АНУ иргэдээ маск зүүхийг зөвлөж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.04.02-нд нийтлэгдсэн

АНУ иргэдээ маск зүүхийг зөвлөж эхэллээ

АНУ иргэдээ маск зүүхийг зөвлөж эхэллээ

АНУ-ын эрүүл мэндийн салбарын өндөр албан тушаалтнууд ард иргэд гэрээсээ гарахдаа нүүрээ хаах хэрэгтэй эсэх дээр маргаантай хэвээр байна. Халдварт өвчний хяналт, сэргийллийн төвөөс энгийн даавуун маск ч өвчин тусах эрсдэлийг бууруулах үр дүнтэй хэмээн зөвлөсөн байна. Харин Ерөнхийлөгч Дональд Трамп маскны оронд ороолтоо ашигласан ч болно хэмээжээ.

Гэтэл засгийн газраас өгсөн албан ёсны заавар, чиглэлд маскыг зөвхөн эрүүл мэндийн салбарынхан, өвчтөн, өвчтөнг асарч буй хүн л зүүхэд хангалттай хэмээсээр буй. Одоогийн байдлаар АНУ-д N95 стандартын маскны хомсдол үүсээд байгаа учир эрүүл мэндийн салбарын ажилтнууд ч нэг маскаа олон удаа хэрэглэх, маскгүй болбол алчуур зүүх зэрэг арга хэрэглэж байгаа аж.

Дээр дурьдсанчлан АНУ-ын халдварт өвчний хяналт, сэргийллийн төв "Хэрвээ хүмүүс олон нийтийн газарт очих, дэлгүүр орох зэрэгтээ ядаж энгийн даавуун маск зүүж байсан бол өвчний тархалт буурах байсан" хэмээн мэдэгдсэн билээ. Тус зөвлөгөөг цагаан ордон авч хэлэлцэж эхэлсэн ч одоогоор албан ёсны заавар өөрчлөгдөөгүй хэвээр байна.

Хоёрдугаар сард ерөнхий мэс засалч Жером Адамс "Маск худалдаж авахаа больцгоо. Маск таныг Covid-19 тусахаас, нийгэмд тарахаас огт сэргийлэхгүй. Харин эмч нарт маск хэрэгтэй. Үгүй бол эмч нар, цаашлаад бүх нийт аюулд орно" хэмээн жиргэж байсан билээ. Тэр ч бүү хэл "Маск зүүснээр өвчин тусах магадлал харин ч илүү нэмэгдэнэ. Учир нь зарим маск хэрхэн зүүхийг мэддэггүй хүмүүс улам их нүүрэндээ хүрэхэд маск нөлөөлдөг" хэмээн ярьж байв. Харин энэ долоо хоногт тэрбээр шинж тэмдэггүйгээр халдвар тээх тохиолдол олон байгаа учир маск зүүх нь үр дүнтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч эмнэлгийн ажилтнуудад маск үлдээх хэрэгтэй гэх байр сууриа хадгалсан байр сууриа илэрхийлжээ.

Мөн Энтони Фаучи маскны хэрэглээг нэмэгдүүлэх асуудлаар цагаан ордонд ярилцсан бөгөөд маскны нийлүүлэлт сэргэх үед зөвхөн эмнэлгийн ажилчид төдийгүй энгийн иргэдэд ч маск зүүхийг ихээр зөвлөнө хэмээн ярилцлага өгчээ. Мөн маск зүүсэн ч гараа тогтмол угаасаар байх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.

Харин Фаучигийн маскыг өргөнөөр хэрэглэх асуудлыг дагаад доорх гурван асуудлыг америкчууд дэвшүүлж байна.

  1. Маск халдвар авах эрсдэлийг үнэхээр бууруулах уу?
  2. Бүх нийтээр маск зүүж хэвших нь хангалттай үр дүнтэй юу?
  3. Хомсдолыг хэрхэх вэ?

Нэгдүгээрт, коронавирус халдвар авсан хүнийг ярих, ханиах, найтаах зэргээс үүдэн агаарт цацагдсан шүлсний жижиг дуслуудаар халдварладаг. Тиймээс эмнэлгийн ажилтнуудыг хамгийн өндөр эрсдэлтэй хэмээн үзээд, N95 стандартын маск, аргагүй бол мэс заслын маск зүүхийг тушаадаг. N95 стандартын маск нь агаарт буй тоосонцор, дуслуудыг 95 хувь шүүх чадвартай аж.

Хоёрдугаарт, мэргэжилтнүүд бүх нийтээр маск зүүх нь бодит үр дүн үзүүлэх эсэх дээр маргаантай хэвээр байна. Маш олон мэргэжилтнүүд өөрийгөө тусгаарлах болон гараа угаах нь хамаагүй илүү үр дүнтэйгээс гадна маск зүүвэл биед хуурмаг түгшүүр үүсдэг бөгөөд ихэнх хүн маскыг зөв зүүж чаддаггүй, нүүрэндээ улам их хүрдэг хэмээн үзэж байгаа аж. Мөн тэд бүх нийтээр маск зүүх нь үр дүнтэй гэх бодит нотолгоо байхгүй хэмээцгээж байна.

Харин нөгөө хэсэг эрдэмтэд нь бүх нийтээр маск зүүх нь үр дүнтэй хэмээж байна. Тэднийхээр маск зүүх нь шинж тэмдэг илрээгүй ч вирусийн халдвар авсан, түүнийгээ мэдэлгүй олны дунд амьдарч буй тээгчдээс сэргийлэхэд үр дүнтэй, вирус тээгчтэй шууд харьцах үед халдвар авах эрсдэлийг бууруулдгаас гадна маскыг хэрхэн зөв зүүхийг бүгдэд зааж өгөхөд боломжтой гэх байр суурьтай байгаа аж. "Амжилтад хүрэхийн тулд 100 хувь үр дүнтэй байх албагүй" хэмээн Фаучи хэлжээ.

Гуравдугаарт, маш олон хүмүүс хомсдол үүссэн энэ үед маскыг хамгийн хэрэгтэй хүмүүст нь үлдээх хэрэгтэй хэмээн санал нэгдэж байна. Харин Фаучи "Хэрвээ хүн бүр маск зүүдэг болчихвол маск хамгийн их хэрэгтэй байгаа эмч нарт ч цаашдаа маск тийм ч их хэрэглэгдэхээ болих болно. Гэхдээ танд хангалттай олон маск бий бол бусдыгаа бодох хэрэгтэй" хэмээн хэлжээ.

Энэ бүх асуудлын хариу болгож сүүлийн үед мэргэжилтнүүд ард иргэдийг заавал эмнэлгийн зориулалтын гэхийн оронд энгийн даавуун маск зүүж хэвшихийг зөвлөж эхэлсэн байна.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
9
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж