"Чингис хаан музейн барилгын ажилд саад гарахгүй"

Хуучирсан мэдээ: 2020.04.02-нд нийтлэгдсэн

"Чингис хаан музейн барилгын ажилд саад гарахгүй"

"Чингис хаан музейн барилгын ажилд саад гарахгүй"

“Чингис хаан” музей байгуулах ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, барилга угсралтыг эхлүүлэх шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр /2020.04.02/ боллоо. Музейн барилгын сууринд Төрийн тахилгатай уул, хайрханы хөрсний дээж, зарим томоохон нуур, гол, мөрний усны дээж болон есөн эрдэнийн дээж, таван тансаг идээ, таван өнгийн торго, таван үнэртний дээж тэргүүтнийг багтаасан шүншиг байршуулсан юм. Уг шүншгийг Гандантэгчинлэн хийдэд гурав хоногийн турш аравнайлж зэс хайрцагт оршоосныг ийнхүү хүндэтгэж залжээ. Энэ үеэр музейн хүндэтгэлийн тайзнаа ОХУ-ын Эрмитажийн музейгээс Монгол Улсын Засгийн газарт бэлэглэсэн  Чингис хааны чулууны бичигт хөшөөг байршууллаа.

Ирэх 2021 онд ашиглалтад орох Монголын хаад язгууртны музейн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан, Монгол Улсын анхны ерөнхийлөгч Очирбат болон эрдэмтэд, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцсон юм.

ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН ДЭЛХИЙН ХААН БАЙСНЫГ ХАРУУЛНА

Шав тавих ёслол эхэлснийг мэдэгдэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм.

-Эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө өнөөдөр Монгол түмний түүхэнд тэмдэглэгдэх өдөр тохиож байна. Монгол  туургатны их түүх эв нэгдлийг бататгах бүтээн байгуулалтын ажлын XVII жарны хаврын дунд сарын бэлэгт сайн өдөр эхлүүлж байна. Өвөг дээдсийн өвлүүлж ирсэн соёлын хосгүй үнэт дурсгалууд, монголчуудын түүхэнд холбогдох өв,  түүх соёлын оюуны их орд байх болно.

Бид үр хүүхдэдээ түүхээ өвлүүлэн үзүүлж байгаа юм. Энэхүү түүхэн бүтээн байгуулалтын ажил маш богино хугацаанд эхлэхэд бэлэн боллоо. Эзэн хаадын музейн суурийг тавьж байна.

Өнөөдөр сайн цагийн эхлэл сайн үйлийн үргэлжлэл болж Чингис хаан музейн бүтээн байгуулалтын ажил ийнхүү өнөөдөр эхэлж байна. Музей  хоёр жилийн хугацаанд баригдана гэлээ.

Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 03-ны өдрийн ээлжит хуралдаанаар Чингис хааны музей байгуулах, Байгалийн түүхийн музейг Үлэг гүрвэлийн музейтэй нэгтгэх тухай тогтоол баталсан билээ.  Тус музейд Чингис хаантай холбоотой түүхийн үзмэрийн танхимуудаас гадна Монголын 37 хааны үзмэрийн танхимууд байрлах бөгөөд Монгол Улсад төрт ёс бий болсон цагийн үзмэрээс эхлэн олон үзмэрүүдийг байрлуулах юм.

Байгалийн түүхийн музейн суурин дээр сүндэрлэх Чингис хаан музейн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Музейн бүтээн байгуулалтын ажил хоёр жилийн хугацаанд үргэлжилнэ. Улсын төсвөөс 53 тэрбум төгрөг төсөвлөсөн. Музейн барилга угсралтын ажил саадгүй үргэлжилнэ. Нийт есөн давхар музейд хаадын хаад болсон Их эзэн Чингис хааны түүх соёлыг харуулсан музей, судалгааны төв болно. Их эзэн Чингис хаан дэлхийн хаан байсныг энэхүү музейгээс хүүхэд залуус, ард иргэд маань төдийгүй гадаадын жуулчид харах болно. Бид үр хүүхдэдээ түүхээ үлдээж ард иргэдээ соён гэгээрүүлэх ёстой”  гэв.

ИХ ХААДЫН ХӨРГИЙГ ЛААНЫ ТОСОН БАРИМЛААР УРАЛНА

БСШУСЯ-ны дэд сайд Г.ГАНБАЯР: 

-Музейд үзмэрүүдийг шилэн хоргонд байрлуулах биш  виртуал байдлаар болон сүүлийн үеийн техник технологийг ашиглах байдлаар шинэлэг шийдлүүдийг тусгаж өгсөн. Хаад язгууртны музейд  лааны тосон баримлаар Алтан ургийн 36 хааны хөргийг бүтээнэ. Үүнээс гадна музейн бүтээн байгуулалтын ажлаар далимдуулан дэлхийгээр тарсан монголчуудын үнэт өвийг эх орондоо татах түүхэн ажлыг зохион байгуулж байна. Чингис хаан музейд дэлхийд Монгол Улсын түүхтэй холбоотой эд өлгийн баримтуудыг авчирч байршуулна. Энэхүү ажлыг зохион байгуулах явцад харамсалтай нь, Иракийн музей бөмбөгдөлтөд өртөж  устахад монголчуудын чамгүй олон үнэт түүхэн дурсгалууд устаж үгүй болсон. Зарим эдийн засагчид, мэргэжлийн байгууллагынхан эдийн засаг хүндэрч болзошгүй энэ үед төсөвт тодотгол хийхийг шаардаж байгаа. Өнөөдөр төсвийн хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа тул хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Музейн барилгын ажил энэ онд дуусна. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам бол хууль биелүүлэгч байгууллага.

Чингис хаан музейн захирал М.БАТБАЯР: 

-Музейн гуравдугаар давхраас үндсэн үзмэрийн танхимууд эхэлж байна. Нийт талбайн 60 хувийг үзмэрийн танхим эзэлж байна. Есдүгээр давхарт Их хааны хүндэтгэлийн өргөө байрлана. Орчин үеийн стандарт бүхий музейн барилгыг явуулж, галын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж байна гэлээ.

 

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж