Нэмэлт:
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 266 зорчигчдоос 60 орчмыг нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргэсэн байна. Эдгээр 60 орчим иргэний олонх нь оюутнууд юм. АНУ-д суралцаж байсан оюутнууд, Европын орноос ирсэн иргэд тул Covid-19 -ын тархалт өндөр орноос ирсэн гэж үзэн, тус төвд тусгаарлажээ. Эдгээр иргэдээс эхний ээлжинд шинжилгээ авна.
Онцлоход, тус тусгай үүргийн нислэгээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зорчин ирсэн юм. МоАХ-ны гишүүд түүнд хүндэтгэл үзүүлэн "Чингис хаан" нисэх буудалд ирсэн байлаа.
Сэжигтэй хоёр иргэнийг ХӨСҮТ-д хүргэлээ
Нэмэлт:
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц дөнгөж сая "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа. Нийтдээ 266 зорчигч ирж байна. Зорчигчдыг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, мөн сувиллын газарт тус бүр тусгаарлана. Улсын Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр энэхүү нислэгээр өндөр халуунтай сэжигтэй хоёр иргэн ирсэн учраас шууд Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргэж байна. Эхнээс нь онгоцны хойд суудалд тусгаарлаж авчирсан, яаралтай шинжилгээнд хамруулна гэлээ.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц 15.50 цагт газардана
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс/УОК/-ын шийдвэрийн дагуу өчигдөр /2020.04.02/ Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 241 зорчигчийг Япон улсад хүргэсэн бол Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр өнөөдөр /2020.04.03/ 266 зорчигч ирж байна. Тусгай үүргийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх буудалд 15.50 цагт буух төлөвтэй байна гэж МИАТ компанийн зүгээс мэдээлэл өглөө.
Нислэг үйлдэхийн өмнө зорчигчдын халууныг хэмжсэн бөгөөд халуунтай зорчигч байгаагүй аж. УОК-оос коронавирусийн оношилгоог нислэг дундуур хийхээр шийдвэрлэсний дагуу оношилгоо хийнэ. Агаарын хөлгийн ачаанд нэн шаардлагатай эмнэлгийн оношлуур, тоног төхөөрөмжүүдийг мөн тээвэрлэн ирж буй юм байна.