Н.Түвшинбаяр Чиндаогийн гранприд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.11.22-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр Чиндаогийн гранприд түрүүллээ

БНХАУ-ын Чиндао хотод болсон олимпийн эрхийн оноо олгох уламжлалт Гранпри тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр алтан медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд барилдсан Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, БНХАУ-ын Шин Та, Израйлын П.Палтчик, Нидерландын М.Коррейл нарыг дараалан цэвэр ялж, хагас шигшээд үлдсэн. Улмаар энэ оны ДАШТ-ий мөнгөн медальт Германы Карл Ричард Фрайг юүко үнэлгээгээр буулган авснаар финалд Казахстаны Максим Раковг торгуулиар яллаа.

Тэмцээний эхний өдөр буюу өнгөрсөн баасан гаригт эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа алтан медаль хүртсэн бол өнөөдөр Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр хоёр дахь түрүүг авлаа.

Манай баг тамирчид Чиндаогийн Гран при тэмцээнээс 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, шагналт VII байрт 2 жүдоч орсноор Япон улсын араас хоёрдугаар байрт жагслаа.

Энэ удаагийн Гран при тэмцээнд 59 орны 375 (эрэгтэй 236, эмэгтэй 139) жүдоч өрсөлдсөн юм. 

Алтан медаль:

  • Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа
  • Эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр

Мөнгөн медаль

  • Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг
  • Эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг

Хүрэл медаль:

  • Эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ О.Ууганбаяр
  • Эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон

Шагналт VII байр:

  • Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Хэрлэн
  • Эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Мөнгөнчимэг.

Энэхүү тэмцээнээр Зүүн Азид болдог цуврал тэмцээн эхэлж байгаа юм. Тодруулбал, Чиндаогийн гранпригийн дараа Чэжүгийн тэмцээн манай тамирчдыг хүлээж байна. Харин Монголын жүдочдын оролцох энэ оны сүүлчийн тэмцээн нь 12 дугаар сарын 2-нд болох Токиогийн “Их дуулга” юм. Дээрх гурван тэмцээний дараа олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааг шинэчлэн гаргах бөгөөд энэ нь ирэх оны нэгдүгээр сард буурал тивд болох цуврал тэмцээний дараа өөрчлөгдөнө.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж