Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр /2020.04.02/ хотын үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ГАРСАН ЭНЭ ҮЕД АЧ ХОЛБОГДЛООР НЬ ЭРЭМБЭЛЖ ДАРААЛАХ ОЛОН АЖИЛ НИЙСЛЭЛД БИЙ
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд хийгдэж байгаа тэр дундаа ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэнгийн тоо хэмжээг нэмэгдүүлэх, зарим тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийхтэй холбоотой мэдээллийг өгье. Өнгөрсөн 2019 оноос эхлэн зориулалтын дагуу ашиглаагүй банк санхүүгийн байгууллагын барьцаанд тавигдсан, хувийн хэвшилд очсон боловч тэнд барилга байшин барих боломжгүй газруудын асуудал хөндөгдөж байсан. Үүнтэй холбогдуулан томоохон газруудыг нийтийн эзэмшилд авч эхэлсэн. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж тусгай хэрэгцээнд авсан. Улаанбаатар хотод нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ хангалттай биш байгаа. Ирэх хоёр жилийн хугацаанд өнөөдрийн нэг хүнд ногдох 2.7 метр квадрат ногоон байгууламжийг хоёр дахин нэмэгдүүлэх, цаашлаад нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг олон улсын жишигт нийцүүлэх ажлууд хийгдэж байгаа. Сүүлийн өдрүүдэд Сүхбаатарын талбайн өмнө хийх гэж байгаа тохижилттой холбоотой улстөржсөн, иргэдэд буруу ойлголт өгөхүйц мэдээллүүд их явах болсон. Тус газар 2015 онд арван сая ам.долларын барьцаанд тавигдсан байсныг 2019 оны гуравдугаар сард хотын мэдэлд авсан. Тэр цагаас хойш бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж зураг төслийг нь боловсруулж олон нийтийн санал асуулгыг авч Хонхтой цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон. Тус газар нь автомат усалгаатай, ариун цэврийн өрөөний дэд бүтцийг төвийн шугам сүлжээнд холбосон шаардлага хангахуйц бүтээн байгуулалт юм.
Иргэд бие засах гэхээр өөрөө усаа зөөж ажиллуулдаг нэг ариун цэврийн өрөөтэй байсан. Төв талбайгаа тойроод бүгдээрээ бие засдаг. Эхнээсээ төрийн алба хаагчдаасаа эхлээд төв талбай дээрээ бие зассан тохиолдол гарч хууль шүүхээр явж байгаа. Энэ хүрээнд мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж зөвлөгөөний дагуу талбайн хоёр талд стандартын шаардлага хангасан хоёр ариун цэврийн өрөөтэй, ногоон байгууламж болно. Коронавирус гарсан энэ үед ач холбогдлоор нь эрэмбэлж дараалах олон ажил бидэнд бий. Хорио цээр тогтоохоос өмнө 2020 оны хаврын бүтээн байгуулалтын ажлыг хийхээр бүх төлөвлөгөө нь нэгдүгээр сард гарч хөрөнгө санхүү нь тохижилт үйлчилгээний газарт бүрдээд өчигдөр дөнгөж эхэлж байгаа ажил.
Үүнийг улстөржүүлж иргэдийг турхирах шаардлагагүй. Үүний ард улстөрчид ч бий томоохон аж ахуйн нэгж компаниуд ч бий. Тэдний гар хөл болсон хүмүүс төрийн захиргааны байгууллага иргэдийг хооронд нь талцуулж улс төр болон хувийн бизнесийн ашиг хонжоо хайдаг.
Төлбөртэй нийтлэл ярилцлагыг цахим сүлжээнд нийтэлдэг. Тэдний зорилго нь энэ бүтээн байгуулалтыг огт хийлгэхгүй байх, газрыг буцаан хувьдаа авч барилга байгууламж барих зорилготой. Талбайг буцааж авахаар UB констракшн компани шүүхээр заргалдаад явж байна.
Тус компани нь Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Улсын драмын эрдмийн театрын ард талын талбай, Тагнуулын Ерөнхий газрын өмнө цэцэрлэгт хүрээлэнг хувьчлаад авсан байсныг бүгдийг нь цуцалсан.
Ер нь хотын хэмжээнд 2020 онд томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдийг засаж сайжруулан шинэчлэх ажлууд албан ёсоор эхэлж байгаа. Үүнд,
- Баянзүрх дүүргийн Хил хамгаалах Ерөнхий газрын баруун талд 1.8 га газар өөр байгууллагад олгогдсон байсныг өнгөрсөн жил хотын мэдэлд шилжүүлж иж бүрэн спортын талбай, цэцэрлэгт талбайн ажил эхэлсэн. Үндсэндээ дуусах шатандаа явж байгаа гэхэд болно.
- Баянзүрх дүүргийн хуучнаар бол РЦНК төвийн урд байрлах 2.4 га талбайд тохижилт хийж ногоон байгууламж бүхий олон нийтийн талбай болгох ажил явагдаж байгаа. Шүүх дээр маргаантай байсан учраас ажил хойшилсон асуудал байгаа ч цаашид асуудал гарахгүй.
- Баянгол дүүргийн 1,3,4 дүгээр хороо төмөр замын вокзалын арын цэцэрлэгт хүрээлэнд мөн бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Өмнөх жилүүдэд Авлигатай тэмцэх газарт орон сууцны зориулалтаар олгогдсон байсан захирамжийг цуцалж цэцэрлэгт талбай болгож байгаа. Тохижилтын ажлууд хийгдээд эхэлсэн. Нийтдээ дөрвөн га газарт бүтээн байгуулалт хийгдэж байна.
- Хан-Уул дүүргийн ан-Уул дүүргийн 15 дугаар хороо Богдын цэцэрлэгт хүрээлэнгийн газрын 57 хувийг хувийн хэвшлийн “Вантрейд” компанийн нэр дээр олгогдсон байсныг цуцалж, Богдын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байгаа. Барилгын ажил дуусч байгаа. Газар нь хувийн хэвшилд олгогдсон байсныг хотын эзэмшилд буцаан авсан. Ирэх тавдугаар сард бүрэн хэмжээнд ашиглалтад орно" гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ