Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошууны замд том оврын болон суудлын автомашинууд мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Осол өдрийн 12:00 цагийн орчимд гарсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Чимэдбатаас ослын талаар тодруулахад “Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын бүрэлдэхүүн болон яаралтай түргэн тусламж, онцгой байдлын алба хаагчид яг одоо ослын газарт ажиллаж байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Шалгалтын ажиллагааны дараа тодорхой болно. Ослын улмаас хүний амь нас эрсэдсэн гэх мэдээлэл одоогоор ирээгүй” гэлээ.
Ослын улмаас долоон машин мөргөлдөж, 14 хүн бэртсэнээс гурав нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Осолтой холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул Тээврийн цагдаагийн албанаас тухайн чиглэлд түр хугацаанд зорчихгүй байж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөлөө.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ