УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэд, хэдэн асуудлыг хөндөж ярилцжээ.
Гэхдээ ирэх лхагва гаригт бүлгийн ээлжит бус хуралдаан хийж Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын талаар мэдээлэл сонсохоор болсон аж. Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад айлчлал, Монгол Улс байнга төвийг сахих бодлогын тухай хуулийн төсөл, АСЕМ-ын хуралдааныг Улаанбаатар хотод зохион байгуулахад эдийн засгийн чадавх ямар байгаа, Халх гол төсөл, Тавантолгойн ажилтан С.Эрдэнэ өөрийгөө шатаасан асуудлыг нухацтай ярилцаж бүлгийн байр суурийг нэгтгэх нь зүйтэй гэж үзжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээж алдар гавьяаг нь мөхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар тодорхой мэдээлэл авах шаардлагатай. Үүний дараа байр сууриа нэгтгэхээр болсон аж.
УИХ-аар Сонгуулийн хуулиуд хэлэлцэгдэж эхэлсэн. Хуулийн төслүүдийг нэгтгэж, ажлын хэсэг байгуулахаар болсон. Түүнд эвслийн бүлгийг төлөөлөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Батцэрэг нарыг ажлын хэсэгт ажиллуулахаар томилсон байна.
Мөн Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг дахин ярьж, Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж, гүйцээх ёстой гэж үзсэн байна. Бүлгээс нэр бүхий гурван гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргасан. Үүнтэй холбоотойгоор Ч.Улаан гишүүн дэмжиж байсан ч намынхаа шийдвэрийг даган хэсэг хугацаанд түдгэлзээд байгаа аж. Гэхдээ гарын үсэг цуглуулах ажиллагаа үргэлжилнэ. Одоогийн байдлаар 16 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан гэдгийг УИХ-ын гишүүн Г.Уянга мэдэгдлээ.
Мөн бүлгээс Дубайн гэрээний үндэс болсон Оюутолгойн гэрээг бүхэлд нь ярих ёстой гэж үзэн, энэ гэрээг цуцлах эсэх асуудлаар ард нийтээс санал асуух нь зөв юм. Энэ асуудлыг УИХ-д оруулах нь зөв гэсэн шийдэлд хүрснийг энэ үеэр хэллээ.
Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
-Дубайн гэрээнд ямархуу заалт туссан учраас Ерөнхий сайдыг огцруулна гэж үзэж байгаа вэ. Үндэслэлээ тодруулахгүй юу?
Л.Цог: Оюутолгойн гэрээ нь Монгол Улсад эдийн засгийн хувьд ашиггүй гэрээ. Энэ тухай 8-9 жил ярьж байна. Оюутолгойн эхний гурван жилийн баримтыг шалгахад 3 тэрбум ам.доллар буюу улсын төсөвтэй тэнцэх хэмжээний хохирол учирсан байсан. Энэ асуудлыг ярьж дуусаагүй байтал Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайн гэрээ зурсан. Нэгийг нь нөгөөгөөс нь салгах аргагүй, хойш нь тавих аргагүй асуудал. Дубайн гэрээний дагуу Монгол Улс хамаг юмаа барьцаалж байгаад өчнөөн тэрбум долларыг хүний компанид авч өгөх гэж байна. Толгой компани болох “Рио Тинто”-д авч өгнө. Монгол өөрийнхөө ордыг барьцаалах, лицензийг барьцаалах, ашгаа барьцаалах юм хийсэн. Үүнд хариуцлага тооцохоос аргагүй.
-Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан 16 гишүүнээс хэд нь Ардчилсан намын гишүүд вэ?
Г.Уянга: Шударга ёс эвслийн бүлгээс Л.Цог, О.Баасанхүү бид гурав, Ардчилсан намаас Р.Амаржаргал гишүүн, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, МАН-ын бүлгээс есөн гишүүн гарын үсэг зурсан. Д.Хаянхярваа, Ц.Нямдорж, Су.Батболд, А.Тлейхан, О.Содбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр, Ж.Энхбаяр нарын. Зурахаа илэрхийлсэн хэд, хэдэн гишүүн байгаа. Дубайн гэрээгээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эрс өөрчилсөн. Өөрт нь олгогдоогүй эрхийг эдэлж Дубайн гэрээг зурсан Засгийн газрыг огцруулах ёстой гэж бид үзэж байгаа. Огцруулах гарын үсэг дэндүү цөөхөн байгаа. Үлдсэн 60 гишүүн нь 4.7 тэрбум ам.доллар яах вэ, бид нарт ямар хамаа байх вэ гээд явж байна. Гэхдээ 60-уулаа ийм хөлдүү дотортой гэж бодохгүй байна. Ядаж гурав олдох байхаа.
-Танай бүлгээс санал болгосон сонгуулийн 38х38 тогтолцоо хэр зөв хувилбар вэ?
Л.Цог: Манай бүлэг хамгийн оновчтой сонгуулийн тогтолцоо гэж үзсэн. Намын нэр дугуйлахгүй хүний нэр дугуйлж эрэмбэлэх учраас шударга ёсонд илүү нийцнэ гэж үзэж байна. Тойрогтоо олон жил болсон хүмүүсийг томсгосон тойрогт өрсөлдүүлэх нь шударга юм.
Г.Уянга: Анх эвслийн бүлэг 76-уулаа нэрээ жагсаадаг байя. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нэг тойрог 76 мандат гэж хуульчилъя гэж ярьсан. Тойрог руугаа хөрөнгө татах биш. Монголын эрх ашгийн төлөө бүх нийтээрээ ажиллах 76 гишүүнийг сонгох зөв хувилбар байсан. Олон хүн хүлээж аваагүй учраас 38х38 болсон байна лээ. Гэхдээ Л.Цог гишүүн бид хоёрын хувьд энэхүү хуулийн төсөл дээр 100 хувь санал нэгдэж гарын үсэг зураагүй. Яагаад гэвэл, сонгуульд өрсөлдөх бүх нам улсын төсвөөс санхүүжилт авна гэх мэт бас санал нийлэх боломжгүй заалт туссан. Мөн парламентад суудалтай, суудалгүйгээсээ үл хамаараад жил бүр улсын төсвөөс 1 тэрбумын санхүүжилт авна гэж заасан байгаа. Намуудыг парламентад байх хэмжээний нам уу, үгүй юу гэдэг дээр шалгуур байх ёстой. Хэрвээ тэгэхгүй бол жил бүр төсвөөс тэрбум төгрөг аваад ажил хийх хэрэггүй, бүгдээрээ 800 гарын үсэгтэй байхад амьдраад байна. Энэ бол зарчимгүй асуудал.
Г.ДАРЬ