Сонгууль 2020: Сэлэнгэд МАН амбицтай, АН аядуу байна

Хуучирсан мэдээ: 2020.04.03-нд нийтлэгдсэн

Сонгууль 2020: Сэлэнгэд МАН амбицтай, АН аядуу байна

Сонгууль 2020: Сэлэнгэд МАН амбицтай, АН аядуу байна

“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгийг онцолж байна.


УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар Сэлэнгэ аймагт гурван мандат ногдуулсан. Хүн амын хувьд 109 мянга 255, харин санал өгөх насны 70 мянга орчим иргэн бий.

Сэлэнгэ аймагт өмнө нь хоёр мандатаар сонгууль явагддаг байсан бол 2016 оноос хойш хүн амын нягтралаас шалтгаалан гурван мандатын эрх олгоод байгаа юм. Өнгөрсөн долоон удаагийн УИХ-ын сонгуулиудад амуу тарианы бүс Сэлэнгийн ард түмэн МАН, АН-ынхныг ээлж дараатай сонгож ирсэн.

2016 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт 14 нэр дэвшигч 25, 26, 27 дугаар тойргийн гурван мандатын төлөө өрсөлдсөн. Тухайлбал, МАН-аас Ж.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга асан С.Бүрэнбат, Н.Оюундарь, АН-аас С.Баярцогт, Д.Эрдэнэбат, дуучин Г.Эрдэнэтунгалаг, МАХН-аас “Барилга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Эрдэнэбат, бизнесмен А.Энхболд, “Сайхан Хөтөл” ХХК-ийн захирал Л.Ганболд, ИЗНН-аас Сэлэнгэ аймгийн Гааль, татварын газрын н.Алтанбулаг салбарын аж ахуйн менежер Д.Батсайхан, “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслээс бизнесмен Т.Бат-Эрдэнэ, Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Баатаржав нар нэр дэвшсэн.

Эдүгээ МАН-аас Н.Оюундарь, Ж.Эрдэнэбат, АН-аас Д.Эрдэнэбат Сэлэнгэчүүдийг төлөөлөн УИХ-д сууж байна. Тухайн үед хамгийн ширүүн өрсөлдөөн нь Сэлэнгээс удаа дараалж УИХ-д сонгогдож байсан С.Баярцогт болон зохиолч, орчуулагч, соён гэгээрүүлэгч Наваан-Юндэнгийн зээ охин гэдгээрээ улс төрийн хүрээнийхэнд илүүтэй танигдсан Н.Оюундарь нарын хооронд болсон. Уг өрсөлдөөнд МАН-аас нэр дэвшсэн Н.Оюундарь Сэлэнгэчүүдийн хайртай хүү гэгдэх С.Баярцогтыг өвдөг шороодуулсан. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хувьд анх удаа УИХ-д сонгогдсон шинэ гишүүдийн нэг. Тэрбээр бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжилтэй. 2008-2014 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаад улс төрийн карьераа эхлүүлсэн. 2014-2015 он хүртэл Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байв.

Ж.Эрдэнэбатын тухайд 2012 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгаас МАН-аас нэр дэвшиж, өдгөө УИХ-д хоёрдох удаагаа сонгогдон ажиллаж байна. Түүний хувьд улс төрийн өндөр албан тушаалуудыг тун богино хугацаанд хашиж байсан. Өмнөх парламентын үед Сангийн сайдаар найман сар ажилласан. Дараа нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН олонход түүнийг Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилж байв. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд гэхээсээ илүүтэй аймгийн Засаг ноён байснаар нь илүүтэй сайн мэддэг.

Харин АН-ын гишүүн Д.Эрдэнэбат парламентад хоёрдох удаагаа сонгогдон ажиллаж байгаа, улстөрчийн хувьд хэдийнээ туршлага суусан нэгэн. Авто-инженер, механикч мэргэжилтэй түүний улс  төрийн замнал нь 1990-ээд оны сүүл үеэс эхлэлтэй. Парламентад анх 2012 онд намын жагсаалтаар сонгогдож байв.

МАН УУ, АН УУ?

Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгийн 13 дугаар тойрогт гурван мандатын төлөөх өрсөлдөөн мөн л ширүүн явагдах нь тодорхой. МАН-аас УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Ж.Эрдэнэбат мөн ЗТХЯ-ны дэд сайд асан “Шилэн Цогоо” буюу Б.Цогтгэрэл, “Сөүл” группийн эзэн Д.Өнөрболор нар горилж буй. Б.Цогтгэрэлийн хувьд сэм сэмхэн Сэлэнгийн тойргоо эргэж, үсчний үнэгүй үйлчилгээг хүртэл үзүүлсэн нэгэн. МАН-ын  албан тушаалын бялуунаас томхон хүртдэг Шилэн Цогоо дэд сайдын суудлаасаа буусны дараа  “УБТЗ” ХХН-ийн Монголын талын төлөөллөөр очсон.

Дараагийн горилогч Д.Өнөрболорыг Сэлэнгэд сүүлийн нэг жил тухалж байгаа гэдэг. 2016 оны сонгуулийн дараа Д.Өнөрболор Барилга хот байгуулалтын сайдад хүртэл яригдаж байсан. Тэрбээр намын даргынхаа итгэлийг олсон гэж нөхөд нь ярих юм билээ. Тэгэхээр МАН-ын хоёр эмэгтэй гишүүн Сэлэнгэд хүч үзэх нь.

Харин Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нэр дэвших нь тодорхой. Өчигдрөөс эхлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр С.Баярцогтыг 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвших тухай бичигдсэн. Түүний хувьд хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа учир сонгуульд нэр дэвших боломжгүй.

Мөн Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг Сэлэнгэд нэр дэвших магадлалтай. Тэрбээр өмнө нь АН-ын гишүүн байсан. 2020 оны сонгуульд нэгдэж оролцох эвслүүдийн хувьд ямар хүнээ Сэлэнгэ рүү илгээхээ одоогоор ярилцаж байгаа гэх.

Тус аймагт нэр дэвших горилогчдоос хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь мэдээж өнөөгийн УИХ-ын гурван гишүүн. Гэхдээ УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Оюундарь, Д.Эрдэнэбат нарын нэр хүнд сайнгүй.

УИХ-ын гишүүд, сайд нарын хамаарал бүхий компаниуд ЖДҮХС-гийн зээл авсны дунд Н.Оюундарь гишүүн бий. Уг зээлийг  түүний хүү С.Бат-ерөөл авсныг 2018 оны арваннэгдүгээр сард зээлээ төлж барагдуулснаа мэдэгдсэн билээ. Хэдийгээр Н.Оюундарь гишүүн боловсрол мэдлэг, хэл усаараа намынхаа гишүүд дунд толгой дээгүүр цохих ч ЖДҮХС-гаас авсан хүүгийнх зээл нэр хүндийг нь баллаж орхисон. Н.Оюундарь УИХ-ын гишүүд дундаа гэр бүлийн орлогоороо дээгүүрт эрэмбэлэгддэг. Тэрбээр “Бльюмон” ХХК, “Шөлөндө’ ХХК, ‘Ньюбулл’ ХХК, ‘Сура хаус’ ХХК, ‘Цэ энд Цэ’ ХХК, ‘Нью Мохито’ ХХК, ‘Бльюмон Пропертийс’ ХХК, ‘Риаж’ ХХК, ‘Нарны эрхэс’ ХХК, ‘Бльюмон Катеринг’ ХХК, ‘Монгол шар Айраг Брювери’ ХХК, ‘Түрэлт’ ХХК, ‘Петротранс Топ’ ХХК, ‘Петротранс Дорнод’ ХХК, ‘Петротранс’ ХХК, ‘Эрдэнэс Таван толгой’ ХК, ‘Боб фрэндс’ ХХК-иудыг 30-100 хувийг эзэмшдэг.

МАН-аас нэр дэвших УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат мөн хуулийн байгууллагад шалгагдсан. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Улаан сайр-2 хэмээх 1462.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх асуудалд холбогдсон. Уг асуудлаар АТГ-т иргэд хандсанаар түүнийг хуулийн байгууллагаас шалгасан.

АН-аас нэр дэвших УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа хэд хэдэн компанид давуу эрх олгож, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан (ЖДҮХС)-гаас их хэмжээний зээл өгсөн тухай мэдээллийг тэрбээр няцааж байв. Түүний хувьд хэл аманд ороод байх нь бага ч, сайдаар ажиллаж байхдаа "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьцааг Монголын тал худалдан авсан асуудлаар АТГ тайлбар авч байсан билээ.

Ямартай ч Сэлэнгэд хүч үзэх горилогчдыг өгүүлэхэд нэг иймэрхүү. 2020 оны сонгуульд хууччуулыг уу эсвэл шинэковуудыг сонгох эсэхийг Сэлэнгэчүүдийн сонголтоос харах л үлдлээ.

СЭЛЭНГЭ АЙМГААС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД:

1992 он: Д.Мөнхөө (МАХН) Б.Дэмбэрэл (МАХН) Ч.Зоригтбаатар (МАХН)

1996 он:  Д.Цогт-Очир “Ардчилсан холбоо” эвсэл С.Баярцогт (АН) Р.Содхүү (МАХН)

2000 он: П.Нямдаваа (МАХН) Ш.Гунгаадорж (МАХН) Р.Содхүү (МАХН)

2004 он:   Р.Нямсүрэн (МАХН) Э.Бат-Үүл (АН)

2008 он:  О.Чулуунбат (МАХН) Э.Бат-Үүл (АН) С.Баярцогт (АН)

2012он: С.Баярцогт (АН) Ж.Эрдэнэбат (МАН)

2016 он: Ж.Эрдэнэбат (МАН) Н.Оюундарь (МАН) Д.Эрдэнэбат (АН)

2020 он?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж