“Хөл хориог сунгавал тусгай горимын дагуу давтлага өгнө”

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

“Хөл хориог сунгавал тусгай горимын дагуу давтлага өгнө”

“Хөл хориог сунгавал тусгай горимын дагуу давтлага өгнө”

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2020.04.03/ "COVID-19 халдварын үеийн нөхцөл байдал, Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл хийлээ.


Дэлхий нийтэд СOVID-19 халдварын улмаас 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар дэлхийн 188 орны хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгээ бүрэн хаажээ. Ингэснээр нийт суралцагчдын 89.5 хувь буюу 1.5 тэрбум суралцагч танхимд хичээллэх боломжгүй болж, хичээл сургалтын үйл ажиллагаанд цахим хэлбэрт шилжээд байна.

Мөн хэсэгчлэн хаасан улс орнуудад 173 сая суралцагч хорионд байгааг ЮНЕСКО мэдээлж байна. Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд өнөөдрийн байдлаар 65 хоног болж байна. Танхимын хичээл, сургалт нэгдүгээр сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 10-11 долоо хоног тасалдаад байгааг салбарын сайд яриандаа онцоллоо.

"ИРЭХ ДОЛОО ХОНОГООС ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД ГАРЫН АВЛАГА, DVD ТАРААНА"

Энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг  “Бид дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 1026 цагийн теле хичээлийг бэлтгэн хүргэнэ. Ингэснээр нийт 52210 минутын 3020 цагийн теле хичээл ямар нэгэн агуулга тасралгүй сурагчдад хүрнэ. Зайны сургалттай холбоотой давуу болоод сул тал байгаа. Олон нийтийн зүгээс сайшаалтай хандаж байгаа зүйл ч бий. Одоо Элсэлтийн ерөнхий шалгалт болох гэж байна. Бид төгсөх ангийн хүүхдүүдэд зориулсан тараах материалуудыг бэлдэж байгаа. Цаашдаа ч төгсөх ангийн хүүхдүүдэд зориулсан тусгай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтын тов гарсан. Одоогоор хугацааг нь хойшлуулахгүй гэж бодож байгаа.

Дөрөвдүгээр сарын 30-нд хорио цээрийн дэглэм цуцлагдах эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Хэрвээ хөл хориог дахин сунгавал бид Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг танхимаар өгөх боломжит хувилбарыг судалж байна. Нэг танхимд олноор хүүхэд цуглуулахгүйгээр ямар хэлбэрээр 10 хичээлийн шалгалтад бэлтгэх вэ, өдөрт хэдэн цагаар давтлага өгөх вэ гэдгийг сургууль сургуулийн төгсөгчдийн тоонд уялдуулж зохион байгуулахаар ажиллаж байна. Улсын хэмжээнд төгсөх ангийн хүүхдүүдэд зориулсан тараах материалыг бэлдээд байна. Энэ DVD-нд арванхоёрдугаар ангийн бүх теле хичээл, ЭЕШ-д зориулсан хичээл, журам, зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгаврууд бүгд багтсан. Бас төгсөх ангийн сурагчдын тоогоор Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан гарын авлагыг гаргасан. Ирэх долоо хоногоос улсын хэмжээний бүх сургуулиудаар дамжуулан гарын авлага, DVD тарааж эхэлнэ” гэсэн юм.

"НЭГ АНГИД 15-ААС ДЭЭШ  БҮЛЭГ ДҮҮРГЭЛТ ХИЙХГҮЙ"

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “Улсын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд 820 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний 590 сургууль нь арванхоёрдугаар ангийн 1146 бүлэгт 28.567 хүүхэд суралцаж байна. Нийт суралцагчдын 41.7 хувь буюу 11.908 нь нийслэлд суралцаж байна. Нийт ерөнхий боловсролын сургуулийн 53 хувь /431/ нь нийслэл болон аймгийн төвд, 42 хувь /343/ нь сумын төв, таван хувь нь /46/ багийн төвд байршиж байна.

Хэрэв дөрөвдүгээр сарын 30-наас хойш хөл хорио дахин сунгагдвал төгсөх ангийн хүүхдүүдийг тусгайлан хичээллүүлэх ямар боломж байна вэ гэдгийг судалж байна. Сумын төвд байгаа хүүхдүүд интернэтээр мэдээлэл авах боломж ямар байна вэ гэдэгт тулгуурлаж, гарын авлага, DVD бэлтгэн гаргаж, хүүхэд бүрийн тоогоор тараана. Монгол Улсын хэмжээнд 100-гаас дээш төгсөх ангийн сурагчтай 66 сургууль  байгаагийн 41 нь Улаанбаатарт, 25 нь аймгийн төвүүдэд байна. Бидний боловсруулж байгаа төслөөр нэг сургууль дээр 100-гаас дээш хүүхдийн бөөгнөрөл үүсгэхгүй, нэг ангид 15-аас дээш  бүлэг дүүргэлт хийхгүй, хүүхдүүдийн хоорондын зай, нэг багшийн хичээллэх давтамж ямар байх вэ гэдэг дээр нарийвчлан ажиллаж байна.

Төгсөх ангийн сурагчдадаа зориулж ахлах ангийн сургалтын хөтөлбөр агуулгын дагуу бэлтгэсэн Теле хичээл, Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан Теле хичээл, LIVE хичээл, видео зөвлөмж зааврууд, “Цахим зөвлөх” портал сайт, суралцагч нэг бүрт хүрэх гарын авлага (ном&DVD)-ыг бэлтгэн хүргэж байна. Тун удахгүй “Элсэгч” сонины 4 удаагийн дугаар бэлтгэж хүргэнэ. DVD-нд

  • 12 дугаар ангийн Теле хичээлүүд
  • Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан Теле хичээлүүд
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын журам
  • Зөвлөгөө, мэдээлэл
  • Жишиг даалгавруудыг багтаасан

“ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл явагдана”

Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ “Одоогоор Элсэлтийн ерөнхий шалгалтад 16.911 шалгуулагч бүртгүүлээд байна. Үүнээс өмнөх оны 1803 шалгуулагч байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй гурван шалгуулагч бүртгүүлсэн. Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулахгүйгээр долдугаар сарын 2- 5-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэлийг дөрөвдүгээр сарын 15-ны 18.00 цагт дуусгана. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жилийн бүртгэлийн явц тааруу байгаа. Энэ нь танхимын сургалт яваагүйтэй холбоотой байх талтай. Шалгуулагчдын дунд Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацаа хойшилсон юм чинь бүртгэл нь бас хойшилно гэж бодож байж магадгүй. Бүртгэлийг энэ сарын 15-нд хаана. Яагаад бүртгэлийн  хугацааг сунгахгүй вэ гэхээр Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагч бүртээ тулж ажиллана. Хөл хориог сунгавал шалгуулагчдад хэрхэн мэдээлэл хүргэх вэ гэдэг дээр анхаарч ажиллана. Жишээлбэл, Монгол Улсын хил дээр 2400 орчим сурагч байгаагаас төгсөх ангийн 74 сурагч байна. Эдгээр сурагчдад Хил хамгаалах ерөнхий газрын холбооны ангитай хамтран мэдээллийг хүргэхээр ажиллаж байна. Төмөр замын өртөө, уул уурхай дээр сурагчид байна. Ер нь баг болон сумын төвөөс аймгийн төв дээр ирж, шалгалт өгөх 8000 орчим шалгуулагч байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврыг тавдугаар сарын эхний долоо хоногт зарлана.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж