Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны үнэмлэхүй аварга Хабиб Нурмагомедов түүний удаан хүлээлгэсэн Америк тулаанч Тони Фергусонтой хийх тулаан тав дахь удаагаа цуцлагдаж байгааг зарлалаа. Хоёр тулаанч энэ сарын 18-нд Нью Йорк хотод тулалдах байсан ч covid-19 цар тахлын улмаас цуцлагдлаа. Хабиб Нурмагомедовын хувьд одоогийн байдлаар төрөлх Дагестан нутагтаа байгаад бөгөөд ОХУ хилээ хааснаас болж нутгаасаа гарч чадахгүй байгаа аж. Тэрбээр “Би та нараас илүү тулаан цуцлагдаж байгаад хямарч байна” хэмээжээ.
Өдгөө 31 настай Хабиб тулааны бэлтгэлээ Арабын Нэгдсэн Эмират улсад базаасан бол түүний өрсөлдөгч өдгөө 36 настай Тони Фергусон төрөлх АНУ-даа бэлтгэлээ хийсэн аж.
Дээрх хоёр тулаанчийн өмнө нь цуцлагдсан дөрвөн тулаан дандаа эрүүл мэндийн эсвэл хувийн шалтгаанаас болж цуцлагдсан байна. 2015 онд Хабиб Нурмагомедов хавирганы бэртлээс, 2016 онд Тони Фергусон уушгины асуудлаас, 2017 онд хоёр тулаанчийн жин болон Тони Фергусоны бөөрний асуудлын улмаас тус тус цуцлагдаж байжээ. Харин хамгийн сүүлд 2018 оны дөрөвдүгээр сард тулаан нь зохион байгуулагдах байсан ч тулаан болохоос ердөө зургаан хоногийн өмнө Тони Фергусон осолд орон өвдөгний шөрмөсөө тасалсан байна.
UFC-ийн тайлбарлагч Жое Роган энэхүү тулааныг "хараагдсан" хэмээжээ. Ямартай ч хоёр тулаанчийн дараагийн тулааны тов хэзээ гарах нь тодорхойгүй байна.
Холбоотой мэдээ