Хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлж чадаагүй хамгийн агуу 11 тамирчин

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлж чадаагүй хамгийн агуу 11 тамирчин

Хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлж чадаагүй хамгийн агуу 11 тамирчин

Хөлбөмбөгийн тамирчин бүрийн хувьд улс орноо төлөөлөн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-нд оролцож, цаашлаад түрүүлэхийг хүсдэг. Зарим агуу тамирчдын хувьд багтайгаа хамт бүхий л томоохон тэмцээнүүдэд түрүүлсэн боловч улс орноо төлөөлөн тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт үзүүлээгүй байдаг. Бид энэ удаад та бүхэндээ хөлбөмбөгийн ДАШТ-нд хэзээ ч түрүүлж чадаагүй хамгийн агуу 11 тамирчныг танилцуулж байна.


  1. Паоло Малдини

Улс: Итали

Оролцсон ДАШТ: 1990, 1994, 1998, 2002

ДАШТ-нд үзүүлсэн хамгийн сайн амжилт: 1994 оны ДАШТ-ий дэд байр

Паоло Малдини бол хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг хамгаалагчдын нэгт зүй ёсоор тооцогддог тамирчин. Тэрбээр ДАШТ-д нийт 23 тоглолтонд оролцсон нь тус тэмцээний түүхэнд хамгийн олон удаа тоглолтонд оролцсон Германы Лотар Маттеусын (25) дараа орох үзүүлэлт юм. Малдини багийн түвшинд Италийн АС Милан багтайгаа Сериэ-А лигт долоон удаа, УЕФА Аваргуудын лигт таван удаа түрүүлсэн агуу тоглогч юм.

  1. Зико

Улс: Бразил

Оролцсон ДАШТ: 1978, 1982, 1986

ДАШТ-нд үзүүлсэн хамгийн сайн амжилт: 1978 оны ДАШТ-ий гутгаар байр

Агуу Пелегийн сүүлийн хөлбөмбөгийн ДАШТ-нээс Роналдогийн анхны ДАШТ хүртэл 24 жилийн турш Бразилын шигшээ багийн гол тоглогч байсан Зико 1982 онд Сократес, Фалкао, Эдэр зэрэг гайхалтай тоглогчидтой хамт ДАШТ-нд оролцсон боловч Италийн шигшээ багт хоёрдугаар тойрогт ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн. Энэхүү ялагдал нь тус улсын хөлбөмбөгийн шигшээ багийн түүхэн дэх хамгийн гутамшигтай ялагдлуудын нэгт тооцогддог аж.

  1. Жорж Бест

Улс: Хойд Ирланд

Оролцсон ДАШТ: байхгүй

ДАШТ-нд үзүүлсэн хамгийн сайн амжилт: байхгүй

Ердөө 22 насандаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болж байсан Манчестер Юнайтед багийн домог Жорж Бест багтайгаа хамт бүхий л томоохон тэмцээнүүдэд түрүүлж үзсэн боловч хэзээ ч Хойд Ирландын шигшээ багтайгаа хамт ДАШТ эсвэл Европын АШТ оролцож үзээгүй байна.

  1. Оливер Кан

Улс: Герман

Оролцсон ДАШТ: 1998, 2002, 2006

ДАШТ-нд үзүүлсэн хамгийн сайн амжилт: 2002 оны ДАШТ-ий дэд байр

2002 оны ДАШТ-нд нийт таван тоглолтонд хаалгандаа гоол алдалгүй тус тэмцээний шилдэг тоглогч болж байсан Оливер Кан нь ДАШТ-ий түүхэнд хаалгач энэхүү шагналыг хүртсэн анхны тохиолдол болсон. Багийн түвшинд Байерн Мюнхен багтайгаа хамт найман удаа Германы Бундеслигт мөн 2001 оны УЕФА Аваргуудыг лигт түрүүлж байсан.

  1. Мишель Платини

Улс: Франц

Оролцсон ДАШТ: 1978, 1982, 1986

ДАШТ-нд үзүүлсэн хамгийн сайн амжилт: 1986 оны ДАШТ-ий гутгаар байр

УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн болохоос өмнө Платини гурван удаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болсон гайхалтай хагас хамгаалагч байлаа. 1984 онд Францын шигшээ багтайгаа Европын АШТ-нд түрүүлсэн боловч 1982 болон 1986 оны ДАШТ-нд хагас шигшээ шатнаас цааш шалгарч үзээгүй юм.

  1. Карл Хайнц Румменигге

Улс: Герман

Оролцсон ДАШТ: 1978, 1982, 1986

ДАШТ-нд үзүүлсэн хамгийн сайн амжилт: 1982, 1986 онуудын ДАШТ-ий дэд байр

1974 оноос 1990 оны хооронд зохион байгуулагдсан таван ДАШТ-ний дөрөвт нь Германы шигшээ баг шигшээ тоглолтонд шалгарч байлаа. Гэвч Карл Хайнц Руммениггегийн үед буюу 1982 онд Италид, 1986 онд Аргентины шигшээ багуудад тус тус хожигдон алтан дагиныг алдсан юм. 1980 болон 1981 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин тэрбээр 1980 оны Европын АШТ-нд Германы шигшээ багаа түрүүлэхэд нь ихээхэн тус болж байсан.

  1. Эйсебио

Улс: Португаль

Оролцсон ДАШТ: 1966

ДАШТ-нд үзүүлсэн хамгийн сайн амжилт: 1966 оны ДАШТ-ий гутгаар байр

Кристиано Роналдогоос өмнө Португалийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тоглогч Эйсебио байсан юм. 1965 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин тэрбээр 1966 оны Англи улсад зохион байгуулагдсан ДАШТ-нд хамгийн олон гоол оруулж тус тэмцээний мэргэн бууч болж байсан. Гэвч тэрбээр Португалийн шигшээ багтай гутгаар байранд орсон нь одоог хүртэл тус улсын хөлбөмбөгийн шигшээ багийн ДАШТ-нд үзүүлсэн хамгийн амжилт юм.

  1. Ференц Пушкаш

Улс: Унгар

Оролцсон ДАШТ: 1954

ДАШТ-нд үзүүлсэн хамгийн сайн амжилт: 1954 оны ДАШТ-ий дэд байр

Унгарын хөлбөмбөгийн түүхэн дэх “Алтан үе” гэгдэж байсан хөлбөмбөгийн шигшээ баг нь 1950-аад оны эхэн үеэс дунд үе хүртэл дэлхийн хөлбөмбөгт ноёрхож байлаа. Тус шигшээ багийн хамгийн шилдэг тоглогч нь Ференц Пушкаш байлаа. Гэвч тус “Алтан үе” гэгдэж байсан Унгарын шигшээ баг 1954 оны ДАШТ-ий шигшээ тоглолтонд Германд хожигдон шуугин тарьсан юм.

  1. Йохан Кройф

Улс: Нидерланд

Оролцсон ДАШТ: 1974

ДАШТ-нд үзүүлсэн хамгийн сайн амжилт: 1974 оны ДАШТ-ий дэд байр

“Total Football” буюу бүх нийтийн хөлбөмбөгийг анхлан дэлхий нийтэд танилцуулсан Йохан Кройф 1970-аад оны эхэн үеийн Нидерландын хөлбөмбөгийн сэргэн мандалтын гол хүн нь байлаа. Дэлхийн гурван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Йохан Кройф 1974 оны ДАШТ-ий шигшээ тоглолтонд тус тэмцээнийг зохион байгуулагч Германы шигшээ багтай тааран тоглож харамсалтайгаар ялагдсан юм. Түүнийг орчин цагийн хөлбөмбөгийг үндэслэгч хэмээн ярьдаг.

  1. Лионель Месси

Улс: Аргентин

Оролцсон ДАШТ: 2006, 2010, 2014, 2018

ДАШТ-нд үзүүлсэн хамгийн сайн амжилт: 2014 оны ДАШТ-ий дэд байр

Хөлбөмбөгийн тамирчны замналдаа ДАШТ-ий алтан дагинаас бусад бүхий л шагналыг хүртсэн өнөө цагийн дэлхийн хөлбөмбөгийн хоёр ноён оргилын нэг Лионель Месси 2014 оны ДАШТ-ий шигшээ тоглолтонд Германы шигшээ багт нэмэлт цагт хожигдсон. Дэлхийн зургаан удаагийн шилдэг хөлбөмбөгчин тэрбээр хамгийн сүүлд 2018 оны ДАШТ-нд Францын шигшээ багт хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн.

  1.  Кристиано Роналдо

Улс: Португаль

Оролцсон ДАШТ: 2006, 2010, 2014, 2018

ДАШТ-нд үзүүлсэн хамгийн сайн амжилт: 2006 оны ДАШТ-ий хагас шигшээ

Өнөө цагийн дэлхийн хөлбөмбөгийн хоёр ноён оргилын нэг Кристиано Роналдо 2016 онд Португалийн шигшээ багтайгаа Европын АШТ-нд түрүүлж шигшээ багийнхаа цомын цангааг тайлсан. Гэвч тэрбээр ДАШТ-нд тун тааруухан оролцож, 2006 оноос хойш хагас шигшээ шатанд шалгарч үзсэнгүй. Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин түүнд Лионель Месситэй адил ганцхан ДАШТ-ий алтан дагина л дутуу байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж