"Цар тахал" хэмээн нэрлэгдээд буй шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ын халдвар өнөөдөр дэлхийн 207 улсад тархсан төдийгүй Японы Diamond Princess аяллын хөлөг онгоц, Холланд Америка компанийн MS Zaandam гатлага онгоцоор зорчсон иргэд дунд бүртгэгдээд байна. Дэлхийн нэг сая гаруй иргэн Covid-19-өөр халдварлаад байгаа бөгөөд судлаачид хүн төрлөхтөн маш том сорилттой нүүр туллаа хэмээн мэдэгдэж буй.
NEWS агентлаг “НЭГ СЭДЭВ, НАЙМАН ЭХ СУРВАЛЖ” буландаа Covid-19-ын дэлхийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөг онцоллоо.
ЭХ СУРВАЛЖ 1
Пандемик буюу Цар тахал гэж юу вэ?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ шинэ төрлийн коронавирусийн халдвар буюу “COVID-19” өвчнийг пандемик /цар тахал/-ын хэмжээнд хүрснийг гуравдугаар сарын 11-нд зарлав. Пандемик гэж газар нутгийн өргөн хүрээг хамарч, олон мянган, сая хүний амь насыг хохироож, эдийн засгийн алдагдал, нийгэм, улс төрийн доголдол үүсгэж буй халдварт өвчний тархалтыг нэрлэнэ. Эпидемик буюу өвчний дэгдэлт өсөн нэмэгдсээр олон бүс нутаг, дэлхий дахиныг хамарснаар пандемик болдог. Коронавирусийн халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 207 оронд бүртгэгдэж 52 мянга гаруй хүн нас барж, нэг сая гаруй хүн халдварласан ба цаашид тархалт өсөх хандлагатай байна.
Пандемик нэр томъёог халдварт өвчний тархалтыг зогсооход чиглэсэн эдийн засаг, нийгэм, улс төрийн арга хэмжээг авахыг олон улсад анхааруулах зорилгоор хэрэглэдэг. Өмнө нь ДЭМБ-аас 2009 оны H1N1 вирусийн гахайн томуу өвчний тархалтын үед пандемик хэмээн зарласнаар олон улсаас вакцин үйлдвэрлэлд олон сая ам.долларыг зарцуулж байв. Гэхдээ гахайн томуу өвчин нь харьцангуй бага хөнөөлтэй байсан тул вакцин үйлдвэрлэлд их хэмжээний мөнгө зарсан орнууд ДЭМБ-ыг хурцаар шүүмжилжээ. Үүний дараа ДЭМБ-аас халдварт өвчнийг цар тахал хэмээн зарлахдаа болгоомжтой хандах болж, зургаан үе шат бүхий мөрдлөгийг боловсруулжээ.
Дэлхийн банкны тооцооллоор пандемик халдварт өвчинтэй тэмцэхэд олон улсын жилийн зардал нь 570 тэрбум ам.доллар буюу дэлхийн нийт орлогын долоон хувийг эзлэх аж. Өмнө нь 2002-2003 оны хооронд 8000 хүний амь хохирсон САРС өвчний үед дэлхийн эдийн засагт 50 тэрбум ам.долларын хохирол учирчээ. Хэдийгээр коронавирусийн үхлийн аюул САРС өвчнөөс цөөн байгаа ч дэлхийн эдийн засагт учруулах хохирол нь илүү байх гэнэ.
Пандемик өвчний эсрэг арга хэмжээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал нөлөөтэй. Тухайлбал, карантин арга хэмжээг зохион байгуулах, вакцин үйлдвэрлэх зэрэгт төр засаг хувийн хэвшилтэй хамтарч ажиллах нь үр дүнтэй. Пандемик өвчний үед улс орнууд ДЭМБ-аас гаргасан заавар зөвлөмжийг дагаж мөрдөх үүрэгтэй.
КОРОНАВИРУС ГЭЖ ЮУ БЭ?
Шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 нь вирусээр үүсгэгддэг халдвар. Хүний өвчлөлийн хамгийн анхны тохиолдол албан ёсоор 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд ДЭМБ-д мэдээлэгджээ.
Тархвар зүй
Коронавирусийн халдварын анхны тохиолдол 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдсэн. Энэхүү халдвар нь анх амьтнаас хүнд халдварласан бөгөөд тухайн үед хүнээс хүнд халдварладаг эсэх нь тодорхойгүй байсан ч 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр БНХАУ–ын Гуандон мужид хүнээс хүнд халдварладаг болох нь батлагдсан.
Эмнэл зүйн шинж тэмдэг
Халуурах, ядрах, хуурай ханиалгах, амьсгал давчдах, амьсгалын хүндрэл зэрэг шинж тэмдгүүдээр илэрч байгаа бөгөөд уушигны үрэвсэл, бөөрний дутагдал, хүнд халдварын үед нас барах тохиолдол байна. Мөн эмнэлэгт хэвтсэн хүмүүст цусны цагаан эс /лейкоцит/ болон лимпоцит эсийн тоо багасал зэрэг шинж тэмдэг илэрсэн.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюсес 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр гаргасан мэдэгдэлдээ халдвар авсан хүмүүсийн дөрөвний нэг нь хүнд хэлбэрээр өвчилж, нас барсан хүмүүсийн олонх нь дархлаа суларсан, даралт ихсэх, чихрийн шижин, зүрх судасны өвчин гэх мэт бусад өвчнүүдтэй байсан гэжээ.
Халдварын эх үүсвэр
Халдварын эх үүсвэр болон дамжуулагчийг Ухань хотын далайн гаралтай бүтээгдэхүүний захаас хүнсний зориулалтаар зарагдсан амьтдыг гэж сэжиглэж байгаа бөгөөд анх халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь Ухань хотод байрлах Хуананы далайн захын ажилчид байсан юм.
2003 онд дэгдсэн САРС-ийн халдварын эх үүсвэрийг 17 жилийн турш судалсаны үр дүнд сарьсан багваахайн САРС-төстэй олон коронавирусийг илрүүлж, геномын дарааллыг тогтоосон бөгөөд ихэнх нь Rhinolophus төрлийн вирус байв. Эдгээр геномын дарааллыг ашиглан вирусийн бүлгийн мутацийн түүхэн филогенетик модыг сэргээн байгуулах бүрэн боломжтой. Харьцуулбал мутацийн энэхүү хэмжээ H3N2 хүний ханиадны 10 жилийн хугацаанд ажиглагдсан мутацитай төстэй.
Шинээр бүртгэгдсэн Covid-19 нь САРС холбоот коронавирусийн бүлэгт хамаарагдаж байна. Rhinolophus sinicus-ийн геномтой 80% -ийн төстэй хоёр дарааллыг тогтоосон тухай судалгааны ажил 2015, 2017 онд нийтлэгдсэн байдаг. Гуравдахь геномын дараалал нь нийтлэгдээгүй бөгөөд энэ нь Covid-19 –тай 96% төстэй Rhinolophus affinis-ийн дараалал юм.
Вакцины судалгаа
Хэд хэдэн судалгааны хүрээлэн, байгууллагууд Covid-19-ийн нийтлэгдсэн геном дээр суурилан /гурав нь Coalition for Epidemic Preparedness Innovations (CEPI)-аар дэмжигдсэн/ шинэ коронавирусын эсрэг вакциныг бүтээх ажлыг эхлүүлээд байна. АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн /NIH/, Биотехнологийн Модерна компанитай вакцин бүтээхээр хамтран ажиллаж 2020 оны тавдугаар сар гэхэд үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөсөн. Тэдний гол зорилго нь РНХ вакциныг коронавирусын гадаргуугийн S /spike/-д тааруулах явдал юм. Квинсландын Их Сургууль (UQ; Австрали) нь генетикийн хувьд өөрчлөгдсөн вирусийн уураг дархлааны урвалыг коронавирус шиг өдөөх чадвартай Молекулын кламп (molecular clamp) вакцин бүтээх юм. Дээрх төслүүдийг CEPI санхүүжүүлж байгаа юм. Канадын Нийгмийн Эрүүл Мэндийн Агентлаг нь Саскачеваны их сургуулийн Вакцин ба халдварт өвчин судлалын байгууллага – Олон улсын вакцины төв (VIDO-InterVac) -д вакцин хийх ажлыг эхлүүлэх бие даасан төслийг санхүүжүүлэхээр зөвшөөрсөн. VIDO-InterVac нь 2020 оны гуравдугаар сард амьтдын туршилтыг, 2021 онд хүнд туршиж эхлэхийг зорьж байна.
Эх сурвалж: Зоонозын өвчин судлалын төв
ЭХ СУРВАЛЖ 2
Коронавирус ба Дэлхий
Шинэ төрлийн коронавирус буюу covid-19-ийн халдвараар 2020 оны дөрөвдүгээр сарын 3-ны 13.00 цагийн байдлаар 1 сая 18 мянга 877 хүн өвчилж, 212 мянга 993 хүн эдгэж, 53 мянга 218 хүн амиа алдаад байна.
БНХАУ-ын Ухань хотод 2019 оны арванхоёрдугаар сард халдвар нь анх бүртгэгдэж, түүнээс хойш арав хоногийн дараа халдвар авсан анхны өвчтөн нас барснаар дэлхий нийт энэ аймшигт өвчин рүү анхаарал хандуулж эхэлсэн юм.
Энэ өдрөөс хойш БНХАУ-ын Ухань хотоос гаралтай Covid-19-ийн тархалт хоногт л мянга мянгаар нэмэгдэж, эрх баригчид нь халдварт өвчний тархалт өндөр байгаа хот тосгонд хорио цээр тогтоож, хотоос гарах, хот руу орох бүх хөдөлгөөнийг хаах, “Цагаан сар”-ын баярыг угтсан үзэсгэлэн худалдаа, урлаг спортын зэрэг олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээнүүдийг цуцлах, халдвар авсан хүмүүсийг тусгаарлан эмчлэх түр эмнэлгийн барилгыг барих зэрэг арга хэмжээг авч эхэлсэн билээ.
Ийнхүү БНХАУ маш түргэн хугацаанд зохион байгуулалтад орж чадсанаар коронавирусийн эрчимтэй тархалт намжиж, ард түмнийх нь амьдрал хэвийн үргэлжлэх нөхцөл нь хоёрдугаар сарын эхээр бүрдэж эхлэв. Тус улсад нийт 81 мянга 589 хүн коронавирусийн халдвар авсан ч 76 мянга 408 нь эдгэж, 3318 хүн өөд болсон.
Covid-19-ийн гол голомт болсон Хубэй мужид халдварын тархалтын эрсдэл дунд зэрэг болон бага гэж үзэж, зорчигч тээврийн үйл ажиллагааг сэргээсэн байна. Мөн мужийн захиргаанаас ойрын хугацаанд аж үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээхээр болсон гэдгээ мэдэгдэв.
Ийнхүү БНХАУ-ын зүгээс иргэдийн хөл хориог тогтоож, халдварын тархалтыг барих, зогсоох арга хэмжээ авсан ч коронавирусийн халдвар БНСУ-д голомтлон тархаж эхэлсэн юм. Тус улсын Дэгү хотод сүмийн цуглаанаас олон хүнд халдвар тарсны улмаас аюулт вирусийн голомт болов. БНСУ-д өнөөдрийн байдлаар 9976 хүн халдвараар өвчлөөд байгаагаас 5828 нь эдгэж, 169 нь өөд болсон ажээ.
БНХАУ-д анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 67 өдрийн дараа дэлхий нийт 100 мянга дахь тохиолдол бүртгэгдэж авав. Энэ үед коронавирус дэлхийн 120 гаруй оронд аль хэдийнээ тархсан байв. Улмаар ДЭМБ нэгдүгээр сарын 31-нд Covid-19-ыг “Цар тахал” хэмээн дэлхий дахинд зарлав.
Ийнхүү эрсдлийн энэ түвшинг зарласан нь дэлхийн улс орнууд эрүүл ахуйн хяналтын дэглэмээ чангатгаж, олон улсын нислэг, төмөр замын харилцааг зогсоох, хилийн боомтуудаа хаах зэрэг арга хэмжээг авах нөхцөл байдал үүссэн гэсэн үг юм.
БНСУ, БНХАУ, Сингапур, Монгол зэрэг Азийн орнуудад өвчний тархалтын эхний үе дуусах шатандаа орсон ч, хоёр дахь үе гадаад улсуудаас зөөвөрлөгдөн орж ирж байна.
Анх вирус тархсан БНХАУ-д гуравдугаар сарын 19-нд нэг ч шинэ халдвар бүртгэгдээгүй боловч сүүлийн үед гадаад улсаас ирсэн 34 хүн халдвартай нь шинээр тогтоогджээ. БНСУ-д ч мөн шинэ тохиолдол бүртгэгдсэний чухам хэд нь гадаад орноос ирсэн хүмүүс гэдгийг тогтоогоогүй байна. Хамгийн сүүлд Дэгү хотын асрамжийн газарт 74 хүний шинжилгээний хариу эерэг гарснаар шинэ голомт үүсчээ.
Харин Сингапурт шинээр бүртгэгдсэн тохиолдлоос 33 нь гадаад орноос зөөвөрлөгдөн орж ирсэн гэнэ. Тэдний 30 нь хилийн чанадад байхдаа халдвар авсан гэдгээ баталж байгаа аж.
Саяхныг хүртэл нэг ч хүн халдвар аваагүй байсан Монгол улсад өдгөө халдвартай 14 хүн байгаа нь бүгд гадаад орноос халдвар тээн иржээ.
Энэ мэтчилэн бүх Азийн орнууд дотооддоо өвчний тархалтыг хянах, тогтоон барих тал дээр амжилттай ажиллаж байсан ч бусад гадаад орнуудад халдварын тоо нэмэгдэх нь ийнхүү эргээд муугаар нөлөөлөх хүчин зүйл болж болзошгүй байна. Одоогийн байдлаар анхаарлын төвд Европ, АНУ орж байгаа бөгөөд тэнд шинэ халдварын тоо Ази дахиас хэд дахин давж байгаа билээ.
Малайзын эрүүл мэндийн ахлах ажилтнууд ард иргэддээ “Та бүхнээс гэртээ байж, гэр бүлээ хамгаалахыг хичээнгүйлэн гуйж байна” хэмээн мэдэгдсэн байна. Малайз улсад нийт 3116 хүн халдвар авснаас олонх нь нийслэл Куала Лампурт хоёрдугаар сард болсон нэгэн шашны зан үйлд оролцсоноос халдвар авсан гэжээ. Эрүүл мэндийн асуудал хариуцсан Хишам Абдулла нүүр номдоо “Бидэнд вирусийн тархалтыг бүрэн зогсоох боломж бага байна. Гэвч ялагдах бол бидний сонголт биш. Үгүй бол бид өвчний гурав дахь үетэй нүүр тулна. Гурав дахь үе нь цунамигаас ч хөнөөлтэй байх болно” хэмээн бичсэн байна.
Харин Хонгконгийн удирдагч Кэрри Лэм Хонгког коронавирусийн гурав дахь үетэй нүүр тулаад буйг онцлов. Тэрбээр “Эхний үе Хятадын эх газраас өвчний вирус ирэх вий гэсэн айдсаар эхэлсэн. Тиймдээ ч бид урьдчилан сэргийлэх олон арга хэмжээ авсан. Харин хоёр дахь давалгаа нь олноороо цугларсан хүмүүсийн оройн хоол зэргээр эхэлсэн юм. Харин одоо бид гурав дахь давалгаатай нүүр тулж байна" хэмээн хэлээд энэ бол хамгийн ярвигтай, хэцүү үе хэмээн онцлов. Учир нь гадаад улсаас эх орондоо эргэн ирж буй иргэд өвчний вирусийг тээн ирж байгаа аж.
Халдварын шинэ тохиолдлын тоо гуравдугаар сарын эхээр буурахад хүмүүс тайвширч эхэлсэн билээ. Тийнхүү гуравдугаар сарын 2-нд хэдэн долоо хоног гэртээ байсан 180 мянган ажилчид ажлын байрандаа ирцгээн гуравдугаар сарын 16 хүртэл бүх зүйл хэвийн үргэлжилсэн ажээ.
Харин одоо шинэ халдварын тоо өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад хоёр нугалсантай тэнцэхээр болж өссөн байна.
Өдгөө Хонгконгод 802 хүн халдвар авч, дөрвөн хүн нас барсан бөгөөд 154 хүнийг эмчилжээ.
COVID-19: САНДАРСАН ИРГЭД ЮУ НӨӨЦӨЛЖ БАЙНА ВЭ?
Covid-19 өвчний тархалтаас сэргийлэн олон орны Засгийн газар ард иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн. Тэр хэрээрээ хүмүүс улам сандарч, гэртээ байх хугацаандаа хэрэглэх бараа бүтээгдэхүүнээ ихээр нөөцлөх болсон. Харин орон орноосоо шалтгаалж ард иргэдийн зайлшгүй хэрэгцээт бараа өөр өөр байдаг аж.
Тэд өөрт хамгийн хэрэгтэй гэж бодсон зүйлээ их хэмжээгээр авч, дэлгүүрүүдийг хоосолцгоож байна. Зарим газарт иргэд хэрэгтэй зүйлээ олж авахын тулд дэлгүүр хаагдтал гадаа нь олон цагаар дугаарлан зогсох ч явдал гарч байна. Жишээ нь, Австралид ариун цэврийн цаас булаалдсан хүмүүс хоорондоо маргалдаж, нударга зөрүүлэх тохиолдол ч олширч байна.
Харин Нидерландад засгийн газар кофе шопуудыг түр хугацаагаар хаана хэмээн мэдэгдсэний дараа ард иргэд гэртээ байхдаа хэрэглэх каннабисаа нөөцлөхөөр кофе шопуудын гадаа олон цагаар дугаарлажээ.
Хүмүүс зөвхөн хүнс, гэр ахуйн бараа нөөцөлсөнгүй. Ирландад хүмүүс хөргөгч, хөлдөөгч ихээр худалдаж авсан гэнэ. Улмаар Дублины цахилгаан барааны дэлгүүрүүд хоосорчээ.
АНУ-ын хамгийн их халдвар тархсан гурван мужийн нэг болох Калифорнид хүмүүс зэвсгийн дэлгүүрийн үүдэнд хонон өнжин дугаарлах болжээ. Ард иргэд байдал хүндэрч барааны их хомсдол үүсвэл хулгайч, дээрэмчдээс өөрсдийгөө хамгаалахаар бэлдэх болжээ.
Харин ОХУ-д хүмүүс буудай нөөцөлж буй гэнэ. Чухам хэзээ Оросын дэлгүүрүүд хоосрох нь тодорхойгүй байгаа энэ үед удаан хадгалах боломжтой, нөөцлөхөд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн нь энэ хэмээн оросууд үзсэн байна.
Канадад хүмүүс амттанд илүү дуртай бололтой. Хамгийн их эрэлттэй байгаа бараа нь агч модны шүүс гэнэ.
ХӨЛ ХОРИОГ ЗӨРЧВӨЛ ШОРОНД ХОРИНО
Дэлхийн 207 оронд тархсан шинэ коронавирусийн халдварт өвчний цар тахлын эсрэг улс орнууд хилээ хааж, дотооддоо хөл хорио тогтоогоод байна. Гэсэн ч зарим зөрүүд, хэнэггүй иргэд өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулж, карантин журмыг зөрчсөөр байна. Тэгвэл олон улсад өөрийгөө тусгаарлах зөвлөмж, хөл хорио, карантин арга хэмжээг зөрчсөн хүмүүсийг торгох эсвэл шоронд хорих хүртэл хатуу арга хэмжээ авч байна.
- Сингапурт нэгнээсээ метрийн зайнаас илүү ойртсон, 10-аас дээш тооны хүн сургууль, албан газрын гадна цугларвал 10 мянган сингапур.доллароор торгох эсвэл зургаан сар хүртэл хугацаагаар шоронд хорино.
- Италид шаардлагагүй нөхцөлд гэрээсээ гарвал гурван сар шоронд хорих ял эсвэл 206 еврогоор торгоно.
- Өмнөд Солонгост Үндэсний ассамблей коронавиустэй холбоотойгоор тогтоосон хөл хориог санаатай зөрчсөн иргэнийг нэг жил хүртэл хорих, эсвэл 10 сая воноор торгоно. Мөн өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг зөрчсөн гадаадын иргэдийг албадан нутаг буцаана. Тухайлбал, Чежү мужид санаатайгаар хөл хорионы дэглэм зөрчиж, бусдад халдвар тараасан ээж, охин хоёрт 100 сая воны торгууль оноожээ.
- ОХУ-д хөл хорионы журмыг зөрчвөл таван жил хүртэл хорих ялаар шийтгэхээр болсныг Москва хотын захиргаанаас мэдэгдсэн. Мөн тухайн хүн ганцаараа байгаа тохиолдолд шаардлагатай үед хүн багатай газраар амны хаалт зүүж гарах, нохойгоо салхилуулах зэргийг зөвшөөрч байгаа аж.
- Пакистанд хөл хорио зөрчсөн иргэдийг цагдаа нарт олгосон. Гэхдээ Пакистаны цагдаа нар зөрчил гаргасан иргэдийг торгохоос өөр өвөрмөц аргаар сануулга өгч байна. Тухайлбал, цахим орчинд тарсан олон бичлэг, зургаас харахад хөл хорио зөрчөөд баригдсан иргэдийг цагдаа нар явган суулгаж, босгох, нутгийнхны "тахиа суулт" хэмээн нэрлэсэн байрлалаар суулгах зэргээр дэглэжээ.
- Австри улсад хүнс худалдан авах, эмийн сан орох, өөрсдөө энэ бүхэнд хүрч чадахгүй хүмүүст туслахаар гарахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахыг хоригложээ. Хэрэв дээрх журмыг зөрчвөл 2180-3600 еврогоор торгоно.
- Тайваньд хөл хорионы дүрэм зөрчиж, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн нэг иргэнийг нэг сая шинэ тайвань доллар буюу 33000 ам.доллараар торгожээ. Зөрчил гаргасан иргэн нь халдвар бүртгэгдсэн зүүн өмнөд Азийн орнуудад зорчсоныхоо дараагаар 14 хоногийн турш гэртээ тусгаарлагдах ёстой байсан ч Ням гаригт Тайпей дэх шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байгаад цагдаагийн эргүүлүүдэд саатуулагджээ.
- Францад хөл хориог зөрчиж, гэрээсээ гарч, олон нийтийн газар цугласан иргэдийг торгож байна. Өнгөрсөн Лхагва гаригт тус хориог зөрчсөн 4095 иргэнийг тус бүр 35 еврогоор торгосон байна. Харин Баасан гаригаас эхэлж торгууль 135-375 евро болж нэмэгджээ.
- Кувейтийн Засгийн газраас улс орон даяар 17.00 - 04.00 цагийн хооронд хэсэгчилсэн хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Хөл хориог зөрчсөн этгээдийг 3 хүртэлх жилээр хорих эсвэл 10,000 динар буюу 90,000,000 төгрөг хүртэлх торгууль ногдуулах арга хэмжээ авна.
ГЭРЭЭСЭЭ АЖЛАА ХИЙЖ БУЙ АЖИЛТНУУДЫН ТОО АРМИЙН ТҮВШИНД ХҮРНЭ
Коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотойгоор дэлхийн ихэнх улс орнууд хөл хорио тогтоож, улмаар бизнес эрхлэгчид шинэ нөхцөл байдалд хэрхэн дасан зохицож, үйлдвэрлэлээ алдагдалгүй ажиллуулах вэ гэдэг нь толгойны өвчин болж байна. Хөл хорио тогтоогоод буй энэ үед дэлхийн олон компаниуд ажилчиддаа гэрээсээ ажиллах үүрэг өгчээ. Гэхдээ энэ нь тэдний бүтээмжийг хэр дээшлүүлэх вэ гэдэг нь гол асуудал болж байгаа талаар Bloomberg онцолжээ. Тодруулбал, “Reprise Digital” хэмээх Шанхайн зар сурталчилгааны агентлагийн захирал Элвин Фу хэлэхдээ “Бидний хувьд энэ цаг мөчид гэрээсээ ажлаа хийх схемийг турших боломж олдож байна” гэжээ. Түүний хэлснээр тус зар сурталчилгааны агентлагийн 400-н ажилтан гэрээсээ видео хурал хийж, утсаар холбогдож ажлаа хийцгээж байна.
Гэрээсээ ажлаа хийж буй ажилтнуудын тоо тун удахгүй армийн түвшинд хүрнэ хэмээн Bloomberg бичжээ.
Хонгконгийн банкир нөүтбүүк, гар утастай байхад дэлхийн хаанаас ч ажлаа амжуулах боломжтой гэж ярьжээ. Гэхдээ энэ зарим нэг банкируудад боломжгүй зүйл гэнэ. Учир нь, тэд ихэвчлэн үйлчлүүлэгчидтэй уулзах ажилтай байдаг бөгөөд коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор ямар ч товлосон уулзалтгүй, ажилгүй сууцгааж байна.
Үүний зэрэгцээ, Casetify утасны гэр үйлдвэрлэдэг компани 2020 онд түүхэн амжилт үзүүлнэ хэмээн төлөвлөж байв. Тодруулбал, тэд ажилчдынхаа тоог 150-д хүргэж, борлуулалтаа хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Харамсалтай нь, коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор үйлдвэрлэл нь зогсож, борлуулалт нь буурч, ажилчид нь гэрээсээ ажиллаж байна.
Casetify үйлдвэрийн ерөнхий захирал Ин хэлэхдээ “Шоу ямар нэгэн байдлаар үргэлжлэх ёстой” гэжээ. Тэрбээр өөрөө гэрээсээ нөүтбүүкны тусламжтай ажиллаж байгаа бөгөөд гэртээ есөн хүүхэд эхнэрийн хамт амьдардаг ажээ.
Мөн бизнес эрхлэгчид шинэ нөхцөл байдалд дасан зохицох гэж хичээж байна. Тухайлбал, Шанхайн Hi Funny спорт заалны эзэмшигч Феникс Чэнь спорт заалаа хаасан хэдий ч цахим орчинд хэрхэн дасгал хөдөлгөөн хийх талаар видео байршуулж, үйлчлүүлэгчдээ идэвхжүүлж байна.
Зарим менежерүүдийн хэлж буйгаар, гэрээсээ ажиллах нь бүтээмжийг буруулна гэж үзэв. Гэхдээ 2015 онд Стэнфордийн их сургуулийн явуулсан судалгаагаар, Хятадын аялал жуулчлалын компанийн ажилчид гэрээсээ ажиллахад бүтээмж нь 13 хувиар нэмэгдсэн ажээ. Тэдний хувьд завсарлагааны хугацаа бага байсан бөгөөд илүү тав тухтай орчинд ажилласан гэж үзэж байжээ. Иймээс коронавирус энэхүү онолыг шалгах бас нэгэн үндэс болж байна гэж судлаачид үзжээ.
УЛС ОРНУУД ИРГЭДЭЭ ТАТАХДАА ХЭДИЙГ ЗАРЦУУЛАВ?
Дэлхий дахин сүүлийн 10 жилд хурдацтайгаар даяаршиж, улс орнуудын эдийн засаг сайжирснаар аялал жуулчлалын салбар дэлхийн нийт ДНБ-ийн 10.4 хувийг эзлэх болжээ. Түүнчлэн НҮБ-ын аялал жуулчлалын байгууллагаас 2020 оныг аялал жуулчлалын жил болгон зарлаж, салбарын өсөлт 4 хувьтай байх таамаглал гаргасан. ДЭМБ-аас цар тахал гэж зарласан “covid-19” өвчний халдвар тархалтыг зогсоохын тулд улс орнууд хилээ хааж, олон улсын нислэгүүдээ зогсоох болсон. Үүнээс шалтгаалан эх орноосоо хол сурч, амьдарч буй иргэд гадаадын орнуудад гацжээ. Олон улс хилээ хаагаад зогсохгүй, өдөр тутмын ажил, амьдралын хэмнэлээ өөрчилж, хөл хорих болсноор гадаадад амьдарч буй хүмүүст эдийн засгийн хүндрэл үүссэн. Түүнчлэн Итали зэрэг өндөр хөгжсөн Европын орнуудад хүртэл эрүүл мэндийн салбар нь хурдтай тархаж буй халдварын эсрэг хүчин мөхөстөж, гадаадын иргэд битгий хэл өөрийн орны хөгшин настай хүмүүст хүрч үйлчилж чадахгүй орхиж байна. Энэ нөхцөл байдалд айж түгшсэн хүмүүс эх орноо бараадах нь нэмэгджээ.
ОХУ
ОХУ-аас өнгөрсөн Баасан гаригаас олон улсын нислэгээ зогсоосон бөгөөд иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ. ОХУ-ын Росавиация агентлагаас бүх олон улсын нислэгийг зогсоохоос ч өмнө зарим нэг хямд тийзтэй Победа зэрэг авиа компаниуд нислэгээ дөрөвдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 31 хүртэл зогсоохоо мэдэгдсэн аж. ОХУ-ын агаарын тээврийн удирдах газраас гадаадад буй иргэдээ татахад оролцсон иргэний агаарын тээврийн компаниудад нийтдээ 1.5 тэрбум рубль буюу ойролцоогоор 19 сая ам.долларын төлбөр олгохоо мэдэгджээ. ОХУ-аас өнгөрсөн амралтын хоёр өдрөөр 92 чартер нислэгийг үйлдэж, 13 мянга 400 иргэнээ татан авчээ. Тухайлбал, Аэрофлот компанийн 457 суудалтай нисэх онгоц гуравдугаар сарын 29-нд Бали арал руу нисчээ. Үүний зэрэгцээ Индонез, Тайландад гацсан ОХУ-ын 21 мянга гаруй иргэнийг дөрөвдүгээр сарын 1-ны дотор нүүлгэн шилжүүлэхээ Росавиация өнгөрсөн Баасан гаригт мэдээлсэн юм. Үүнээс гадна ОХУ нь Энэтхэг, Тунис, Молдав, Монтенегро, Танзани, Мауритус, Сицилийн арлуудаас иргэдээ татаж авахаар төлөвлөжээ. Өмнө нь ОХУ нь өнгөрсөн хоёрдугаар сард халдварын голомт Хятадаас өөрийн орны 128 иргэний хамт Беларус, Казахстан, Армени, Украины 16 иргэний хамт нүүлгэн шилжүүлсэн юм.
АНУ
АНУ-д шинэ коронавирусийн халдвараар 245 мянга гаруй хүн өвчилснөөр өвчний голомт Хятадыг тэргүүлсэн ба 6000 гаруй хүн нас баржээ. АНУ-д нөхцөл байдал хүндэрч, муж улс хооронд хөл хорио тогтоосныг эс тооцон гадаадын оронд буй олон мянган америкчууд нутаг буцахын тулд Төрийн департментын утсыг улайсгаж байна. АНУ-ын Төрийн департментаас гадаадад буй 13 мянга 500 америкчуудыг нэн яаралтай татаж авах хэрэгтэйг судалж тогтоосон байна. АНУ-аас энэ долоо хоногт 16 орон руу 66 чартер нислэг илгээж, иргэдээ татахаар төлөвлөсөн ба нүүлгэн шилжүүлэлтэд хувийн нисэх компаниудаас дэмжлэг авахаар санал тавьжээ. Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ Бразильд 10 хоногийн турш хүнд байдалд байсан 103 иргэнээ амжилттай татаж авснаа мэдэгдсэн. АНУ нь өнөөдрийг хүртэл 17 орноос 10 мянга гаруй иргэнээ татаж авсан ба тэдний дунд халдварын голомт Хятадын Ухань хотоос 800 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн Японы эрэг дээр тусгаарлагдсан усан онгоцноос 300 америкчуудыг татаж авсан юм. Ухань хотоос чартер нислэгээр татаж авсан хүн тус бүрээс АНУ-ын албаныхан 1485-2200 ам.долларыг нэхэмжилсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ. Үүний зэрэгцээ “Global Guardian” хувийн аюулгүй байдлын фирмээс АНУ-ын 144 иргэнийг тус бүр нь 1300 ам.долларын зардлаар татаж авсан байна.
ХЯТАД
АНУ-д шинэ коронавирусийн халдвар хурдацтай тархахын зэрэгцээ арьс өнгөөр ялгаварлах үзэл газар авч буйгаар Хятадын оюутнууд нутаг буцахын тулд эцэг, эхээ хувийн нисэх онгоц түрээслэхийг ятгаж байна. АНУ-д суралцаж буй Хятадын чинээлэг айлын хүүхдүүд гэртээ харихын тулд багадаа онгоцны нислэгт 10 мянган ам.доллар зарцуулах болжээ. Шанхайд хуульчаар ажилладаг Жефф Гоны охин нь АНУ-аас нутаг буцахын тулд хувийн нислэгт 180 мянган юань буюу ойролцоогоор 25460 ам.доллар явуулахыг ааваасаа хүсчээ.
АВСТРАЛИ
Австралийн зарим иргэд Перу улсаас нутаг буцахын тулд АНУ-ын чартер нислэгт 5000 гаруй ам.доллар зарцуулжээ.
ӨМНӨД СОЛОНГОС
Өмнөд Солонгосын Засгийн газраас Унгарын талтай хамтарч ажиллан 150 солонгос иргэнийг чартер нислэгээр Баасан гаригт татаж авчээ. Өмнө нь өнгөрсөн хоёрдугаар сард Өмнөд Солонгосын Засгийн газраас Хятадад хөл хорионд орсон 600 иргэнээ чартер нислэгээр нүүлгэн шилжүүлсэн юм. Тухайн үед, насанд хүрсэн нэг хүнийг 300 мянган вон буюу 351 ам.доллар, хүүхдийг 225 мянган вон, хоёроос доош насны балчир хүүхдийг 25 ам.долларын зардлаар татаж авсан аж.
ЯПОН
Япон улс нь нэгдүгээр сарын 28-аас хоёрдугаар сарын 7-ны хооронд дөрвөн чартер нислэгээр 763 иргэнээ Хятадаас нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн Хятад улсыг олон улсын нислэгээ зогсоохоос өмнө иргэдийг Хубэй мужаас гадна байгаа бол өөрсдөө нутагтаа эргэн ирэхийг сануулжээ.
ЭХ СУРВАЛЖ 3
Коронавирус ба Монгол
Дэлхий нийтийг цочирдуулж буй шинэ төрлийн коронавирусийн тархалтын анхны мэдээг Монгол Улс нэгдүгээр сарын 6-нд авч, яаралтай арга хэмжээг цаг алдалгүй авснаар өнөөдөр дотоодод цар тахал бүртгэгдээгүй байна.
Монгол Улсад бүртгэгдсэн шинэ коронавирусийн анхны тохиолдол Франц улсын иргэн болсон юм. Монгол Улсад ажлаар ирсэн үедээ биеийн байдал нь тавгүйтэж, улмаар эмнэлэгт хандсанаар халдвар авсан болох нь батлагдсан. Түүнтэй ойрын хавьталд орсон хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусгүй гэж гарав.
Ийнхүү өнөөдрийн байдлаар Монгол улсад нийт 14 тохиолдол бүртгэгдсэнээс бүгд гадаадаас зөөвөрлөгдөж, орж ирснээс хоёр нь эмнэлгийн тусламж авч, эдгэрсэн.
Өнөөдрийн байдлаар тусгаарлагдах байранд 2171 хүн эмчийн хяналтад байгаа бол 1075 хүн тусгаарлалтаас гараад байгаа ажээ.
Коронавирусийн дэгдэлт эрчтэй тархаж байгаа бөгөөд Монгол Улс нь халдвар тархах маш өндөр эрсдэлтэй орны тоонд ороод буйг эмч мэргэжилтнүүд анхааруулж буй. Халдвар эрчтэй тархах сар нь дөрөв, тавдугаар сар болохыг онцолж байна. Иймээс иргэдийг аль болох олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалт зүүх, гараа ариутгаж байхыг зөвлөж байна.
Мөн Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, нэгдүгээр сарын сүүлчээс дөрөвдүгээр сарын 30 хүртэл хөл хорио тогтоож, баар, фитнес, соёл, урлаг, спортын газрын үйл ажиллагаанд хөл хорио тогтоосон. Харин боловсролын салбарынхан цахим системийг ашиглан хичээл, сургалтаа явуулж байна.
Дэлхийн улс орнууд халдварын голомтоос ард иргэдээ татаж эхэлсэнтэй холбоотойгоор Монгол Улс ч мөн адил тусгай үүргийн онгоц нисгэж, ард иргэдээ татан авах ажиллагааг өнөөдрийг хүртэл зохион байгуулж байна. Тодруулбал,
Монгол Улсын хувьд гуравдугаар сараас эхлэн БНСУ, Япон, ОХУ, Бүгд найрамдах Турк улс болон Европын орнуудад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ дөрвөн удаагийн нислэгээр эх орондоо авчирсан билээ. Тухайлбал,
- Хоёрдугаар сарын 20-нд БНХАУ-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 31 иргэн
- Гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 244 иргэн
- Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 231 иргэн
- Гуравдугаар сарын 16-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц Японоос 257 иргэн
- Гуравдугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 252 иргэн тус тус ирсэн
- Дөрөвдүгээр сарын 02-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 251 иргэн ирсэн бол өнөөдөр /2020.04.03/ Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 200 гаруй иргэн ирнэ.
ЭХ СУРВАЛЖ 4
Коронавирус ба Эрүүл мэнд
Covid-19: Өвчилсөн иргэдийг эмчлэх эмийн нөөц хангалттай юу?
Covid-19-ийн халдварын үед ашиглах эм, тоног төхөөрөмжийн нөөц улсын хэмжээнд хангалттай байгаа эсэхийг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаас тодруулсан юм.
-Одоогоор Covid-19-ийн халдварыг эмчлэх эмчилгээ батлагдаагүй байгаа ч эмнэл зүйгээр нь эмчилж байгаа. Тухайлбал, ямар төрлийн яг ямар эмийг хэрэглэж байна вэ?
-Эмэн эмчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хийж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон өвчлөл гарсан улс орнуудын тооцоолж буйгаар хөнгөн болон хүндэвтэр иргэн 14 хоног, хүнд болон маш хүнд тохиолдол нь 3-6 долоо хоног эмчлэгдэж байгаа.
Бидэнд ДЭМБ-ын заавар бий. Заавар дээр байгаа бүх эм, БНХАУ, БНСУ зэрэг улсын эмчилгээний удирдамжид байгаа зүйлсийг бүгдийг нь авсан. БНХАУ-тай цахимаар холбогдож, эмчилгээний туршлага, сургамжийг авсан. Эдгээр оронд хүчилтөрөгч эмчилгээ, вирусийн эсрэг эмчилгээ, уушгины үрэвслийн эмчилгээ, дархлаа сайжруулах болон бусад шинж тэмдгийн эмчилгээ зэргийг хийж байгаа тул яг үүний дагуу эмийн нөөцөө бүрдүүлсэн. Бидэнд антибиотик болон вирусийн эсрэг эмүүдийн нөөц бий.
-ДЭМБ-аас хөнгөн хэлбэрээр өвчилсөн бол өөрийгөө гэртээ тусгаарлах зөвлөгөө өгч байгаа. Тухайлбал, гэртээ тусгаарлагдсан иргэн ямар эм хэрэглэж, өөрийгөө эмчлэх вэ. Тэдгээр эмийг нэрлэж болох уу?
-Ачаалал маш их болоод, эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй болбол гэрээр хэрхэн эмчлэх талаарх зааврыг бэлтгэчихсэн байгаа. Мөн энэ нөхцөлд ажиллах чиглэлээр өрх болон сумын эмч нарыг ч бэлтгэсэн. Гэхдээ одоогийн нөхцөлд уг зааврыг иргэдэд түгээх шаардлагагүй. Учир нь, иргэд дураараа эм авч нөөцлөх, эм уух зэрэг эрсдэл өндөр.
-Тэгвэл улсын хэмжээд шаардлагатай эмийн нөөц хангалттай бий гэж ойлгож болох уу?
-Нөөцийг шаардлагатай хэмжээнд бүрдүүлсэн.
-Шаардлагатай эмийн хэдэн хувийг дотооддоо үйлдвэрлэж байна вэ?
-Антибиотик, шингэнээс эхлээд олон эмийг нь дотооддоо үйлдвэрлэдэг.
-Эмчилгээнд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж тухайлбал, уушиг орлуулагч, хүчилтөрөгжүүлэгч аппарат хэр хүрэлцээтэй байгаа вэ. ECMO аппарат гэхэд Монголд байдаггүй шүү дээ. Ямар ямар төхөөрөмжүүд шаардлагатай байгаа вэ?
-Амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, хүчилтөрөгчийн баллон, монитор, дусал, тарианы шавхуурга зэргийг захиалж, нийлүүлж байгаа. ECMO аппаратын хувьд маш өндөр өртөгтэй ч бид хоёр ECMO аппаратыг ойрын хугацаанд оруулж ирэхээр ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн ажилчид бид өдөр нь үндсэн ажлаа хийгээд орой нь, шөнийн цагаар сууж тоног төхөөрөмжид шаардлагатай санхүүжилтийг шийдэж өгөхийг хүсч олон улсын байгууллагууд руу төсөл бичин явуулж байна.
-Одоогоор хэчнээн оношлуур шаардлагатай вэ. Үнэ нь хэдэн төгрөг байдаг вэ?
-Манай эрдэмтэд, эмч нар, ЭМЯ-ныхан олон улсын байгууллага, эрдэмтэдтэй сайн харилцаатай ажилладаг болохоор хамгийн анх Япон улсаас 200 оношлуур авчирсан. Хариуг нь Японы тал давтан баталгаажуулж байсан. Үүний дараа Японоос дахин 1000, ДЭМБ-аас 3000 оношлуур, ОХУ-аас 500 оношлуур ирсэн. Одоо бид 10 мянган оношлуур худалдаж авах бэлтгэл ажлаа хангасан. Тиймээс оношлуур тасарчих вий гэж айх хэрэггүй.
Эхний ээлжинд олон улсын байгууллагуудаас эдгээр оношлуур хандиваар орж ирсэн. Энэ удаад бид оношлуурыг худалдаж авна. Үйлдвэрлэсэн улсаасаа шалтгаалаад харьцангуй үнэтэй байдаг юм байна.
Монголын инженерчлэлийн холбооноос 270 түргэвчилсэн оношлуур бэлэглэсэн. Уг оношлуурыг туршиж, ашиглаж байна. Түргэвчилсэн оношлуурын хувьд тухайн өвчтөний биед үүссэн эсрэг биеийг илрүүлдэг болохоор баримжаа авах хэрэгсэл гэж ойлгож болно. Харин баталгаатай хариуг PCR оношлуураар хийх нь зөв гэж үзэж байгаа.
PCR оношлуураар нэг хүнийг оншлоход 100 гаруй мянган төгрөг болдог.
-Мэргэжилтнүүд Монгол Улсад 1700-2000 хүн уг вирусээр өвчлөх эрсдэлтэй гэсэн прогноз гаргасан гэсэн. Энэ хэр үндэслэлтэй тооцоолол вэ?
-Эрүүл мэндийн салбар 52 мянга гаруй хүнтэй. Энэ хүмүүс дунд дэлхийд данстай эрдэмтэд ч бий. Тухайлбал, Вирусологийн тасагт гэхэд ДЭМБ-ын зөвлөхөөр ажиллаж байсан доктор хүн, АНУ-ын CDC (Өвчин судлалын төв)-д ажиллаж байсан эмч нар ч бий. ЭМЯ-ны багт ч олон улсын байгууллагад зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай хүмүүс бий. Тэдэнтэй хамтран ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу тооцооллыг гаргадаг. Мэдээллийг аль үед нь түгээх вэ гэдэг ч бодлогын асуудал. Энэ нь эрүүл мэндийн салбар мэдээллийг нууцалдаг гэсэн үг биш. Тиймээс ЭМЯ-ны эмч, мэргэжилтнүүдэд итгээрэй гэж хэлмээр байна.
ДЭМБ-аас гаргасан аргачлалын дагуу тооцоолол хийсэн. Энэ дагуу Монгол Улсын хүн амын дунд халдвар авах эрсдэл хэдэн хувьтай байгаа, хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эрчимт эмчилгээний тасгаар эмчлүүлэх хувь, цаашлаад маш хүндрэх нь хэдэн хувьтай байх вэ гэдгийг тооцоолсон. Энэ эрсдэлийг бууруулж, аль болох хохирол багатай байлгахын тулд бүх төлөвлөгөөг гарган ажиллаж байна.
-Хүн амын 0.4 хувьд хүрэлцэхүйц орыг бэлтгээд байгаа. Гэхдээ цаашид 1.4 хувьд хүрэлцэх ор шаардлагатай. Орны тоог яаж нэмэгдүүлэх вэ?
-Олон улсад халдварт өвчний үед хүн амынхаа 0.1 хувиас олон ор бэлтгэдэг. Эхний ээлжинд бид орны тооцоолол хийсэн. Хүн амынхаа 0.4 хувьд хүрэлцэх орыг бэлдсэн. Дүүргүүдийн эмнэлэг, лавлагаа төвүүдийн эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний орны тоог 10 хувиар нэмж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ хуваарилах ажлуудыг хийж байна.
ХӨСҮТ-д 300, Цэргийн төв эмнэлэгт 570, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 250 ор бэлэн байна. Цаашид Арьсны өвчин судлалын үндэсний төвийг бүрэн чөлөөлнө, шаардлага гарвал дүүргийн эмнэлгүүдийг чөлөөлнө. Энэ мэтчилэн цаашид хэрхэн ажиллах тооцооллыг хийсэн. Эрсдэлийг энгийн болон дунд, хүнд байдалд хүрвэл хэрхэн ажиллахаа төлөвлөсөн.
-Эмч нарын нөөцийг бүрдүүлэхийн тулд анагаахын оюутан, тэтгэвэрт гарсан эмнэлгийн ажилтан нарыг дайчилна гэсэн. Одоогоор нөөцийн хэдэн хувь нь дайчлагдаад байна вэ?
-Нөөцийн судалгааг бүгдийг нь хийсэн, дайчлагдах хүмүүсээ овог нэртэй нь жагсаачихсан байгаа. Эхний удаад резидентээр сурч буй эмч нараа дайчилж байна. Нийслэлийн автопостууд дээр гэхэд 160 гаруй резидент эмчийг ажиллуулж байна. Зочид буудал, амралтын газарт эмнэлгийн мэргэжилтнүүд зайлшгүй шаардлагатай байдаг. Тиймээс тэнд лавлагаа төвүүд буюу Гэмтлийн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нэг эмчээр ахлуулсан резидент эмч нарыг томилон ажиллуулж байгаа.
ЭХ СУРВАЛЖ 5
Коронавирус ба Сэтгэл зүй
"Халдвар авсан мэт санаа зовох нь хүний биед сөрөг нөлөөтэй"
Коронавирусээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр амны хаалт хэрэглэх, дархлаагаа дэмжих, сэтгэл санаагаа тайван байлгах явдал болохыг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм. Гэсэн ч коронавирусийн халдвар тусчих вий гэх айдас түгшүүрт иргэд автах болжээ. Тиймээс Клиник сэтгэлзүйч Т.Хонгорзул ард иргэдийг аль болохоор тайван, стресстэхгүй байхыг зөвлөж байна.
-Цар тахлын үед сэтгэл зүйгээ стрессээс чөлөөлөх, амар тайван байхыг ЭМЯ-наас байнга зөвлөж байгаа. Сэтгэл санаа тайван байх нь хувь хүний болон нийгмийн эрүүл мэндэд чухал үүрэгтэй байх, тийм үү?
-Хүний сэтгэц эрүүл бол сэтгэл зүйд нь тодорхой өөрчлөлт гардаг. Аливаа зүйлийг сонсож, айж, санаа зовж байгаа нь хэвийн үзэгдэл. Харин ийм үед огт санаа зовохгүй, хариу урвал үзүүлэхгүй байвал асуудалтай байх боломжтой. Мэдээж, өнөөдрийн нөхцөл байдалд хүмүүсийн сэтгэл зүйд их, бага хэмжээгээр өөрчлөлт гарснаар сэтгэн бодох мэдрэмж алдагддаг. Сандрал, айдас, түгшүүр, уур бухимдалд автах үед сөрөг мэдрэмж давамгайлж, бодлогогүй үйлдэл хийж эхэлдэг.
Тиймээс юуны түрүүнд гүнзгий амьсгаа авч тайвшрах хэрэгтэй. Хамгийн гол нь хүн тайвширсны дараа сэтгэн бодох мэдрэмж нэмэгддэг учраас ухаантай үйлдэл хийж эхэлдгийг мартаж болохгүй. Өчигдөр гэхэд Герман улсын Сангийн сайд “Улс орныхоо санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулж чадахгүй нь” гээд захиа бичиж үлдээгээд амиа хорлосон хэрэг гарсан. АНУ-д сэтгэл гутрал, БНХАУ-д гэр бүл салалт маш их нэмэгдэх болсныг гадны хэвлэлүүд онцлох болсон. Онцгой байдлын энэ хүнд хэцүү үе, шар хар, бор гэлтгүй бүх улс орнуудын хүмүүсийн сэтгэлзүйд маш сөргөөр нөлөөлж байна.
-Сүүлийн үед сөрөг, худал мэдээллүүд иргэдийг улам стресстүүлж байгаа харагддаг. Сөрөг, буруу мэдээллээс өөрийгөө хамгаалах, тайвшруулах, сэтгэл зүйн дархлаагаа тогтвортой байлгах ямар аргууд байдаг вэ?
-Нэгдүгээрт, бид зөвхөн биеэрээ тусгаарлагдсанаас биш сэтгэлээрээ тусгаарлагдаагүйг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөл хорионд орсон энэ үед гэр бүлийн хүмүүс хамгийн түрүүнд бие биедээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх ёстой юм. Гэртээ, хоорондоо сэтгэл санааны байдлаа хуваалцах хэрэгтэй. Жишээлбэл, гэрийн эзний ажил төрөл нь бүтэхгүй, санхүүгийн хувьд хямралтай байгаа эхнэрээсээ нуух хэрэггүй, илэн далангүй ярь. Асуудлаа дотроо хадгалаад байвал тэрэндээ шаналж явсаар нэг мэдэхэд түгшүүр болон сэтгэл гутралд өртдөг. Хэрэв энэ байдлаасаа гарч чадахгүй бол амьдрал утгагүй мэт санагддаг. Тиймээс нэг, нэгэндээ сэтгэлээ нээж ярих нь хамгийн чухал.
Хоёрдугаарт, сэтгэл санаа хямрах, уймрах үед хүний итгэл алдарч хэн нэгнээс хамааралтай болдог. Бусад хүмүүс надад тусална гэх хандлагатай болчихдог гэсэн үг. Гэтэл бодит нөхцөл байдал дээр тухайн асуудлаас би өөрөө гарч чадна гэсэн итгэл үнэмшлийг олох нь хамгийн чухал. Таны амьдрал таны гарт шүү дээ.
Гуравдугаарт, хөл хорио тогтоох үеэр иргэд маш их хүнс нөөцөлсөн. Хүн хүнс нөөцлөх тусмаа идэх нь ихэсдэг. Нөгөөтэйгүүр, нөөцөлсөн хүнсний ихэнх нь эрүүл бус хүнс байна. Монгол Улсад хүнсний хангалттай нөөц байгаа учраас их юм худалдаж авах, нөөцлөх шаардлагагүй. Чихэр жимснээс илүү эрүүл хүнс буюу дархлаагаа дэмжих хүнс сонгох нь зөв. Тухайлбал, газтай ундаа, чихэрлэг жимс, архи, тамхи, кофе зэрэг нь хүний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, бие махбодь сулрах, дархлаа буурахад нөлөөлдөг. Улмаар сэтгэл гутрал үүсгэх эрсдэлтэй.
Дөрөвдүгээрт, сөрөг мэдээллээс зайлсхийх хэрэгтэй. Янз бүрийн эх сурвалжгүй мэдээлэл тарааж байгаа нь иргэдийг айдаст автуулж төөрөгдүүлээд байна. Тиймээс баттай, эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл авч бусдадаа хуваалцах хэрэгтэй.
Хэт их мэдээ, мэдээлэл цахим сүлжээгээр дамжуулан хүлээж авахаар хүмүүс айдас түгшүүрээ давж чадахгүйд хүргэх магадлалтай. Тиймээс аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, дэлгэцийн хэрэглээг багасгахад гэмгүй.
Харин зөв мэдээллийг харилцан солилцож байх ёстой. Үүсч байгаа нөхцөл байдлын үед өөр өөрсдийнхөө түвшинд өөрийгөө тайвшруулах техникүүдийг сурах нь чухал. Хүн таагүй байдалд орсон үедээ уртаар амьсгаа авахад тайвширдаг шүү дээ. Өөрийгөө тайвшруулах энгийн арга нь энэ. Мөн дасгал хөдөлгөөн чухал гэдгийг энд онцолмоор байна.
ХЭТ ИХ ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ТУСАМ СЭТГЭЛИЙН ТҮГШҮҮР НЭМЭГДДЭГ ТАЛТАЙ
-Коронавирусийн халдвар тусчих вий гэсэн айдас нийгэмд их байна. Энэ айдсаасаа болж хүмүүстэй харилцахаас хүртэл зайлсхийх, хямрах хандлага гарах болсон. Айдас, түгшүүртэй, сэтгэлзүйн хувьд тогтворгүй байгаа хүмүүст та юу гэж зөвлөх вэ?
-Тархи мэдээллийг харах, сонсох зэрэг мэдрэхүйн эрхтнээр дамжуулан хүлээн авдаг. Тухайлбал “Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тоо нэгээр нэмэгдлээ” гэсэн мэдээг сонссон иргэн Батын хариу үйлдэл нь түгших, айх зэрэг хэлбэрээр илэрнэ. Тухайн мэдээллийг Бат өөрөө коронавирусийн халдвар туссан мэт хүндээр хүлээн авч байвал түгшүүрийн илрэл юм. Коронавирусийн халдварын мэдээг сонсох бүртээ эргээд тайвширч чадахгүй түгшүүр нь удаан үргэлжлээд байгаа бол тухайн хүн магадгүй суурь стресс, түгшүүртэй байна гэсэн үг. Тиймээс миний санаа зовнил коронавирусийн халдвар гарахаас өмнө байсан уу, байсан бол юунаас болж байгаа вэ гэдгийг олох нь чухал. Зарим хүмүүс суурь түгшүүртэй гэдгээ мэдэхгүйгээр бүх зүйлийг коронавирусээс болоод байна гэж андуурч байхыг үгүйсгэхгүй.
-Сэтгэлийн түгшүүр хэт удаан үргэлжилвэл тухайн хүнд ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Өөрөө коронавирусийн халдвар авсан мэтээр байнгын санаа зовж ургуулж бодсоор байвал тухайн хүний зан үйлд нөлөөлж эхэлнэ.
Жишээлбэл, гараа хоёр минут угаах ёстой байтал 20 минут угаах, амны хаалтаа хоёр, гурваар нь давхарлаж зүүх зэрэг нь тухайн хүний амьдралын хэвшилд сөргөөр нөлөөлдөг. Ер нь хэт их өөрийгөө хамгаалах тусам сэтгэлийн түгшүүр нэмэгддэг талтай.
Сэтгэл түгшүүртэй байгаагийн илрэл нь толгой, зүрх, гэдэс, цээжээр хатгуулдаг. Энэ нь түгшүүрийн шинж тэмдэг бие дээр шууд илэрч байна гэсэн үг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн гол нь тайвшрах хэрэгтэй. Өөрт төрөөд байгаа мэдрэмжээ бусадтай хуваалцах нь чухал. Найз нөхөд болон гэр бүлийнхэн нь ойлгож сонсдоггүй, буруутгаж шүүмжлэгддэг хүмүүс сэтгэл санааны хямралд хамгийн ихээр өртдөг.
Э.БУРАМ
ЭХ СУРВАЛЖ 6
Коронавирус ба Шинжлэх ухаан
Коронавирус: Академич Ш.Болд, П.Нямдаваа нарын зөвлөмж
Монгол Улсын тэргүүлэх эрдэмтэд, академич Ш.Болд, П.Нямдаваа шинэ төрлийн коронавирус /Covid-19/ талаар урьдчилан сэргийлэх, эмчлэх зөвлөмж гаргажээ. Энэхүү зөвлөмжийг хүргэж байна.
ДЭМБ-аас COVID-19 хэмээн нэрийдээд байгаа “шинэ коронавирүст уушгины хижиг” өвчин өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас БНХАУ-ын Ухань хотоос эхлэн тархаж, одоо БНХАУ даяар 75000 гаруй хүнийг өвчлүүлээд, одоогоор дэлхийн 28 улс оронд зөөвөрлөгдөн тархаж, Монгол Улс халдвар тархах хамгийн өндөр эрсдэлтэй орны нэгэнд тооцогдох болоод байгаа нь манай улсын төр, засаг, ард иргэдийн санаа зовоосон асуудал болоод байна. Бид санаа бодлоо нэгтгэн хамтран тэмцэж байж л энэ шинэ тахалт өвчний ард нь гарна. Энэ бэсрэгхэн бодомжийг тэрлэгч бидэн хоёр уг нь хоёул анагаахын сургууль төгссөн хүний эмч нар боловч нэг нь уламжлалт анагаахаар, нөгөө нь анагаахын вирүс судлалаар мэргэшсэн тул Энэтхэг, Хятад мэт дорнын орнуудад уламжлалт хийгээд орчин үеийн анагаахын мэдлэг, чадварыг энэ шинэ өвчинтэй тэмцэхэд хүч хавсруулан хэрэглэж байгаа жишээг бэлхнээ хараад, бид бас яагаад ингэж болохгүй билээ хэмээн сэтгэж, энэхүү нийтлэлийг хамтран толилуулж байгаа юм. Болгоон соёрхоно уу.
Бид “шинэ” коронавирүс гэж ярьж, бичиж байгаа маань одоогийн мэдлэгийнхээ хүрээнд л тооцоолж нэрлэн буй хэрэг гэдгээ умартаж боломгүй. Хүний вирүсийг судлаж эхлээд хүн төрөлхтөн дөнгөж 100 орчим жил л болж байгаа шүү дээ. Тиймээс урьд өмнө ийм вирүс байсан эсэхийг ор тас үгүйсгэх аргагүй. БНХАУ, АНУ-ын хэсэг эрдэмтэд Умард Төвөдийн орноо байх Хималайн уулын “Гулия” хэмээх мөсөн голын дулаарлаас үүдсэн өөрчлөлтийг судлах явцдаа 15000 жилийн настай нь тогтоогдсон мөсний гүнээс одоо бидний мэддэг, мэддэггүй 30 гаруй овгийн вирүс илрүүлснээ bioRxiv хэмээх нэр хүндтэй сэтгүүлд саявтархан нийтлүүлсэн нь үүний гэрч болох буй заа. Тийм ч учраас монголчуудын түүхийн туршдаа бичиглэж үлдээсэн өвчингүй эрүүл амьдрах талаарх олон арван сургаал, номлол, ёс заншил, аман хууль, эмийн жор, хорио цээрийн баялаг сан бидэнд “шинэ” халдварт өвчинтэй тэмцэх арга замаа хайх үүц болох нигууртай байх ёстой гэж бид бодож байгаа юм.
Халдварт өвчний талаар олон зуун жилийн өмнөөс уламжлалт анагаах ухааны судар бичигт эш үзүүлж таниулжээ. “Анагаах ухааны дөрвөн үндэс” судрын “Увдисын үндэс” дэх хижиг өвчнийг анагаах бүлэгт: Дөрвөн улирлын уур амьсгал илүүдсэн, дутуудсан, буруудсан, хатуу хүчилсэн халдварт өвчний үнэр туссан, их уурласан, санаа сэтгэл зовсон, идээ, ундааг тэнцүүлээгүй, биедээ зохисгүй зүйлийг эдэлсний эрхээр бие махбод нь хямарч хижиг (халдварт) өвчин болно. Өвчний гол шалтгаан нь идээ ундаа, явдал мөр, цаг агаар, гэнэтийн нөхцлөөр шарын халууныг хэтэрхий бадруулж дараа нь бадган, шар хийд бууж, орох зургаан үүдээр дэс дараалан ордог буюу үнэр туссанаар (агаар дусал, ахуйн замаар) өвчлөх тул халдварт хижиг гэж нэрлэдэг. Ангилал нь унгарал өвчин, гүвдрүү, гэдэсний хатгалга хийгээд сахуу, боом, дагшуур (ханиад) нийлээд таван зүйл болно хэмээсэн байдаг.
БОХИРДСОН АГААРЫГ ЦЭВЭРЛЭЖ АРИУТГАХУЙ
Хүний амьсгал авах, гаргахад нян, вирүсээр бохирдсон агаарыг шүүж цэвэрлэхэд орчин үед хэрэглэж буй амын хаалт (маск), агаар цэвэршүүлэгч тун сайн арга мөн. Юань улсын монгол хаадын зоогийг зөөдөг үйлчлэгч бүсгүйчүүд идээ, ундаанд амны уур орж ариун бус болохоос сэргийлэн зоогоо толгой дээрээ барих буюу “амавч” зүүж байсан нь монголчууд энэ аргыг нэн эртнээс хэрэглэж ирсний баталгаа болно.
Гэвч уламжлалаа харвал монголчууд агаарт буй нян, вирүсийг галын хүч, арц, хүж, гүгэл мэт ариун үнэртнээр устгаж, ариутгахыг давуутай хэрэглэж байсан бололтой.
Ромын пап ламын зараалаар Их Монгол улсад ирж тандалт хийж байсан Плано Карпини, Гильом де Рубрик нар монголчуудын ариутгах зан дадлын талаар “Монгол хүний ариутгах сэргийлэх талыг дөхөмчлөн хэлвэл юм бүхнийг галаар ариутгадаг гэж тэд нар итгэдэг байна. Гадаадаас алба татварт хүргэгдэн ирсэн юмсыг, мөн хол газраас ирсэн хүн ба бэлэг, сэлтийг хоёр галын дундуур явуулан галаар ариутгал хийж, ямар нэгэн хор хөнөөл авч ирэх, аюул гамшиг болохоос сэрэмжилдэг байна” гэж бичиж байжээ. Түүнчлэн хижиг буюу халдварт өвчнөөр өнгөрсөн хүмүүсийн эд, агуурсыг галын дөлөөр ариутгадаг буюу галд шатаадаг байсан байна.
Галын буюу арц, хүжний утлагаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой байдаг нь нян, вирүсийн гадар бүрхүүл эфирийн тос, дулааны хавсарсан үйлчлэлээр амархан эвдэрч гэмтдэг гэдэг нь сорил туршилтын судалгаануудаар батлагдсан гэж үзэж болно.
Есөн найрлагат (Алтан өнгөт арүр, бона, үхрийн цөсний чулуу, гүгэл, заар, шудаг, өмхий давирхай, хүхэр, бэх) “Есөн харын үрэл” буюу Римсүрэнг зүүх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашид өвчинг хүндрүүлэхгүй байхад чухал ач холбогдолтой
Монголын нэрт эмч, эрдэмтэн Жамбалчойжиданзанпэрэнлэй (1789-1838 он) “Увдисын далай” судартаа “Есөн харын эмийг түрхэх буюу зүүснээр лусын хорыг хоцроолгүй арилгаж, нян хижиг бүгдийг дарж, хар, цагаан, алаг гурван зүйлийн боом, гэдэсний халдварт өвчин, цээжний хатгалга, ад болон хижиг өвчин бүхнээс хамгаална, энэ эмийн чадал цаглашгүй билээ” гэж бичжээ.
Есөн харын найрлагыг зүүхээс гадна хүүхдийн хүзүүнд өнчин сармис зүүх аргыг уламжлалт мэдлэгт олонтоо дурдсан байдаг. Өнчин сармис гэж олон хумсгүй, ганц бүхлээрээ байдаг сармисыг хэлдэг.
Уламжлалт анагаах ухааны эмээс Гүргэм-13, Норов-7, Цагаан тан зэргийг буцалгаж уураар нь гэр орноо ариутгах, арц, хүж шатааж утааг нь үнэрлэх, буцалсан усны халуун уураар ам, хамраа утах мөн хуурсан будааны уураар хамраа утвал нэн тустай.
АРИУН ЦЭВРИЙГ ЭРХЭМЛЭХҮЙ
Хүн амын тархай бутархай байршил нь халдвар тархах боломжийг багасгадаг. Халдварт өвчин гарсан тохиолдолд түүнийг янз бүрийн тэмдгээр дохиолон мэдээлж, тархах боломжийг нь хорьж, түүнийгээ “хөл хорих” гэдэг. Хөл хориотой айлд гаднаас хүн орохгүй, салхин дээгүүр нь холуур явдаг ёстой. Удаж бохирдсон ус, цайг улайссан төмрөөр цоргиж ариутгадаг. Сааль сүүний савыг идээ бузартана гээд айлд өгөхөөс илт дургүйцэнэ. Монгол эзэгтэй унтахдаа бөгж, бугуйвчаа авч тавьдаг атлаа идээнд бузар орохгүй хэмээн алт, мөнгөн бөгж, бугуйвчаа зүүгээд сааль сүүндээ гардаг уламжлалтай байв. Монгол хүн хувцасны бузар болно гэж бусадтай хувцас сольж өмсдөггүй, дээл хувцсаа салхинд гаргаж угаарыг нь гөвдөг, шөнө сэрүүнд дулаан хучиж унтдаг зэрэг бол эрүүл ахуйн чухал үйлдлүүд юм.
Юань улсын албан хаагч, түшмэл нар биедээ нэгэн бяцхан сав авч яван шүлс, цэрээ нулимдаг байв. Энэ савыг “Шүлсний сав” гэдэг. Энэ нь тухайн үедээ амьсгалын дээд замын халдварууд болон сүрьеэ өвчнөөс сэргийлэх аргуудын нэг байсан бололтой.
Амьдралын эрүүл дадал, зуршлыг хүмүүст олгож төлөвшүүлэх замаар халдварт өвчнөөс сэргийлэх талаар өнөөгийн бид ч хэвшил болгомоор заншлыг бий болгожээ. Хүн болгон өөрийн аягатай байх нь монголчуудын эрхэм ёс байлаа. Айлд ороод эр хүн гэрийн баруун талд насны эрэмбээр суухад айлын эзэгтэй “Та аягаа” гэж гараа тосоход аяганы уутнаас аягаа гарган өгдөг байна. Эхний үед модон яваандаа зэс, мөнгө, алтан аяга хэрэглэж эхэлжээ. Хүн бүр аягатай байх нь халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх нэгэн нөхцөл болдог. Монголчууд хөлсний алчууртай түүнийгээ бусдад үл дамжуулдгийг “Арай чинээлэг тохитойхон шиг нэг нь жижигхэг цэмбэний өөдөс дандаа өвөртөлж явах бөгөөд мах идчихээд гарынхаа тосыг түүндээ арчина” гэсэн түүхэн тэмдэглэлүүд бий.
Түмэн засагт хааны “Их цааз”-д үндэслэн Түмэдийн Алтан хаан (1507-1582) тусгай цааз зохиожээ. Энэхүү цаазын ерөнхий агуулгаас хуулийг чандлан сахиж хэрэгжүүлдэг, хууль цааз нь дээдсээс аваад дорд ардыг хүртэл хэнийг ч ялгалгүй тэгш хэрэгждэг байсан нь тодорхой харагддаг. Нөгөө талаар хүний эрүүл мэнд, эд эрхтэн, амь настай холбоотой заалтыг түлхүү оруулж шийтгэлийг чангатгасны зэрэгцээ өнөө ч харангын аюул дэлддэг халдвар, халдварт өвчнөөс сэргийлэх заалтыг нэн тодорхой тусгасан нь тун ч сайшаалтай хэмээн үзэхээр байна. Оршуулгын газраас шууд гэртээ орвоос хүний тоогоор мориор торго. Халдварт өвчнөөр өвдсөн хүний гэрт очиж өвчин халдааж хүн үхүүлвээс тогтоосон журмаар жанчин есөн есөөр торго. Халдаагүй болвоос эмээл хазаартай мориор торго гэж заажээ.
Мөнгөн буюу зэс аяга өдөр тутмын хэрэглээндээ ашигладаг, цай хадгалахад гуулин (зэс, цайрын хайлш) домбо хэрэглэдэг уламжлалт зан үйл нян, вирүстэй тэмцэх чухал арга байсныг одоо АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад эмэнд тэсвэржсэн нянтай тэмцэх арга болгон хэрэглэх болсон байна. Эмэнд тэсвэржсэн нян тархах нэг гол эс үүсвэр болсон Сэхээн амьдруулах тасгийн хаалганы бариул, чийдэнгийн унтраалга, орны хашлага, жорлонгийн суултуур зэргийг зэсийн зэвэрдэггүй тусгай хайлшаар хийснээр эмэнд тэсвэржсэн нян эмнэлгийн дотоод халдвар хэлбэрээр тархаах, уг халдвараас улбаатай эндэгдлийг буруулсан тухай эрдэм судлалын бүтээлүүд хэвлэгдэж, нийтийн хүртээл болсон байна.
БИЕИЙН ШИМ, ЧАЛХЫГ ДОДОМДОХУЙ
Байгалийн болон арга, билгийн хуулийг эрхэмлэн мөрдөх аваас энэ бие нь эрүүл саруул, амь бөх, чалх сайтай оршино. Эс бөгөөс 5 цул, 6 сав, хий, цусны хөдөлгөөн, сав шимийн арга, билгийн хууль зөрчигдөн, үл зохицон самуурч өвчин эс салж ужиграх аваас үхэх болой хэмээн анагаахын эртний сударт онцлон тэмдэглэжээ. Үүнийг ухаарсан мэргэд өвчин ирэхийг эс хүлээх, харин урьдчилан сэргийлэх, ирвээс ужиграхыг эс хүлээх, харин эмчлэх, ужгирсан хойно эм хүртэх нь дайн эхэлсэн хойно зэвсэг бэлдэх ялгаа юун, оройтох бус уу хэмээжээ. Тиймээс аливаа нэгэн өвчин тахал гарсан тохиолдолд түүнээс сэргийлэх аргыг зүйл бүрээр сүвэгчлэн нээж, хэрэглэж даджээ.
“Хуанди Нэйжин судар” болон Юань улсын Монгол хаадын зоогийг хариуцдаг эмч, түшмэл Хүсэхүй “Идээ ундааны жинхэнэ товч” номонд өгүүлэхдээ "Эрт цагийн хүмүүс саруул ухаантай, шалмаг хөдөлгөөнтэй хэвээрээ зуу илүү насалдаг байсан атал одоо бидний үеийн хүмүүс 50 насыг даваад цуцах нь хурдан болж хөгшрөх нь эрт болжээ. Цагийн аясаар ингэв үү? Эсвэл эрүүл амьдрах эрдэм ухааныг эс шүтсэнээс үү? Эрт үеийн хүмүүс эрүүл явах эрдэм ухааныг шүтэж, идээ ундааг эрхэмлэн тохируулж, өдрийн явдлыг өөрт тааруулсаар энэ бие нь эрүүл саруул, ухаан санаа нь төгөлдөр хэвээр байсаар тэнгэрийн тааллаар зуу илүү насалж байжээ. Харин эдүгээгийн хүмүүс дээрх бүгдийг умартан архийг хэтрүүлэн наргиж, цэнгэлийг хөлчүүрхэн самуурч, зохистой бус, цаггүй амьдран биеийн билгийг хоосруулж тэнгэрээс таалсан тэр хүчийг хороож байна. Тэд хэт хөөрч, их догдолж, дөрвөн улирлын эрхэнд үл автан энэ амьдралыг дэггүй болгосоор 50 наснаас эхлэн тамир хүч нь доройтон хөгширч байна. Эрт үеийн мэргэд дөрвөн улирлын эрхэнд зохицон, амар тайван амьдралыг эрхэмлэн, сэтгэл санаа тайван амгалан, тэгш дүүрэн байх аваас өвчин хаанаас ирэх билээ хэмээн эрхэмлэн сургадаг байв. Ийм ахул энэ цагийн хүмүүс хэрвээ мэргэдийн ухааныг эрхэмлэн дагавал сэтгэл тайван айдасгүй, ажил хийсэн ч алжаалгүй өөрийн эрхээр амьдран суух болно. Тэд идээ ундаагаа өөлдөггүй, өмссөн зүүснээ гоочилдоггүй, бусдад үл атаархан, өөрт буйдаа санаа дүүрэн, энэ цагтаа сэтгэл хангалуун аж төрж, бусдын эрхэнд үл автан өөрийн ухаанаар амьдарч, цэцэн ч бай, мунхаг ч бай эрүүл амьдрах арга ухааныг шүтсэний учир зуу насалсан ч хөгшрөлийг эс үздэг ажээ" хэмээн сургажээ. Тиймээс биеэ сайтар гамнан арчлахдаа урьдаар өлсөж байгаад сая идэх бөгөөд хэтэрхий цадтал идэхгүй, урьдаар ундаасаж байгаад сая уух бөгөөд хэтэртэл уухгүй, идэж уухдаа хэмжээг сайтар тохируулж, өлмүүхэн цадах нь биеийн чалхыг тогтвортой байлгахад шууд нөлөөнө. Чухамдаа цатгалангаас өлсгөлөн, өлсгөлөнгөөс цатгалан болох нь зөв хэдий ч хэт цадсаны даруйд хэвтэж үл болмуй. Эс тийм бөгөөс өвчин бүхнийг үүсгэх болно.
“COVID-19” БУЮУ “ШИНЭ КОРОНАВИРҮС”-ЭЭС СЭРГИЙЛЭХЭД ХЭРЭГЛЭЖ БОЛОХ УЛАМЖЛАЛТ АРГА
Ханиад халдварласан байж болохуйц сав суулгыг холих, олон нийтийн газар зорчихоос урьдчилан сэргийлэх, цаг үргэлж өөрсдийн орон гэрийн гадна, дотно орчны хогийг цэвэрлэж эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж, нус, шүлс, баас, шээсээ байшин, хашааны булан тохойд болон ил задгай хаяхгүй байх хэрэгтэй.
Өөрт ханиад өвчин тусваас амандаа хаалт хийж бусдад халдааж түгээхгүйг эрхэмлэх хэрэгтэй. Ханиад өвчнийг хүндрүүлэхгүйн тулд бие махбодыг халуун хүйтэнд харшуулахгүй байж машид халуун газар ам цангахаас бусад тохиолдолд хүйтэн болон мөстэй ус хэрэглэж үл болно.
Хоолонд улаан, шар халуун ногооны төрөл, архи дарс, хуучирсан тараг, шорвог хоол, боов талханд хуучирсан тос түрхэж идэх, хайрч хуурсан төрлийн хоол, хэт чихэрлэг, хэт гашуун идээ, ундааны төрлийг цээрлэх нь уг өвчнийг хүндрүүлэхгүй байхад тус болно.
Ялангуяа хуучирч муудсан идээ, ундаа нь ханиадыг ихээр хүндрүүлдэг байна.
Ханиад хүрсэнээс хойш 21 хоног хүртэл бие, хэл, сэтгэлийн ширүүн явдлыг хичээн тэвчих хэрэгтэй.
Буцалсан усыг ихээр ууж, бие, хэл, сэтгэлийг машид тайван байлгах ба өглөө 5.00-6.00 цагийн хооронд хоол идээгүй өлөн үедээ 20-35 минут амьсгалын дасгал, бясалгалыг хийвэл өвчнөөс урьдчилан сэргийлэх мөн өвчнийг цаашид даамжруулахгүй байх ихээхэн ач холбогдолтой.
Өглөө, өдөр, оройн хоолыг тогтсон цагт идэж шөнөдөө 7-8 цаг унтаж амрах шаардлагатай.
Дээрх урьдчилан сэргийлэх аргуудыг хичээнгүйлэн мөрдөхөөс гадна агаар нь бохирдсон орчинд аль болох явахгүй байхыг хичээх хэрэгтэй.
Өөрийн ханиад өвчнийг бусдад халдаахгүйн тулд гэр бүлийн гишүүдээс хэрэглээний зүйлс болон хоол, унд, аяга, халбага гэх мэтээ тусгаарлаж үлдэгдэл хоол, ундаа бусдад өгөхгүй байх нь чухал.
Ус их хэрэглэвээс өвчнийг шинэ үест нь илааршуулах бололцоо байдаг. Европ эм хэрэглэхийн өмнө Цагаан тан, Норов-7 танг уух, эдгээр танг сүүтэй, цайнд хийж хандалж уух, дээр нэгэнт дурьдсан “9 харын үрэл” буюу Римсүрэнг буюу өнчин сармис зүүвэл өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашид өвчинг хүндрүүлэхгүй байхад чухал ач холбогдолтой.
Уламжлалт анагаах ухааны ёсоор бол халдварт ханиадын ерөнхий эмчилгээнд: эхний үед халууныг буулгаж засах нь маш чухал байдаг. Үүнд: Цагаан тан, Норов-7, Лидэр-7 (Лидэр, мана, арүр, барүр, жүрүр, дэгд, хонлэн) тан зэргийг хэрэглэдэг. Одоо үед эдгээрийг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн бэлтгэж хэрэглэх буюу уламжлалт эмийн сангуудаас авч хэрэглэж болно. Бүлээн халуун усыг ихээр уух, аарц буцалгаж уух, шинэ мах хэрэглэх, хайрч шарсан хоол болон тос ихтэй шөл, будааны шөл зэргийг идэхийг тэвчиж, халуун дулаан тэнцүү орчинд шингэхэд хялбар хоол ундыг ихэвчлэн хэрэглэх нь зүйтэй юм.
Түүнчлэн Эрхэм-8 (Гиван, цагаан зандан, жуган, гүргэм, дэгд, башига, хонлэн, цагаан бона), Лоцадгүнсэл-уушгины халуун бүгдийг арилгагч /Уушги-18/ (Жуган, мэхээр, гүргэм, гиван, цагаан зандан, улаан зандангаар гол болгоно), Баатар-7 (Бона-гийн соёо, ар үр, ортууз, марина, гүгэл, шунх, заар), Чун он-9 /Хөх гарьд-9/ (Бона, хонлэн, сороол, гүгэл, мэхээр, ортууз, ар үр, мана, хонголзуур), Жуган-25 (Жуган, чихэр өвс, цагаан үзэм, цагаан сороол, мэхээр, руда, чацаргана, гүргэм, зүрхэн цэцэг, цагаан сира, гиван, цагаан зандан, улаан зандан гэх мэт 25 найрлагатай), Брүнаг-29 /Балчиргана-29/ (Хар балчиргана, номхотгосон бона, лидэр, бона-гийн соёо, нимба, жуган, өвсөн дэва, өргөст хөх гэх 29 найрлагатай)-ийг өвчний явцад нь тохируулан ууна.
Сүүлийг нь таслах буюу эмчилгээний адагт хий босохоос сэргийлж Агар-35 (Хар агар, улаан агар, цагаан агар, цагаан гүгэл, зүрхэн шош, номхотгосон хүнцэл, анар, улаан зандан, цагаан зандан, жуган, цагаан сороол гэх мэт 35 найрлагатай), Ран агар-8 (Хар агар, зүрхэн шош, жуган, цагаан сороол, гүргэм гэх мэт 8 найрлагатай)-ын найрлагыг өвчний байдалд тохируулан өгнө.
ЭХ СУРВАЛЖ 7
Коронавирус ба Эдийн засаг
Шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас Хятад улс төдийгүй дэлхий нийтийн аж үйлдвэрлэлийн логистик сүлжээнд доголдол үүсч, олон оронд Хятад улстай үйлдвэрлэл, худалдааны шууд хамааралтай аж үйлдвэрлэл доголдож, зогслоо. Гэхдээ коронавирус дэлхийн эдийн засагт нөлөөлөх хамгийн хүнд үетэй хараахан нүүр тулаагүй байна. Covid-19 вирус дэлхийн нийлүүлэлтийн хэлхээнд үзүүлэх нөлөөллийн оргил үе гуравдугаар сарын дунд үе хэмээн таамаглаж байна. Өнгөрсөн сард эхэлсэн Хятадын үйлдвэрүүдийн үйл ажиллагааны уналт ирэх саруудад ч үргэлжлэх төлөвтэй байна хэмээн HBR мэдээлжээ.
БНХАУ-ын гангийн аж үйлдвэрлэлийн салбарын PMI индексээс авч үзвэл, уг салбарын үзүүлэлт өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард 44.1 хувьд хүрч байсан бол 2020 оны хоёрдугаар сарын байдлаар эрс буурч, 36.6 хувьд хүрэв.
Мөн халдварт өвчний улмаас хил хаах, худалдааг хязгаарлах арга хэмжээ авсны улмаас Хятад улсын ган төмөрлөгийн экспорт эрс буурч, агуулах дахь гангийн үлдэгдэл ихээхэн нэмэгдсэн байна. Ийм нөхцөлд Хятадын зарим гангийн үйлдвэр ган хайлуулах зуухаа унтрааж, түр зогсолт хийж байгаа гэж мэдээлжээ. Үүнээс үзвэл тус улсын ган төмөрлөгийн үйлдвэрлэл сэргэж, хэвийн үйлдвэрлэлийн түвшинд хүртэл багагүй хугацаа буюу нэг улирал (4-6 дугаар саруудад аажмаар сэргэх магадлалтай) шаардагдах төлөвтэй байна.
Коронавирусийн улмаас Дэлхийн эдийн засгийн өсөлт нь 0.5 нэгж хувиар буурна гэж судлаачид үзжээ. 2008 онд тохиолдсон дэлхийн эдийн засгийн хямрал ойртож байгааг хамгийн оновчтой таамаглаж чадсан эдийн засагч Ноурель Рубини одоо үргэлжилж байгаа халдварын тархалт, үүний улмаас дэлхийн эдийн засагт учирч буй эрсдэл, уналттай холбогдуулан халдварын тархалт амар буурахгүй, багагүй цаг хугацаа шаардагдана. Хятадын эдийн засгийн өсөлт 2020 онд 2.5-4.0 хувь байж, төсвийн бодлогын арга хэрэгслийн үйлчлэл аажим нөлөөлж, удаан хугацааны дараа үр дүнд хүргэх тул дэлхийн эдийн засаг "V" хэлбэрээр хурдан сэргэхгүй, сэргэлт удаан байна гэж үзжээ.
Дэлхийн эдийн засагт БНХАУ-ын эзлэх байр суурь | ||
2003 оны SARS-ийн үед | 2019 оны байдлаар | |
Дэлхийн эдийн засагт эзлэх хувь | 4 хувь | 15 хувь |
Хятад жуулчид | 10 сая | 150 сая |
Дэлхийн эрдэс баялгийн хэрэглээнд эзлэх хувь | Зэсийн хэрэглээний 16 хувь Нүүрсний хэрэглээний 30 хувь Газрын тосны хэрэглээний 5 хувь | Зэсийн хэрэглээний 50 хувь Нүүрсний хэрэглээний 52 хувь Газрын тосны хэрэглээний 15 хувь |
Хятад улсын статистикийн байгууллагаас гаргасан хоёрдугаар сарын тоо мэдээллээр 2020 оны нэгдүгээр сард 50.0 хувьд хүрч байсан уг индекс хоёрдугаар сарын байдлаар 35.7 хувьд хүрч, түүхэн дэх хамгийн доод түвшинд хүрчээ.
Аж үйлдвэрийн бус PMI үзүүлэлт 54.1 хувиас буурч 29.6 хувьд хүрч мөн хамгийн доод түвшинд хүрээд байна.
Хятад улсын хувьд зөвхөн нэгдүгээр улиралд бус хоёрдугаар улиралд ч эдийн засгийн гол үзүүлэлтүүд бууралт, уналттай гарах төлөвтэй байна.
ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫГ ДАВАХ ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Хөл хорио, карантинд буй иргэд өнөөдөр юу, юунаас илүүтэй төрийн дэмжлэгийг үгүйлж байна. Өөрөөр хэлбэл, орлогогүй байгаа иргэдэд улсын төсвөөс бэлэн мөнгө олгох нь өнөөдрийн нөхцөлд олон улсад гол тренд болж байна.
АНУ-ын эдийн засгийн хямралыг давах багцад 2 их наяд ам.долларын дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж буйгаас дөрөвний нэгийг нь ард түмэндээ шууд бэлэн мөнгө хэлбэрээр тарахаар болжээ. Ингэхдээ насанд хүрсэн иргэддээ 1000 ам.доллар, хүүхдүүдэд 500 ам.доллар олгох асуудал яригдаж байна. Энэхүү мөнгөн дүнг хоёр дахин өсөх ч боломжтой ажээ. Ард түмэндээ ингэж мөнгө тарааснаас хөл хорионд буй иргэд хоол, унд худалдаж авах, ус цахилгаан, орон сууцныхаа төлбөрийг төлөх, банкны зээлээ төлөхөд нь тус дэм болох бөгөөд ингэснээр санхүүгийн системд учрах эрсдлийг буруулна гэж үзжээ.
Хонконг ч мөн адил дээрхтэй арга хэмжээ авч байна. Насанд хүрсэн 7 сая хүн бүр 1280 ам.доллар авах бөгөөд үүнд 9 тэрбум ам.доллар төсөвлөжээ. Энэхүү мөнгийг тус улсад ажил эрхлэх зөвшөөрөлтөй гадаадын иргэн ч авах боломжтой ажээ.
Харин Сингапурт 70-210 ам.долларыг ард иргэддээ өгөхөөр болсон бөгөөд хүүхэдтэй гэр бүл, ахмад настан, амьдралын баталгаажих түвшнөөс доогуур амьдарлтай хүмүүс дээрх үнийн дүнгээс илүүг авах ажээ.
Макао 375 ам.доллартай тэнцэх хүнсний ваучер олгохоор төлөвлөж байна. Энэ арга хэмжээ нь хэрэглэгчдийг дэмжихээс гадна рестораны хүргэлтийн үйлчилгээг дэмжихэд зориулагдаж байна.
Их Британи улс ч энэ төрлийн арга хэмжээг авахыг Goldman Sachs-ийн эдийн засагч Жим О’Нил уриалж байна.
Харин Австрали улс уламжлалт аргыг хэрэглэж байгаа бөгөөд ядуу, тэтгэврийн насны иргэддээ буюу 7 сая хүн 430 ам.доллар өгөх ажээ. Үүний зэрэгцээ, тус улс өнөөдөр эдийн засгийн аврах хоёр дахь багц хөтөлбөрөө танилцуулсан байна. Үүнд 66 тэрбум ам.долларыг төсөвлөжээ. Эхний багц хөтөлбөрт Австрали улс 17.6 сая ам.доллар болон 100 тэрбум ам.долларыг зээлийг царцаахад зориулан зарцуулахаар төлөвлөж байсан. Нийтдээ Австрали улс 189 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг эдийн засгаа хямралаас гаргах, ажлын байрыг хадгалахад зарцуулахаар болжээ.
Энэ мэтчилэн улс орнууд ард иргэддээ бэлэн мөнгө олгож, зээлийн төлбөр, орон сууцны үйлчилгээний төлбөр, хоол ундаа авахад нь дэмжлэг үзүүлж байгаа бол зарим улс татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлд анхаарч байна. Тухайлбал, Исланд улсад татварын хураамжийг хойшлуулсан бол Италид ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулаад байна. Мөн Хорватад зээлийн үндсэн төлбөрийг эргэн төлөлтийг хойшлуулжээ.п
Хэрвээ хөгжингүй орнууд өвчлөлийн оргил үеийг дөрөв болон тавдугаар сард давж гарч чадвал дээрх арга хэмжээ нь авч болохуйц арга хэмжээ ажээ.
Харин ОХУ-д эдийн засгийн хямралыг давахад ард иргэддээ туслах гэхээсээ илүүтэй томоохон компаниудад дэмжлэг үзүүлж байна. Ингэхдээ эхний ээлжид төрийн өмчит компаниудад тусламж үзүүлж байгаа ажээ. Иймээс жижиг, дунд бизнес эрхлэгчид болон ард түмнээ бодож, хямралыг давах өөр арга барил хэрэгтэй гэдгийг эдийн засагчид нь сануулах болжээ. Тухайлбал, ард иргэдийнхээ худалдан авах чадварыг дээшлүүлэх үүднээс дөрөв болон тавдугаар сард 10 мянган рублийг нэг удаа олгох санал гаргажээ. Үүнд ойролцоогоор 1-1.5 их наяд рубль шаардагдах тооцоо гарсан байна.
Мөн Үндэсний халамжийн санд энэ хэмжээний хөрөнгө байгаа бөгөөд хэрвээ шаардлага гарвал дээрх арга хэмжээг зун ч хэрэгжүүлж болно гэв. Энэ арга хэмжээг томоохон хотуудад хөл хорио тогтоосон үед авах хэрэгтэй гэв. Үүний зэрэгцээ, жижиг, дунд бизнес эрхлэгчид болон зээлтэй иргэдэд онцгой нөхцөлд торгууль, алданги тооцохгүй байх, түрээсийн төлбөрөөс чөлөөлөх зэрэг арга хэмжээ авахыг уриалсан ажээ.
COVID -19-ИЙН СӨРӨГ НӨЛӨӨ МОНГОЛД ЗУРГАДУГААР САРД ХҮЧТЭЙ МЭДРЭГДЭНЭ
Монгол Улсын эдийн засаг БНХАУ-аас ихээхэн хамааралтай. Иймээс нөхцөл байдлыг бодитоор үнэлж, макро эдийн засгийн түвшинд яаралтай арга хэмжээ авч, төсөвт тодотгол хийхгүй энэ хэвээрээ яваад байвал ирэх зургадугаар сар гэхэд ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрч, 250 мянга орчим хүн ажилгүй, орлогогүй болох төлөв ажиглагдаж байгааг бизнес эрхлэгчид төр засагт анхааруулж байна.
Тодруулбал, Монгол Улсад Covid-19-ийн эдийн засагт үзүүлж буй нөлөө яг ямар салбарт нөлөөлж байгаагаасаа хамаарч, 1-6 сарын дараа мэдрэгдэнэ гэж МҮХАҮТ-аас гаргасан судалгаанд дурджээ. Тухайлбал:
- БНХАУ-д гарсан өөрчлөлт Монгол Улсын худалдаа, наймааны салбарт, тодруулбал, импортын бараа бүтээгдэхүүний үнэд нэг сарын дараа өөрчлөлт мэдрэгдэнэ.
- БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарт гарсан өөрчлөлт Монгол Улсын экспортод үзүүлэх нөлөө нь гурван сарын дараа мэдрэгдэнэ.
- БНХАУ-ын ДНБ-ий өөрчлөлт Монгол Улсад зургаан сарын дараа нөлөөлдөг гэжээ.
Судлаачдын зүгээс эдийн засагт коронавирусийн үзүүлж буй нөлөө эхэндээ V хэлбэртэй байсан бол өнөөдөр L хэлбэртэй болж байна гэж ярьж эхэлжээ.
САРС-ийн үед БНХАУ-ын эдийн засаг 1.4 хувиар буурсан нь Монгол Улсын эдийн засагт 5.2 хувийн бууралт ажиглагдсан. Харин энэ жил Covid-19 улмаас БНХАУ-ын эдийн засаг 2 хувиар буурна гэж таамаглаж байна. Үүнээс харахад Монгол Улсын эдийн засаг өсөхгүй, хасах үзүүлэлтийг үзүүлэх төлөвтэй байна. Иймээс өнөөдөр дэлхийн дахинд бий болж буй хямрал манай улсад илүү хохирол үзүүлэхээр байна.
Үүнээс гадна, Дэлхийн банкнаас саяхан гаргасан “Монгол Улсын эдийн засгийн тойм”-д тулгарч буй эрсдэлийн талаар “Эдийн засгийн төлөв байдал эерэг байгаа боловч улс төр, макро эдийн засгийн эрсдэл өндөр байна” гээд дараах эрсдэлүүдийг дурдсан. Үүнд:
- 2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой улс төрийн тодорхойгүй байдал
- БНХАУ-АНУ-ын хоорондын худалдааны гэрээтэй холбоотой тодорхойгүй байдал, үүнээс түүхий эдийн үнэ ханшид үзүүлэх нөлөөлөл
- Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлүүд
- БНХАУ-ын зүгээс түүхий эдийн экспорт, импортын хязгаарлалт хийх эрсдэл
- Монгол Улс FAFT-ын саарал жагсаалтад орсонтой холбоотой үүсч байгаа эрсдэл
- БНХАУ болон дэлхийн бусад улс орнуудад тархаж байгаа халдварт өвчний тархалтын улмаас гадаад худалдаа, улсын төсөв, эдийн засаг, бизнест үзүүлж болох эрсдэл
Коронавирусийн халдварын тархалтын улмаас Монгол Улсын эдийн засагт үзүүлэх гол сөрөг нөлөөллүүдийг тоймлож үзвэл:
- Гадаад худалдааны эргэлт, үүний дотор экспорт оны эхний хагас жилд ихээхэн хэмжээгээр буурах
- Экспорт болон импортын хэмжээ буурсны улмаас гадаад худалдааны үйл ажиллагаанаас улсын төсөвт орохоор төлөвлөсөн төсвийн орлого ихээхэн хэмжээгээр тасалдах
- Төсвийн орлогын тасалдлын улмаас оны эхэнд санхүүжүүлэхээр төлөвлөсөн төсвийн зарлага санхүүжилтийг цаг хугацаанд нь санхүүжүүлэх боломжгүй болох, төсвийн алдагдал нэмэгдэх, алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр дутагдах зэргээр төсөвт дарамт үүсэх
- Зөвхөн уул уурхайн салбар бус, уул уурхайн компаниудад ханган нийлүүлэлт хийж байгаа компаниудын хувьд эрэлт буурсны улмаас борлуулалтын үйл ажиллагаа нь буурах, хөрөнгийн эх үүсвэр дутагдах, төслөө хэрэгжүүлэх боломжгүй болох зэргээр бусад салбаруудад ч алдагдал, хохирол учрах
- Халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд зарим хилийн боомтуудыг хаасантай холбоотой импортоор авч байгаа хүнсний зарим бүтээгдэхүүний хангамжид доголдол үүсэх
- Өмнөх жилүүдэд учирч байсан хямрал, хүндрэлээс авч үзсэн ч макро эдийн засгийн түвшинд гарах эдгээр өөрчлөлт, таагүй нөхцөлийн улмаас хөрөнгө санхүүжилтийн хувьд дутагдалтай жижиг, дунд бизнес эрхлэгчид ажиллагсдынхаа цалин хөлсийг олгож чадахгүй, санхүүгийн хүндрэлд орох, улмаар орон тоогоо цомхотгоход хүрэх эрсдэл учрах өндөр магадлалтай байна.
Эдийн засгийн нөхцөл байдалд яаралтай арга хэмжээ авах үүднээс Монгол Улсын Засгийн газраас үе шаттай арга хэмжээ авч байгаа. Тодруулбал, зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн хугацааг хойшлуулах, төгрөгийн байх ёстой нөөцийн хэмжээг бууруулсан. Үүний дараагаар Засгийн газар 5.1 их наяд төгрөгийн арга хэмжээг нэмж авна гэдгээ зарлав.
- Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл НДШ-ийг ААН-үүдийг тэглэж байна.
- Дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1-н хүртэл цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.
- Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуй нэгжүүдээс татвар авахгүй.
- Ажлын байрыг хадгалж буй хувийн аж ахуй нэгжүүдэд гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг.
- Малчдад гурван хувийн хүүтэй гурван тэрбумын зээл олгоно.
- Бүх шатны боловсролын байгууллагыг түр зогсоосонтой холбоотойгоор гурван сарын хугацаанд хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ.
- Дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны литр тутамд тодорхой хэмжээнд бууруулна.
ЭХ СУРВАЛЖ 8
Коронавирус биологийн зэвсэг үү?
Хятадын 11 сая хүн амтай Ухань хот дэлхийд аюулын харанга дэлдэж буй, үхлийн аюултай, шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болсон. Ахуйн болон агаар дуслын замаар халдварладаг коронавирусийн халдвараас дайжиж, дэлхийн улс орны иргэд тус хотыг орхин явж, эх нутгаа зорьсоор байгаа билээ.
Энэхүү үхлийн аюултай вирус нь биологийн зэвсэг байж болзошгүй талаар олон улсын шинжээч, мэргэжилтнүүд болон гадны хэвлэлүүд мэдээлж буй юм. НҮБ-ын Биологийн зэвсгийн комиссын гишүүн асан Игорь Никулин Covid-19 шинэ төрлийн коронавирус нь Америкийн эрдэмтдийн “бүтээл” бөгөөд Хятадуудын эсрэг биологийн зэвсэг юм” гэж хэлснийг Ura.ru цахим хуудаст мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Төрийн Думын гишүүн Наталья Поклонская “Үхлийн аюулт коронавирус нь Хятадын эсрэг хэрэглэж буй биологийн зэвсэг байж магадгүй” гэж мэдэгдэв. Тэрбээр олон нийтийн сүлжээндээ “Сүүлийн үед дэлхий дахинаа аймшигт тахал их гарах болсон. Тэдгээрийн цаад шалтгаан нь тодорхойгүй ч тохиолдлын хэрэг биш. Дэлхийг захирч, их мөнгө олохын тулд хүмүүс компьютер стратегиэр тоглож байгаа мэт. Тэр нь таалагдахгүй хүмүүсийг шууд л устгана. Хамгийн аймшигтай нь эдгээр хүмүүс виртуаль биш, жинхэнэ хүмүүс. Энэ коронавирусийг зориудаар гаргасан байх магадлалтай” гэж мэдээлсэн юм.
Поклонская “БНХАУ эдийн засаг, технологийн хувьд асар хурдтай хөгжиж байгаа нь дэлхийд ноёрхох сонирхолтой нэгэнд нь таалагдаагүй байх магадлалтай” гэж тэмдэглэсэн байна. Мөн тэрбээр “Хятадад өнгөрсөн жилийн турш төрийн эргэлт хийх оролдлого гарсан. Өнгөт хувьсгалын боловсруулсан стандартаар нийтийг хамарсан эмх замбараагүй байдал зохион байгуулж байв. Харин одоо ойлгомжгүй вирусийн өмнө айдас, түгшүүрт автаж байна. Энэ зүгээр санамсаргүй нөхцөл байдал уу? Миний бодлоор дэлхийн хүчирхэг хэсгээс хэтэрхий их тоглоом хийж байна” хэмээн мэдэгджээ.
Мэргэжилтнүүд коронавирусийн тухайд, лабораторийн туршилтууд бүтэлгүйтэж, хэн нэг ажилтан алдаа гаргаж, аюулт “тахал” тарсан байж болох талаар өгүүлсэн байна.
“Nature” сэтгүүлд мэдээлснээр, Уханид 2017 онд дэлхийн хамгийн аюултай САРС, Эбола зэрэг вирусийг судлах зориулалтаар биологийн лаборатори нээжээ. Тус лаборатори нь шинэ төрлийн коронавирусийн анхны голомт гэгдэж буй далайн хүнсний захаас 30 орчим км зайд оршдог аж. Мөн 2018 онд уг лаборатори сарьсан багваахайнаас дамждаг коронавирусийг (40 төрлөөс аль нь болохыг дурдаагүй) судалж байжээ. Тодруулбал, тус лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Жоу Пэнээр ахлуулсан судалгааны баг сарьсан багваахай яагаад өөрөө өвчлөлгүй коронавирусийн тээгч болдог, мөн хүний бие махбодод энэхүү вирусийг эсэргүүцэх боломж бий эсэхийг судалж байсан байна.
Тус лабораторид гахайнууд дээр туршилт хийдэг байсан бөгөөд хүнд хэлбэрийн коронавирус нь суулгалт үүсгэж, эцэст нь үхэлд хүргэж буйг тогтоожээ.
Биологийн зэвсэг гэдэг нь цэрэг дайны үйл ажиллагаа явуулахад зориулсан, вирус, нян, бусад өвчин үүсгэгч биологийн тээгч зэрэг хорт бодис буюу өвчин үүсгэгчдийг хэлнэ. Химийн зэвсгээс ялгаатай нь амьд организмыг зэвсэг болгон ашигладаг бөгөөд Биологийн ба хорт бодисын зэвсгийн конвенц, Химийн зэвсгийн конвенцоор тус тус зохицуулдаг. Биологийн зэвсэг нь алах, чадваргүй болгох, хүн буюу бүлэг хүн, аль эсвэл тухайн орчны нийт хүн амыг хүндээр гэмтээх ч чадвартай байдаг.
Барууны зарим хэвлэл сайтуудад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүмүүсийн дунд Уханийн лабораторийн ажилтан Жоу Пэнийн ахалсан судалгааны багийнхан бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ байсан тухай мэдээлжээ.
Израилийн тагнуулын офицер Дани Шохам Хятадын 40 гаруй судалгааны хүрээлэн тэр дундаа Уханийн лаборатори биологийн зэвсэг бүтээх төрийн хөтөлбөрт оролцдог гэж мэдэгдэл хийж шуугиан тарьсан байна. Тэрбээр “Уханийн лабораторийн туршилтууд бүтэлгүйтэж, эсвэл аль нэг ажилтан алдаа гаргаж, аюулт “тахал” тарсан байж болох юм” гэж ярьжээ.
Эх сурвалжид мэдээлснээр, Хятадын эрх баригчид 2002-2003 онд SARS-ийн тархалт гарсны дараа өндөр технологийн лабораторийг Уханьд байгуулах шийдвэр гаргажээ. Улмаар Хятаддаа цорын ганц уг лабораторид аюулгүй байдлын хамгийн дээд буюу дөрөвдүгээр төвшнийг өгсөн байна. Дэлхий дээр ийм төвшний судалгааны лаборатори тун цөөхөн байдаг аж.
Судлаачид лабораторийн тоног төхөөрөмжийг ашиглахаас өмнө болон дараа хувцсаа сольж, ариутгагч шүршүүрт орох шаардлагатай. Мөн ажилчдыг лабораторид зөвхөн цэвэр агаараар хангагдсан, битүүмжилсэн тусгай хувцастай оруулах ёстой байна.
Уханийн лабораторийг нээгдэх үед олон улсын эрдэмтэд уг байгууллагаас үхлийн вирус “гадагшлах” аюултайг анхааруулж байжээ. Тухайлбал, АНУ-ын Мэриленд мужийн био аюулгүй байдлын зөвлөх Тим Треван “Nature” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хятад улс Уханийн лабораторийг хангалттай аюулгүй байлгаж чадахгүй. Учир нь “хүн болгон чөлөөтэй ярьж чаддаг, нээлттэй мэдээлэлтэй тогтолцоо нэн чухал” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: NATURE, NVO.NG.RU, FISHKI.NET
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ