Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.04.02/ коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл өглөө. Дэлхий даяар өнгөрсөн 24 цагийн хугацаанд 76470 шинэ халдвар бүртгэгдэж, 4880 хүн нас баржээ. Нийт нас баралт 47189 байгаа бол эдгэрсэн хүний тоо 193989 болсон байна. Коронавируст халдварыг ХӨСҮТ-өөс гадна Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Ховд, Дорнод, Орхон аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори зэрэг зургаан газар зэрэг шинжилгээ хийж оношлох боломжтой болжээ.
Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт судалгааны хэлтсийн Д.НАРАНГЭРЭЛ:
-Коронавирусийн халдвараар 7-14 хоногийн дотор 400 гаруй мянган хүн оншлогдож байна гэхээр өвчний тархалт ямар хурдацтай байгаа нь харагдаж байна. Бага насны хүүхэд нас барсан анхны тохиолдол АНУ-д бүртгэгдлээ. Манай улсад зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан 14 хүн бүртгэгдсэнээс хоёр хүн нь эдгэрч, тусгаарлалтад байна. Мөн өнгөрсөн шөнө буюу сүүлийн 24 цагийн байдлаар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тус бүр нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, шинжилгээний хариу гараагүй байна. Сэлэнгэ аймгийн иргэний хувьд Энэтхэг, Солонгос Турк улсаар дамжин эх орондоо ирсэн бөгөөд уушгиндаа хатгалгааны шинж тэмдэгтэй, хэдийгээр ирснээсээ хойш өөрийгөө 14 хоног тусгаарласан ч хатгалгааны шинж тэмдэг илэрсэн тул тусгаарласан. Мөн түүнийн ойрын хавьтлын долоон хүнийг бас тусгаарлаад байна. Дархан-Уул аймгийн тохиолдол нь ОХУ-д сурч байгаад ирсэн оюутан бөгөөд бас өөрийгөө 14 хоног тусгаарлаж байсан. Яг өнөөдрийн байдлаар 2171 хүн тусгаарлах байранд байна. Эдгээр иргэдийн бие хэвийн байгаа.
ТОКИОГООС ИРСЭН 26 ХҮН ТУСГААРЛАЛТ НЬ ДУУСЧ, ЭМНЭЛГЭЭС ГАРСАН
ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:
-ХӨСҮТ тусгаарлагдсан 192, Цэргийн төв эмнэлэг 42, Замын-Үүд боомтод 34, тандалтын 5 гээд нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн хоёр сэжигтэй тохиолдлын шинжилгээ хийж, тандалт үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Токиогийн онгоцоор ирсэн 26 хүнийг ХӨСҮТ-ээс гаргасан бөгөөд өнөөдөр Токиогоос ирэх 74 хүнийг хүлээн авах бэлтгэлээ хангаад байна.
МОНГОЛ УЛС КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ЦӨӨН БҮРТГЭГДСЭН ОРНЫ ТООНД БАГТСАН
ДЭМБ-аас цар тахалтай тэмцэж буй улс орнуудыг халдвар бүртгэгдээгүй цөөхөн арван улс, цөөн тооны халдвар бүртгэгдсэн улс, тодорхой бүс, нутагт бүртгэгдсэн улс, нийтийн дунд өндөр тархалттай орон гэж дөрвөн бүлэгт ангилжээ. Монгол Улсын хувьд цөөн тооны халдвар бүртгэгдсэн орны ангилалд багтжээ. Ингэхдээ гаднаас халдвар зөөвөрлөгдөж орж ирсэн орны тоонд бүртгэгдсэн байна. Цаашид нийтийн дунд халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахад эрүүл мэндийн байгууллагын заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.
Хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа ч нүүрсний тээвэрлэлтийг эхлүүлээд байна. Үүнтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
ТРАНЗИТ ТЭЭВРИЙН 42 ЖОЛООЧИЙГ ТУСГААРЛАЖ БАЙНА
ЗТХЯ-ны Авто тээврийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан:
-Энэ оны нэгдүгээр улиралд дотоодын зорчигч урсгал 37.6 хувиар буурсан. Хот хоорондын ачаа тээвэрлэлт хэвийн үргэлжилсээр байгаа. Улс хоорондын зорчигч тээврийг хязгаарлаад байгаа. Хил нэвтэрч орж ирсэн иргэдийг тусгаарлалтаас гарах хугацаа нь дууссаны дараа нийслэл хот руу тээвэрлэх, Ухань хотоос 31 иргэнийг авчрах, гурван удаагийн тусгай нислэг үйлдэх ажлуудыг мөн зохион байгууллаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт тасралтгүй үргэлжилж, Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур боомтуудаар тээврийг хийж байна. Замын-Үүд боомтоор гэхэд оны эхний улиралд 105 мянган тонн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортолсон. Алтанбулаг боомтоор өдөрт дунджаар арван тээврийн хэрэгсэл орж ирж байгаа бөгөөд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл зонхилж байгаа юм. Транзит тээвэрт явж буй дотоодын жолооч нарыг 14 хоног тусгаарлахаар болсон. Одоогийн байдлаар 42 жолооч тусгаарлагдаад байна. Цагааннуур боомтоор өдөртөө 9-10 тээврийн хэрэгсэл орж ирж, шатахууны импорт зонхилж байгаа. Хоёрдугаар сарын 10-ны өдрөөс зэснээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг зогсоогоод байсан. Экспортыг эхлүүлэхээр холбогдох ажлын хэсгүүд ажиллаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх нөхцөлийг бүрдүүлээд нүүрс, төмрийн хүдрийн тээврийг эхлүүллээ” гэлээ.
Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр нүүрс тээвэрлэлтийг эхлүүлснээс хойш Замын-Үүд боомтоор өдөрт 14-32 тээврийн хэрэгслээр нүүрс, 2-4 тээврийн хэрэгслээр төмрийн хүдэр тээвэрлэж байгаа аж. Тус боомтоор боомтоор гуравдугаар сарын 21-ээс хойш 292 тээврийн хэрэгслээр 20,820 тонн нүүрс тээвэрлэсэн байна. Харин зэсийн тээвэр тасраагүй үргэлжилсээр байгаа аж. Энэ оны нэгдүгээр улиралд 3,279 тээврийн хэрэгслээр 118,000 тонн зэсийн баяжмал экспортолжээ. Мөн Шивээхүрэн боомтод гуравдугаар сарын 28-ны өдрөөс нүүрс тээвэрлэлтийг эхлүүлсэн. Тус боомтоор дөрөв хоногийн хугацаанд 236 тээврийн хэрэгслээр 6,800 тонн нүүрс тээвэрлэсэн байна. Ханги боомтын хувьд гуравдугаар сарын 30-ны өдрөөс тээвэрлэлтээ эхлүүлж 49 тээврийн хэрэгслээр 3,760 тонн нүүрс, 19 тээврийн хэрэгслээр 1,460 тонн төмрийн хүдэр экспортолжээ. Цаашид экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Дорнодын Баянхошуу боомтоор газрын тос, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор газрын тос, нүүрс, төмрийн хүдэр, Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор төмрийн хүдэр, Ховд аймгийн Булган боомтоор нүүрс тээвэрлэлтийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна.
ЭМЯ-аас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Wednesday, April 1, 2020
Холбоотой мэдээ