мөрдөж байгаа талаар өдөр бүр хяналт шалгалт хийж байна. Өнөөдрийн хяналт шалгалтаар Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Central” зочид буудалд биеэ үнэлж байгаа охидыг илрүүлсэн байна. Тус буудал нь биеэ үнэлж байгаа  охидыг буудалдаа байрлуулж, төлбөрийн тодорхой хувийг авдаг. “Central” зочид буудал нь хэдийгээр тусгай зөвшөөрөлтэй бичиг баримт нь  бүрэн боловч хотын даргын захирамж зөрчсөн, 22.00 цагаас хойш буудлаар үйлчлүүлсэн хүмүүст архи, тамхи зардаг зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулиар тус, тус арга хэмжээ авагдана. Мөн биеэ үнэлэлтийг зохион байгуулсан хэргээр Зөрчлийн хуулиас  гадна Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх юм. Тус буудлын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ” гэв.

Мөн алба хаагчид Баянгол дүүргийн 22 хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны төрлийн зүйлийг гар дээрээс худалдан борлуулж байсан 16 залуусыг илрүүлэн хэлтэс рүү байцаалт авахаар авч явсан юм.

“ӨНӨӨДӨР АЖИЛД ОРСОН, ЮУ Ч МЭДЭХГҮЙ”

Баянгол дүүргийн тавдугаар хороонд байрлах  “Хос сэмбэрүү”  алжаал тайлах төв нууцаар ажиллаж байна гэх дуудлагын дагуу газар дээр нь очиход гурван эмэгтэй байв. Цаад өрөөнд нь 40 эргэм насны эрэгтэй согтуу ор дэрлэн сууна. Тэдгээр эмэгтэйчүүд “Өнөөдөр ажилд орсон, юу ч мэдэхгүй” хэмээн нэг л зүйлийг хэлж байв. Энэ үгийг өмнө орсон газарт байсан бүх эмэгтэй тоть шиг давтсан. Тэдний нэгээс  зарим зүйлийг тодруулж асуух гэсэн ч тайлбар өгөхөөс татгалзав. Түүнд хууль зөрчсөнийг нь тайлбарлаж, царай зүсийг нь гаргахгүй хэмээсэн ч ганц үг унагахгүй гүрийсэн юм. Тэд бүгд биеэ үнэлээгүй хэмээн мэдүүлсэн ч биеэ үнэлсэн байж болзошгүй хэмээн албаныхан хэлж байв. 

Тус алжаал тайлах төвийн үнийн мэдээллээс  дурдвал,

  • Душ,бие үрэлт, бие угаалга хөөстэйгөө нийлээд 30 мянган төгрөг,
  • Душ, бүтэн биеийн бариа, бумба 50 мянган төгрөг,
  • Багцын үнэд нь душ, бие үрэлт, бие угаалт хөөстэй, ядаргаа тайлах бүтэн биеийн бариа, амралтын өрөө, халуун хүйтэн цай, хуян хөөх бумбатай бариа зэрэг бүгд багтсан бөгөөд 80 мянган төгрөг байх аж. Цагдаагийн байгууллагаас дээрх алжаал тайлах төвд Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулсан юм.

Цагдаагийнхны  мэдээлж байгаагаар Монголд "улаан дэнлүүний" гудамж олширчээ. Гэхдээ эдгээр гудамж хаана хаана байрладгийг дурдахыг хүссэнгүй. Нэгэнт цагдаагийнхан эдгээр газрыг илрүүлж, чадах чинээгээрээ арга хэмжээ авч байгаа хойно байрлалыг нь бичиж, зарим ухвар мөчид хүмүүст санаа сэдэл, мэдээлэл өгөөд хэрэггүй биз. Гэхдээ нөхцөл байдал даамжирч, биеэ үнэлэх явдал газар авсан тул салбарынх нь сайд үүнд анхаарлаа хандуулж, хуулиа дахин судалж, холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь иржээ. Хуучин Эрүүгийн хуулиар бие үнэлэгчдийг саатуулдаг, давтан үйлдсэн бол эрүүгийн хариуцлага тооцдог байв. Өдгөө Зөрчлийн хуулийн 6.4, 6.7, 6.18-д зааснаар садар самууныг өдөөж буй дээрх мэтийн хүмүүст торгохоос өөрөөр хариуцлага хүлээлгэж чадахгүй болсон нь харамсалтай.

Энэ мэтчилэн амар хялбар аргаар гар дээрээ байгаа хэдэн төгрөгөө өсгөчих хүн олширч, ашиг олохын төлөө  төр засгийн шийдвэрийг ч үл хайхран өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулаад зогсохгүй үндэсний хэмжээнд ч яригдаж мэдэхээр асуудал үүсэхийг үгүйсгэхгүй.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж