“Антарктидад жилд 20 мянган жуулчин авдаг” | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Антарктидад жилд 20 мянган жуулчин авдаг”

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

“Антарктидад жилд 20 мянган жуулчин авдаг”

Монгол Улс Антарктидад өөрийн гэсэн бааз байгуулан, судалгааны ажил эхлүүлэх гэж байна. Энэ талаар Монгол Улсаа төлөөлөн таван удаа Антарктид судалгааны ажилд оролцсон Антарктид судлаач, Болгар улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Л.Дүгэржавтай ярилцлаа.

-Монгол Улс Антарктидад өөрийн гэсэн баазтай болох гэж байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Монголчууд 2015 оны зургадугаар сард Антарктидын  олон улсын гэрээнд нэгдэж орсон байдаг. Үүнээс өмнө Монгол Улсын судлаачид хуучнаар ЗХУ болон бусад улсын бүрэлдэхүүнд ордог, бие даасан судалгаа хийх эрхгүй байсан. Тэгвэл Монгол Улс Антарктидын олон улсын гэрээнд нэгдэж орсноор өөрийн гэсэн судалгааны баазтай, сэдэвтэй, тодорхой ажил хийх боломжтой болно гэсэн үг. Мөн Антарктидад монголчууд олноороо очих боломж нээгдэнэ. Үүнээс өмнө Антарктидад аялах квот Монголд жилдээ 1-2 л олддог байсан. Тэгвэл энэ квот улам нэмэгдэх юм. Ингэхийн тулд нэн тэргүүнд монголчууд өөрийн гэсэн баазаа Антарктидад барих шаардлагатай юм.

-Төсөв хөрөнгийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Антарктид судлалын Монголын баазын төсвийг 250 мянга орчим ам.доллар гэж тооцсон. Гэхдээ энэ хэмжээний мөнгө олох боломжгүй. Одоогоор 90 сая төгрөгт багтааж Испанийн баазын хуучин контейнерүүдийг худалдаж авч, тээвэрлэх ажил хийж байна.  25 м2 талбай, таван хүн амьдрах орон зайг Антарктидад бий болгох зорилго тавиад ажиллаж байна. Ийм байдлаар Монгол Улсын Антарктид дахь бааз босно. Мэдээж энэ ажилд олон жил шаардлагатай.

-Судалгааны ажил хийх баазыг барьж байна. Ер нь Антарктидад судалгаа хийнэ гэхээр яг юуг судлах юм бэ?

-Антарктид судлал гэдэг бол хүний амьдрах орчны судалгаа юм. Хүн юу иддэг, уудаг, өмсдөг, тэнд амьд үлдэхийн тулд юу хийдэг вэ гэдгийг судалдаг. Өнөөдрийн бидний хийж буй ажил бол глобал цаг уурын, газрын гүний температурын, газарзүйн болон геологи, усны судалгааны өөрчлөлтийг судлахад оршиж байна.

-Ер нь нэг талаас монголчууд хаа байсан Антарктидыг судлахын тулд ингэж мөнгө хөрөнгө, цаг хугацаа зарцуулах шаардлага юу байна вэ?

-Бид ганцхан дэлхийтэй. Дэлхийн нэг хэсэг нь бид. Монгол Улсын хувьд л гэхэд цөлжилт, цаг уурын өөрчлөлтийг хэмжиж болдог. Түүнтэй адилхан хэмжилт хийж, судалж болдог зүйл бол өмнөд болон хойд туйл. Тиймээс л олон улсын эрдэмтэд энд судалгаа хийгээд байгаа юм.

Дээрээс нь цэвэр усны нөөцийн 80 хувь энд мөс хэлбэрээр байдаг. Өнөөдөр цаг дулаарч, дулаарал явагдаж байна. Тэгвэл энэ цаг уурыг хөргөдөг, хамгийн том хөргөгч нь Антарктид. Энэ ч утгаараа олон улсын хийж буй судалгааны ажилд монголчууд ч оролцох ёстой.

-Одоогоор Монголоос Антарктид тивд хэчнээн хүн очиж судалгаа хийсэн бэ?

-1972 онд н.Цэрэндэлэг гуай анх ЗХУ-ын Антарктид судлалын багт орж явсан байдаг. Мөн 1982 онд н.Чулуунбат, 2007 онд н.Батболд нар явсан. 2008-2013 он хүртэл миний бие таван удаа явсан. Энэ үеэр Шар айраг хамтлагийн Г.Ганхүү аялагч, жуулчны журмаар очиж байсан. Үүнээс хойш н.Ганбаатар, н.Пүрэвдагва нар явсан. Антарктид судалгааны багийн найм дахь хүнээр энэ удаад н.Батмөнх доктор явах гэж байна.

-Антарктидад баазтай хэчнээн улс байдаг вэ?

-Антрактидын гэрээнд нэгдсэн 54 улс бий. Хамгийн сүүлд Казахстан нэгдэж орсон. Эдгээр улсаас 29 бааз Антарктидад байдаг. Яг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 19-20 орчим л болов уу. ОХУ гурван том баазтай, АНУ, Чили, Аргентин, Бразил, Европын холбоо, Япон гэх мэт тогтмол үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй бааз бий.

-Эдгээр баазад жилд хэчнээн хүнийг хүлээж авдаг вэ. Өөрөөр хэлбэл Антарктидад жилд хэчнээн жуулчинг хүлээж авах ёстой гэсэн квот бий юу?

-Антарктид бол ертөнцийн хязгаар гэдэг утгаараа тэнд очих, аялах сонирхолтой хүн багагүй бий. Зөвхөн Япон улсаас л гэхэд Антарктидад аялах хүсэлтэй 600 мянган хүн бүртгүүлсэн тооцоо байдаг. Гэхдээ Антарктидад жилдээ 20 мянга орчим жуулчин онгоцоор эрэгт нь хүрдэг. Өөрөөр хэлбэл, хүссэн хүн бүр тэнд очоод байж чадахгүй. Жилдээ 20 мянган жуулчин л хүлээж авдаг.

Ер нь дунджаар -54 хэм, зундаа -34 хэм, өвөлдөө -74, мөнхийн салхитай, ямар ч амьдрал байхгүй. Ямар нэг микроб хүртэл байхгүй. Эрэг хавиар нь ганцхан пингвин л байдаг газар шүү дээ. Ийм газар очиж үзэхээр бүртгүүлнэ гэдэг хүмүүсийн сониуч зангийн илрэлтэй холбоотой. Тэр хэрээр жил ирэх бүр Антарктидыг судлах, жуулчлах хүсэлтэй олон зуун мянган хүн бүртгүүлсээр байна.

БЭЛТГЭСЭН: БЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!