Монгол махаар дэлхийг дайлъя

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

Монгол махаар дэлхийг дайлъя

Монголын анхны мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрийн 70 жилийн ой ирэх онд тохиох гэж байна. Нийслэлчүүдийн мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээг хангах зорилгоор “Боловсон мах комбинат” нэртэйгээр 1946 онд үүдээ нээж байсан тус үйлдвэр өнөөдөр 90 орчим төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм.

Үндэсний ууган үйлдвэр нь байгуулагдсанаасаа хойш 20 жилийн дараа хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор тухайн үеийн Бүгд найрамдах Герман ард улсын тусламжтайгаар өргөтгөл хийжээ. Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор хоногт 8000 бог, 800 бод, 300 гахайны 340 тонн тураг мах, дайвар бүтээгдэхүүн 16 мянган тонн мах махан бүтээгдэхүүн хадгалах хүчин чадалтай болсон байна. Хожим нь нэрээ сольж “Мах Импэкс” гэгдэх болсон үндэсний ууган үйлдвэр нь экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох монгол малын махыг дэлхийн брэнд болгохын тулд ашиг шим давуу талыг танилцуулах өдөрлөг зохион байгууллаа. Уг өдөрлөгт УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа, МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав, БНХАУ-ын ӨМӨЗО-ны махны холбооны дарга Түмэн тэргүүтэй албаныхан болон хамтран ажилладаг байгууллагууд оролцсон юм. Монгол мал нь бэлчээрийн маллагаатай, олон төрлийн эмийн ургамлаас өөрөө шилж сонгож иддэг, байгалийн хүнд ширүүн нөхцөлд амьдрах чадвар, төлөрхөг чанар зэргээрээ дэлхийд өндөрт үнэлэгддэг аж. Монгол малын махаар хийсэн бүтээгдэхүүнийг танилцуулах нь “Made in Mongolia” гэсэн хүнсний брэндийг дэлхийд таниулахад чухал ач холбогдолтой гэдгийг МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав онцолсон юм. БНХАУ болон Монгол Улсын хооронд байгуулсан протколын дагуу дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүнийг дэлгэрэнгүй танилцуулж, экспортод хэрхэн гаргах талаар харьяа яам, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллах чиглэлээр санал солилцов. 200 гаруй албан хаагчийг эгнээндээ нэгтгэсэн “Мах Импэкс” хувьцаат компанийн хувьд одоогоор найман төрлийн чанамал хиам, 10 төрлийн утлагат хиам, 11 төрлийн зайдас, есөн төрлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн, найман төрлийн утлагат махан бүтээгдэхүүн, гурван төрлийн дотор махан бүтээгдэхүүн, 12 төрлийн ангилсан мах, 13 төрлийн нүүдэл брэндийн бүтээгдэхүүн тэргүүтэй олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд нийлүүлж байгаа юм байна. Энэ үеэр өдөрлөгт ирсэн хүндэт зочдын сэтгэгдлийг сонслоо.

“Мах Импэкс” хувьцаат компанийн Хиам Консервийн үйлдвэрийн захирал Б.Бадмаа: Манай бүтээгдэхүүн Монголдоо хэдийнэ танигдсан

-Монголд үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүнийг гаднын улс орнуудад импортлох боломж бүрэн байна. Ингэхийн тулд яах ёстой вэ гэдэг дээр туршлага солилцох гэж бид энэ өдөрлөгийн зохион байгуулж байгаа юм. Монгол махан бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарахын тулд бидэнд маш үнэтэй зөвлөгөө хэрэгтэй. Энд салбартаа манлайлагчид, ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөллүүд ирсэн. Ер нь бол манай байгууллагын бүтээгдэхүүн хэдийнэ дотооддоо танигдсан. Одоо дэлхийн зах зээлд таниулах хэрэгтэй байна. Эцэст нь хэлэхэд, биднийг сүүлийн үед идэвхтэй дэмжин ажиллаж байгаа төрийн байгууллагууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Та бүхэн биднийг дэмжээрэй. Бид зүтгэе. Тэгээд бүгдээрээ нийлж монгол махаар дэлхийг дайлъя.

МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав: Үндэсний үйлдвэрлэгчдээ бид сайн дэмжих хэрэгтэй

-Үндэсний үйлдвэрлэгчдийн маань бүтээгдэхүүн жилээс жилд чанаржиж байна. Тэр хэрээр олон улсын зах зээлд гарах боломжтой болж байгаа нь сайн хэрэг. Өнөөдөр өдөрлөг зохион байгуулж буй “Мах Импэкс”-ийг монголчууд сайн мэднэ шүү дээ. Ямар ч байсан салбартаа манлайлагч, номер нэг гэдгийг ам бардам хэлэх байна. Харин дэлхийн зах зээлд гаргахад нь төр засгаас бүхий л талаар дэмжих хэрэгтэй. Ингэж чадвал монгол мах, махан бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарахад ойрхон байна.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа: Манай гэр бүл байнгын хэрэглэгч шүү дээ

-Монголын ууган үйлдвэрийн бүтээгдэхүүнээ танилцуулах өдөрлөгт оролцож байгаадаа баяртай байна. Би болон манай гэр бүлийнхэн “Мах Импэкс”-ийн үнэнч хэрэглэгч. Энэ компанитай маш ойрхон байдаг гэхэд болно. Тэр ч утгаараа миний бие өдөрлөгт оролцож байгаа юм. “Мах Импэкс”-ээс үйлдвэрлэдэг бараг бүх бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн. Хамгийн их таалагдсан нь “Нүүдэл” брэнд. Ер нь “Мах Импэкс”-ийн хиам, махан бүтээгдэхүүнд маш амттай шүү.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж