Сүрьеэгийн вакцин (BCG) хийлгэсэн хүмүүс Covid-19-ийн халдвараар өвчлөх нь бага, өвчилсөн ч хөнгөн хэлбэрээр өвчилж байна гэх таамгийг зарим эрдэмтэд дэвшүүлээд эхэлжээ.
Сүрьеэгийн вакцин нь бусад өвчний вакцинаас ялгаатай. Бусад өвчний вакциныг хийлгэхэд тухайн өвчнийг авахгүй байх урьдчилан сэргийлэлт болдог бол сүрьеэгийн вакциныг хийлгэснээс хойш 6-8 жилийн дараагаас вакцины үйлчлэх хүч сулардаг. Ингэснээр вакцин хийлгэсэн хүн бүр энэ өвчнөөр өвдөхгүй, хүн бүрт 100 хувийн дархлаа тогтно гэсэн үг биш. Арай хөнгөн хэлбэрээр тусахад л нөлөөлнө гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, бидний хүүхэд байхдаа хийлгэсэн вакцин нь одоо тийм идэвхтэй нөлөө үзүүлдэггүй юм.
Харин Нидерланд болон Европын холбооны эрдэмтдийн сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар сүрьеэгийн вакцин нь хүний дархлааны системийг урт удаан хугацаанд өдөөдөг байж магадгүй гэж үзэж байгаа аж. Уг судалгаагаар өмнө нь буюу 6-8 жилийн өмнө хийлгэсэн вакцин идэвхтэй нөлөөлөхгүй бөгөөд шинээр дахин хийлгэснээр дархлааны систем эргэн сэргээд, хэдэн сараар төрөл бүрийн халдвараас хамгаалагдах боломжтой гэж үзээд байгаа юм.
Тэгвэл зарим улс сүрьеэгийн вакциныг коронавирусийн эмчилгээнд ашиглаж болох эсэх талаар судалгаа, туршилт хийгээд эхэлжээ. Гэхдээ эдгээр судалгаануудын дүгнэлт гарахад багагүй хугацаа шаардлагатай гэнэ. Энэ талаар ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.
-Сүрьеэгийн эсрэг вакцин хийлгэсэн хүн Covid-19-ийн халдвараар өвчилсөн ч хөнгөн өвчилж байна гэж зарим судлаачид үзэж байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Австралийн “Murdoch”-ийн их сургуулийн эрдэмтэд, судлаачид сүрьеэгийн вакцины талаар судалж байгаа юм билээ. Сүрьеэгийн вакцин буюу BCG-ийн вакцин хийлгэснээр вирусээр өвчлөхгүй гэсэн үг биш. Харин вирусийн эсрэг тэмцэх дархлаа нь сайн байдаг гэсэн судалгааг 4000 эмч, эмнэлгийн ажилтанд хийсэн судалгаагаар үзсэн. Үүнтэй ижил судалгааг Англи, Герман, Нидерландад хийж байгаа. Судалгааны үр дүн одоогоор эцэслэн гараагүй байна. Судалгааны төвшинд яригдаж байгаа зүйл.
-Сүрьеэгийн вакциныг одоогоор хэчнээн оронд хийж байна вэ. Монголд уг вакциныг хэдэн жил хийж байна вэ?
-Сүрьеэгийн вакцин буюу BCG нь 100 жилийн түүхтэй. Эхэн үедээ сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглагдаж байсан бол сүүлийн үед 0-5 настай хүүхдүүдийг менингетээс урьдчилан сэргийлж хийдэг болсон. Монгол орны хувьд 1948 оноос эхлэн уг вакциныг хэрэглэсэн. Эхний ээлжид хоёр тунгаар буюу эхээс төрөхөд нь, долоон настайд нь хэрэглэдэг байсан. Одоо бол зөвхөн төрөх үед нь хэрэглэж байгаа.
Одоогоор Номхон далайн баруун эргийн 37 оронд BCG-гийн вакциныг ашиглаж байгаа.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ