Хэзээнээс л улстөрчдийн “шунал”-ыг хөдөлгөж, эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, ашиг хонжоо хайдаг газар бол “Эрдэнэт” үйлдвэр. Үйлдвэр хэдийгээр хараат бус байж, компанийн дотоодын үйл ажиллагаагаа бие даан авч явах гэж хичээдэг ч улстөрчдийн “шунал”-аас бултаж байсан түүхгүй. Монгол Улсыг сүүлийн 20 жил дангаараа тэжээж, “саалийн үнээ” нэртэй болтлоо “Эрдэнэт” үйлдвэр одоо ч эрх баригчдыг, улстөрчдийг тэжээсээр байна. Ялангуяа өндөр цалинтай, үйлдвэрийн үйл ажиллагаа үргэлж доголдох эрхгүй байдаг учраас улстөрчдийн хувьд юу дуртайгаа шахаж, нийлүүлж, хүссэн хүнээ томилуулдаг уламжлал одоо ч хадгалагдсаар байна. Хэдэн мянган ширхэг үр ашиггүй, хэрэглэгдэхгүй бүтээгдэхүүн нийлүүлсэн нь өнөөдөр ч үйлдвэрийн агуулахад хадгалагддаг гэх.
“Эрдэнэт” үйлдвэрийг, Эрдэнэт хотыг чиглэсэн улстөрчдийн ашиг сонирхол ил, далд хэлбэрээр үргэлжилж байгааг дараах баримтуудаас харж болно. 2016 оны сонгуульд ялалт байгуулж, эрх барьж буй МАН-ын гишүүдийн хувьд тус үйлдвэрт хүн ажилд оруулах, оруулахгүй бол албан бичгээр дарамтлах нь хэвийн үйлдвэр.
Үе үеийн үйлдвэрийн дарга нарын зүрхийг үхүүлж, албан бичиг чулууддаг улстөрчид хүссэн томилгоог нь хийж өгөхөөс нааш тэднийг хорхойтой араандаа зуучихна. Яг л ийм бичигдээгүй зарчмаар өнөөдрийг хүртэл улстөрчид “Эрдэнэт” үйлдвэрийг мөлжиж ирсэн.
Бид энэ удаад “Эрдэнэт” үйлдвэрт зөвхөн 2016-2017 оны хооронд улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудаас ирүүлсэн хүслийг жагсаалтыг ил болгож байна.
“Эрдэнэт” үйлдвэрт жилд дунджаар 100 гаруй дэмжлэг хүссэн хүсэлт зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудаас ирдэг. Үйлдвэрийн зүгээс аль болох шийдэх талаас нь ажиллаж, үнэхээр шаардлага хангахгүй байх, орон тоо байхгүй бол тухай бүрт нь хариугаа хүргүүлээд явдаг аж. 2016-2017 онд гэхэд мөн л 100 гаруй хүсэлт өндөр албан тушаалтнуудаас иржээ. Тэдний тэргүүн эгнээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан цаашлаад Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Дамба-Очир, О.Содбилэг, Д.Тогтохсүрэн, Я.Санжмятав нараар үргэлжилнэ. Улстөрчдийн шахааны цувааг цааш үргэлжлүүлэгчид яам, агентлагийн дарга нар, орон нутгийн удирдлагууд. Тэдний цувааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал гээд л хөвөрч эхэлнэ.
Ч.УЛААН ХӨДӨЛМӨРИЙН ЗӨРЧИЛ ГАРГАСАН ХҮНИЙГ АЖИЛД ОРУУЛЖЭЭ
Тэдний зүгээс үйлдвэрт ажилд оруулах хүсэлт гаргана, давраад дарга болгоно гэж өөрийн албан бланканд дээр гарын үсэгтэй, тамгатай цаас явуулж байгаа нь нэг ёсны “сүрдүүлэг” гэж хэлж болно. Хүн ёсны харилцаагаар хүсэлт гаргаад, асуудал шийдэгдэхгүй албан бичиг хүргүүлнэ, цаашлаад ямар арга хэмжээ авдаг нь таашгүй.
Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өөрийн төрсөн хүүгийн компаниар дамжуулан “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн нь дуулиан болж, тэрбээр өөрөө ч үүнийгээ хүлээдэг. Утас цохиод л том дүнтэй тендер хүүдээ авч өгдөг Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан бланктай ажил горилогчийн хүсэлт биелэх нь ойлгомжтой л болов уу. Түүний хувьд хоёр ч хүнийг даргаар ажиллах хүсэлт өгч байжээ.
Түүнээс гадна Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааны хүсэлтээр Г.Энхжаргал гэх иргэнийг ажилд авчээ. Г.Энхжаргал нь олон удаагийн давтамжтай хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж, ажлаас чөлөөлөгдсөн хүнийг “дарамталж” байгаад тус үйлдвэрийн охин компани болох “Эрдсүлж” ХХК-д оёдолчноор ажилд авчээ. Эрдэнэт хотоос хоёр ч удаа сонгогдоод байгаа О.Баасанхүү гишүүний хувьд ч мөн адил үйлдвэрийн удирдлагад хаягласан бичиг олонтаа явуулдаг аж. Түүний тэр олон хүсэлтүүдээс ажилд орсон нь ч олон харагдана. Тойргийн гишүүний хувьд иргэдийнхээ хүсэлтийг үйлдвэрт уламжлах нь зүйн хэрэг ч тэд гишүүдтэй ямар нэг хамаарал бүхий биш гэдгийг нь нотлоход бас хүндрэлтэй.
Энэ мэтчилэн тэдний хүслийн жагсаалтыг биелүүлэхийн тулд үйлдвэрийн удирдлага хайчинд орох нь бараг л хэвийн үзэгдэл. Мэдээж тэд "УИХ-ын гишүүний, даргын, сайдын хувиар иргэний хүсэлтийг уламжилсан” гэсэн хөнгөн тайлбар өгөөд л өнгөрнө. Гэхдээ улстөрчдийн энэ мөлжлөг хэзээ ч дуусахгүй, хэзээ ч тасрахгүй. Хүн нь өөрчлөгдөх ч хүсэлт нь хэвээр үргэлжилсээр байх болно.
“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРТ ХҮСЭЛТЭЭ ЯВУУЛСАН УЛСТӨРЧИД:
Ш.ОЧ
Холбоотой мэдээ