Японы Ерөнхий сайд Абэ Шинзо өчигдөр /2020.04.01/ ард иргэддээ хандан нэгэн мэдэгдэл хийсэн нь тус улсын иргэдийг ихэд бухимдуулж, цахим сүлжээ хэрэглэгчдийн ярианы гол сэдэв болжээ. Тэрбээр шинэ төрлийн коронавирусээс ард иргэдээ хамгаалахын тулд улсынхаа 50 сая орчим өрх тус бүрт амны хаалт хоёр ширхгийг тараана гэж мэдэгдсэн нь ийнхүү олон нийтийн дургүйцлийг хүргэсэн байна. Түүний мэдэгдлийн дараа тус улсын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга нэг бүр нь 200 иений үнэтэй амны хаалт авах ажилд 40 тэрбум иен буюу 373 сая ам.доллар зарцуулна гэдгийг мэдэгджээ.
Эрх баригчдын уг мэдэгдлийн дараагаар Японы ард иргэд, цахим сүлжээ хэрэглэгчид ихэд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж эхэлсэн байна.
Тухайлбал, нэгэн иргэн твиттерт “Мөнгөний гарз. Өөр үр дүнтэй зүйлд зарцуулах хэрэгтэй” гэсэн бол өөр нэг хэрэглэгч “Инээдмийн баярын өдөр шүү дээ. Тоглож байгаа байлгүй дээ”, “Би өөрөө хоёр амны хаалт хийгээд зүүчихье. Энэ их мөнгөө өөр зүйлд зарцуул” гэх мэтээр сэтгэгдлээ үлдээжээ. Мөн нэгэн иргэн “Ерөнхий сайд өөрөө хүүхэдгүй, эхнэртэйгээ хоёулаа амьдардаг болохоор бүх айлыг хоёр ам бүлтэй гэж бодсон бололтой” хэмээн бичсэн байна. Түүнчлэн өрх бүрт хоёр амны хаалт олгохтой холбоотой ёгтолсон зургууд Японы цахим сүлжээнд маш их хандалттай байна.
Эх сурвалж: BLOOMBERG
Холбоотой мэдээ