Цар тахлаар халхавчилсан улс төрийн мэх

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

Цар тахлаар халхавчилсан улс төрийн мэх

Цар тахлаар халхавчилсан улс төрийн мэх

Коронавирусийн халдварт өвчний цар тахлаар 203 орны 50 мянга орчим хүн нас барж, улс орнууд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө янз бүрийн арга хэмжээг авч байна. Гэвч цар тахлын эсрэг арга хэмжээ, хуулиар халхавчлан төр, засгийн эрх мэдлийг гартаа авах, нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх оролдлого гарч байна. Энэ нөхцөл байдал авторитари дэглэмтэй Йорданаас эхлээд ардчилсан засаглалтай Унгар, уламжлалт ардчилалтай Их Британид ч ажиглагдаж байгааг улс төрийн ажиглагчид анхааруулжээ. Тухайлбал, Унгарт Ерөнхий сайд нь зарлиг гаргах эрхтэй болж, Их Британид хүмүүсийг барьж хорьж, хилээ хаасан, Израйльд шүүхийн үйл ажиллагааг зогсоож, Чилид цэргийнхэн нийслэлийг хянаж, Боливид сонгуулийг хойшлуулж, Филиппинд Ерөнхийлөгчид 5.4 тэрбум ам.долларыг захиран зарцуулах эрхийг олгов. Их Британийн Засгийн газраас коронавирусийн халдвартай тэмцэх арга хэмжээний хүрээнд хууль сахиулагчдад хөл хориог зөрчсөн хүмүүст газар дээр нь торгууль бичих эрхийг олгосон нь маргаан дагуулж байна. Гэтэл Их Британийн цагдаа нар хоёроос дээш тооны хүн нэг дор цугларах, онцын шаардлагагүй тохиолдолд гэрээс гарсан хүмүүст 30 фунт-стерлингийн торгууль бичих эрхийг өгчээ. Гэвч цагдаа нар дрон нисгэж иргэдийг хянах, илүү торгууль бичих зэргээр эрх мэдлээ хэтрүүлэх болжээ.

УНГАРЫН ЖИШЭЭ

Унгарын Засгийн газраас Ерөнхий сайд Виктор Орбанд халдварын эсрэг зарлиг гаргах эрхийг олгосноор сөрөг хүчин болон Европын хүний эрхийн хамгаалагчдаас багагүй шүүмжлэл дагуулжээ. Ерөнхий сайдын нам Унгарын парламентын суудлын гуравны хоёрыг эзэлдэг тул эрх мэдлийг гартаа оруулахад хялбар байжээ. Унгарт коронавирусийн халдвараар 15 хүн нас барж, 447 хүн халдвар авсан. Тус улсад хатуу чанга хөл хорио, хуулиас илүү халдварыг найдвартай илрүүлэх оношлуур дутмаг байгаад улстөрчид төдийлөн анхаарал тавихгүй байна. Унгарт эмч мэргэжилтнүүдийг хамгаалах хувцас хэрэгсэл, оношлуур дутагдалтай байгааг мэдээлсэн хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагыг худал мэдээлэл тараасан хэргээр шалгаж эхэлжээ. Гэтэл саяхан Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, ташаа мэдээлэл тараасан хүнийг таван жил хүртэл хугацаагаар шоронд хорих хуулийг баталсан аж.

ИЗРАЙЛИЙН ЖИШЭЭ

Улс төрийн хамгийн уран мэхийг Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хийлээ гэж үзэж байна. Коронавирусийн халдвар олон улсад тархахаас өмнө тэрбээр авлигын хэргээр шалгагдаж, хэрэг нь шүүхэд шилжсэн юм. Гэвч  Иерусалим хотын эрүүгийн шүүхээс өнгөрсөн Мягмар гаригт ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн авлигын хэргийн шүүх хурал тавдугаар сарын 24-ныг хүртэл хоёр сараар хойшлогдсоныг зарлажээ. Учир нь коронавирусийн халдварын эсрэг Израйлийн Засгийн газраас шүүхийн үйл ажиллагааг түр зогсоож, шүүх хурлуудыг хойшлуулах шийдвэр гаргасан. Хэн ч харсан энэ бол Ерөнхий сайдад ашигтай шийдвэр. Биньямин Нетаньяху нэр холбогдсон олон дуулиант хэрэгт итгэл эвдсэн, авлига авсан, залилангийн зүйл ангиудаар шүүгдэх байв. Өдгөө 70 настай Биньямин Нетаньяху өөрийг нь буруутгасан бүх хэргийг үгүйсгэж, засгийн эрх булаах оролдлого, хэвлэлээр зодсон шулмын ан гэх мэтчилэн мэдэгджээ. Израйлийн хуулиар шүүхээс буруутайг нь тогтоох хүртэл тэрбээр албан тушаалаасаа огцрохгүй байж болдог аж. Биньямин Нетаньяху нь шүүхээр ял хэлэлцүүлсэн Израйлийн анхны Ерөнхий сайд болох байв. Түүний тэргүүлсэн нам дараалсан хоёр сонгуульд ялалт байгуулснаар сүүлийн 14 жил Израйлийн Ерөнхий сайдаар ажиллаж байна. Үүний зэрэгцээ Израйльд халдвар тархахаас сэргийлэн 10-аас дээш тооны хүн цуглахыг хориглосон нь иргэд жагсаал цуглаан хийж, эсэргүүцлээ хийх эрхийг хязгаарлажээ. Хэрэв халдварын нөхцөл байдал намжихгүй үргэлжилбэл Биньямин Нетаньяху дөрөв дэх парламентын сонгуультайгаа ямар ч асуудалгүй золгох болж байна. Биньямин Нетаньяхуг эсэргүүцэгчид Израйлийн парламентад 62:58 гэсэн харьцаагаар олонх боловч хуваагдмал, фракц байдалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж