Монгол Улсын анхны цэцэрлэгт хүрээлэн бол Төв талбайн урд байрлах Хонхтой цэцэрлэг. Гэвч уг цэцэрлэгийг олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулахаар Хотын захирагч С.Амарсайхан шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн хүрээнд зураг төслийн уралдаан зарлаж, түрүүлсэн бүтээлээр нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулаад буй.
Хонхтой цэцэрлэгт хүрээлэн нь 1.6 га талбайг хамардаг. Тохижилтын хүрээнд 85 метрийн урттай 14 метрийн өргөнтэй хөгжмийн аялгуутай усан оргилуур, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар байгуулахаар 3.2 тэрбум төсөвлөсөн гэдгийг албаныхан танилцуулсан.
Энэ ажлаа эхлүүлэхийн тулд 2016-2017 онд тарьсан 586 ширхэг гацуур, 349 ширхэг нарс модыг шилжүүлэн суулгахаар болсон нь олон нийтийн дургүйцлыг хүргээд байгаа билээ.
Харин Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж тайлбар өгөхдөө “Цэцэрлэгт байгаа нарс, том модыг шилжүүлнэ. Нөгөө талаар талбайд байгаа түүхэн хөшөө дурсгал байрандаа байна. Гацуур нарс модыг шилжүүлэн суулгадаг тусгай технологийн хүрээнд стандартын дагуу шилжүүлэх болно. Ногоон байгууламж устаж алга болж байгаа зүйл байхгүй. Эндээс тодорхой тооны модыг Цэцэрлэгт хүрээлэн рүү шилжүүлнэ” гэж байсан юм.
Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнг анх хэрхэн байгуулсан түүхийн талаар Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр судлаач нийтлэхдээ “Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнг 1920-иод оны дунд үеэс анх байгуулах гэж оролдож байсан ч тэр үеийн нөхцөл боломжоос шалтгаалж олон удаа хойшлогдож байжээ. Нийслэл хотод 1940 онд мод тарих ажлыг эрхлэх тусгай комисс байгуулж, хотын албан байгууллагуудаас хөсөг, хүн хуваарилан Сонгинын булангаас 60 гаруй мод бургас авчирч суулгаснаар Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнг анх үүсгэн байгуулсан.
Дайны жилүүдэд Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажил удааширсан ч дайны дараагаас олон нийтийн субботникоор 1948 онд л гэхэд 4000 гаруй, 1949 онд залуусын хүчээр 2000 гаруй мод тарьжээ. Цэцэрлэгт хүрээлэнг тойруулан 1951-1952 онд тоосгон баганатай ширмэн хайс хашааг байгуулсан. Анх байгуулснаас өнөөг хүртэл мод, бут, сөөг тарьж ургуулж арчилж байгаа хотын төв дэх цөөн ногоон байгууламжийн нэг. Өдгөө анхны Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнгийн нэрийг “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн” гэж буруу нэрлэж байгаа нь саяхны түүхээ мартсаны илрэл юм. Нэмж хэлэхэд Зүүн цэцэрлэг байгаа газар бол Их хүрээ 1778 онд ирж суурьшиж тэмдэг тавьсан түүхэн газар. Энд байсан хэд хэдэн хүн чулуу байснаас эдүгээ цор ганц үлдсэн нь Улаанбаатар хотын музейд хадгалагдаж байна. Уг түүхэн газарт 1994 онд дурсгалын мэлхий суурьтай пайлуур хөшөө босгож хүндэтгэн дурссан” гэжээ.
Сонирхуулахад, Төв талбайн зүүн цэцэрлэгт 1948 онд уран барималч Н.Жамбаагийн урласан “Эмнэг сургагч” баримлыг байрлуулсан нь хот тохижилтод зориулсан орчин үеийн анхны баримал болжээ. Энэ бүтээлээр монгол хүн, морь хоёроор төлөөлүүлэн Монгол ахуйн нэг онцлогийг харуулахыг зорьсон бөгөөд нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар барималыг Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авчээ.
Нийслэлийн ногоон байгууламжийг тордоход 2017 онд 5.8 тэрбум, 2018, 2019 онд 7.5 тэрбум төгрөг төсөвлөсөн гэх мэдээлэл бий. Жил бүр төсвөөс их хэмжээний мөнгө зарцуулдаг ч үр дүн нь ямар байгааг бүгд харж байгаа. Гэтэл өнөөдөр дахин бүтээн байгуулалт нэрээр өмнөх хийсэн ажлуудаа үгүйсгэж байгаа нь харамсалтай.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ