“Гуравхан сар ажиллах усан оргилуур бидэнд хэрэггүй”

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

“Гуравхан сар ажиллах усан оргилуур бидэнд хэрэггүй”

“Гуравхан сар ажиллах усан оргилуур бидэнд хэрэггүй”

Улаанбаатар хотын ногоон байгууламжид жил бүр чамгүй мөнгө зарцуулдаг. Тухайлбал, өнгөрсөн жил нийслэлийн ногоон байгууламжид 7.5 тэрбум, түүний өмнөх жил 5.8 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэвч төсвөөс ийм их хэмжээний мөнгө зарцуулан байж хийдэг ажил урт насалдаггүй нь харамсалтай. Удлаа гэхэд 3-5 жилийн дараа угтаа хүртэл огтлогдож, нэг эсвэл шилжүүлэн суулгана гээд уг үндсээр нь аваад явчихдаг жишиг тогтжээ.

Нийслэлийн төв талбайн урд Хонхтой цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болж, суулгасан модыг бүгдийг нь шилжүүлж, оронд нь усан оргилуур барихаар болсон нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулаад буй.

Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн модыг шилжүүлэн суулгана. Навчит ургамал, хайлаасыг арал болгож, энэ талбайдаа зөөж, дахин тарина. Усан оргилуурыг бий болгосноор 14 ширхэг арал, 7000 ам метр ногоон байгууламж усжуулалтын автомат системтэй болно” гэсэн. Өөрөөр хэлбэл, 2015 онд 70 сая төгрөгөөр баригдсан ч удалгүй эвдэрсэн Арслантай гүүрний усан хөшигтэй адил ашиггүй зүйлд төсвийн мөнгийг цацахаар шийдсэн нь энэ. Мөн хотын дарга С.Амарсайхан "Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг байгуулсны дараа иргэд үнэлэлтээ өг. Одоо бид ажлаа эхэлнэ” хэмээн мэдэгдээд байгаа.

Харин иргэд эсэргүүцсээр байна. Уг төлөвлөгөөний талаар иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

ЦАГ ҮЕТЭЙГЭЭ УЯЛДААГҮЙ ТУН БУРУУ ШИЙДВЭР

Ч.Ганзориг

-Нийгэм, эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих нь яаж ч бодсон буруу зүйл. Цаг үетэйгээ уялдаагүй тун буруу шийдвэр. Иргэд нь ажилгүй, цалин мөнгөгүй болоод байгаа энэ үед 3.2 тэрбум төгрөгөөр иргэд рүүгээ чиглэсэн арга хэмжээ авч болно шүү дээ.

ГУРАВХАН САР АЖИЛЛАХ УСАН ОРГИЛУУР БИДЭНД ХЭРЭГГҮЙ

С.Хандаа

-Усан оргилуур нь зуны гурван сард л ажиллана шүү дээ. Түүнд зарцуулах хөрөнгөөр сургууль, цэцэрлэг байгуулж болно. Намар болохоор л сургууль, цэцэрлэг нь хүрэлцэхгүй байна гэдэг. Өвөл болохоор л эмнэлэг нь хүрэлцэхгүй шалан дээр эмчлүүлж байна гэдэг. Одоо халдварт өвчин гарсан болохоор эмчилгээний зүйлс авч болно. Түүнээс биш гуравхан сар ажиллах усан оргилуур бидэнд хэрэггүй.

ТЭНГЭРИЙН ЗАМ ГЭЖ ЯРЬЖ ЭХЭЛСЭН БОЛ ОДОО УСАН ОРГИЛУУРЫН ТАЛААР ЯРЬЖ БАЙНА

П.Наранбаяр

Covid-19-ийн халдварын аюул дэлхий дахинд нүүрлэсэн энэ үед 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барина гэж байгаа нь цагаа олоогүй шийдвэр. Ургаа модыг нь булга татаад, тэнд байсан хөшөө зэргийг эвдэн сүйтгээд гурван сар ажиллах усан оргилуур байгуулах гэж байгааг гайхаж байна. Энэ шийдвэрийг ойлгохгүй юм. Халдварт өвчинтэй холбоотойгоор нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгааг бүгд мэднэ. Одоогоор 250 мянга гаруй үйлчилгээний ажилчдын ажлын байр хүндээр яригдаж байхад төсвийг үрэн таран хийж байна. Хотын иргэд гуравхан сар ажиллах усан оргилуур хүсээгүй. Ажлын байр хүсч байна. Бас цар тахлыг таслан зогсоохыг хүсч байна. Эмнэлгийн ажилчдаа дэмжихийг, амьсгалын аппаратыг нэмэгдүүлэхийг,  олон зуун хүний амийг аврахад бэлэн байхыг хүсч байна. Хэнд ч хэрэггүй зүйлд төсвийн мөнгийг зарцуулахыг эсэргүүцэж байна. Хотын дарга тэнгэрийн зам гэж ярьж эхэлсэн бол одоо газарт усан оргилуур барих талаар ярих юм. Ийм хүүхэд шиг шийдвэр гаргаж болохгүй. Хотын даргыг энэ шийдвэрээ эргэн харахыг хүсч байна.

3.2 ТЭРБУМААР УСАН ОРГИЛУУР БАРИХ ГЭЖ БАЙГААД ИТГЭХГҮЙ ДАХИН ДАХИН УНШЛАА

Г.Уранчимэг

-Талбайн урд хэсгийг хашаалсан байгааг хараад юу болж байгааг нь мэдэхээр сайтууд руу орж харлаа. Гэтэл 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих гэж байгаа юм байна. Итгэж өгөхгүй дахин дахин уншлаа. Ийм их мөнгөөр тийм зүйл хийх шаардлагагүй. Энэ мөнгөөр хийж болох хэрэгцээтэй зүйл олон байгаа. Тухайлбал, сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй байна гэж жилийн жилд ярьдаг. Бас эмнэлэг нь ачааллаа дийлдэггүй. Дээрээс нь шинэ коронавирус гараад ирлээ. Энэ вирусээс урьдчилан сэргийлэх, эмчлэх тоног төхөөрөмжид зарцуулж болно.   

ЦАГАА ОЛООГҮЙ ӨӨРЧЛӨЛТ

П.Биндэръяа

-Хот төлөвлөлт талаасаа гоё сайхнаар харж энэ ажлыг хийе гэж бодсон байх. Гэхдээ  энэ жил хийх ажил биш. Цагаа олоогүй өөрчлөлт байна. Өвчний оношлуур, маск зэргээ бэлтгээд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байсан. Хөл хорио  тогтоосон энэ үед хүмүүс, тэр дундаас залуус ажилгүй болж байна. Тиймээс ажлын байрыг хадгалахад зарцуулж болно.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж