"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор кино найруулагч мэргэжилтэй Г.Нандин-Эрдэнийг онцолж байна. Тэрбээр БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуулийг кино найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд Солонгосын кино урлагийн салбарт ажиллаж буй нэгэн.
Хамгийн сүүлд тэрбээр БНСУ-ын үзэгчдийг байлдан дагуулсан “Crash landing on you” олон ангит киноны Монгол дахь зураг авалтад гар бие оролцон ажилласан байна. Мөн Солонгосын алдартай жүжигчид болох Song Hye-kyo, Jang Hyuk, Park Seo Joon, Park Min Young гэх зэрэг олон уран бүтээлчидтэй хамтран ажилласан тухайгаа ярьсан юм. Ингээд түүний сонирхолтой ярилцлагыг хүргэе.
ГАНБААТАР НАНДИН-ЭРДЭНЭ 1995.08.20
Төгссөн сургууль:
Нийслэлийн “Оюуны-Ундраа” цогцолбор сургууль /2012 он/
Мэргэжил:
Кино найруулагч
Одоо эрхэлж буй ажил:
БНСУ-ын Үндэсний урлагийн их сургууль кино найруулагч /2013-2017 он/
БНСУ-ын “KBS”, “MBC”, “TvN” телевизийн ОАУСК-ны зургийн баг, найруулагчийн багийн туслах /2017-2019 он/
БНСУ-ын “Zackcode” студийн туслах найруулагч /2019 он/
Одоо БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуульд продюсер мэргэжлээр мастерт суралцаж буй /2020 он /
Сошиал хуудас:
Nandin-erdene Ganbaatar /фэйсбүүк/
ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАЧ?
-Би 2012 онд Нийслэлийн “Оюуны-Ундраа” цогцолбор сургуулийг төгссөн. Багаасаа математик, англи хэлний хичээлүүдэд сонирхолтой байсан учраас дүүрэг, хотын олимпиадуудад их оролцдог байлаа. Сүүлд арваннэгдүгээр ангиа төгсөхдөө нийгмийн ухааны олимпиадад амжилттай оролцож, улсад дөрөвт орсон. Тэр их сонин, хэрвээ эхний гуравт орсон бол Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд урилгаар орох байсан. Хэдхэн бутархай онооны зөрүүгээр орж чадаагүйдээ ихэд харамсаж байсан тухайн үед. Одоо эргээд бодоход, хэрвээ гуравт орсон бол өнөөдөр энэ мэргэжлээ эзэмшээгүй ч байж мэднэ. Ангийн дарга олон жил хийсэн. Өглөө бүр сургуульдаа эрт ирчихээд хүүхдүүдийн цагийг бүртгэж суугаад л, хэрэв багш болсон бол их хэнхэг багш байх байсан биз.
Урлагийн хувьд багаасаа урлагийн үзлэгт өөрийнхөө зохиосон жүжгээ тоглож оролцоно. “Уран жиргээ” уран уншлагын тэмцээнд оролцдог байлаа. Бас сургуулийнхаа төрөл бүрийн арга хэмжээг хөтөлдөг хүүхэд байсан.
АНХНЫ АМЖИЛТ
-Жижигхэн зүйл байж болох ч дөнгөж сургуульд ороод бэлтгэл ангидаа “гахай” гэдэг дүнг байнга шахуу авдаг байсан юм. Дүрсээр илэрхийлдэг дүнг бидний хавтсан дээр наадаг байсан болохоор би ч “гахай”-наасаа их ичдэг. Нэг өдөр шинэ дэвтэр дээр бүх хийсэн юмаа цэвэрхэн хуулаад жаахан хичээгээд хийтэл анхны онц тэмдгээ авч билээ. Тэр үед хачин их баярлаж, өөртөө итгэх итгэл төрж байснаа тодхон санаж байна.
Багадаа “Ди энд Эл” продакшны “Хүүхдийн ертөнц” гэдэг нэвтрүүлгийг хөтлөх болсноор анх телевизтэй холбогдсон юм. Дунд ангид орох үед өвөө маань надад нэг жижиг гар камер авч өгсөн. Түүнээс хойш гэр бүлээрээ аялалд явах бүрт бичлэг хийж, нэвтрүүлэг хийх болсноор “Загасан нүд” наадамд оролцох болж, 2010 онд “Аялал” номинацийн Үндэсний ялагчаар шалгарч байсан.
Ахлах ангид орох үедээ Монголын үндэсний олон нийтийн телевизийн шалгаруулалтад оролцож, 300 хүүхдээс шалгарснаар “Цоглог” хүүхдийн хөтөлбөрийн “Алим агентлаг” нэвтрүүлгийн сурвалжлагч, хөтлөгчөөр гурван жил ажилласан.
Одоогийн мэргэжилтэй маань холбогдох анхны амжилт гэвэл миний төгссөн Солонгосын Үндэсний урлагийн их сургууль /K-Arts/-д жил бүр 20 гадаад оюутан шалгаруулж авдаг. Тэр оюутнуудын нэг нь болж, сонгогдож ирсэн явдал. Сургууль маань надад олон боломжийн эхлэлийг тавьж өгсөн юм.
ОДОО СУРАЛЦАЖ БУЙ ИХ СУРГУУЛИА ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?
-Гурван жилийн өмнө K-Arts их сургуулийг кино найруулагч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Сургуулиа төгссөний дараагаар Солонгосын телевиз, студиудын олон ангит болон нэг ангит кинонууд дээр ажиллалаа. Хамгийн сүүлд “Zack code” хэмээх Солонгос компанид нэгдүгээр туслах найруулагчаар ажиллаж байгаад гуравдугаар сараас K-Arts сургуульдаа продюссерээр мастер хамгаалахаар дахин элсэж ороод байна.
Энэ завшааныг ашиглаад сургуулийн маань талаар асуудаг олон дүү нартаа мэдээлэл хүргэе. Солонгосын Үндэсний урлагийн их сургууль жил бүр “AMA” тэтгэлэг зарлаж, дэлхийн 143 орноос 20 оюутныг сонгон авч, БНСУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцах эрх олгодог. Энэ бол маш том боломж. Жил бүрийн дөрөвдүгээр сараас эхлэн тэтгэлэг нь зарлагддаг учир интернэтээс тэтгэлгийн нэрээр нь хайж мэдээлэл аваад, эртнээс материалаа бүрдүүлж бэлдэх хэрэгтэй.
Миний хувьд бакалаврын зэрэгтээ гадаад оюутнуудад зориулсан АМА тэтгэлгээр сурч байсан бол мастерын ангид хувиараа шалгалт өгч орсон. Солонгосын ихэнх том зэрэглэлийн сургуулиуд хэдийгээр солонгос оюутнууд элсэхэд маш хэцүү, асар том өрсөлдөөнтэй ч гэлээ гадаад оюутнуудад харьцангуй нээлттэй. Солонгос оюутнуудтай өрсөлдүүлэлгүйгээр элсүүлдэг. Харин манай сургуулийн хувьд АМА тэтгэлгээр биш бол хувиараа элсэж орохын тулд заавал солонгос оюутнуудтай адилхан ур чадварын шалтгалт өгч ордог. Тиймээс ч би энэ удаад өөрийгөө сорьж үзье гэж бодож, гурван шатны шалгалтуудыг гурван сарын хугацаанд өгч өрсөлдөөд тэнцсэн юм.
СОЛОНГОС УЛСАД АЖИЛЛАСАН АНХНЫ БҮТЭЭЛ
-Би их сургуулиа төгсөөд ажил хайж эхэллээ. Хэл ярианы чадвар хамгийн их шаардагддаг нарийн мэргэжлийн нэг болох найруулагчийн багт гадаад хүн орж ажиллана гэдэг үнэндээ хэцүү учраас хэсэг хугацаа алдсан. Тиймээс би зураг авалтын багт л орж ажиллаж байвал надад хэрэгтэй, туршлага болно гэж бодсон. Тэгээд заавал найруулагчийн багт гэхгүй ажиллая гэж шийдсэн. Сургуульд маань киноны бүх мэргэжлийг адилхан түвшинд заадаг учраас камер, гэрэлтүүлэг, дуу гээд аль ч хэсэгт нь ажиллах боломжтой юм л даа.
Ингээд хамгийн анх “KBS” телевизийн түүхэн олон ангит кинонд гэрлийн багт туслахаар тэнцэж, шууд хөдөө натурт гарсан. Тэнд киног нь үздэг байсан Солонгос улсын мундаг жүжигчид, уран бүтээлчидтэй нүүр тулан уулзаж, хамт ажиллах болсон. Тухайн үедээ Солонгосын драмын баг ямар их ачаалалтай, хурдтай ажилладаг болохыг биеэр мэдэрч гайхширч байлаа. Мөн тэндээс цааш цаашдын олон ажлын маань гараа эхэлсэн дээ.
МОНГОЛ УРАН БҮТЭЭЛЧДИЙН ЯМАР БҮТЭЭЛД ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙВ?
-Миний хувьд дунд сургуулиа төгсөөд л шууд Солонгост их сургуульд суралцаж, ажилласан. Тийм болохоор надад үнэндээ Монголд ажилласан туршлага огт байхгүй байлаа. Харин өнгөрсөн зун Монголд амарч байхад Соёл урлагийн их сургуулийн төслийн кинон дээр ажиллах санал ирсэн.
Хэдийгээр энд шинэ киноны ажил эхлэх гэж байсан ч боломж гарсан дээр Монголынхоо уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж үзье гэж шийдсэн. Тэр бүтээлд нэгдүгээр найруулагчаар ажилласан. Түүнээс өөр ажилласан кино уран бүтээл байхгүй. Цаашдаа олон бүтээл дээр уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллах байх гэж найдаж байна.
СҮҮЛД БНСУ-Д БАЙЛДАН ДАГУУЛСАН “СRASH LANDING ON YOU” КИНОНД ХАМТРАН АЖИЛЛАСАН БАЙСАН. ЭНЭ БҮТЭЭЛИЙН МОНГОЛ ДАХЬ ЗУРАГ АВАЛТАД ХЭРХЭН АЖИЛЛАСАН ТУХАЙГАА ЯРИХГҮЙ ЮУ?
-Анх надтай энэ киноны Монгол дахь зураг авалтыг хариуцсан компаниас холбогдож, зургийн кординатораар ажиллах санал тавьсан юм. Уг олон ангит киноны зураг авалтыг өнгөрсөн оны есдүгээр сард Монголд дөрөв хоногийн хугацаанд хийсэн. Гэхдээ үүнд бэлдэхийн тулд хоёр сарын өмнөөс Солонгос багийнхан ирж, Монгол багийнхантай хамтран, зураг авалтын обьектуудаа сонгож, судалгаа шинжилгээ хийсэн. Кино зураг авалтын өмнөхөн Солонгосоос 120 гаруй уран бүтээлчдийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн. Мөн Солонгостоо шилдэгт багтах жүжигчид Монголд ирж, бид ч тэр хэрээр бэлтгэлээ сайн хангаж ажиллахыг хичээсэн. Өмнө нь Индонез улсад солонгосчуудтай хамт ажиллаж байсан үед ч тэр, Монголд хамт ажиллаж байхдаа ч тэр солонгосчуудын эрсдэлийг үнэхээр сайн тооцож, төлөвлөгөөгөө маш сайн гаргадаг байдлыг нь харж, суралцахыг хичээж байсан.
СҮҮЛД ЯМАР МОНГОЛ КИНО ҮЗСЭН БОЛ. МОНГОЛ КИНО УРЛАГ ХЭРХЭН ХӨГЖИЖ БАЙНА ГЭЖ ХАРДАГ ВЭ?
-Би хамгийн сүүлд “37-р Точка” олон ангит киноны эхний цувралыг үзсэн. Хийц, утга санаанаас илүү Монголд долоо хоногтоо нэг анги гаргаж, олон ангит киноны дэлхийн стандартыг оруулж ирж, үзэгчдээ бас үүнд сургаж байгаа нь таатай санагдсан. Солонгост бол долоо хоногт хоёр анги гардаг. Техник тоног төхөөрөмж бол мөнгө, боломж нь л байвал яаж ч олж авч болох зүйл.
Харин үүнийгээ тултал нь ашиглаж чаддаг боловсон хүчин, хамгийн чухал нь сайн зохиол, судалгаа шинжилгээ л Монгол кинонд илүү шаардлагатай юм болов уу гэж хардаг. Багш нар маань Монгол кино гэхээр санаанд нь буудаг кино төдийлөн байдаггүй.
Багш нараасаа “Яагаад Монгол кино олон улсад сайн хүрэхгүй байна вэ” гэж асуухаар нь бид ид хөгжлийн үе дээрээ байна, дэлхийд танигдаагүй олон шинэ зохиол, шинэ санаа Монголоос гарч ирнэ ээ гэж хэлдэг.
БНСУ-ЫН АЛДАРТАЙ ЯМАР УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАСАН БЭ?
-Солонгосын кино урлагийн И Сын Вон найруулагчийн “Revenger” адал явдалт кино байна. Найруулагч маань өнгөрсөн 2019 онд Бусаны кино наадамд анхны уран бүтээлээрээ амжилттай оролцсон. Мөн найруулагч И Хуан-ы хоёр дахь арт кино болох “Томчууд мэдэхгүй” уран сайхны кино болон “KBS”, “MBC”, “TvN” телевизүүдийн олон ангит кинонд хамтран ажилласан.
Алдартай жүжигчид гэвэл Song Hye-kyo, Jang Hyuk, Park Seo Joon, Park Min Young, Hyun Bin, Son Ye Jin, Cha Tae Hyun гэх зэрэг олон уран бүтээлчийг нэрлэж болохоор байна.
СОЛОНГОСЫН ЦУВРАЛ КИНО ОЛОН ҮЗЭГЧТЭЙ БАЙДАГ. ХЭРХЭН ЗОХИОЛОО БИЧИЖ, УРАН БҮТЭЭЛЧИД ЯАЖ АЖИЛЛАДАГ ТАЛААР СОНИРХУУЛБАЛ?
–Солонгос улсын кино урлагт зураг авалтыг хагас цэрэгжилтийн байдалтай ажиллаж, авдаг. Тэгж байж тэр олон хүн нэг хүн шиг сэтгэлтэй ажиллаж, богино хугацаанд их ажлыг амжуулж чаддаг. Солонгос киноны нэг онцлог бол зохиол нь эхний хэдхэн анги гарсны дараа шууд зураг авалт эхэлдэг. Зураг авалт нь эфиртэй бараг зэрэг шахуу явагддаг. Тиймээс маш их хурд хэрэгтэй. Өнөөдөр телевизээр киноны тавдугаар анги гарч байгаа бол бид зургаа, долдугаар ангийн зураг авалтаа хийж байгаа гэсэн үг. Энэ үед зохиолынх нь дөнгөж наймдугаар анги бичигдэж байх жишээтэй. Тиймээс зураг авалт дээр цаг алдах аваас эфирээс хоцрох магадлалтай учраас маш хариуцлагатай ажил.
Ингэж өндөр ачаалал өгч шахдаг шалтгаан нь зохиолч зохиолоо гаргахдаа өмнөх ангийг үзсэн үзэгчдийн сэтгэгдэл, аль дүр дээр илүү үзэгчид ач холбогдол өгч байна, аль үйл явдлыг хүмүүс илүү сонирхож байна гэдэг дээр дүгнэлт хийж, дараагийн ангийн зохиолуудаа бичдэгтэй холбоотой. Хоёрдугаарт, олон зуун хүн оролцон ажилладаг тул нүсэр их хөрөнгө зарцуулдаг. Тийм учраас хугацаагаа шахаж, зарлагаа багасгахыг хичээдэг юм билээ.
Эхний ангиуд гайгүй ч сүүлийн ангиуд дээр зохиолд их өөрчлөлт орох зэргээс хамаараад үнэхээр шахуу ажилладаг. Гэртээ харихгүй бүтэн сар болохдоо өдөр бүр хөдөөгүүр буудалд байрлаж, зарим үед буудалд ганцхан цаг амрах хугацаа өгдөг. Тэрэнд нь биеэ бэлдээд, хувцсаа солиод л таарна. Өөрөөр хэлбэл, огт нойргүйгээр сүүлийн хоногуудыг давсан байдаг. Сүүлийн зураг авалтын өдөр үдээс хойш 16.00 цагт сүүлийн зургаа дуусгаад, орой 22.00 цагийн эфирт арай гэж амжиж гаргах тохиолдол ч бий.
ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
-Амралтын өдрүүдээр гэртээ амрах дуртай. Сонирхол татсан киногоо үзнэ. Бас олон нийтийн сайн дурын ажлуудад их оролцож, заримыг нь өөрөө зохион байгуулдаг. Заримдаа ядрах үе байдаг ч тэр ажлаасаа кайф авч, улам илүү эрч хүч мэдрэх дуртай.
ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
-Сурсан сургуульдаа продюсерын мэргэжлээр дахин элссэн маань учиртай. Ажлын талбайд гараад дутуу сурсан гэж мэдрэгдсэн зүйлсээ дахин судлахаас гадна танилын хүрээгээ тэлж, багш профессоруудаасаа тусламж авна. Надад гадаадын уран бүтээлчдийг монголын уран бүтээлчидтэйгээ холбох уран бүтээл, төсөл хэрэгжүүлэх гол зорилго бий.
ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ
-Энэ том мэргэжлийг эзэмшихээр суралцаж яваа хүний хувьд бие даасан уран бүтээлээ гаргахыг хүсдэг. Драм болон киноны хувьд нэлээд ялгаатай. Кинонд ажиллах нь мэргэжлийн нарийн ажиллагаа илүү их шаарддаг бөгөөд их зүйл сурах боломжтой байдаг.
Хамгийн том мөрөөдөл минь Монголынхоо агуу их түүхийг таниулсан түүхэн кино хийх. Гэхдээ энэ бол маш том сэдэв, хүнд үүрэг. Тийм учраас өөрийгөө бэлэн болтлоо төрөл бүрийн кино зохиол бичиж, найруулах бодолтой явдаг. Солонгос улсын зураг авалтын системийн талаар илүү их туршлага судалсны дараа өөрийнхөө уран бүтээлд орно.
МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
-Нийгэмд болж бүтэхгүй олон асуудал байна. Мөн төрөөс бидэнд хандсан бодлого дутуу гэх мэт саад бэрхшээл тоочвол олон бий. Гэхдээ залуу хойч үе болсон биднээс улс орны маань ирээдүй ямар байх эсэх нь шалтгаална. Тиймээс залуу хүн бүр эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, дор дороо хичээж ажиллах нь чухал гэж боддог. Бид хайх л юм бол боломж үргэлж дэргэд байдаг. Тэгэхээр залуустаа цаг алдалгүй хичээцгээе гэж хэлье.
Холбоотой мэдээ