"Монгол Улсын санхүүгийн зах зээл дээр төгрөгийн илүүдэл байна"

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

"Монгол Улсын санхүүгийн зах зээл дээр төгрөгийн илүүдэл байна"

Азийн хөгжлийн банкнаас жил бүр гаргадаг "Азийн хөгжлийн төлөв" тайлангийн 2020 оны эдийн засгийн шинжилгээ, төсөөллийг өнөөдөр /2020.04.03/ танилцууллаа.


Монгол Улс дахь Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч  Павит Рамачандран: Бүс нутгийн хувьд эдийн засгийн өсөлт 2019 онд санаанд хүрсэн түвшинд байгаагүй. Харин 2020 онд эдийн засаг 2.2 хувь хүртэл унаж, 2021 онд сэргэж, 6.2 хувьд хүрэх төлөвтэй байна.

Аж үйлдвэржсэн, өндөр орлоготой улсуудыг хасч тооцвол аж үйлдвэрлэл 2020 онд 5.4 хувь болж буурах бол 2021 онд эргээд 6 хувьдаа хүрч сэргэнэ. Зүүн Азийн улс орнуудын эдийн засаг мөн адил 2020 онд буурч, 2021 онд эдийн засаг нь сэргэнэ.

БНХАУ-ын хувьд эдийн засаг нь эрс буурч байна. Энэхүү бууралтад коронавирусээс гадна худалдааны маргаан нөлөөлсөн гэж хэлж болно. БНХАУ-ын ДНБ 2018 онд 6.7 хувь байсан бол 2019 онд 6.1 хувьд хүрсэн. 2020 оны эхний хоёр сарын байдлаар аж үйлдвэрлэл, хэрэглээ, хөрөнгө оруулалт хоёр оронтой агшилт үүссэн байна. Үүнээс үүдэлтэйгээр 2020 онд эдийн засаг 2.3 хувь хүрч буурах бол 2021 онд 7.3 хувьд хүрч сэргэнэ. Инфляцийн хувьд 2020 онд 3.2 хувь хүртэл нэмэгдэж өсөх бол хоёрдугаар хагаст үнийн өсөлт удааширна. Коронавирусийн тархалттай холбоотой эрсдэл их байна. Хэр удаан үргэлжлэх талаар хэн ч хэлэх боломжгүй байна. Илүү урт хугацаанд хөл хорио тогтоох шаардлага үүсч магадгүй. Энэ тохиолдолд нөхцөл байдал улам хүндэрнэ.

Түүхий эдийн бүтээгдэхүүний үнийн уналт болон аялал жуулчлалын салбарын уналт нь энэ чиглэлээр төсвийн орлогоо бүрдүүлдэг улс орнуудад томоохон сорилт болох хандлагатай байна. Эдийн засгийн өсөлт бий болгоход нэлээд бэрхшээл байна. Иймээс хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй инновацийг хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг зөвлөж байна. Гэхдээ олон улсад инновацийн хөгжүүлэлтэд мэдлэг дутмаг байна.

Энэ жилийн тайландаа бид инновацид хөтлөх хүчин зүйлийг онцоллоо. Үүнийг улсууд бодлогодоо тусгах хэрэгтэй. Тухайлбал,

  1. Оновчтой боловсролын систем
  2. Инновацид суурилсан бизнес эрхлэлт
  3. Бизнесийн тогтвортой орчин
  4. Хөрөнгийн зах зээлийг оновчтой хөгжүүлэх
  5. Тэргүүлэх их дээд сургуулиудыг аж ахуй нэгжүүдтэй холбох динамик хотыг хөгжүүлэх хэрэгтэй

Азийн улс орнуудын хувьд инновациар тэргүүлэхийн тулд үндсэн хөрсөө маш сайн тордох хэрэгтэй. Ази дахь нийт 10 настай хүүхдүүдийн гуравны нэг нь уншиж бичиж чадахгүй байна. Боловсролын систем Ази тивийн улсууд дэлхий нийтээс хоцорч байна. Азийг илүү инновацлаг болгох зорилт тавин ажиллаж байна.

Энэ сэдэв Монгол Улсад нэлээд хамааралтай гэж ойлгох хэрэгтэй. Covid-19 –тэй холбоотой Монгол Улс энэ чиглэлд нэлээн хэдэн шийдэл гарган, ажиллаж байгаа гэж ойлгож байна. Гэхдээ бидний гаргаж буй чиглэлийг бодлогодоо тусгаж, илүү баримжаатай ажиллах шаардлагатай.

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ COVID-19 ВИРУСЭЭС ӨМНӨ СААРААД ЭХЭЛЧИХСЭН БАЙСАН

Монгол Улс дахь Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.Болд: Азийн хөгжлийн банкны гаргасан тайланд Монгол Улсын бүлэгт онцолсон бодлогын сорилт зөвхөн Covid-19-тэй холбоотой биш. Үүнээс гадна  дунд хугацаанд макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд зайлшгүй анхаарах зүйлсийг дурдсан болно.

Монгол Улсын эдийн засаг коронавирус цар тахал дэгдэхээс өмнө саараад эхэлчихсэн байсан. Тодруулбал, 2017 оноос эхэлсэн эдийн засгийн өсөлт 2018 онд оргилдоо хүрч, 2019 онд д 7.1 хувиаас 5.1 хувь болж саарсан. 2019 оны гуравдугаар улирлаас эхлэн эдийн засгийн үзүүлэлт мэдэгдхүйц саарч эхэлсэн. Үүнд уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө огцом багассантай холбоотой. Өөрөөр хэлбэл, уур уурхайн нөлөө 1.8 нэгж хувиар буурч, үндсэндээ 2019 оны 5.1 хувьд үзүүлэх нөлөө 0 хувь болсон.

Уул уурхайтай холбоотой бусад секторууд, ялангуяа боловсруулах үйлдвэр гэх мэт салбарууд эдийн засагт үзүүлэх хувь нэмэр багассан. Үүнтэй холбоотойгоор үйлчилгээ бусад салбарын хувь нэмэр буурсан ч Хөдөө аж ахуйн салбарын хувь нэмэр 0.3 нэгж хувиар өссөн зүй тогтол харагдсан.

2019 оныг дүгнэвэл эхний хагас жилд тогтвортой, дундаж түвшний өсөлтийг хадгалсан хэдий  ч сүүлийн хагас жилд эдийн засгийн өсөлт эрс саарах чиглэлд орсон. Ялангуяа дөрөвдүгээр улиралд эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарсан байдаг. Энэ бүх зүйл covid-19 өмнө ажиглагдсан.

Харин 2020 онд хөдөө аж ахуйн салбар нийлүүлэлт талаасаа харьцангуй тогтвортой байна. Мөн үйлчилгээ, бусад салбар, боловсруулах үйлдвэр, тээврийн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө буурах дүр зураг үргэлжилнэ. Уул уурхайн салбар 2020 онд -2.6 хувиар агших болов уу гэсэн төсөөллийг хийлээ.

Нөгөө талаас, нийлүүлэлт талаас хувийн хэрэглээ, Засгийн газрын хэрэглээ, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн шугамаар хэрэгждэг Засгийн газрын төрөл бүрийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийн эдийн засагт үзүүлэх нөлөө саарна гэж таамаглаж байна.  Covid-19 вирусээс өмнө саарч байсан эдийн засаг 2020 онд нэлээн огцом унах эрсдэлтэй бодит боллоо. Тиймээс энэ уналтыг хэрхэн зөөлрүүлэх бэ гэдэг нь богино хугацааны бодлогын маш чухал сорилт болж байна.

2020 ОНД ХУДАЛДААНЫ НӨХЦӨЛ ЭРС МУУДНА

Гадаад худалдааны нөхцөл болон төлбөрийн баланс, тэнцэлийн хувьд 2009, 2010 онд огцом муудаж байсан. Гэхдээ сүүлийн гурван жилийн гадаад худалдааны нөхцөл сайжирсан нь эргээд 2019 оны гуравдугаар улиралаас худалдааны нөхцөл муудаж эхэлсэн. Үүнд, экспорт маш их нөлөөлсөн. Хэдийгээр худалдааны нөхцөл муудсан ч урсгал дансны алдагдал харьцангуй 2019 онд сайжирсан. Улмаар 2019 онд гадаад худалдааны тэнцэл харьцангуй ашигтай таатай гарсан.

Гэтэл 2020 онд бидний төсөөлж буйгаар, экспортын үнэ, эрэлт буурахтай зэрэгцэн худалдааны нөхцөл муудах суваг нөлөөлж, барааны гадаад худалдааны тэнцэл агшина. Экспорт, импорт аль, аль нь буурна. Өөрөөр хэлбэл, гадаад худалдааны нийт эргэлт дунджаар 12.6 хувиар буурна. Экспорт 13.2 хувиар буурна. Үүний 75 хувь нь нүүрсний экспортын нөлөөлнө.

Мөн гадаадын санхүүлжийн дутагдал Монголын эдийн засаг үүсэх нөхцөл бий болчихсон байна.

2019 онд инфляци алгуур өсч, дунджаар 7.3 хувьтай гарсан. Үүнд хүнсний үнэ 3.6 хувиар өсч, 10.7 хувьтай гарсан, тээврийн зардал нэмэгдсэн, нийлүүлэлтийн шок, төгрөгийн ханш суларсан зэрэг нөлөөлсөн. Гэхдээ Монголбанкны инфляцийн зорилтод 8 хувийн түвшин хадгалагдсан. Хэрвээ эдийн засаг 2020 онп 4-5 хувийн өсөлтөө хадгалаад явсан бол инфляцийн эрчимжилт үргэлжлэх байсан байх. Харин covid-19 -тэй холбоотой дүр зураг өөрчлөгдсөн тул нийт эрэлт хэрэглээ, хөрөнгө оруулалт хумигдаж, дундаж инфляци 0.7 хувиар буурна гэж төсөөлж байна.

МАШ ИХ БОГИНО ХУГАЦААНЫ ТӨГРӨГИЙН ИЛҮҮДЭЛ МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР БАЙНА

Монголбанкны хувьд 2019 онд интервенцийг идэвхтэй хийсэн. Гэтэл төгрөгийн ханш 3.4 хувиар суларсан. Үүний цаана, Монголбанкны зах зээлд нийлүүлсэн долларын хэмжээ асар их буюу 2.8 тэрбум ам.доллар байсан. Энэ нь 2018 онтой харьцуулахад хоёр дахин их үзүүлэлт. Гадаад худалдааны нөхцөл 2019 онд муудсан хэдий ч төлбөрийн нийт тэнцэл 2019 оны төгсгөлд ашигтай гарч, мөн зах зээлд асар их валютын нийлүүлэлт хийж байхад төгрөгийн ханш суларч байгаа нь мөнгө, валютын зах зээл дээр бий болж байгаа бас нэг хүчин зүйлийг зайлшгүй харгалзах хэрэгтэй.

Энэ нь маш их богино хугацааны төгрөгийн илүүдэл Монгол Улсын санхүүгийн зах зээл дээр байна. Богино хугацааны төгрөгийн илүүдэл нь зөвхөн Төв банкны үнэт цаас гэдэг байнгын хэрэгсэл дээр байршиж байгаа. Одоогоор нийт мөнгөний нийлүүлэлтийн 21.2 хувьтай тэнцэх илүүдэл төгрөг байна. Энэ бол эдийн засгийн хүлээлт муудах тусам ийм богино хугацаатай төгрөгийн үнэ цэнийг хадгалах зорилгоор валютын зах зээл дээр дарамт үүсгэж байдаг гэдгийн анхааруулж байна.

Иймээс энэ их богино хугацаатай илүүдэлтэй байгаа төгрөгийг хэрхэн яаж оновчтой эдийн засагтаа шингээх, үүнийг яаж өсгөхгүй байх бодлогын зохицуулалт хийх вэ гэдгийг сорилт болгож үзлээ.

Монгол Улсын эдийн засаг 2020 онд  5.1 хувиас 2.1 хувь болж саарна. Хэрвээ коронавирусийн нөхцөл байдал эхний хагас жилдээ тогтворжихгүй бол 2020 онд Монголын эдийн засагт өсөлт ажиглагдахгүй ийм эрс сөрөг төсөөллийг хийсэн.

2021 онд бүс нутгийн эдийн засаг сэргэх төлөв ажиглагдаж байгаа тул үүнийгээ дагаад Монгол Улсын эдийн засаг сэргэх боломжтой. Гэхдээ зөв оновчтой бодлого хэрэгжүүлэхгүй бол Covid-19 дараах эдийн засгийн өсөлтийг хангах ямар ч боломжгүй.

2020 оны төсвийн орлого дутагдалд орчихсон, зарлага нь нэмэгдчихсэн, алдагдлыг санхүүжүүлэх шаардлага үүсч байгаа тул Монгол Улс эдийн засгийн хувьд маш их сорилттой нүүр тулгарч байна. Учир нь, төсвийн орлого үргэлжлэн тасрах эрсдэл байна. Иймээс төсвийн зардлыг ач холбогдолоор нь эрэмбэлж, шаардлагатай тохиргоог хийх, эдийн засгаа дэмжих багц арга хэмжээ авах, оновчтой бодлого хэрэгжүүлэх сорилттой тулгарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж