Шүүхийн шинэтгэл Төв аймагт

Хуучирсан мэдээ: 2015.11.22-нд нийтлэгдсэн

Шүүхийн шинэтгэл Төв аймагт

“Хуульгүй дор хулгай мэдлэггүй дор боол” хэмээн учир мэдэх хүмүүс хэлэлцдэг. Шүүхийн шинэтгэл орон нутагт хэрхэн өрнөж байна вэ, иргэд шүүхийн шинэтгэлийг хэрхэн хүлээн авч байна вэ, шүүгч нар ямар санал бодолтой байна вэ гэдэгтэй газар дээр нь очиж танилцахаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга, профессор Хууль зүйн ШУ-ны доктор Н.Лүндэндоржоор ахлуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсэг Дундговь, Өмнөговь, Төв аймагт өнгөрсөн долоо хоногт ажиллажээ.

Н.Лүндэндорж дарга хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж, шүүхийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, иргэд шүүгч нарынхаа дуу хоолойг сонсох ажлыг 2013 оноос эхлүүлсэн бөгөөд энэ удаад өмнө зүгийн аймгуудад ажилласан нь энэ аж. Бид тэднийг Төв аймагт ажиллаж байх үеэр очиж, тус аймагт шүүхийн шинэтгэл хэрхэн өрнөж байгааг сурвалжлахаар хүлгийн жолоо заллаа. Төв аймаг Улаанбаатараас холгүй, ердөө л 40-өөдхөн километр. Тиймээс ч нүд ирмэхийн зуурт л давхиад орчихно хэмээн санасан ч хотоос гарах гэж замын түгжрэлд ороод бараг хоёр цаг гаруй саатсаны эцэст товлосон цагаасаа нэлээд хоцорч байж Төв аймагт очив. Улаанбаатарыг бодвол Зуунмод утаа униаргүй, нүүрээ угаасан хүүхэд шиг цэмбийж харагдана. Цаг агаар ч тогтуухан, тунгалаг сайхан байлаа.

Биднийг Төв аймгийн шүүхийн байранд очиход Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд, аймгийн шүүгч, шүүхийн ажилтнуудтай хийх уулзалт хэдийнэ эхэлсэн байв. Тус аймгийн хувьд бусад аймгаас нэлээд онцлогтой. Нийслэлтэй ойр байдаг, төв магистрал замууд дайрч өнгөрдөг учраас гэмт хэргийн нөхцөл байдал хүндэд тооцогддог. Баруун бүсийг зорих автомашинууд Төв аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг. Түүнчлэн ашигт малтмалын нөөц ихтэй, гар аргаар алт орлборлогч “нинжа” ихтэйгээс эрүүгийн нөхцөл байдал хүнд. Төв аймгийн шүүхийн хувьд ч ачаалал ихтэй байдаг аж. Тус шүүхэд гурван хорих харьяалагддагаас хоёр нь жирийн дэглэмтэй бол нэг нь чанга дэглэмтэй.

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц Отгонжаргал шүүгч нар хүрэлцэхгүй байгааг хэлж байлаа. Өмнө нь тус шүүх таван шүүгчтэйгээр 17 сумыг харьяалан ажилладаг байсан бол Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор 27 сумыг харьяалан ажилладаг болж ачаалал нь нэмэгджээ. Хачирхалтай нь таван шүүгчийнх нь орон тоог УИХ-аас дөрөв болгон бууруулан баталсан байна. Тиймээс ч энэхүү хүнд нөхцлөө Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад уламжилж байв. Тус аймгийн эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны гурван шүүх нэг тамгын газартайгаар банкны хуучин байранд үйл ажиллагаа явуулдаг.

Шүүгч, ажилтнууд нь зай завсаргүй шахам шигдэн сууцгааж. Гурван шүүхийн дунд шүүх хуралдааны хоёр танхимтай. Шүүх хуралдааны танхимыг хүрэлцээгүй байдлаас болж, иргэдийг чирэгдүүлэх шүүх хуралдаан хойшлох тохиолдол ч гардаг гэнэ. Тиймээс шүүхийн байрны өргөтгөл нэмж барих асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсч байлаа. Улс орны эдийн засгийн хүндрэлтэй асуудлаас болоод сүүлийн хоёр жилд шүүхийн хөрөнгө оруулалтын төсөвт нэг ч төгрөг хуваарилаагүй байна. Тиймээс ч шүүхийн байр шинээр нэмж барих бололцоогүй байгаа аж. Гэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн урсгал засварт зарцуулах төсвийг аймаг бүрт бага багаар хуваарилахаас илүүтэйгээр аль нэг аймгийн төвийн шүүхийн байрны асуудлыг шийдэх нь зүйтэй юм хэмээн үзсэн учраас хоёр ч аймагт шүүхийн шинэ байр бариулжээ.

Ирэх жилд ч гэсэн шүүхийн хөрөнгө оруулалтын төсөвт мөнгө батлагдаагүй учраас мөн л урсгал зардалд зарцуулах ёстой байсан төсвөөс илүүчилж аль нэг аймгийн шүүхийн байр барих, өргөтгөл барих зэргээр асуудлыг шийднэ гэдгээ Н.Лүндэндорж дарга хэлж байсан бөгөөд тус шүүхийн Тамгын газрыг шүүхийн үндсэн байранд өргөтгөл нэмж барих төсвийн хөрөнгө оруулалтын тооцоог яаралтай хийж ирүүл гэдэг даалгавар өгч байв. Уулзалтын дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Төв аймгийн хууль сахиулах байгууллагын ажилтнуудад “Хууль тайлбарлан хэрэглэх онол арга зүй” сэдвээр  лекц уншсан юм. Энэхүү лекцэд тус аймгийн цагдаа, тахар, хууль сахиулах байгуулагын 100 орчим ажилтан хамрагдана лээ.

Үүний дараа Төв аймгийн иргэдтэй уулзалт зохион байгуулсан нь маш сонирхолтой байлаа. Энэхүү уулзалтад тус аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын дарга, баг хороодын дарга нар бүгд хүрэлцэн иржээ. Мөн найман настай балчраас наян настай буурлууд хүртэл шүүхийн шинэтгэлийн талаар сонсохоор зорин ирцгээв.

Н.Лүндэндорж дарга шүүхийн шинэтгэлийн хүрээнд батлагдсан багц хуулиудын талаар мэдээлэл өгч, шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулсны дараа аймгийн удирдлагууд “Яг үнэндээ ийм ийм өөрчлөлт орсныг, шүүхийн тухай хуулиуд хэрхэн шинэчлэгдсэнийг нарийн сайн мэдэхгүй байсан. Таны ярианаас маш их зүйлийг сонсч, мэдэж авлаа” хэмээн олзуурхаж байгаа харагдана лээ. Жирийн иргэд ч шүүхийн шинэтгэлд ам сайтай байгаагаа харамгүй илэрхийлж байсан юм. Шүүхийн шинэтгэл хийгдэж, шүүх ил тод нээлтэй болсоноор иргэдийн шүүхэд итгэх итгэл ч харьцангуй нэмэгдсэн бололтой. “Өмнө нь шүүх хурал болж л байдаг.

Бид орж тэнд яг юу болж байгааг мэдэх боломжгүй байдаг байсан. Харин одоо шүүх хурал ил тод, нээлттэй явагддаг болсноор иргэн бидний хувьд шүүхэд бүрэн хяналт тавьж чадаж байна. Шүүх ч шударга ажиллаж байгаа” хэмээн иргэд ам сайтай байв.

Шүүхийн шинэтгэлийн ач холбогдол, хараат бус шүүхийн ач тусыг иргэд бүрэн ухамсарлажээ. Хараат бус шүүх бол эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, эрх чөлөөнөөс дутахааргүй ач холбогдолтой гэж иргэд, олон нийт хэлж байлаа. Шүүхийн шинэтгэл хийгдээд удаагүй. Шүүхийн шинэтгэлийн үр дүн гурван жилийн дотор гарах амар ажил биш ч гэлээ нүдэнд харагдаж, гарт баригдахуйц өөрчлөлт гарсан гэдгийг хэлэх хүн ч байсан юм. Төв аймгийн иргэд шүүхийн шинэтгэлд ам сайтай байна.

Хэдийгээр шүүхийн байр умгар ч үйлчилгээ нь сайжирч, шүүхийн шинэтгэл иргэдэд хүрч л байгаа юм байна даа гэх өөдрөг сэтгэгдэлтэйгээр энэ удаагийн томилолтоос буцав. Биднийг буцаж явахад нар хэдийнэ шингэж, одод түгсэн байлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсгийнхэн Өмнөговь, Дундговь, Төв аймагт ажиллаад Нийслэл рүү буцах замд нь таарсан нь энэ. Тэд дараагийн удаад Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад ажиллах юм байна.

Ж.ХАТАНБААТАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж