2019 оныг эх оронч худалдан авалтыг дэмжих жил болгон зарласан хэдий ч бодит байдал дээр биелэлт нь маш муу байгаа бөгөөд дотооддоо явуулсан тендер шалгаруултанд импортын барааны худалдан авалтыг далд хэлбэрээр дэмжиж байгаад дотоодын баялаг бүтээгчид бухимдалтай байгаагаа өнөөдөр /2020.04.02/ хэвлэлийн хурлаар илэрхийллээ. Өмнөх онд 1,2 их наяд төгрөгийн төсвийн худалдан авалт хийсний ердөө 7,7 хувийг дотоодын үйлдвэрлэгчдээс авсан худалдан авалт эзэлж байгаа аж. Харин үлдсэн нь импортын худалдан авалт байгаа нь дотоодын худалдан авалтыг бус гадаадын импортлогч компаниудтай хуйвалддаг байж болзошгүй талаар хардлагыг үүсгэж байгааг Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн төлөөлөгчид онцлов.
Тэд, дотоодын үйлдвэрлэгчдээ тендерт албаар унагаадаг үйлдлийн жишээг олон нийтэд хүргэхээр "Чиглэл" ХХК болон "Харчанд" ХХК-нийн төлөөлөгчид мэдээлэл хийсэн юм. "Чиглэл" ХХК-ий зүгээс БСШУЯ-аас зарлагдсан сургууль, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт оролцохдоо өндөр үнэ хэлж оролцсон гэх шалтгаанаар тэнцээгүй гэдэг боловч тендэрийн хуулинд заагдсанаар дотоодын үйлдвэрлэгчдэд зориулсан заалт дахь тооцооллоо бус өөр буруу тооцоолол хийсэн гэж үзэж байгаа аж. Тухайн тендэрт шалгарсан компани нь тендерийн бичиг баримтанд оруулсан тоног төхөөрөмжүүдээсээ өөр төрлийн хямд, чанарын шаардлагад нийцээгүй тоног төхөөрөмж шахсан гэдэг нь дараа нь нотлогдсон. Иймд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн дарга, “Чиглэл” ХХК-ий захирал Ц.Бумцэнд хэлэхдээ “Хямд үнээр цэцэрлэгийн гал тогоог бүү дүүргэ, нөхцөл байдлаа зөв дүгнэж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллах хэрэгтэй байна” гэв. Харин "Харчанд" ХХК нь 0,4 килобаттын кабел үйлдвэрлэдэг. Жил бүр Улаанбаатар цахилгаан түгээх станц, Багануур зүүн түгээх станц, Эрдэнэбулган ЦТС зэрэг байгууллагын тендэрт оролцдог. Энэ жилийн хувьд тендерт өмнөх жилүүдийн адил шударга бус зүйлс орж ирснийг мэдээлсэн юм. Тус компанийн мэргэжлийн байгууллагаас хийж өгсөн стандарт дүгнэлтийг үгүйсгэж тендерээс хассан байна.
Үйлдвэрлэгч нарт ээлтэй хууль батлагдсан ч хэрэгжихгүй байсаар байгааг төлөөллүүд хэлж байв. Тендерийн хуулийн өөрчлөлтөнд орсон 10-р заалтаар батлагдсан чанар стандартын шаардлага хангасан сертификаттай, дотоодын үйлдвэрлэгчийн барааг шууд худалдан авах талаар өөрчлөлт орсон. Гэсэн хэдий ч хууль батлагдсан өдрөөсөө хойш нэг ч биелэлээ олоогүй болохыг Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн дарга А.Энхцэцэг хэлсэн юм.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ