МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Бизнес итгэлийн индекс-2019 судалгааны дүн, эдийн засгийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.04.02/мэдээлэл хийлээ. Тэрбээр “МҮХАҮТ-аас вирусийн нөхцөл байдал үүссэнтэй зэрэгцээд Монголын эдийн засаг, бизнесийн орчны судалгаа, бизнесийн орчинд нөлөөлж буй нөлөөлөл, цаашид эдийн засгийн эрсдэлийг удирдах багц саналууд гээд маш олон судалгаа, танилцуулгыг төр засгийн байгууллагуудад хүргүүлсэн. Өнөөдөр эдийн засгийн салбарт нөхцөл байдал өдрөөс өдөрт муудсаар байна. Ямар нөхцөл байдал үүсээд байгаа талаар бид нэг салбарын жишээн дээр танилцуулъя гэж бодож байна. МҮХАҮТ жил бүрийн гурван сард бизнесийн итгэлийн индексийн судалгаа хийдэг. Энэ удаагийн судалгаанд 1800 компани оролцсон. Вирус ажлын байранд хэрхэн нөлөөлж байна вэ, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээ хэрхэн нөлөөлж байна вэ, гэсэн судалгаанд нийт 1500 компани оролцсон. Судалгаанаас вирус нөлөөлөөгүй салбар байхгүйг харж болно.
Бид гуравдугаар сарын 3, 23-нд судалгаа хийсэн. Энэ хооронд компаниудын 67,4 хувьд нь маш их хэмжээгээр нөлөөлөл үзүүлсэн бол 22 хувьд нь нэлээд хүчтэй нөлөө үзүүлсэн байна. Өнөөдөр вирусийн хязгаарлалт болон дэлхий даяар үүсээд байгаа эдийн засгийн хямрал бол бизнесийн бүх салбарт нөлөөгөө үзүүлжээ. Хамгийн их нөлөөлсөн салбараар аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээ, худалдааны салбаруудыг нэрлэж байна. Салбаруудаар задалж үзвэл аялал жуулчлалын салбарын 90 хувьд маш хүчтэй нөлөөлөл үзүүлж байна гэж үзжээ. Аялал жуулчлалын салбар Монголын нийт эдийн засагт 1.6 их наядын орлого оруулдаг. Үүний цаана маш олон зочид буудал, тээвэр логистик, иргэний агаарын тээвэр гээд бий.
Судалгаанд хамрагдсан 1500 компаниас 33 хувь нь ажилтнуудаа ямар нэгэн байдлаар цомхотгосон, тоог нь бууруулсан гэж хариулжээ. Гуравдугаар сарын 23-ны байдлаар нийт 6000 гаруй хүн цомхотголд өртсөн байна. Одоогоор эрчим хүч, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт ямар нэгэн нөлөөлөл байхгүй. Хамгийн их нөлөөлсөн нь зочид буудал, нийтийн хоол, аялал жуулчлал, банк санхүү, нийтийн хоол” гэв.
Нийт судалгаанд оролцогчдын 46 хувь нь хүмүүсээ богиносгосон цагаар, 35 хувь нь зайнаас ажиллуулж байгаа бол 28 хувь нь зун, намартаа өгдөг ээлжийн амралтаа 2, 3 дугаар сард өгчихсөн байгаа гэж хариулжээ. Ер нь ажлын байр хадгалахад тулгарч буй гол асуудал нь орлого буурсан явдал болохыг О.Амартүвшин ерөнхийлөгч хэллээ. Тэрбээр "Судалгаанд оролцогчдын 65 хувь нь орлого буурсан, 42 хувийнх нь үйл ажиллагаа зогссон, мөн доголдсон, 30 хувь нь ямар нэг байдлаар тогтмол зардлаа бууруулахын тулд ажлын байраа цомхотгосон" гэж хариулжээ.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР 2020 ОНД БҮХЭЛДЭЭ ТЭГ ЗОГСОЛТ ХИЙНЭ
Компаниуд цаашид ажлын байраа бууруулахаар тооцоолж байна уу? Энэ асуултад судалгаанд оролцсон компаниудын 30 хувь байдал энэ хэвээрээ үргэлжилвэл цомхотгол хийнэ гэж хариулжээ. 1500 компани нийт 8000 хүнийг цомхотгохоор төлөвлөж байгаа аж. Судалгаанд хамрагдаагүй бусад салбаруудыг оруулбал энэ тоо нэмэгдэх нь. Хөнгөн үйлдвэрлэл, ялангуяа ноос ноолуурын салбарын 50 хувь нь ажлын байрандаа цомхотгол хийнэ гэжээ.
Монголд үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудын үйл ажиллагаа үндсэндээ зогссон байна.
Судалгаанаас харахад хамгийн их ажлын байр шингээдэг салбарууд хамгийн түрүүнд цомхотгол хийж байгаа аж. Өрх толгойлсон, нийгмийн тодорхой эмзэг хэсэг илүү их цомхотголд өртөж буй тул Засгийн газар анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага тулгарч буйг тэрбээр хэллээ.
Компаниуд ажлын байрыг хадгалахад шаардлагатай нэн хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэр буюу хөнгөлөлттэй зээл олгооч ээ гэсэн хүсэлт тавьжээ. Учир нь энэ хэсэг өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдэлгүй хаягдаад байгааг О.Амартүвшин ерөнхийлөгч хэллээ.
Хамгийн түрүүнд эрсдэлд орсон аялал жуулчлалын салбар 640 зочид буудал 410 жуулчны бааз, 300 тур оператор, нийт 318 мянган ажлын байр шингээдэг байна. Энэ салбар 2020 онд бүхэлдээ тэг зогсолт хийх аж. Жуулчид гаднаас ирэхгүй нь. Нийт 1.6 их наядын орлогыг улсын төсөвт, нийслэлийн төсөвт 470 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг энэ салбарт анхаарал хандуулахгүй бол Монгол Улсын хэмжээнд сая орчим хүн ажил хөдөлмөр эрхэлдэг гэж үзвэл түүний 13 орчим хувьтай тэмцэх хэмжээний хүн ажилгүйдлийн эгнээнд шилжихийг анхааралдаа авахыг хүсэв.
БИЗНЕСИЙН ИТГЭЛИЙН ИНДЕКС БУУРЧЭЭ
2012 оноос хойш компаниудын итгэлийн индекс бага байсаар иржээ. Өнгөрсөн 2019 онд 2018 оны үзүүлэлт анх удаа эерэг гарсан байна. Ерөнхийдөө гадаад нөхцөл байдал сайжрах хүлээлттэй, макро эдийн засгийн байдал тогтворжихоор, бид нэлээд идэвхтэй ажиллаж болохоор байна гэсэн дүр зураг гарч байсан бол харамсалтай нь энэ оноос дээрх үзүүлэлтүүд буурч байгаа аж. Итгэл буурна гэдэг нь бизнес эрхлэгч хөрөнгө оруулалтаас эхлээд бүх зүйлээ танах, царцаахад хүргэдэг билээ.
Монголд ихэнхдээ хүлээлт бодит байдлаасаа өндөр байж иржээ. О.Амартүвшин "Хүлээлт өнгөрсөн онд 61 хувь байсан бол 2020 онд 31 хувь болж асар хүчтэй унаж байна. Тэгэхээр гүйцэтгэл, бодит байдал түүнээс дахиад доош унаж, 20 орчим руу орох байх. Ялангуяа аялал жуулчлал, уул уурхай, боловсруулах үйлдвэр, барилгын салбарт илүү нөлөөлөхөөр харагдаж байна. Бид бизнесийн орчны үнэлгээг ДНБ, сонгуультай харцуулж авч үзсэн. Ер нь сонгуулийн жил бизнес эрхлэгчдийн хүлээлт дандаа унадаг. Эндээс төр засгийн шийдвэр тогтвортой байж, бизнес эрхлэгчдийн итгэлийг дэмжих чиглэлд төр хувийн хэвшил бодитой хамтарч ажиллах шаардлагатайг харж болно" гэлээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ