ШИНЭ цэвэрлэх байгууламжийн барилгын ажил ТЭГ ЗОГСОВ

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

ШИНЭ цэвэрлэх байгууламжийн барилгын ажил ТЭГ ЗОГСОВ

ШИНЭ цэвэрлэх байгууламжийн барилгын ажил ТЭГ ЗОГСОВ

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж нь хүчин чадлаасаа 3-5 дахин ачаалалтай болсны зэрэгцээ ашиглалтын хугацаа дууссан зэрэг нь шинэ байгууламжийг барих шаардлагатай болгосон. Гэвч, хөрөнгө байхгүй тул шинэчлэлийн ажил хойшлогдсоор, 2018 онд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл болох 262.7 сая ам.долларын санхүүжилтээр  бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болсон билээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн 2018 оны наймдугаар сард Улаанбаатарт айлчлах үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, тууз хайчилсан. Тэр цагаас хойш хоёр жилийн нүүр үзсэн ч ажил хараахан эхлээгүй байна.  Энэ хавар барилгын ажил эхэлбэл 2023 онд ашиглалтад орох сурагтай.

Шинэ төв цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, одоогийн цэвэрлэх байгууламжийн баруун талд био цөөрмийн талбайд баригдана. Нийт 17.7 га газрыг ашиглахаар төлөвлөсөн байдаг.

Зээл нь жилийн хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай. Эхний долоон жил зээлийн хүүгээс чөлөөлөгдөхөөр гэрээ байгуулжээ. Нийт санхүүжилтийн 95 хувь буюу 249.6 сая ам.долларыг БНХАУ-ын Засгийн газраас, таван хувь буюу 13.1 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас гаргах юм.

Уг байгууламж хоногт 250 мянган м/куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашиглан, эрчим хүч ба дулаан гаргаж авснаар үйлдвэрлэлийн дулаан, цахилгааны дотоод хэрэгцээний 34 хувийг хангах боломжтой аж. Гэвч дэлхий нийтээр тархаад буй цар тахлын улмаас бүтээн байгуулалтын ажил тодорхойгүй хугацаагаар түр хойшилжээ. Хэрвээ энэ хавартаа амжиж барилгын ажил эхлэхгүй бол түлхүүр гардуулах ёслол дахин нэг жилээр ч хойшилж магадгүй гэдгийг албаныхан хэлж байв.

“НИЙТ 32 ЦООНОГ ГАРГАЖ, ХӨРСНИЙ УС ЗАЙЛУУЛАХ АЖЛЫГ ХИЙСЭН”

Шинээр барьж байгуулах цэвэрлэх байгууламжийн ажлын талаар Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн ярихдаа “Шинэ төв цэвэрлэх байгууламжийг бүтээн байгуулах зээлийн ерөнхий хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурсан. Өнгөрсөн оны намар барилгын талбай дээр ажиллах ажилчдын байраа бэлтгэх, газар талбайгаа чөлөөлж, тэгшлэх ажлуудыг хийсэн. Тухайн бүтээн байгуулалт хийх газар дээр геологи судалгаа хийснээр хөрсний ус зайлуулах шаардлагатай болсон. Ингэснээр нийт 32 цооног гаргаж, хөрсний ус зайлуулах ажлыг хийсэн. Шинэ цэвэрлэх байгууламжийн хамгийн том төхөөрөмжийн нэг болох биологи цэвэрлэгээний байгууламжийн ул бетоныг дэвсэх ажлуудыг бас хийлээ. Эдгээр  ажлууд маань өвлийн улиралтай холбоотойгоор түр зогссон.

Энэ хугацаанд ажлын зургийг үе шаттайгаар нарийвчлан гаргаад явж байна. Үндсэндээ цэвэрлэх байгууламжийн эх загвар зураг гарч, Барилгын хөгжлийн төвд магадлалаар орж, баталгаажсан. Уг байгууламжийг БНХАУ-ын санхүүжилтээр барьж байгаа учраас түлхүүр гардуулах нөхцөлөөр БНХАУ-ын компаниуд ажиллана. Монгол талаас хоёр компани оролцож, Монгол Улсын норм, дүрэм, стандартад нийцүүлэх, монгол хэлнээ хөрвүүлэх ажлыг  хийгээд явж байгаа. Одоо барилгын ажил гуравдугаар сард эхлэхээр төлөвлөсөн байсан боловч онцгой нөхцөл байдал үүсээд байна. Тийм учраас газар шорооны ажил тодорхойгүй хугацаагаар түр хойшлоод байгаа. Мэдээж инженер, техникийн ажилтнууд БНХАУ-аас ирэх шаардлагатай байгаа. Бүтээн байгуулалтын ажлаа энэ хавартаа эхлүүлчихвэл цаг хугацаандаа буюу 2023 онд ажлаа хийж дуусгах төлөвлөгөөтэй байна” гэв.

Мөн тэрбээр “Хоёр тал 2018 оны гуравдугаар сарын 1-нд гэрээгээ байгуулсан. Түүнээс хойш 35.5 сарын хугацаанд барилга угсралтын ажлыг хийгээд, нэмэлтээр нэг жил зургаан сарын хугацаанд туршилт, тохируулга, сургалтын хугацаанд БНХАУ-ын гүйцэтгэгч компани монголын ашиглагч компанитай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан” гэдгийг хэлсэн юм..

Цэвэрлэх байгууламжийн ажлын нарийвчилсан зургийг Францын “Артелиа Вил энд Транспорт” компанийн ТЭЗҮ-г үндэслэн БНХАУ-ын Шанхай хотын инженерийн зураг төслийн институт гүйцэтгэж байгааг албаныхан хэлсэн. Харин монгол хэл дээр хөрвүүлэх ажлыг “Сивил инженеринг консалтинг” болон “Криетив монголия” компанийн түншлэл хариуцаж байгаа юм байна.

Бүтээн байгуулалтад ажиллах хүчний хувьд  50-иас доошгүй  монголчууд байхаар гэрээндээ тусгасан бол тоног төхөөрөмжийн хувьд 100 хувь БНХАУ-аас импорлохоор болжээ.

“НИЙТ ХҮМ АМЫН ДУНД ХАЛДВАР ТАРХВАЛ ЖОРЛОНГУУДАД ОНЦГОЙ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ”

Дэлхийн зарим улс орны цэвэрлэх байгууламжаас шинэ коронавирус илэрсэн гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тэгвэл Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн хувьд хэр эрсдэлтэй байгаа талаар Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодруулсан юм.

Тэрбээр “Шинэ коронавирус хоёр замаар хүмүүст халдварлаж байна. Нэгдүгээрт, агаар дуслын зам буюу шүлс үсэрч, гар бохирдсон тохиолдолд. Хоёрдугаарт, өтгөн мөрийн зам буюу вирус хүний ходоодоор дамжин, өтгөнөөр гадагшлахыг хэлж байгаа юм. Өөрөөр ахуйн хавьтлын зам ч гэж хэлдэг. Сүүлийн үеийн судалгаагаар шинэ коронавирусийн вирус хүний нус, цэр, өтгөнөөс ялгарч байна. Ялангуяа хүүхдийн өтгөнөөр их ялгарч байна. Хүүхэд өөрөө шинж тэмдэггүй өвчилж, вирус тээгч болоод байна. Тиймээс бие засах газрын ариун цэвэр маш чухал. Тиймээс төв суурин газар амьдарч буй  хүмүүс суултуурынхаа тагийг хааж усаа татах хэрэгтэй.

Улаанбаатар хотын хувьд нийтийн цэвэрлэх байгууламжтай учраас эрсдэл бага гэж үзэж байгаа. хэрвээ шинэ коронавирусийн халдвар нийт хүм амын дунд тархаад эхэлбэл бие засах газруудад онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Төв цэвэрлэх байгууламжид тогтмол ариутгал халдваргүйжүүлэлт хийж байдаг учраас халдвар тархах эрсдэл харьцангуй бага” гэдгийг хэлж байв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж