Covid-19: Үзэгчгүй, алга ташилтгүй онлайн тоглолтууд

Хуучирсан мэдээ: 2020.04.04-нд нийтлэгдсэн

Covid-19: Үзэгчгүй, алга ташилтгүй онлайн тоглолтууд

Covid-19: Үзэгчгүй, алга ташилтгүй онлайн тоглолтууд

“Covid-19” халдварын улмаас дэлхийн ихэнх улс орнууд хөл хорио тогтоох хатуу арга хэмжээ авч буй. Энэ хүрээнд боловсрол, соёл урлагийн салбарын үйл ажиллагааг хориглосон төдийгүй аливаа хэлэлцүүлэг, хурал, урлаг соёл, сургалтыг цахимаар зохион байгуулах болов. Монгол Улсын хувьд ч бас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, олон улсын жишгийг дагаж мөрдөж байна.

Хорио цээрийн дэглэм үргэлжилж буй энэ өдрүүдэд олон нийтийг хамарсан үзвэр үйлчилгээний байгууллагууд хаалттай ч цахим тоглолт, кино нээлтээ болж байгаа нь урлаг соёлын салбарт нэгэн "шинэ өнгө төрх" нэмжээ. Уншигч танд цахим орчинд зохион байгуулсан үзвэрүүдийг танилцуулъя.О

      “ХУРД” ХАМТЛАГИЙНХАН НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ЦАХИУР ХАГАЛАВ

“Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр (2020.03.08)-өөр "Буцааж нэхэхгүй хайр" хандивын онлайн тоглолтоо зохион байгуулсан билээ. Тус хамтлагийнхан тоглолтоос цугласан 246 сая төгрөгөө Улсын онцгой комисст хүлээлгэн өгсөн юм.

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдад сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор зохион байгуулагдсан цахим тоглолт “Монгол” телевиз болон Онцгой байдлын ерөнхий газар,  "Хурд", "Монгол ТВ" пейж хуудсаар шууд үзэгчдэд хүрсэн билээ. Монголын рок, попын ууган хамтлагуудын төлөөлөл болох "Хурд” хамтлагийнхан ийнхүү онлайн тоглолтын хөшгийг нээсэн юм.

ИНЭЭДЭЭР ДАРХЛААГАА ДЭМЖСЭНГҮЙ

Хошин урлагийн продакшнууд нэгдэж энэ сарын 1-нд буюу инээдмийн баяраар цахимаар тоглолтоо хийсэн. Үнэ төлбөргүйгээр үзэгчдэд хүрсэн уг тоглолтоороо иргэдийн элгийг “эмчилж”, дархлааг дэмжих зорилготой хэмээж байв.

"Инээдээр дархлаагаа дэмжье" live тоглолт нийт 1.2 сая үзэгчдэд хүрсэн гэх мэдээлэл бий. Гэсэн ч олон нийтийн зүгээс хошин урлагийнхан хошин байсангүй хэмээн шүүмжлэлтэй хандаж байна.

ИКИТОН" ҮЗЭГЧДИЙН ХАЛУУН АЛГА ТАШИЛТААР ДУТАВ

Хөл хорио тогтоож, урлаг соёл, олон нийтийн арга хэмжээг хориглосон ч уран бүтээлчид лайваар үзэгчидтэйгээ мэндчилсээр байна. Үе үеийн хүүхэд залуусын хайртай хамтлагийн нэг болох “Никитон”-ы “Монголдоо хайртай” тоглолт өчигдөр /2020.04.04/  Боловсрол суваг телевиз, "Ard News", "Монголдоо хайртай" фэйсбүүк хуудсаар шууд үзэгчдэд хүрсэн.

Энэхүү лайв тоглолтод тоглолтод МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ж.Алтанцэцэг нар урилгаар оролцож, ая дуугаа өргөсөн билээ. Тоглолтын үеэр “Никитон” хамтлагийнхан анх удаа үзэгчгүй, алга ташилтгүй тоглолт маш сонин мэдрэмж төрүүлж буйг илэрхийлсэн билээ.

          “37-Р ТОЧКА” КИНОНЫ ОНЛАЙН НЭЭЛТ ДАВАА ГАРИГТ

"Фантастик продакшн"-ы уран бүтээл “37-р точка” олон ангит уран сайхны киноны нэг, хоёрдугаар бүлэг буюу нийт 20 анги үзэгчдийн хүртээл болоод байгаа билээ. Уран бүтээлчдийн зүгээс тус киноны төгсгөлийн бүрэн хэмжээний нэг ангийг дөрөвдүгээр сарын 6, 7, 8-ны өдөр нээх болсныг дуулгалаа. Нээлтийг онлайн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хамгийн түрүүнд үзэхийг хүссэн үзэгчдэдээ тусгайлан зориулж, урьдчилсан байдлаар онлайн тасалбар худалдаалах юм.

Үзэгчид www.37tochka.mn веб хуудсаар тасалбараа захиалаад, захиалгын кодоо SkyGO бүртгэлээрээ нэвтрэн орж баталгаажуулснаар дэлхийн хаанаас ч үзэх боломжтой болжээ. Бусад улс орнуудаас онлайн тасалбар захиалах бол www.shoppy.mn веб хуудсанд хандан кино үзэх дижитал кодоо худалдан авах юм байна.

Дашрамд дурдахад, тус киног хараахан үзэж амжаагүй байгаа бол СКАЙмедиа IPTV болон SkyGO видео санд нэгдүгээр бүлгийн 10 анги үнэгүй болсон байна. Тус кинонд 1970, 1980-аад оны залуучуудын амьдралыг түүхэн үйл явдалд тулгуурлан уран сайхны аргаар харуулснаараа өвөрмөц болохыг уран бүтээлчид онцолсон. Хэрэв халдварт өвчин дэгдээгүй, хорио цээрийн дэглэм тогтоогоогүй бол уран бүтээлчид киноныхоо сүүлийн ангийн нээлтээ сүр дуулиантайгаар кинотеатруудаар гаргах байжээ.

Ямартай ч коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаар урлаг соёлын салбарт ч бас онлайн тоглолт, цахим кино нээлт хэмээх нэгэн шинэ өнгө нэмж, илүү олон үзэгчид хүрээд байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж