NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногт улс эх оронд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Эрүүл мэндийн яам Covid-19 вирусийн дэгдэлттэй холбоотойгоор өдөр бүр 11.00 цагт цаг үеийн мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа билээ. Манай улсад одоогоор 14 хүнд коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд бүгд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн юм. Үүнээс хоёр өвчтөн нь эдгэрч, өнгөрсөн Даваа гаригт /2020.03.30/ эмнэлгээс гарлаа. Сүүлийн гурав хоногт таван зүйлийн сорьцод шинжилгээ хийхэд тэднээс вирус илрээгүй, бүрэн эдгэсэн гэж эмч мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ. Гэхдээ энэ хоёр хүн гэртээ очоод 14 хоног тусгаарлагдана.
Үүнээс гадна, өнгөрч буй долоо хоногт Улсын онцгой комиссын шуурхай штаб хуралдаж, дөрөвдүгээр сарын 2 болон 3-нд Сөүлээс 251, Токиогоос 276 иргэнээс тусгай үүргийн онгоцоор авч ирлээ. Иргэдийг тусгаарлагдах байруудад хуваарилан байрлуулсан бөгөөд ХӨСҮТ-д Токиогийн нислэгийн 60 хүнийг тусгаарлаад байна.
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн Даваа гаригт /2020.03.30/ мэдээлэл хийхдээ, коронавирусийн тархалт дэлхийн улс орнууд, тэртусмаа Европт маш эрчимтэй тархаж байгаа тул нийслэл хотод тогтоосон хөл хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгаж буйг мэдэгдлээ.
Тухайлбал, олон нийт цуглах боломжтой фитнес, спорт зал, сургалтын төв, саун, амралт, баар, цэнгээний газар, сүм хийд, соёл урлагийн газрын үйл ажиллагаанд тавьсан хөл хориогоо дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгаж байгаа аж.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс гэр оронгүй, гадуур амьдардаг иргэдийг эрсдэлээс хамгаалах үүднээс 282 иргэнээс 144 иргэнийг гэр оронд нь буцааж, үлдсэн иргэдийг нийгмийн хамгааллын тусгай төвд байрлуулж, зөвлөмж зөвлөгөө өгөх, завсар зайгаар нь хөдөлмөр эрхлүүлж байгаа гэдгийг хотын дарга мэдээлэв.
"ИРЭХ ДОЛОО ХОНОГООС ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД ГАРЫН АВЛАГА, DVD ТАРААНА"
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам өнгөрч буй долоо хоногт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг элсэлтийн ерөнхий шалгалт болох гэж байгаатай холбогдуулан төгсөх ангийн хүүхдүүдэд зориулсан тараах материалуудыг бэлдэж байгаа гэдгийг дуулгасан юм. Цаашдаа ч төгсөх ангийн хүүхдүүдэд зориулсан тусгай арга хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалтын тов гарсан. Одоогоор хугацааг нь хойшлуулахгүй гэж бодож байгаа гэв.
Мөн хөл хорио дөрөвдүгээр сарын 30-наас дахин сунгавал элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг танхимаар өгөх боломжит хувилбарыг судалж байгаа талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэв. Энэ талаар тэрбээр хэлэхдээ "Нэг танхимд олноор хүүхэд цуглуулахгүйгээр ямар хэлбэрээр 10 хичээлийн шалгалтад бэлтгэх вэ, өдөрт хэдэн цагаар давтлага өгөх вэ гэдгийг сургууль сургуулийн төгсөгчдийн тоонд уялдуулж зохион байгуулахаар ажиллаж байна. Улсын хэмжээнд төгсөх ангийн хүүхдүүдэд зориулсан тараах материалыг бэлдээд байна. Энэ DVD-нд арванхоёрдугаар ангийн бүх теле хичээл, ЭЕШ-д зориулсан хичээл, журам, зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгаврууд бүгд багтсан. Бас төгсөх ангийн сурагчдын тоогоор Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан гарын авлагыг гаргасан. Ирэх долоо хоногоос улсын хэмжээний бүх сургуулиудаар дамжуулан гарын авлага, DVD тарааж эхэлнэ” гэсэн юм.
"НЭГ АНГИД 15-ААС ДЭЭШ БҮЛЭГ ДҮҮРГЭЛТ ХИЙХГҮЙ"
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “Хэрэв дөрөвдүгээр сарын 30-наас хойш хөл хорио дахин сунгагдвал төгсөх ангийн хүүхдүүдийг тусгайлан хичээллүүлэх ямар боломж байна вэ гэдгийг судалж байна. Сумын төвд байгаа хүүхдүүд интернэтээр мэдээлэл авах боломж ямар байна вэ гэдэгт тулгуурлаж, гарын авлага, DVD бэлтгэн гаргаж, хүүхэд бүрийн тоогоор тараана. Монгол Улсын хэмжээнд 100-гаас дээш төгсөх ангийн сурагчтай 66 сургууль байгаагийн 41 нь Улаанбаатарт, 25 нь аймгийн төвүүдэд байна. Бидний боловсруулж байгаа төслөөр нэг сургууль дээр 100-гаас дээш хүүхдийн бөөгнөрөл үүсгэхгүй, нэг ангид 15-аас дээш бүлэг дүүргэлт хийхгүй, хүүхдүүдийн хоорондын зай, нэг багшийн хичээллэх давтамж ямар байх вэ гэдэг дээр нарийвчлан ажиллаж байна.
Төгсөх ангийн сурагчдадаа зориулж ахлах ангийн сургалтын хөтөлбөр агуулгын дагуу бэлтгэсэн Теле хичээл, Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан Теле хичээл, LIVE хичээл, видео зөвлөмж зааврууд, “Цахим зөвлөх” портал сайт, суралцагч нэг бүрт хүрэх гарын авлага (ном&DVD)-ыг бэлтгэн хүргэж байна. Тун удахгүй “Элсэгч” сонины 4 удаагийн дугаар бэлтгэж хүргэнэ. DVD-нд
- 12 дугаар ангийн Теле хичээлүүд
- Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан Теле хичээлүүд
- Элсэлтийн ерөнхий шалгалтын журам
- Зөвлөгөө, мэдээлэл
- Жишиг даалгавруудыг багтаасан
“ЭЕШ-ЫН БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15-НЫГ ХҮРТЭЛ ЯВАГДАНА”
Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ “Одоогоор Элсэлтийн ерөнхий шалгалтад 16.911 шалгуулагч бүртгүүлээд байна. Үүнээс өмнөх оны 1803 шалгуулагч байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй гурван шалгуулагч бүртгүүлсэн. Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулахгүйгээр долдугаар сарын 2- 5-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэлийг дөрөвдүгээр сарын 15-ны 18.00 цагт дуусгана. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жилийн бүртгэлийн явц тааруу байгаа. Энэ нь танхимын сургалт яваагүйтэй холбоотой байх талтай. Шалгуулагчдын дунд Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацаа хойшилсон юм чинь бүртгэл нь бас хойшилно гэж бодож байж магадгүй. Бүртгэлийг энэ сарын 15-нд хаана. Яагаад бүртгэлийн хугацааг сунгахгүй вэ гэхээр Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагч бүртээ тулж ажиллана. Хөл хориог сунгавал шалгуулагчдад хэрхэн мэдээлэл хүргэх вэ гэдэг дээр анхаарч ажиллана. Жишээлбэл, Монгол Улсын хил дээр 2400 орчим сурагч байгаагаас төгсөх ангийн 74 сурагч байна. Эдгээр сурагчдад Хил хамгаалах ерөнхий газрын холбооны ангитай хамтран мэдээллийг хүргэхээр ажиллаж байна. Төмөр замын өртөө, уул уурхай дээр сурагчид байна. Ер нь баг болон сумын төвөөс аймгийн төв дээр ирж, шалгалт өгөх 8000 орчим шалгуулагч байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврыг тавдугаар сарын эхний долоо хоногт зарлана.
ХОНХТОЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ 3.2 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТОХИЖУУЛНА
Сүхбаатарын талбайн урд хэсэгт орших Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахад 3.2 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Тохижилтын хүрээнд 85 метрийн урттай 14 метрийн өргөнтэй хөгжмийн аялгуутай усан оргилуур, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар байгуулах аж. Гэхдээ усан оргилуур барина гээд барилга барьчихдаг тохиолдол бий. Бид нийслэлийн өмчит байгууллага учраас яг зураг төслийнхөө дагуу бүтээн байгуулалтаа хийнэ. Эхний ээлжид 2016-2017 онд тарьсан 586 ширхэг гацуур, 349 ширхэг нарс модыг шилжүүлэн суулгана" гэв.
Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор эдийн засаг хямарч, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид хүндхэн нөхцөл байдал орж, улсын төсвөөс гадна нийслэл хотын төсөв алдагдалд хүлээж байгаа энэ үед 3.2 тэрбум төгрөгөөр Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах нь цагаа олоогүй шийдвэр гэдгийг ард иргэд үзэж, өнгөрсөн Пүрэв гаригт жагсаал зохион байгуулсан юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТЗОРИГ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТҮДГЭЛЗЭХ ХҮСЭЛТИЙГ УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ӨГЛӨӨ
УИХ-ын гишүүн Б.Батзориг бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ Баасан гаригт /2020.04.03/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгчээ. Хуульд зааснаар УИХ энэ асуудлыг 14 хоногт багтаан шийдвэрлэх ёстой. Тодруулж хэлбэл, хүсэлтийг өргөн барьснаас хойш долоо хоногт багтаан Байнгын хороогоор, мөн дараагийн долоо хоногт нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой юм. УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Тиймээс Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг ирэх долоо хоногт хэлэлцэж эхэлнэ гэсэн үг юм.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч гуравдугаар сарын 17-нд товлогдсон ч Хяналтын прокурор Р.Батнасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаанд оролцох болсон үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан билээ.
ГУРВАН ТӨРЛИЙН САЛБАРЫН ХҮМҮҮСТ НДШ ХАМААРАГДААГҮЙ
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас коранавирусийн нөхцөлд эдийн засагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Лхагва гаригт /2020.04.01/мэдээлэл хийв. Засгийн газрын хуралдаанаар гарсан Эдийн засгийг идэвхжүүлэх багц хэмжээг УИХ-д оруулах бөгөөд санхүүжилтүүдийг нь УИХ-аар батална. Тэрбээр хэлэхдээ:
Коронавирусийн халдварын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулиудыг УИХ-д өргөн мэдүүлнэ. Иргэд, ААН-үүдээ дэмжих хүрээнд хичээл, сургууль орохгүй байгаатай холбоотойгоор тодорхой зардлуудыг хэмнэгдсэн. Энэ хэмнэгдсэн мөнгөнөөс 18 нас хүртэлх бүх хүүхдэд 10 мянган төгрөгийг хүүхдийн мөнгөн дээр нь нэмж олгоно. Гурван сарын хугацаанд сар бүр 30 мянган төгрөг хүүхэд бүрт олгогдоно.
Өнөөдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс ХАОАТ авахгүй.
Гэхдээ энэ арга хэмжээ нь гурван төрлийн салбарын хүмүүст хамаарагдаагүй. Үүнд:
- Улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагчид орохгүй. Учир нь тэдний орлого буураагүй.
- Хоёрт Төрийн өмчит ААН-үүд мөн орон нутгийн өмчит ААН-үүд дээрх хөнгөлөлт хамаарахгүй.
- Гуравдугаарт тендер зарлагддаг, одоо ажлаа хийж байгаа компаниуд улсаас мөнгө авч ажлаа хийж байгаа учраас ажиллагсдыг нь НДШ-ээс чөлөөлөхгүй. Нийтдээ 526 мянган ААН-ийн ажилчид НДШ-ээс чөлөөлөгдөнө.
Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг даатгуулагчдад ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөг олгоно.
Үйл ажиллагааг нь төрийн байгууллагын шийдвэрээр зогсоосон боловч ажлын байраа хадгалсан ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөг олгоно.
2020 оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгоно. Нийтдээ 860 мянган иргэнд буюу нэг иргэнд дунджаар 47 мянган төгрөгийг буцааж олгоно.
2 сая 511 мянга 332 иргэн ”Эрдэнэс таван толгой” компанийн ногдол ашиг, 486 ААН мөн ногдол ашгаа тавдугаар сард багтаан авна. Олсон ашгаа компанийн хуулийн дагуу иргэддээ олгоно. Энэ бол улсын төсвөөс гарч буй мөнгө биш. Цахилгааны төлбөр төлж амжаагүй бол цахилгаан таслахгүй, Цахилгааны төлбөрийн алдагдал тооцохгүй.
Бэлэн байдлын зэрэгт хамаарах хугацаанд бизнес эрхлэгчдийн төлөөгүй НДШ-д тооцох алданги, торгуулийг чөлөөлнө. Үүнд бүх ААН хамрагдана.
Жилийн 1.5 тэрбум төгрөгийн хүртэлх борлуулалтын орлоготой ААН-үүдийг зургаан сарын хугацаанд орлогын татвараас чөлөөлнө. Гэхдээ улсын төсвөөс мөнгө авч ажил хийж байгаа орлого татвараас чөлөөлөгдөхгүй. Нийт 105 мянган аж ахуй нэгж энэ хөнгөлөлтөд хамаарна гэж үзэж байгаа. Бүх төрлийн татвараа төлж чадаагүй хүмүүст торгууль, алданги тооцохгүй.
Түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулсан ААН-үүдийн түрээсийн орлогод нь ногдуулах татварыг чөлөөлнө. Зах, худалдааны төвүүд, үйлдвэр үйлчилгээний газрууд, хувийн сургууль цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалттай байр талбай хамаарагдана.
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ ГУРАВ ХҮРТЭЛХ САРААР ХОЙШЛУУЛАХ ШИЙДВЭР ГАРЛАА
Өнгөрч буй долоо хоногт Монголбанк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК болон банкууд хамтран дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
- Орон сууцны ипотекийн 8 эсхүл 5 хувийн хүүтэй зээл авсан иргэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа 3 хүртэлх сараар хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг уртасгах;
- Зээлийн эргэн төлөлтөд нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгчид энэхүү зохицуулалт үйлчлэх боломжтой бөгөөд доголдол үүссэн хуваарьт өдрөөс эхлэн эргэн төлөлтийг хойшлуулах хугацааг тооцох;
- Зээлдэгч зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах хүсэлтээ 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө харилцагч банкиндаа гаргана.
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС ЖИЛ БҮР ГАРГАДАГ "АЗИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВ" ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА
Азийн хөгжлийн банкнаас жил бүр гаргадаг "Азийн хөгжлийн төлөв" тайлангийн 2020 оны эдийн засгийн шинжилгээ, төсөөллийг Баасан гаригт/2020.04.03/ танилцууллаа. Энэ үеэр Монгол Улс дахь Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.Болд хэлэхдээ, коронавирус тархалт дэгдэхээс өмнө буюу 2019 оны дөрөдүгээр улирлаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч эхэлсэн гэдгийг дуулгасан юм. Тодруулбал, 2017 оноос эхэлсэн эдийн засгийн өсөлт 2018 онд оргилдоо хүрч, 2019 онд д 7.1 хувиаас 5.1 хувь болж саарсан. 2019 оны гуравдугаар улирлаас эхлэн эдийн засгийн үзүүлэлт мэдэгдхүйц саарч эхэлсэн. Үүнд уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө огцом багассантай холбоотой. Өөрөөр хэлбэл, уур уурхайн нөлөө 1.8 нэгж хувиар буурч, үндсэндээ 2019 оны 5.1 хувьд үзүүлэх нөлөө 0 хувь болсон.
Уул уурхайтай холбоотой бусад секторууд, ялангуяа боловсруулах үйлдвэр гэх мэт салбарууд эдийн засагт үзүүлэх хувь нэмэр багассан. Үүнтэй холбоотойгоор үйлчилгээ бусад салбарын хувь нэмэр буурсан ч Хөдөө аж ахуйн салбарын хувь нэмэр 0.3 нэгж хувиар өссөн зүй тогтол харагдсан.
2019 оныг дүгнэвэл эхний хагас жилд тогтвортой, дундаж түвшний өсөлтийг хадгалсан хэдий ч сүүлийн хагас жилд эдийн засгийн өсөлт эрс саарах чиглэлд орсон. Ялангуяа дөрөвдүгээр улиралд эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарсан байдаг. Энэ бүх зүйл covid-19 өмнө ажиглагдсан.
Харин 2020 онд хөдөө аж ахуйн салбар нийлүүлэлт талаасаа харьцангуй тогтвортой байна. Мөн үйлчилгээ, бусад салбар, боловсруулах үйлдвэр, тээврийн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө буурах дүр зураг үргэлжилнэ. Уул уурхайн салбар 2020 онд -2.6 хувиар агших болов уу гэсэн төсөөллийг хийлээ.
Нөгөө талаас, нийлүүлэлт талаас хувийн хэрэглээ, Засгийн газрын хэрэглээ, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн шугамаар хэрэгждэг Засгийн газрын төрөл бүрийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийн эдийн засагт үзүүлэх нөлөө саарна гэж таамаглаж байна. Covid-19 вирусээс өмнө саарч байсан эдийн засаг 2020 онд нэлээн огцом унах эрсдэлтэй бодит боллоо. Тиймээс энэ уналтыг хэрхэн зөөлрүүлэх бэ гэдэг нь богино хугацааны бодлогын маш чухал сорилт болж байна.
Гадаад худалдааны нөхцөл болон төлбөрийн баланс, тэнцэлийн хувьд 2009, 2010 онд огцом муудаж байсан. Гэхдээ сүүлийн гурван жилийн гадаад худалдааны нөхцөл сайжирсан нь эргээд 2019 оны гуравдугаар улиралаас худалдааны нөхцөл муудаж эхэлсэн. Үүнд, экспорт маш их нөлөөлсөн. Хэдийгээр худалдааны нөхцөл муудсан ч урсгал дансны алдагдал харьцангуй 2019 онд сайжирсан. Улмаар 2019 онд гадаад худалдааны тэнцэл харьцангуй ашигтай таатай гарсан.
Гэтэл 2020 онд бидний төсөөлж буйгаар, экспортын үнэ, эрэлт буурахтай зэрэгцэн худалдааны нөхцөл муудах суваг нөлөөлж, барааны гадаад худалдааны тэнцэл агшина. Экспорт, импорт аль, аль нь буурна. Өөрөөр хэлбэл, гадаад худалдааны нийт эргэлт дунджаар 12.6 хувиар буурна. Экспорт 13.2 хувиар буурна. Үүний 75 хувь нь нүүрсний экспортын нөлөөлнө.
Мөн гадаадын санхүүлжийн дутагдал Монголын эдийн засаг үүсэх нөхцөл бий болчихсон байна.
2019 онд инфляци алгуур өсч, дунджаар 7.3 хувьтай гарсан. Үүнд хүнсний үнэ 3.6 хувиар өсч, 10.7 хувьтай гарсан, тээврийн зардал нэмэгдсэн, нийлүүлэлтийн шок, төгрөгийн ханш суларсан зэрэг нөлөөлсөн. Гэхдээ Монголбанкны инфляцийн зорилтод 8 хувийн түвшин хадгалагдсан. Хэрвээ эдийн засаг 2020 онп 4-5 хувийн өсөлтөө хадгалаад явсан бол инфляцийн эрчимжилт үргэлжлэх байсан байх. Харин covid-19 -тэй холбоотой дүр зураг өөрчлөгдсөн тул нийт эрэлт хэрэглээ, хөрөнгө оруулалт хумигдаж, дундаж инфляци 0.7 хувиар буурна гэж төсөөлж байна.
2020 оны төсвийн орлого дутагдалд орчихсон, зарлага нь нэмэгдчихсэн, алдагдлыг санхүүжүүлэх шаардлага үүсч байгаа тул Монгол Улс эдийн засгийн хувьд маш их сорилттой нүүр тулгарч байна. Учир нь, төсвийн орлого үргэлжлэн тасрах эрсдэл байна. Иймээс төсвийн зардлыг ач холбогдолоор нь эрэмбэлж, шаардлагатай тохиргоог хийх, эдийн засгаа дэмжих багц арга хэмжээ авах, оновчтой бодлого хэрэгжүүлэх сорилттой тулгарч байна.