УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг “Онцлох зочин”-оороо урьж ярилцлаа. Энэ удаагийн ярилцлагаа Үндсэн хуулийн хүрээнд өрнүүлэв. Учир нь тэрээр 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан, бас 1999 оны долоон өөрчлөлтийг хийлцсэн, одоогийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэгт багтсан гишүүний нэг.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь яагаад одоо юм бэ?
-Аливаа Үндсэн хуулийг хэд хэдэн шинжээр шинждэг. Үндсэн хууль бол нэг талаас хуулийн баримт бичиг, нөгөө талаас улс төрийн баримт бичиг. Тухайн улсын төрийн тогтолцоо нь ямар юм, хүний эрхээ яаж зохицуулдаг юм гэсэн гол харилцааг л зангиддаг үндсэн баримт бичиг. Тэр утгаар нь аваад үзэхэд Үндсэн хууль өөрөө хэд хэдэн шинжийг агуулах ёстой. Нэгдүгээрт урт хугацаанд үйлчлэх ёстой улс төрийн баримт бичиг. Дээрээс нь олон түмнээр буюу ард нийтээр хүлээн зөвшөөрүүлсэн легитим чанартай байх ёстой. Бас улс төрийн зөрчлүүдийг зохицуулж чаддаг, нийгмээ удирдаж чаддаг гол үндсэн баримт бичиг байх ёстой. Нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал ч юм уу, шинэчилсэн найруулга хийх асуудал нь цаг хугацааны шалгуураар заавал хэмжигдэх ёстой. Манай улсын хувьд 1924, 1940, 1960, 1992 гээд дөрвөн удаа цоо шинээр Үндсэн хуулиа бичсэн. Дундажлаад үзвэл Үндсэн хуулиа өөрчилж байсан хугацаа нь 23 орчим жил. Дараагийн том хэмжээний өөрчлөлтөө хийх хугацаагаа 2015 он гэж үзвэл 23 жил болчихжээ. Цаг хугацааны хувьд 20 гаруй жил тогтвортой үйлчилсэн гэж үзэх юм бол 1992 оны Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн байна. Тэгэхээр одоо тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хийж болно. Энэ бол Үндсэн хуулийг яагаад одоо өөрчлөх ёстой вэ гэсэн асуултын эхний хариулт. Нэгдүгээр шалтгаан нь.
-Тэгвэл дараагийн шалтгаан нь юу юм бэ?
-Хоёрдугаарт, өнөөгийн нөхцөлд парламентыг хүмүүс муулсаар байгаад нэр хүндгүй болгочихоод байна. Би бол харин ч хамгийн сайн нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл таван намын төлөөлөл байна, бие даагч байна. Аль нь ч олонхи биш. Төлөөллийн хувьд энэ парламент нийгмээ төлөөлөх бүрэн боломжтой, нэг нам нь давамгайлаагүй харагдаж байгаа.
-Цаг хугацааны хувьд хамгийн тохиромжтой үе нь гэсэн үг үү?
-Цаг хугацааны хувьд одоо хийхгүй бол 8-12 жил хойшилно. Энэ бол гурав дахь шалтгаан. Тайлбарлая. Нэг сонгогдсон Ерөнхийлөгч Үндсэн хуулийг өөрчлөхийг санаачилж, эсвэл дэмжиж оролцох улс төрийн тааламжтай нөхцөл байдал үүсдэггүй. Яагаад гэвэл уг асуудал тэр Ерөнхийлөгчийг дараагийн удаа сонгогдоход нь сайн, муу үр дагавар авчирдаг. Ийм учраас Үндсэн хуулийн асуудал өөрөө сонгуулийн кампани болж хувираад байдаг. Нэг сонгогдсон Ерөнхийлөгч ямар ч тохиолдолд Үндсэн хуулийг өөрчлөх талаар дэмждэггүй, харин зогсоох талд нь ажилладаг. Тиймээс Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хоёр дахиа сонгогдсон энэ цаг хугацааг ашиглах хэрэгтэй.
-Гэхдээ энэ парламент төслийг нь бэлдчихээд одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусахаас өмнө дараагийн парламент Үндсэн хуулийг өөрчилж болно ш дээ?
-Хүмүүс тийм санал гаргаж байгаа. Энэ парламент төслийг нь бэлдчих. Дараагийн парламент батлаг гээд байгаа л даа. Дараагийн парламент 2016 онд сонгогдож гарч ирээд 2017 оны зургаан сараас өмнө баталъя гэвэл нэг жилийн хугацаа байгаа биз. Уг нь хүн харахад орон зайны хувьд боломж байгаа юм шиг. Гэтэл тэр парламент батлах юм бол сонгууль дахиж явна. 1990 онд сонгогдсон АИХ, УБХ хоёулаа бүрэн эрх нь таван жил байсан. Тэгэнгүүт дөнгөж өөрсдөө байгуулагдаад Үндсэн хуулийн ажлын хэсгээ байгуулаад 15 сар ажиллаад хэлэлцүүлгийг нь хийгээд нэгдүгээр сарын 13-нд баталсан. Сонгуулиа долдугаар сард буюу зургаан сарын дараа болохоор зарлачихсан. Өөрсдийн бүрэн эрхийг хоёр дахин багасгаад сонгууль зарласан. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг дараагийн парламент баталбал дахин сонгууль явуулах болж байгаа юм. УИХ-ыг 99 гишүүнтэй болгоод, бүрэн эрхийг нь таван жил болгоод явбал. Техникийн хувьд. Ямар ч парламент өөрөө нэг жил ажиллаад бүрэн эрхээ дуусгавар болгохыг бодох уу. Яагаад гэвэл маш их субъектив хүчин зүйл байгаа байхгүй юу. Би дахин сонгогдох уу гэдэг хүртэл асуудал гарч ирнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг яагаад парламент өөрийн бүрэн эрхийн хугацааны төгсгөлд хөндөөд байдаг юм бэ гэхээр бүрэн эрх нь дуусч байгаа учраас л тэр. Яагаад Үндсэн хуулийг, Сонгуулийн хуулийг зургаан сараар хязгаарлаж байгаа юм бэ гэхээр сонгууль ойртох тусам өөрчлөлт хийгээд байж магадгүй гэдэг учраас. Энэ бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг одоо хийх ёстой гэсэн дөрөвдүгээр шалтгаан. Харин тавдугаарт, энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол маш удаан хугацаанд бэлтгэгдсэн. 2008, 2012 оны парламентын үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зургаан ч төсөл УИХ-д орж ирсэн байдаг юм. Гишүүд нэг хэсгээрээ, эсвэл гурав дөрвөөрөө нийлээд ч юм уу санаачлаад явдаг байсан. 30, 40 гишүүний бүрэлдэхүүнтэй санаачилсан төсөл ч бий. Нөгөөтэйгүүр, 2012 оны сонгуульд оролцсон бүх нам Үндсэн хуулийг өөрчлөхөө илэрхийлсэн байдаг. Тиймээс ч УИХ-ын дарга 2013 оны хоёрдугаар сарын 8-нд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар судалгаа хийх ажлын хэсэг, Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуулиудын ажлын хэсгүүд байгуулж хоёр жил орчим судалгаа хийлгэсэн. Энэ дагуу УИХ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг судалгаа хийхэд дүн нь Үндсэн хуульд нэмэлт оруулах нь зүйтэй юм гэж гарсан. Ингээд энэ дүгнэлт гарсны дараа 2014 оны нэгдүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Бас АН бусад намтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд ч хамтарч байх нөхцөлдөө хэрэгжүүлэх хамгийн гол ажлаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулсан байдаг юм.
-Гэхдээ энэ Үндсэн хууль бол гар хүрээгүй хууль биш. 2000 онд бас нэмэлт өөрчлөлт оруулсан шүү дээ.
-Тийм, 1992 оны Үндсэн хуульд 1999 онд өөрчлөлт оруулаад 2000 онд дахиад баталгаажуулсан. Ямар нөхцөлд хийгдсэн бэ гэхээр тэр үед нэг нам эрх барьж байгаад өөр нам руу шилжсэн байсан. Ийм үед Үндсэн хуулийн шалгарал явагддаг юм байна. Ийм үед л хуульд байгаа зөрчил хамгийн их илэрдэг. Хоёрдугаарт, Үндсэн хууль баталсан анхны Ерөнхийлөгч 1997 онд солигдсон. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн институц дээр шинэ хүн гарч ирээд эрх барьж байсан нам нь солигдсон үе байсан. Тэгэнгүүт хуульд байгаа зөрчлүүд хамгийн ихээр илэрч гарч ирсэн. Тухайн үед "Ардчилсан холбоо" эвсэл 50 суудалтай, МАХН 25, МУНН 1 суудалтай байсан. Гэтэл хуралдааны ирц УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёр хүрч байж бүрдэх Үндсэн хуулийн зохицуулалт байсан. Нэгэнт л нэг нам дангаараа гуравны хоёрыг бүрдүүлэх боломж байгаагүй учир чуулганы хуралдаанаа хийж чадахгүй нөхцөл үүссэн. Гурван сараар хурлаа хаяад явчихсан тийм тохиолдол хүртэл гарч байлаа. Ийм хүндрэлүүд гарч ирсэн. Дээрээс нь Ерөнхий сайдыг томилоход Ерөнхийлөгчид хэтэрхий их эрх мэдэл өгсөн байсан. Ийм нөхцөл байдлуудын улмаас Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн. Ц.Элбэгдоржийн анхны Засгийн газрыг (1998 он) огцорсны дараагаар Үндсэн хуулиа зайлшгүй өөрчлөх ёстой юм байна гэдэг нь бүр тод харагдсан. Үүрэг гүйцэтгэгч Засгийн газартайгаар долоон сарыг үдсэн. Монголын түүхэнд хамгийн удаан үүрэг гүйцэтгэсэн Засгийн газар гарч ирсэн. Үүрэг гүйцэтгэнэ гэдэг нь Үндсэн хуулийн хийгээд органик хуулиудын зохицуулалт нь болохгүй байна аа гэдэг нь харагдаж байгаа юм. Өөрийн ажилласан Засгийн газраас хоёр дахин их хугацаанд үүрэг гүйцэтгэсэн Засгийн газар энэ үед гарч байсан. Энэ хүндрэлүүдийг засахын тулд Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт хийх шаардлага гарч ирсэн юм. Маш олон өөрчлөлтийн тухай ярьж байсан юм шүү дээ. Гэсэн ч тухайн үеийн "Ардчилсан холбоо" эвсэл, МАХН тохироод хамгийн их санал нэгдсэн долоон саналаа авч үлдсэн. Энэ долоон саналыг авч үлдээд л ерөнхийдөө 1998 оны зөвшилцөл зогсчихсон. Бараг жил гаруй хугацаагаар зогсож байгаад 1999 оны сүүлээр буюу сонгуулиас зургаан сарын өмнө л энэ долоон өөрчлөлтийг хийсэн шүү дээ. Бидэнд бол яг тэр цаг үед ашиггүй л өөрчлөлтүүд байсан. Гэвч тухайн үеийн "Ардчилсан холбоо" эвслийн гишүүд намынхаа эрх ашгаас илүү улс орныхоо эрх ашгийг дээдэлж чадсан.
-"Ардчилсан холбоо" эвсэл өөрсдийгөө бодож биш улс орноо бодсон өөрчлөлт хийсэн гэдэг нь…?
-Тухайн үедээ бол сонгуулиар МАХН ялах нь бараг тодорхой болчихсон байсан ийм үед л хийсэн өөрчлөлт. Яагаад гэвэл "Ардчилсан холбоо" эвслийг бүрдүүлж байсан хоёр нам сонгуульд салж орохоор болсон байсан. Дотроос нь дахиад ИЗН салаад гарчихсан. Бүрдүүлж байсан нэг субъект гурав задарч сонгуульд орох нь ойлгомжтой, дээрээс нь дахиад хоёр нам салж гарах нь тодорхой ийм л нөхцөл байдал байсан. Ялагдах нь тодорхой байсан ч "Ардчилсан холбоо" эвсэл ухамсартайгаар дараагийн УИХ, дараагийн Засгийн газрын төлөвшил нь зөв явах ёстой гээд долоон нэмэлтийг хийсэн. Хүмүүс бол янз бүрээр ярьдаг л юм. Дордуулсан долоон өөрчлөлт ч гэдэг. Судлаачид бол парламентын бүгд найрамдах улсыг бүрдүүлэхэд энэ долоон өөрчлөлтийг харин ч дутуудуулсан гэдэг. Ерөнхий сайдыг илүү хүчтэй болгох байсан, энэ зохицуулалтуудыг тэр өөрчлөлтөөр хийж чадаагүй гэж шүүмжилдэг. Тэр шүүмжлэл нь ч үндэслэлтэй.
-Та үүнийгээ илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Бид өөрсдөө парламентын бүгд найрамдах улс гэж үзээд байдаг. Гэтэл Үндсэн хуулийг судлаачид хүчтэй Ерөнхийлөгчтэй парламентын хосолсон засаглалтай гэдэг. Үндсэн хуулийн маш олон судалгаанууд Монголыг дандаа тэр ангилалд оруулсан байдаг. Бүр манай улсын Ерөнхийлөгчийг онцгойлон үздэг. Бусад бүх улсын Ерөнхийлөгчтэй харьцуулахад манай төрийн тэргүүн маш их эрх мэдэлтэй. Хууль тогтоох засаглал руугаа маш хүчтэй эрх мэдэлтэйгээр ордог. Хууль санаачилдаг, хориг тавьдаг. Хориг нь өөрөө гуравны нэгээр авагддаг учраас хууль тогтоох засаглалд маш нөлөөтэй.
Бас гүйцэтгэх засаглал руу ч маш их эрх мэдэлтэйгээр оролцдог. Засгийн газарт чиглэл өгөх зарлиг гаргах эрхтэй. Зарлигт нь Ерөнхий сайд гарын үсэг зурснаар тэр нь заавал дагаж мөрдөх Засгийн газрын шийдвэр болдог. Дээр нь үндсэн бүх томилгоог Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг. Маш олон томилгоон дээр саналын эрх нь Ерөнхийлөгчөөс эхлэлтэй байдаг. Томилгоон дээр л гэхэд Ерөнхий сайд, сайд нар, Элчин сайд, Төрийн албаны зөвлөлийн дарга гэх мэт маш олон албан тушаал дээр томилгооны санаачилга гаргах буюу зөвшилцөх эрх нь Ерөнхийлөгчид байдаг. Шүүх эрх мэдэл дээр ч томилгооны шугамаар өргөн оролцох эрх мэдэлтэй. Шүүгч, прокурорыг санал болгодог. Дээр нь зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг. Нийт ард түмнээс сонгогддог учраас Монгол Улсын сонгогддог бүх албан тушаалтнаас хүлээн зөвшөөрөгддөг чанар нь илүү өндөр байдаг.
-Ерөнхийлөгчийн хувьд ийм байж. Манай УИХ, гүйцэтгэх засаглал хоёрын харилцаа ямар байдаг юм бэ?
-Манай парламент Үндсэн хуулиар маш их онцлогтой. Уламжлал болон хэрэглэгддэг үг, үсгээс болоод парламент нь маш их эрх мэдэлтэй гэж уламжлагдан ойлгогддог. Парламентын бүгд найрамдах улсын гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхий сайдад бүрэн олгоогүй зохицуулалттай. Жишээ нь, Засгийн газрын тогтвортой ажиллах механизм сууж өгөөгүй. Хоёрт, Ерөнхий сайдад нь Засгийн газраа бүрдүүлэх, сайд нараа томилох, чөлөөлөх эрх мэдэл нь хязгаарлагдмал. Түүнээсээ болоод Засгийн газрын тогтвортой байдалд нь үргэлж асуудал үүсдэг. Ерөнхий сайд нь өөрөө багаа бүрдүүлж чаддаггүй учраас улс төрийн нам дотор олон фракц үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд нь томилгооны эрх мэдэлгүй болохоор гурван хүн нийлээд л нэг хүнийг сайд болгохыг Засгийн газрын тэргүүнд санал болгодог бичигдээгүй хууль шахуу үүсчихсэн. Энэ нь өөрөө улс төрийн намын төлөвшилд маш сөргөөр нөлөөлдөг. Энэ байдлыг засахгүй бол нам доторхи асуудал нь улам хүрээгээ тэлдэг. Жишээ нь, сонгуульдаа пропорциональ элементийг оруулах тусам нэг нам дангаар Засгийн газар байгуулж чадахгүй. Энэ үед Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх нь зөвхөн нам дотроо шийддэг асуудал биш, эвслийн намуудын тохиролцооны үр дүнд шийдэгдэх зүйл болно. Нэг ёсондоо тохиролцооны Засгийн газар байгуулахаас өөр аргагүй болгоно.
-Тэгвэл томилгооны эрх мэдлийг нь парламентаас салгаад гүйцэтгэх засаглалдаа өгчихөд болох нь ээ?
-Зөвхөн энэ биш, төсөв байна. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөл дээр парламент маш их эрх мэдэлтэй. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого, зарлага байтугай зүйл заалтуудыг ч гэсэн өөрчлөх хэмжээний эрхтэй байгааг нь Үндсэн хуулиар хязгаарлах ёстой. Нэг ёсондоо гүйцэтгэх эрх мэдлийн шийдэх аливаа асуудлыг парламентдаа хуульчилсан нь засаглал хоорондын тэнцвэрийг алдагдуулж байгаа механизмын суурь болдог.
-Үндсэн хуулийн одоогийн энэ төслийг нэмэлт, өөрчлөлт гэх нь зөв үү. Шинэчилсэн найруулга биш үү. Бараг 80-аад өөрчлөлт орж байгаа, Ерөнхийлөгчийг УИХ-ын өргөтгөсөн хуралдаанаас сонгоно гээд суурь зарчмыг хөндсөн өөрчлөлтүүд байгаа учир шинэчилсэн найруулга гэх юм биш үү?
-Зохицуулж байгаа зүйл нь гурван том зүйл л байгаа. Бүгд уялдаа холбоотой учир маш олон зүйлийг зохицуулж байгаа юм шиг харагдаад байгаа боловч нийт зохицуулж байгаа харилцаа нь гуравхан. Шинэчилсэн найруулга ч юм уу, цоо шинэ Үндсэн хуулийн тухай яриа огт биш. Нэмэлт, өөрчлөлт шүү. Байнгын хорооны хэлэлцүүлгээс харахад гишүүдийн мэдлэг болоод мэдээлэл Үндсэн хууль дээр өөр өөр байна. Үнэнийг хэлэхэд дутагдалтай байна. Үндсэн хуульд өөрт нь байгаа заалтаар бол Үндсэн хуульд нэг л үндсэн аргаар өөрчлөлт оруулах ёстой. Парламент л Үндсэн хуульд өөрчлөлт оруулна. Харин Үндсэн хуулийн 68.2-оор болохоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу, үгүй юү гэдгийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэж болдог. Гэтэл 2010 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлээр ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гээд Үндсэн хуулиас давсан зохицуулалт оруулчихсан. Гурван янзын юман дээр хүмүүс будилаад байна. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг бол Үндсэн хуулиараа зохицуулагдаагүй мөртлөө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлээр зохицуулагдаад байгаа. Үндсэн хуульдаа заагаагүй байж, Журмын тухай хуулиараа ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно гээд заачихсан. Зарим улсад ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахыг хориглодог. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гээд бүр хориглочихдог. Үндсэн хуулийн 68.2 дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно гэчихсэн. Санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай огт биш. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болох эсэх тухай асуудлаар л ард нийтээсээ асууж болно гээд байгаа байхгүй юу. Гурван өөр харилцаа. Байнгын хорооны хурал дээр бол Ард нийтийн санал асуулгын ерөнхий хууль, Санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёрыг холиод байгаа байхгүй юу.
-Харин холихгүй байх шиг санагдсан. Гуравны хоёроор зөвхөн ард нийтээсээ санал асуугаад өөрчлөх үү, өөрчлөхгүй юү гэдгээ шийдүүлнэ. Өөрчилнө гэвэл зүйл тус бүрийг нийт гишүүдийн дөрөвний гурвын дэмжлэгтэйгээр хүлээж авна.
-Зөв. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гээд Журмын хуулийн 17-гоор яах уу гэхээр төслөө эхлээд парламент нь хэлэлцчихнэ. Нэг, хоёрдугаар хэлэлцүүлгээ хийчихнэ. Бараг батлах шатан дээрээ очоод дэмжигдсэн төслөө ард нийтээсээ асуугаад парламент нь баталж байгаа биш, ард нийтийн санал асуулгаар олонхийн санал авах юм бол автоматаар тэр өөрөө хууль болдог. Ийм гурван юмыг хүмүүүс харин холиод яриад байна. Бид нарын хийсэн санаа бол 68.2-оор ард нийтээсээ асууж хүлээн зөвшөөрөгдье. Легитимээ нэмэгдүүлье гэсэн юм.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг Журмын тухай хуулийн дагуу хийх ёстой гэдэг дээр ажлын хэсгийн гишүүд санал нэгдэж байгаа биз дээ.
-Ер нь бол Журмын тухай хууль бол Үндсэн хуулиа зөрччихсөн хууль шүү дээ.
-Таны л батлалцсан хууль ш дээ.
-Тийм, бид баталсан. Гэхдээ энэ хуулийн зорилго бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэж хийсэн хууль байхгүй юу. Та нар уншаад үзээрэй. Тэр хуулийг уншвал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт ерөөсөө оруулж болохгүй.
-Гэхдээ гишүүн ээ, хууль алдаатай ч юм уу байж болно, түүнтэй бол маргахгүй. Гэвч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль юм чинь дагаж мөрдөх ёстой биз дээ.
-Тэгнэ тэгнэ.
-Тэгвэл та бүхний өргөн барьсан төслийг сөхөөд харахад наад захаасаа л энэ хуулийг зөрчсөн жишээ асар олон байна. Жишээ нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачлахдаа гишүүний эрхийг хязгаарласан өгүүлбэр энэ хуульд байдаг. Тухайлбал, УИХ-ын бүрэн эрхтэй холбоотой асуудлыг гишүүд санаачилж болохгүй гээд Журмын хуулиар зохицуулсан байгаа. Та бүхэн гэтэл бүрэн эрхийг сунгаад таван жил болгоно гээд оруулаад ирлээ. Журмын тухай хуулийн заалтыг яах вэ?
-8.1.1-ийг бол зөрччихсөн. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан хүмүүс дөрвөн хуулийн төсөл бэлдчихсэн байгаа. Тухайлбал, Журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл. Ер нь бол Журмын тухай хуулиар бол юу ч хийж болохгүй. Энэ хуулийг бүхэлд нь хүчингүй болгоод энэ хуульд байгаа зарим зохицуулалтыг Дэгийн тухай хуульд хийх ёстой байхгүй юу. Үндсэн хуулийг хэлэлцэхдээ ямар дэгээр, яаж явах юм гэдгийг Дэгийн тухай хуулиар л зохицуулах асуудал. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд тусдаа Журмын тухай хуультай байх шаардлагагүй. Миний бодлоор энэ бол Үндсэн хуулиа онолын хувьд ч, практикийн хувьд ч зөрччихсөн хууль.
-Тэгвэл яах гэж баталсан юм. Таны сууж байсан өмнөх парламент л батлаа биз дээ?
-Энэ хуулийг яах гэж баталсан гээч. Үндсэн хуулийг өөрчлүүлэхгүй гэж баталсан юм ш дээ. Б.Чимид гуай юу гэж ярьдаг байсан гэхээр Үндсэн хууль бол потенциалаа шавхаагүй, органик хуулиараа зохицуулаад яваад байж болно гэдэг байсан. Гэтэл тэр үед маш олон гишүүн Үндсэн хуулийг өөрчилье гээд санал гаргасан. Төслөө Их хуралд өргөн барьсан.
Манай хүндрэл чинь нэг гишүүн хүртэл Үндсэн хуулиа өөрчилье гээд төсөл санаачлах эрхтэй байхгүй юу. Зохицуулах зүйл байхгүй. Тэгээд дур дураараа санаачлаад эхлэхээр яасан бэ гэхээр хүн чинь өөрийнхөө хүүхдэд хайртай байдаг биз дээ. Б.Чимид гуай амьд сэрүүн байсан юм чинь, яасан гэхээр би ямар нэгэн ухаантай аргаар Үндсэн хуулийг яаж ч оролдоод өөрчилж чадахгүй ийм зохицуулалтуудыг хийчихье гээд эхийг нь бичсэн хууль. Ийм ийм заалтыг өөрчилж болохгүй гээд заачихсан хууль шүү дээ. Дахиад үүнээс өөр аргаар хийх юм бол энэ чинь гэмт хэрэг болно шүү гээд биччихсэн. Энэ чинь өөрөө Үндсэн хуулиа зөрчөөд байгаа юм. Яагаад гэвэл энэ зохицуулалтууд чинь өөрөө Үндсэн хуульд байгаа зүйлээс даваад байна. Яагаад гэвэл энэ хуулийг нийт гишүүдийн ердийн олонхиор баталдаг. Нэг парламентын 39 гишүүн сууж байгаад дараагийн парламентынхаа бүрэн эрхэд халдаж хориг тээг тавьж болохгүй. Дээрээс нь 17 дугаар зүйл нь бүхэлдээ Үндсэн хуулийг өөрийг нь зөрчиж байгаа.
-Ер нь ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах эсэхээ асуух, ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хоёр ямар ялгаатай юм бэ?
-Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болох эсэхийг асууна уу гэхээс ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийг өөрийг нь өөрчилж болохгүй. Үндсэн хуулиараа ч тийм зохицуулалттай. 68.2, 25.1.16-гаар тодорхой зохицуулсан байгаа.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг парламент л батлах эрхтэй юм бол ажлын хэсгээс яагаад ард нийтийн санал асуулга явуулах санал оруулж ирсэн юм бэ?
-Би бол ажлын хэсэг дээр ард нийтээсээ Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах уу, үгүй юү гэдгээ асууя гэж санал гаргасан. Яагаад гэвэл энэ 76 шууд баталчихвал парламентын нэр хүнд сайнгүй байгаа энэ үед баталсан Үндсэн хуулийн хүлээн зөвшөөрөгдөх чанар сул байна гэж үзсэн. Сул байна гэдэг бол тухайн улс зохицуулалтгүй болно л гэсэн үг. Үүнээс урьдчилан сэргийлсэн. Өөрөөр хэлбэл, өөрчлөлт хийх асуулгаараа ард нийтээсээ зөвшөөрлөө авъя л гэж байгаа юм. Энэ бол төлөөллийн болон шууд ардчиллын аль алинийх нь хосолсон хэлбэрийг хэрэглэж байж Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулъя гэсэн санал санаачилга.
-Х.Тэмүүжин гишүүн шилжилтийн Үндсэн хуулиа төгс төгөлдөр мэтээр шүтэж ирлээ, одоо больё гэж хэлж чадаж л байна лээ. Баталсан хүний хувьд та түүнийг юу гэж бодож байна вэ?
-Манай Үндсэн хуульд яагаад томоохон шинэчлэл хэрэгтэй байгаа гэхээр социализмаар 70 жил хүмүүжчихсэн хүмүүс баталж байлаа. 1990-1992 оны 420 гаруй депутат, Бага хурлын 53 гишүүн бүгд л улс орноо тухайн нөхцөл байдалд ардчилсан бүрэн биеэ даасан өндөр хөгжилтэй улс болгохын төлөө Үндсэн хуулийг хийсэн. 70 гаруй жилийн турш нэг системээр төлөвшиж хөгжиж ирсэн улсын хувьд цоо шинэ нөхцөл байдал руу шилжихдээ Үндсэн хуулиа төгс төгөлдөр хийж чадаагүй нь мэдээж ойлгомжтой. Тийм сэтгэлгээний өөрчлөлт дээр хийгдсэн хууль. Үндсэндээ шилжилт хийх Үндсэн хууль байсан. Одоо бол шилжилтээ хийгээд нийт эдийн засгийн 80 орчим хувь нь хувийн хэвшил дээр суурилаад тогтолцоо маш их хэмжээгээр өөрчлөгдсөн учир одоо урт хугацаанд ажиллаж болох хуулиа хийе л гэж байгаа юм. Бид Үндсэн хууль батлагдсанаас хойш зургаан удаа сонгууль явууллаа. Гажигуудаа харчихлаа шүү дээ. Бид нарын зохиосон дугуй болгон одоо бол хүндрэл авчирч байна. Хамгийн наад захын жишээ гэхэд дунджаар нэг Засгийн газар 1.3 жил л ажилласан байна. Ийм богино хугацаанд ажиллаж байгаа Засгийн газраас ямар хөгжил ирэх юм бэ. Засгийн газрыг ойрхон огцруулаад байдаг нь Үндсэн хуульд гажуудал байна аа л гэсэн үг.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн цаана Засгийн газраа авч үлдэх гэсэн санаа байна уу. УИХ Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг нэгэнт л эхлүүлбэл өөр ямар ч асуудлыг хэлэлцэх эрх нь хаалттай болдог. Нөгөө талд Г.Уянга гишүүн Засгийн газрыг огцруулъя гээд гарын үсэг цуглуулаад байна. Засгийн газрыг огцруулах эсэх хэлэлцүүлгээс зугатаад л Үндсэн хуулийг зүтгүүлээд байгаа юм биш үү?
-Үгүй, маш гэнэн тайлбар. Засгийн газар огцруулах чинь Үндсэн хуулийн өөрчлөлтийн хажууд маш жижиг асуудал ш дээ. Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлт гэдэг дахиад Монгол Улсын хөгжлийн асуудлыг хорь гучин жилээр тодорхойлох өөрчлөлт. Дараагийн сонгуулиар хэн олонхи болох нь ойлгомжгүй байгаа ч бид засч залруулах зүйлээ зоригтой хийе л гэж байгаа. Өмнө нь ч бас бид олонхи байхдаа л засч залруулах юм байна аа гээд 2000-2004 онынхонд бололцоог нь хангаж өгсөн.
Одоо бид бас олон байна. Аль ч хүчин ялсан байг дараагийн Засгийн газруудын ажиллах бололцоог нь хангаж өгье л гэж байгаа юм. Ойрын юм уу, дунд хугацаагаа харвал энэ өөрчлөлтүүд бидэнд дандаа ашиггүй мэт харагдаж байгаа. Урт хугацаанд бол монголчууд бидэнд бүгдэд нь ашигтай. Сүх далайтал үхэр амар гээд суугаад байж болохгүй шүү дээ. Одоогийн энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг нэлээд урт хугацаанд сайн судалгаатайгаар хийсэн. Асуудал байна аа гэдгийг бүх нам, улс төрийн хүчин, улстөрчид, судлаачид хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв гэж АН төдийгүй улс төрийн бусад бүх нам л хүлээн зөвшөөрч байгаа. Харин шүүмжилж байгаа нь дандаа субъектив хандлагатай. Жишээ нь 99 гишүүн их, таван жил урт, Эх хууль гэх мэт дандаа субъектив хандлагатай шүүмжлэлүүд байгаа.
-Ардын нам өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийн өсөлт буурлаа, ард түмний амьдрал доройтлоо гэдгийг АН-ынхан Үндсэн хуулиас боллоо, одоо заслаа гэж тайлбарлах гээд байна гэж хардаад байгаа юм биш үү?
-Харин ч МАН-ынхан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь зөв, гагцхүү цаг хугацаа л хязгаарлагдмал байна гэсэн шүүмжлэл ярьж байгаа. Цаана нь бол харин АН идэвхтэй санаачилж байгаа нь сонгуульд ялах ялалтын нэг хэрэгсэл болж магадгүй гэсэн субъектив хардлага байж болох юм.
-Арай ч тэгээгүй байх. Эсвэл ажлын хэсэг дээрээ Ард нийтийн санал асуулга, 99 гишүүн, таван жил гэх мэтийн зарчмын саналаа яриагүй байж өргөн барихдаа нэмээд оруулаад ирлээ. Ийм учраас дэмжих боломжгүй л гээд байгаа юм биш үү?
-Ажлын хэсэг дээр ярилгүй яадаг юм. Тоог бол зөндөө ярьсан. Засгийн газар дээр санал авах текст дээрээ 76-гаараа, дөрвөн жилээр явуулчихсан байхгүй юу. Үүнийгээ өргөн барихдаа 99 болгож нэмье, таван жил болгоё гэж ярилцаж байсан нэг хувилбар нь юм. Би Ардын намаас ажлын хэсэгт орсон Лүндээ гишүүн, Дэмбэрэл гишүүн хоёртой уулзаж энэ талаар ярилцаагүй учраас мэдэхгүй байна.
Таван жил гэдэг дээр яагаад эсэргүүцээд байгааг ойлгохгүй байна. Бид таван жилийн төлөвлөгөө гээд л дандаа таван жилээр ажлаа төлөвлөдөг байсан. Дээр нь хоёр хөрш нь хоёулаа Засгийн газраа таван жилээр байгуулж байна. Хятадын парламент таван жил, Засгийн газар нь таван жил ажиллаж байна. ОХУ-ын парламент таван жил, Засгийн газар нь мөн л таван жил ажиллаж байна. Ерөнхийлөгч нь зургаан жил. Бид бас зохицсон байвал хөгжлийн бодлогын уялдаа холбоо сайн байх болов уу. Хамтын ажиллагааны үр дүн өндөр байх биз. Тэд таван жилээр төлөвлөөд байдаг, бид дөрвөн жилээр яриад байх нь үечлэлийн зөрүү, бодлогын уялдааны зөрүү гарах магадлалтай. Нэг Засгийн газар багадаа таван жил ажиллана гэдэг маш их зүйл хийж болох боломж бүрдэнэ.
-Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгодог болох саналын тухайд…?
-Ерөнхиийлөгчийн орол-цоог багасгах үүднээс зургаан жилээр нэг удаа сонгоно. Яагаад ингэж хязгаарлаж байна гэхээр нэг удаа сонгогдсон Ерөнхийлөгч дахин сонгогдохын тулд маш их юм амалдаг. Тэр нь нийгэмд дандаа сөргөөр тусдаг.
-Одоо энэ оруулах гээд байгаа өөрчлөлтөөр бол Ерөнхийлөгч болох хүн ямар ч эрх мэдэлгүй болохоор байгаа. Ер нь дахин сонгогдохыг хүсэх үү?
-Парламентын бүгд найрамдах улсад Ерөнхийлөгч бол улсынхаа эв нэгдлийг илэрхийлэгч, улсынхаа бэлгэ тэмдэг нь байдаг. Намайг Германд сурч байхад Вайцзеккер, Херцог гээд Ерөнхийлөгч байсан. Тэгэхэд германууд Ерөнхийлөгчөө “Германы өвөө” гэж нэрлэж байх жишээтэй. Яагаад гэвэл Ерөнхийлөгчид нь биш, канцлерт нь бүх эрх мэдэл нь байдаг юм. Харин “жинхэнэ герман хүн харъя гэвэл манай Ерөнхийлөгчийг хар” гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, парламентын бүгд найрамдах улсууд, жишээ нь Герман, Энэтхэг зэрэг бусад улс Ерөнхийлөгчөө бэлгэ тэмдэг талаас нь хардаг.
Япон, Англи, Хойд Европын орнуудын эзэн хаант парламентын бүгд найрамдах улсуудад бол эзэн хаанаа тухайн улсынхаа бэлгэ тэмдэг талаас нь харж хүндэтгэдэг. Харин манай улсад Ерөнхийлөгч нь гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх эрх мэдлийнхний хэрэгжүүлэх ёстой маш олон эрх мэдлийг эдэлж оролцдог учраас парламентын бүгд найрамдах улсын сонгодог хэлбэрийг хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа юм.
-Таныхаар бүх эрх мэдлийг нь гүйцэтгэх засаглалдаа шилжүүлэх ёстой гэсэн үг үү?
-Ер нь бол парламент гэдэг өөрөө цоо шинэ юм. Өмнөх бүх түүхэнд юу байсан гэхээр гүйцэтгэх засаглал гэж ганцхан юм байсан. Засгийн газар гэсэн үг л дээ. Харин парламент бол сүүлийн 200 гаруй жилд үүссэн зөвлөлддөг институц. Тэгэхээр ерөөсөө л бүх тэмцэл засгийн эрхийн төлөө байсаар ирсэн. Манайд л “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага” гээд Үндсэн хуульд биччихсэн болохоор түүгээр нь ойлгоод яваад байгаа юм. Бүр төрийн аливаа ёслол дээр хүртэл үүнээс үүдсэн гажуудал гардаг. Энэ сайд УИХ-ын гишүүн биш учраас гээд жижигрүүлж ханддаг. Тэгсэн хэрнээ дипломатын болон олон улсын арга хэмжээнд очихоор УИХ-ын гишүүн доор сууж байхад сайд дээр сууж байх жишээтэй. Гаднынхан, ер нь бүх дэлхий тэгж үздэг. Бид энийгээ мэддэг хэрнээ л засч чадахгүй яваа юм.
-Манайд бол сайд биш, УИХ-ын гишүүн болохын төлөө бүгд өрсөлддөг ш дээ?
-Аливаа улсад хэн Ерөнхий сайд, хэн хэн Засгийн газрын гол сайд болох вэ гэдэг тэмцэл явдаг. Энэ бүтцээ гаргаж ирэхдээ нэг хүнээр дамжуулж гаргаж ирвэл Ерөнхийлөгчийн засаглал болдог. Жишээ нь, Ерөнхийлөгчийн засаглалтай улсад ч парламент байдаг. Ялгаатай нь парламент нь сонгогддогоороо сонгогддог болохоос гүйцэтгэх засаглалдаа хамааралгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн засаглал гэж нэрлээд байгаа юм. Харин парламентын сонгуулийн үр дүнгээр гүйцэтгэх засаглал нь байгуулагдаж байвал парламентын засаглалтай орон гэж нэрлэдэг. Яагаад гэвэл, парламентын лидер нь өөрөө гүйцэтгэх засаглалын тэргүүн болж хувирдаг. Үндсэн зохицуулалт нь ийм. Манайхан л үүнийг мэдсээр байж мэдээгүй дүр эсгэдэг.
-Яаж?
-Дан, давхар дээл гээд л. Яаж ийм юм хүний толгойд багтдаг байна аа. Манайд л дан, давхар дээл гэдэг болохоос парламентын засаглалтай бусад улсад сайд бол заавал парламентын гишүүн байх ёстой гээд бүр албаддаг. Өөрөөр хэлбэл, чи Засгийн газрын гишүүн болохын тулд заавал парламентдаа байх ёстой гэдэг. Парламентын засаглалтай ихэнх улсад ийм л байдаг.
-Парламентын гишүүн биш хүн Засгийн газрын гишүүн болдоггүй гэж үү?
-Мэдээж сайн бизнесмэн ч гэдэг юм уу нэр хүндтэй хүнийг Засгийн газартаа оруулах тохиолдол бий. Гэхдээ тэр хүндээ зориулж нэг тойргоо суллаж, нөхөн сонгууль хүртэл хийдэг жишээ байдаг.
-Гүйцэтгэх засаглал нь заавал парламентаасаа байх ёстой гэж та яриад байгаа хэрнээ УИХ-д өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлдөө үүнийгээ эсрэгээр нь тусгасан байсан. Заавал Засгийн газрын гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалт бол таны яриатай зөрөөд байна ш дээ?
-Манайд болохоор парламентын гишүүдийн тоо, Засгийн газрын гишүүдийн тооны харьцаанаас үүдээд асуудал гараад байгаа юм. Ихэнх судлаач, Үндсэн хуулийн багш нар нь хүртэл буруу ойлголттой яваад байгаа л даа. Жишээ нь, Н.Алтанхуягийн Засгийн газрын 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүн байсныг бараг бүх багш хамгийн буруу жишиг гэж тайлбарладаг. Гэтэл үнэндээ Засгийн газар гэдэг чинь парламентын дэд танхим байхгүй юу. Эрх барина л гэж байгаа бол тэр нь Засгийн газар. Ийм байж манайд дан, давхар дээл болохгүй гээд ярьдаг гэхээр сонгуулийн системээсээ болоод байгаа юм. Хэрэв мажоритар тогтолцоотой бол сайд нар нь заавал УИХ-ын гишүүн байхаас өөр аргагүй. Логикоо бодсон ч тийм.
Бодит жишээгээр тайлбарлавал 1996 оны М.Энхсайханы, Ж.Наранцацралтын, Р.Амаржаргалын Засгийн газар байна. Сайд нар нь дан гаднаас байсан төдийгүй манай намаас лидер байгаагүй юм. Бид уг нь М.Энхсайханы Засгийн газарт С.Зориг, Э.Бат-Үүл, Д.Ганболд, Баабар, Н.Алтанхуяг, Б.Дэлгэрмаа, Х.Хулан гээд тухайн үеийн "Ардчилсан холбоо" эвслийн лидерүүд орно гэж тооцсон байсан юм. Харамсалтай нь, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн дараагаар Засгийн газарт "Ардчилсан холбоо" эвслийн лидерүүд орох боломжгүй болчихсон. Харин сайд болно гэж тооцоогүй, сонгуульд ялагдсан хүмүүсээс бүрдсэн. Энэ нь Засгийн газрыг тогтворгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн гол субъектив хүчин зүйл болсон.
-Таны тайлбараас сонсохоор тойргоос сонгогдсон хүн л сайд болох ёстой гэсэн үг үү?
-Парламентын бүгд найрамдах улсад бол сайд нар нь бүгд сонгогдсон, нэг ёсондоо УИХ-ынхаа шигшээ нь Засгийн газартаа ордог. Тэгж бид уламжлалаа харах ёстой. Одоо манайд ямар гажуудал үүссэн гэхээр сайн хүн нь УИХ-д орчихоод, тэрний төлөөний хэн ч биш хүн нь Засгийн газарт орж захиалгаар нь ажилладаг болсон. Үүнээс болоод Засгийн газрын нэр хүнд алга болчихож байгаа юм. Засгийн газарт уг нь хүчтэй, эрх мэдэлтэй, нэр хүндтэй хүмүүс л байх ёстой. Гэтэл үүнийг гажуудуулснаас болоод хэн нэгний төлөөний хүн сайд болдог, тиймээс ч Засгийн газрыг хэн ч хайрладаггүй болсон. Засгийг одоо унагаачихъя, дараа нь тэрийг, дараа нь энийг сайд болгоё гээд наймаалцаад явдаг. Энэ нь өөрөө Монголын эдийн засгийг бүхэлд нь хорлож байгаа үйлдэл юм даа. Монголын ардчилал бол маш удаан хугацаанд дандаа оноо авчирдаг зүйл байсан. Бид гадагшаа гарахаараа юу ярьдаг байсан гэхээр “Манайх ардчилсан улс. Улс төрийн шинэтгэл, эдийн засгийн шинэтгэл хоёрыг нэг дор” хийж байна гэж ярьдаг байсан. Одоогийн энэ тогтолцоо Засгийн газрын насыг 1.3 жил болгож байгаа төдийгүй эдийн засгаа үүнээс цааш хөгжүүлэх боломжгүй болгочихож байгаа юм.
Би нэг юманд харамсдаг. Манайхан ч бүгд хэлдэг юм. Юу гэхээр 17 хувийн өсөлт нэг удаагийнх ч гэдэг юм уу, ер нь л бүх зүйлээр өөрсдийгөө зөвтгөөд байдаг. Гэхдээ би үгүй гэж боддог. Олон улсын нэр хүндтэй эдийн засгийн судалгааны бүх байгууллагын прогнозоор манай улс 10-аас дээш хувийн өсөлттэйгээр 15-20 жил хөгжинө гэж төсөөлж байсан. Яагаад гэвэл, бүх хүн юу гэж тооцсон гэхээр Оюутолгой нь хөдөлчихлөө, Тавантолгой нь удахгүй хөдлөх нь. Ийм хоёр төсөл хөдлөнгүүт хөрөнгө оруулалт асар их нэмэгдэнэ. Цагаансуварга, Төмөртэй энэ тэр гээд бүх төсөл нь дагаад хөдлөх байсан. Дээр нь Хятадын эдийн засагт маш их шингээлттэй цонх онгойчихсон байсан. Маш өндөр хөгжиж байсан учраас. Гаднынхан тэр үед “Энэ боломжийг монголчууд маш ухаалгаар ашиглана. Энэ нь өөрөө Монголын эдийн засгийг буулгахгүйгээр өсгөнө. Ингээд Монгол Улс дэлхийн түүхэнд хамгийн богино хугацаанд дундаж орлогоос дээд орлоготой улс болно” гэж үзэж байсан. Гэтэл удаа дараа гаргасан үргэлжилсэн бодлогын алдаанаас болоод Монголын ард түмэн, бизнесмэнүүд энэ алтан үеийг ашиглаж чадаагүй. Энэ бүхэнд Монголын улстөрчид буруутай.
Монгол Улсыг монгол хүн л хөгжүүлнэ. Монгол руу орж ирж байгаа хүн ашиг харж л орж ирэхээс нэг нь ч Монголыг хөгжүүлнэ гэж орж ирэхгүй. Тийм бодлыг толгойноосоо авч хаях хэрэгтэй. Чиний сайн сайхны төлөө чи ажиллана уу гэхээс өөр хэн нэгэн ажиллана гэж байхгүй. Бидний хөгжлийн суурь бол тогтвортой байдал, ойлголцол. Гэвч Үндсэн хуулийн өнөөгийн үйлчилж байгаа энэ орчин үүнийг баталгаажуулж чадахгүй байна.
-Гэхдээ Үндсэн хуулийн нөөц нь шавхагдаагүй гэдэг ш дээ. Нөөцийг нь хайгаач, оролдоод үз л дээ.
-Оролдоод үзье. Үндсэн хуулийн Засгийн газартай холбоотой хэсгийг уншаад үз. Ерөнхий сайдын эрх мэдлийн ихэнхийг нь УИХ, Ерөнхийлөгчийн институц авчихсан байгаа. Бүр органик хуулиудиар дамжуулан энэ эрх мэдлээ нэмэгдүүлж байгаа. Дээр нь УИХ нь хууль баталдаг мэргэжлийн хүмүүс байх ёстой атал өнөөдөр бүгд томилгоо хийдэг дарга болчихсон. Дээр нь дурын асуудлыг татаж авч хэлэлцдэг болсон.
-Тэгвэл төсөл дээрээ Засгийн газрын эрх мэдлийг арай дутуудуулчихсан юм биш үү. Парламентаа тараах эрхийг Ерөнхий сайдад өгөх байсан юм биш үү?
-Дутуудуулсан юм байгаа. Парламентаа тараах эрхийг Ерөнхий сайдад өгөх ёстой. Тэгж байж засаглалын эрх мэдлийн хоорондын тэнцвэр бий болно. Гэвч энийг оруулъя гэтэл ажлын хэсэг шийдэлд хүрч чадаагүй. Жишээ нь, парламентаа тараах эрхийг Ерөнхий сайдад өгье, Засгийн газрын оруулсан төсвийн зардлыг УИХ хэтрүүлж болохгүй гэсэн заалтууд оруулах санал гарч байсан. Гэвч УИХ-ын гишүүд өөрсдийнх нь эрх мэдлийг хасах заалтыг дэмжихгүй байх гээд л төсөл дээрээс хасчихсан. Батлуулахаа бас бодоод байна л даа. Амьдрал дээр юу болдог гэхээр төсвийн төслийг хар л даа. Засгийн газраас өргөн барьсан төсөл нь хууль болохдоо танигдахын аргагүй өөр болдог.
-Засгийн газраа тогтвортой ажиллуулах бас нэгэн боломж бол парламентын олонхи. Олонхи бол өөрсдийнхөө Засгийн газрыг нэг их огцруулаад байдаггүй. Танайх бол олон суудалтай нам учраас л олон дахин огцруулсан. Тиймээс парламент дээр олонхитой болохын тулд сонгуулийн жижиг мажоритар тогтолцоо нь хэрэгтэй юм биш үү?
-Жижиг мажоритар хэрэгтэй. Ер нь бол жижиг мажоритар байх юм бол хоёр намын систем бүрддэг. Пропорционалийн элемент орж ирэх тусмаа дандаа эвслийн Засгийн газар байгуулах сонголт руу оруулдаг. Энэ нь гүйцэтгэх засаглал Ерөнхий сайдын итгэл үнэмшлээр үйл ажиллагаагаа явуулах хөгжлийн төлөө кабенитийн зарчмаар ажиллах боломжийг хязгаарладаг сөрөг талтай.
-Гэхдээ пропорционалийг АН-ынхан оруулсан биз дээ?
-Харин тийм. Манай нам зүтгэсээр байгаад оруулсан. Яагаад гэхээр 1992 оны сонгуульд нам тавиулаад шоконд орчихсон. 1992 оны сонгуулийн системийг Ардчилсан хүчин санаачилсан. Р.Гончигдорж дарга парламентын дарга байхад баталсан хууль. Тэр хууль бол дэлхий дээр хэрэглэгддэг хамгийн муу хувилбар л даа. Гэвч бид 2008 оны сонгуульд бас хэрэглэсэн. Томсгосон мажоритар тогтолцоо. 1992 оны сонгуулиар 71:5 болсон. Тэгээд бид сонгуулийн системд алдаа нь байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, саналын тусгалын асуудал байсан юм. Мажоритар системийн хамгийн том алдаа нь тусгал. Авсан санал, суудал хоёр зөрдөг.
-Ардын намынхан буцаад мажоритар болгоё гээд санал тавиад яваад л байна ш дээ?
-Ардын намынхан Улсын дээд шүүхэд бүртгэлтэй бүх намыг уриад хэлэлцүүлэг хийсэн. Юу гэж жижиг намууд мажоритарыг дэмжих юм бэ. Энэ чинь хоёр намын тогтолцоо руу шахдаг систем. Иймээс жижиг намууд одоо байгаа тогтолцоогоо дэмж, гэхдээ 48-аа нэг тойрог-нэг мандат болго гэчихсэн байна лээ.
-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, бас бүх ард түмнээс сонгодог байсныг нь УИХ өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр сонгох нь Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчихгүй юү. Ц.Нямдорж гишүүн бол зөрчигдөнө гэж мэдэгдэж байна лээ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн оруулсан саналыг Ц.Нямдорж гишүүн шүүмжлэх субъектив шалтгаан байгаа. Ер нь аливаа зүйлийн санаачлагч болгоогүй нь шүүмжлэгч болгож хувирдаг. Уг нь Ц.Нямдорж гишүүнийг ажлын хэсэгт оруулах ёстой байсан гэж би боддог. Ц.Нямдорж гишүүн бол өмнө нь УИХ-ын дарга байсан, Хууль зүйн сайдаар хэдэнтээ ажилласан туршлагатай парламентч. Ийм хүний хувьд Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан гэсэн гурван УИХ-ын дарга байсан хүнтэй хамтраад ажлын хэсэгт орсон бол үр дүнтэй байх байсан. Харин хэлээд байгаа санааных нь хувьд хоёр зөрчил байна лээ. Үндсэн хуулийн төслийн хэлэлцэж байх үеийн түүхээ эргэж санах хэрэгтэй. УИХ-ын таван жил их байна ч гэдэг юм уу. Гэтэл үнэндээ 1992 онд Үндсэн хуулийн төсөл анх орж ирэхэд УИХ-ын бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна гэж орж ирсэн юм. Тухайн үед зургаан жилээр явуулаад, гурван жил болохоор нь тал суудалд нь ротац хийе гэж байсан. Тэгээд үүнээсээ буцсан. Яагаад буцсан гэхээр ротацаар Засгийн газар бүрдүүлэх нь олонхийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орчих гээд байсан юм. Ингээд буцсан. Хоёрт, одоогийн Үндсэн хуульд ч Ерөнхийлөгчийг парламентаас сонгоно гэсэн заалт байдаг ш дээ. Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай, Ерөнхийлөгчийг парламентаас сонгоно гэсэн заалттай.
-Ц.Нямдорж гишүүний санааг арай өөрөөр ойлгосон л доо. Та жишээ нь сая, ард нийтийн санал асуулга явуулъя гэдгийг зүтгүүлж оруулсан гэлээ л дээ. Гэтэл санал асуулга явуулахын тулд заавал МАН-тай зөвшилцөх ёстой биз дээ. Энэ зөвшилцөл юу болж байгаа вэ?
-Асуудал хүндрээд байгаа нь үнэн. Хамтарсан үедээ хийж чадаагүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг 26 хүнтэй сөрөг хүчин бий болсон үед хийнэ гэвэл өмнөхөөсөө илүү зөвшилцөл шаардах нь ойлгомжтой.
-Та нар яагаад тэр бүхнийг тооцоогүй юм бэ. Ажлын хэсгийн хоёр гишүүн яагаад энэ төслийг дэмжээгүй юм бэ?
-Ажлын хэсгийн гишүүдийн итгэл үнэмшил энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг аль нэг намд ашигтай гэхээс илүү Монгол Улсын хөгжил дэвшлийн суурь болно гэж үзсэн учраас дэмжинэ гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Л.Цог гишүүний хувьд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгах хэсгээс бусдыг дэмжиж байсан. Лу.Болд гишүүн болохоор сумын Засаг даргыг шууд сонгодог болохоос бусдыг дэмжиж маш идэвхтэй ажиллаж байсан.
-Зөвшилцөх хугацаа, санал асуулга явуулах хугацаа, сонгуулиас зургаан сарын өмнө батлах хугацаа гээд бүх хугацаа шахагдаж байна. Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх хугацаа байгаа юм уу?
-Хийе бүтээе гэсэн хүн арга хайдаг, хийхгүй хойшлуулъя гэсэн хүн шалтаг хайдаг. 1999 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг л гэхэд бүх гишүүн дэмжээд хэлэлцүүлгээ богино хугацаанд хийсэн. Яагаад гэвэл, тэр долоон өөрчлөлтөөр 1998 онд тохирчихсон байсан учраас шууд баталж байсан юм. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийн төслийг маш удаан хугацаанд маш сайн бэлтгэсэн. Үе үеийн парламент Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгтэй байдаг. Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадвал алтан үсгээр бичигдэнэ. Улс эх орныхоо тулгамдсан асуудлаар санал нэгдээд, жижиг улс төрөө хойш тавиад ажиллах юм бол Үндсэн хуулийг батлах бүрэн боломжтой.
С.ОНОНТУУЛ
ЭХ СУРВАЛЖ: "АРДЫН ЭРХ" СОНИН
Холбоотой мэдээ