Зөрчил гаргасан иргэний нэрийг олон нийтэд зарлана

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

Зөрчил гаргасан иргэний нэрийг олон нийтэд зарлана

Зөрчил гаргасан иргэний нэрийг олон нийтэд зарлана

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед цагдаагийн байгууллагаас ямар ажил хийж байна вэ. Өнөөдрийн байдлаар нийслэл, орон нутгийн хэмжээнд тусгаарлах байранд нийт хэчнээн иргэд байгаа вэ?

-Цагдаагийн байгууллагаас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтраад коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар болон Улсын онцгой комиссын шийдвэрийг хангах чиглэлээр хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төв орон нутгийн хэмжээнд 26 обьектэд тусгаарлагдсан иргэдийн аюулгүй байдлыг хангах хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссоос баталсан коронавирусийн халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журмын дагуу үйл ажиллагаа явагдана. Нийтдээ төв орон нутгийн хэмжээнд 26 цэгт 2174 хүн хяналтад байна. Нийслэлд 15 обьект байна. Үүнд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, сувиллын газар, зочид буудал багтсан.

-Тусгаарлалтаас гарсан иргэд 14 хоног гэртээ мөн тусгаарлагдах ёстой. Үүнд цагдаагийн байгууллага хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Иргэдийг тусгаарлах хугацаа 21 хоног. Өөрөөр хэлбэл, 21 хоногийн хугацаа дуусаад тусгаарлах байрнаас гарсан иргэд 14 хоногийн хугацаанд гэрээр тусгаарлагдана. Өнөөдрийн байдлаар гэртээ тусгаарлагдсан 616 хүн хяналтад байна. Эдгээр иргэдэд оршин суугаа газрынх нь Засаг дарга, өрхийн эмнэлгийн эмч, холбогдох хүмүүстэй хамтран хяналт тавьж байна.

Тухайн иргэн гэртээ өөрийгөө тусгаарлахдаа эрүүл мэндийн байгууллагаас олгосон хяналтын хуудсын дагуу биеийн халууныг өдөрт гурван удаа хэмжиж өрхийн эмнэлэг, сум хорооны өрхийн өмчид байнга утсаар мэдэгдэх ёстой.

Уг мэдээллийг тухайн иргэнтэй утсаар холбогдож авч байна. Мөн байр орон сууц болон оршин суугаа газрын орон сууц өмчлөгчдийн холбоо СӨХ-тэй хамтраад камераар давхар хянаж байна. Ерөнхийдөө тусгаарлагдах байрнаас гарсан иргэдээс баталгаа авч 14 хоног тусгаарлах зөвлөмжийг өгч байна. Тиймээс дээрх иргэд ямар нэгэн байдлаар гадагшаа гарахгүй, зочин урихгүй, өөрийн аюулгүй байдал болоод бусдын аюулгүй байдлыг хангах шаардлагатай. Ингэхдээ цагдаагийн байгууллага, баг хорооны хүмүүстэй тогтмол холбоотой байж биеийн байдлаа мэдээлж ажиллана.

Үүнээс гадна “тусгаарлах 14 хоног” гэсэн стикерийг өгч байгаа. Үүнийг зайлшгүй буюу дэглэм журам зөрчсөн хүмүүсийн гэрийн хаалган дээр нааж байгаа. Нэг талдаа хүний эрхийн асуудал боловч нөгөө талдаа бусдын эрхийг нэг хүний эрхээр хязгаарлаж болохгүй.

Тусгаарлах байранд байгаа иргэдийн зүгээс багагүй зөрчил гаргах болсон. Жишээ нь, архи согтууруулах ундаа хэрэглэсэн, эмч мэргэжилтнүүдтэй зүй зохисгүй аашилсан гэх асуудал яригдаж байна?

-Нэг үеэ бодвол тусгаарлах байранд байгаа иргэдийн зөрчил харьцангуй буурсан. Харин гэрээр тусгаарлагдах ёстой иргэд архидан согтуурах асуудал гаргах боллоо. Цагдаагийн байгууллгаас дээрх иргэдэд зөрчлийн хэрэг нээн хариуцлага тооцоод явна. Тусгаарлах байрнаас гарсан иргэдтэй бид өөртэй нь холбогдож хяналт тавиад явж байгаа ч зөрчил дутагдал гаргах вий гэсэн үүднээс цагдаагийн байгууллагын мэдээллийн санг давхар хянаж байна. Жишээ нь, эрүүлжүүлэгдсэн болон зөрчил гаргасан бүх мэдээлэл манай санд бүртгэгддэг учраас тэр мэдээллийг өдөр тутам шүүж байна.

-Тусгаарлалтад буй иргэн зөрчил гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ тооцох вэ. Одоогийн байдлаар дэглэм зөрчсөн нийт хэчнээн иргэнд хариуцлага тооцсон бэ?

-Нарийн тоо баримт одоогоор байхгүй байна. Ерөнхийдөө тусгаарлах байранд дэглэм журам зөрчсөн тохиолдолд бид нэвтрэх боломжгүй учраас ажиглалтын хугацаа дуусаад гараад ирсэн тохиолдолд зөрчлийн хэрэг нээн, тухайн иргэнээс өөрөөс нь мэдүүлэг тайлбар авч хуулийн дагуу хариуцлага оногдуулаад явж байна.

Дэглэм журам зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13-т заасны дагуу торгоно. Зөрчлийн хуульд зааснаар иргэнийг 150 нэгж буюу 150 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай.

Цаашлаад эрүүгийн хуульд тусгай зохицуулалт бий. Энэ нь өөрийгөө халдварт өвчтэйг мэдсээр байж бусдад тараасан бол эрүүгийн хариуцлага хүлээдэг. Одоогоор дээрх асуудал байхгүй. Зөвхөн дэглэм журам, Гамшгийн тухай хууль зөрчсөн иргэдэд арга хэмжээ авч байна.

-Монгол Улс гадаадаас иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчирч байгаа.  Энэ хэрээр тусгаарлагдах иргэдийн тоо улам нэмэгдэж байна. Тиймээс тусгаарлагдаж буй хүмүүс болон ар гэрийнхэн нь юуг анхаарах ёстой вэ?

-Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисоос гадаад оронд зорчсон иргэдээ тусгай чартер нислэгээр авч байна. Эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд бид тэднийг дүрэм журмын дагуу тусгаарлаж байна. Тусгаарлагдах хугацаанд иргэд байгаа орчин нөхцөлдөө дэг журамтай байх нь ухамсрын асуудал. Дэлхийн хэмжээнд өвчний тархалт ямар байгаа билээ. Тэгэхээр бусдыг эрсдэлд оруулахгүйн тулд дэглэм журмыг чанд мөрдөх ёстой. Иргэд хүлээцтэй хандаж, эмч мэргэжлийн байгууллагын шаардлагыг биелүүлэх, асуумжаа үнэн зөв бодитой өгөх хэрэгтэй. Ингэснээр бусдад аюул учруулахаас сэргийлнэ.

-Тусгаарлах байрны хүрэлцээний асуудал ямар байна вэ?

-УОК-ын шуурхай штаб 24 цагаар ажиллаж байна. Бид байгаа нөхцөл байдлаа судалж нэмэлтээр иргэдийг байрлуулах боломжтой өөр газруудыг судалж, очиж танилцан тусгаарлах байрны шаардлага хангаж байгааг харгалзан үзэж байна. Мэргэжлийн байгууллагаас аль болох боломжоор нь байрыг гаргаж байгаа. Эхний ээлжид Токио, Сөүлийн нислэгээр ирж байгаа хүмүүсийг байршуулах байрны бэлтгэлийг хангасан. Одоо аюулгүй байдлыг хангаж ажил явагдаж байна.

-Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр иргэд гэрээр тусгаарлагдах хугацаанд зарим хүмүүс харзны усанд орсон гэх зэрэг асуудал яригдсан. Үүнд цагдаагийн байгууллагаас ямар хяналт тавьж байна вэ. Явсан маршрут бүгдийг бүртгэдэг үү?

-Сэжигтэй гэх хүмүүсийг бид хяналтад байлгаж байгаа. Тухайн хүний хаагуур явсан, хэнтэй уулзсан гэх бүх маршрутыг тогтоогоод холбогдох арга хэмжээг авч байна.

-Иргэд тусгаарлах байранд мэс, иртэй зүйл авч орж болохгүй гэсэн дотоод журам бий. Өөр юу авч орохыг хориглож байгаа вэ?

-Тухайн иргэнд нэн шаардлагатай ариун цэврийн хэрэглэл, солих хувцас ойр зуурын хүнсний бүтээгдэхүүн оруулж авч байгаа. Тусгаарлах хугацааг 21 хоног болгож сунгасантай холбогдуулж зайлшгүй зүйлсээр гурван удаа ар гэрээс нь хангалт авахыг зөвшөөрсөн.

-Цахим хэрэгслээр худал мэдээлэл тараасан тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авсан бэ?

-Зөрчлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зохицуулалт 2020 хоёрдугаар сарын 24-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тэрнээс өмнөх асуудлыг Зөрчлийн хуулиар шийдвэрлэж байсан. Одоо Эрүүгийн хуулиар шийднэ. Нэг үеэ бодвол худал мэдээлэл тараах, иргэдийг төөрөгдүүлэх асуудал харьцангуй буурсан. Өнөөдрийн байдлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн 14 мэдээллийг шалгаж байна.

-Хөл хорио тогтоосон энэ үед тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдийг овог нэртэй нь зарлаж болдоггүй юм уу гэсэн саналыг иргэд ярьж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Мэргэжлийн байгууллагууд яг энэ асуудалд  нэг байр суурьтай байна.

Хэрэв удаа дараа зөрчил гаргаж, дэглэм зөрчсөн тохиолдолд тухайн иргэнийг нэр устай нь зарлана. Одоохондоо тийм хэмжээнд хүрсэн хүн байхгүй байна.

-Гадаад иргэдийн тусгаарлалтын талаар мэдээлэл өгөхгүй юу. Жишээ нь Турк иргэд тусгаарлагдахгүй хэмээн эсэрцгүүцэл үзүүлсэн гэсэн?

-Гадаадын иргэд аль ч улсаас ирсэн хамаа байхгүй Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа учраас дэг журмыг мөрдөнө. Мэргэжлийн байгууллагууд гадаадын иргэдийг ирсэн даруйд нь тусгаарлаад явж байгаа. Гадаадын иргэнд өөр журам үйлчилнэ гэсэн ойлголт байхгүй.

-Цагдаагийн байгууллагын ачааллал ямар байна вэ. Алба хаагчид цаг наргүй ажиллаж байгаа байх?

-Цагдаагийн байгууллага, алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд, нэлээд ачаалалтай ажиллаж байна. Ялангуяа тусгаарлах байрны аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хариуцсан. Энэ дээр ажиллаж байгаа алба хаагч, онцгой обьектууд болон Сэлэнгэ, Замын-Үүдэд ажиллаж байгаа алба хаагчид 14 хоногийн хугацаанд ээлж солихгүй ажиллаж байна. Яагаад гэхээр газар орны нөхцөл байдалд тааруулж тэгж ажиллахаас өөр арга байхгүй. Бид алба хаагчдаа халдвар хамгааллын хувцас бүх нөхцөлөөр хангаж байна. Мөн явуулын дост байршуулж ээлжээр тэнд нь амрааж байна.

-Хөл хорионы үеэр гэмт хэргийн гаралт буурсан ч ахуйн хүрээний архидалт нэмэгдлээ гэж ярьж байна?

-Хөл хорио тогтоосон хугацаанд зарим байгууллагын үйл ажиллагааг хумьсан. Үүнд баар цэнгээний газар, ПС тоглоом гэх мэт бий. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш гэмт хэргийн гаралт буурсан. Хоёрдугаарт, цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоосноор архидалт ахуйн хүрээнд шилжсэн. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын хэмжээнд 876 дуудлага мэдээлэл авсан байна. Улсын хэмжээнд 1135 бүртгэгдсэн байна.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж