Сүхбаатарын талбайн урд хэсэгт орших Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах асуудлаар өнөөдөр /2020.04.02/ нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ.
ЭХНИЙ ЭЭЛЖИД 2016-2017 ОНД ТАРЬСАН 586 ШИРХЭГ ГАЦУУР, 349 ШИРХЭГ НАРС МОДЫГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАНА
“Сүхбаатарын талбайн урд хэсэг хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн байсныг цуцалж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулахаар Хотын захирагч С.Амарсайхан шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн хүрээнд зураг төслийн уралдаан зарлаж, түрүүлсэн бүтээлээр нь цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон.
Хонхтой цэцэрлэгт хүрээлэн нь 1,6 га талбайг хамардаг юм байна. Тохижилтын хүрээнд 85 метрийн урттай 14 метрийн өргөнтэй хөгжмийн аялгуутай усан оргилуур, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар байгуулах аж. Гэхдээ усан оргилуур барина гээд барилга барьчихдаг тохиолдол бий. Бид нийслэлийн өмчит байгууллага учраас яг зураг төслийнхөө дагуу бүтээн байгуулалтаа хийнэ. Эхний ээлжид 2016-2017 онд тарьсан 586 ширхэг гацуур, 349 ширхэг нарс модыг шилжүүлэн суулгана" гэв.
"МОДНЫ ҮНДСИЙГ НЬ УХАЖ АВАХ ЮМ БОЛ ТАСАРЧ ШИНЭ ГАЗАР УРГАХГҮЙ"
Энэ үеэр иргэн Ж.Энхбат экологи, байгаль орчны чиглэлээр 26 эрдэмтэн докторууд энэхүү ногоон байгууламжийг шилжүүлэх нь Улаанбаатар хотын экологийг үгүй хийж байгаа талаар дүгнэлт гаргаснаа дуулгав. Тэрбээр “ Улаанбаатар хотод усан оргилуур, ариун цэврийн өрөө барих нь нэн чухал тулгамдсан асуудал мөн үү гэвэл биш ээ. Улаанбаатар хотод тулгамдсан асуудлууд маш их байна. Коронавирусийн улмаас эдийн засаг хямарч, хувийн хэвшлүүд хаалгаа барьж, худалдан авалт байхгүй болсон. Энэ онцгой байдлын үед хотын А зэрэглэлийн бүсэд олон улсын жишигт нийцсэн усан оргилуур хоёр нийтийн ариун цэврийн өрөө барих нь цагаа олоогүй асуудал.
Эрдэмтдийн дүгнэлтээс дурдвал “Шинээр шилжүүлэн суулгаад гурван жил болсон дээрх нарс, гацуур дөнгөж газартайгаа холбогдох тэжээл аван ид ургаж байгаа энэ үед үндсийг нь ухаж авах юм бол тасарч шинэ газар ургаж чадахгүй. Наад зах нь 60-80 хувь нь үхэх магадлалтай. Усан оргилуур хэмээх байгууламж нь манайх шиг дөрвөн улиралтай 3-4 сар ажиллаад бусад үед хөлдүү хог шороогоор дүүрсэн төхөөрөмж болдгийг бид бүхэн мэднэ" гэсэн байна.
Учирлах бичгийг Монгол Улсын Ерөнхий сайд болон Нийслэл хотын засаг дарга С.Амарсайхан нарт 26 эрдэмтэн хүргүүлж байгаа. Өнөөдөр иргэн Ж.Энхбат улстөржөөд бүтээн байгуулалтын асуудлыг гацаах зорилго байхгүй. Улаанбаатар хотод нэн шаардлагатай ажил гэвэл гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийх ёстой. 3.2 тэрбум төгрөгөөр гэр хорооллын Чингэлтэй дүүргийн 16-р хорооны иргэд хүүхдээ сургуульд сугалаагаар өгдөг биш хороонд нь сургууль, цэцэрлэг барих ёстой. Нэг цэцэрлэг нэг тэрбум төгрөгөөр бүх тохижилт хийгддэг. 3.2 тэрбум төгрөгөөр олон улсын жишигт нийцсэн ариун цэврийн өрөө барихыг иргэн хүний хувьд эсэргүүцэж байна. Эрдэмтдийнхээ үгийг сонсооч гэж хүсмээр байна. Өчигдөр арав гаруй цагдаа надад хүч хэрэглэсэн. Иргэн үгээ хэлэх эрхгүй болсон байна” хэмээн онцоллоо.
НОГООН БАЙГУУЛАМЖ ҮЛДЭХГҮЙ МЭТЭЭР НИЙГЭМД БИТГИЙ ТУРХИРААЧ
Үүний дараа Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Орчин үеийн шийдэлтэйгээр төвлөрсөн бохирын ариутгах татуургын системд холбогдсон тодорхой хэмжээний траст орсон модыг шилжүүлэн суулгая л гэж байна. Төслийн үйл ажиллагааны өмнө олон нийтийн санал асуулгыг нэг жилийн өмнө аваад энэ зураг төсөл нь шалгараад өнөөдөр ажил хэрэг болж байна.
Энд байгаа нарс, том модыг шилжүүлнэ. Нөгөө талаар талбайд байгаа түүхэн хөшөө дурсгал байрандаа байх юм. Юу ч үгүй бүгдийг нь хуу татаж энд ямар ч ногоон байгууламж үлдэхгүй мэтээр сөрөг хандлагыг нийгэмд битгий турхираач гэж хэлмээр байна. Нарс мод ургалт муутай гурван тулгууртай ийм модыг дэлхий нийтийн төв талбай дээр харсан уу. Гацуур нарс модыг шилжүүлэн суулгадаг тусгай технологийн хүрээнд стандартын дагуу шилжүүлэх ажил хийгдэнэ. Ногоон байгууламж устаж алга болж байгаа зүйл байхгүй. Эндээс тодорхой тооны модыг Цэцэрлэгт хүрээлэн рүү шилжүүлнэ.
Засаг дарга захирамжаа гаргаад тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хот тохижилтын газраар гүйцэтгүүлж байгаа. Иргэн Энхбат үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Энд өчигдөр лайв хийж ард иргэдийг тохижилтын ажлын эрсэг турхирсан. Зургадугаар сарын 5-ы өдөр гэхэд ашиглалтад хүлээлгэж өгөх ёстой. Хугацаа асар богино байна. Бид энэ цаг хугацааг хоорондоо талцаж хэрэлдэх биш бүтээн байгуулалт тохижилтын ажлаа хиймээр байна" гэлээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ