Эрин дамжсан байгууламж

Хуучирсан мэдээ: 2015.11.21-нд нийтлэгдсэн

Эрин дамжсан байгууламж

 

 

Дэлхийн хамгийн урт байгууламж бөгөөд хамгийн томоохон хамгаалалт нь Хятадын Их цагаан хэрэм юм. Хятадаар Ванли Чанчэн гэж нэрлэдэг нь “Арван мянган лийн урттай хана” гэж орчуулагдана (ли — 500 м орчим урт хэмжигдэхүүний нэгж ). Гэхдээ “ванли” гэсэн үг нь зөвхөн “10 мянга” гэж заахгүй бөгөөд тодорхой бус “маш олон” гэсэн утгыг илэрхийлэх учир “маш урт хана” гэж ч буулгаж болох юм.

 

Дохионы цамхгууд

 

 

Цамхгийг ханаас тусгайлан өндөр цэг ба замуудын уулзварт барьж иржээ. Цамхгуудын хоорондын зай нь 2,5 – 5 км. Монголчуудын аюулт довтолгоо ирж буй үеэр өдөр нь утаагаар, шөнө нь түүдэг галаар тэндээс дохиог дамжуулдаг байв. Мин улсын үед монголчууд гарч ирвэл их буугаар буудан дохио өгдөг болжээ. Зуун хүн ирж байгаа бол нэг удаа, 500 хүн хүртэл бол хоёр удаа, мянгаад дээш тоотой бол гурван удаа буудан дохио өгдөг байсан гэнэ.

 

Харуулын цамхгууд

 

 

Цамхгуудын нийт тоо нь 25 000 орчим. Хоорондын зай нь 30 метрээс  нэг километр хүртэл. Цамхгууд нь 2-3 давхартай. Нэгдүгээр давхарт нь хүнс, зэр зэвсгээ хадгалах мөн харуул амардаг байр байдаг. Хоёрдугаар давхар нь манааны ажиглах талбар юм. Том цамхгуудад 100 орчим цэрэгтэй, жижиг цамхгуудад 10 хүнтэй байлаа.

 

Өргөн

 

 

Ханын зузаан янз бүр. Хамгийн өргөн хэсэг нь 9,1 м. Шаньхайгуань заставын ойролцоо 7 метрийн зузаан ханатай. Бадалин гэх хэсэгт ханын зузаан 5,7 м (энэ нь өргөнөөр 10 хүнтэй эгнээ буюу таван морьтон зэрэгцэн явж болно). Тэнгэрийн гүүр гэсэн хэсэгт ханын зузаан дөнгөж 40 см болдог.

 

 

Заставууд нь – ханын дагуух хамгийн чухал хамгаалалтын цэг юм. Хана том замууд солиболцсон хэсэгт тэднийг байгуулж байлаа.

 

Байгууламжийн урт

 

 

Эхлээд ханыг  тус тусад нь босгосон ба хоорондоо холбогдоогүй байлаа. Бие биесээ унагаан гарч ирсэн улсууд  ханын зарим хэсгүүдийг холбон зарим нэгийг нь цоо шинээр босгож байлаа. Их цагаан хэрэм өнөөгийн Хятадын 15 муж, автономи, засаг захиргааны нэгжээр дамждаг.

 

Хэрмийн  өнөөгийн байдал

 

Мин улсын үеэр (1368–1644 онууд) баригдсан  хэсгүүд өнөөдөр бусдаасаа сайн хадгалагдан үлджээ. Тэр үеэр ханын нийт урт нь 8851 км байлаа. Хэрмийн хамгийн хуучин хэсэг (30,5 км) Хэнань мужид байдаг бөгөөд МЭӨ VII зуунд Чу улсын үеэр баригджээ.

 

Бүтэц

 

 

Эхэндээ өвс хольсон газрыг  услан нягтруулж далан маягийн  зүйлийг болгож байлаа. Уулархаг бүсүүдэд чулуу ханын материал байсан юм.  Хожим тоосго,  бэхжүүлэх зуурмагийг ашиглаж иржээ. Нийтдээ 180 сая шоо метр газар ба 60 сая шоо метр тоосгыг уг байгууламжид ашиглажээ.

 

Их цагаан хэрмийн газар зүй

 

Ханын хадгалагдан үлдсэн хэсгүүд юм

 

1. ШАНЬХАЙГУАНЬ буюу “Дундад улсад орох эхний гарц” гэх застав нь Манжуурын чиглэлээр байгуулагдсан хамгаалалт юм.

 

2. ЦЮЙЮНГУАНЬ нь Бээжин хүрэх гарц бөгөөд заставын дотор нь “Тэнгэрийн тавцан” (Юньтай) байрлана. Өндөр нь 9,5 м. Буддагийн дүрс болон буддын сургаалыг зургаан хилээр сийлэн чимсэн байгаа.

 

3. ЦЗЯЙЮГУАНЬ застав нь Торгон замын чухал цэг болдог. Баруун хаалган дээр нь “Алс холын орнуудад найрсгаар хандагтун” гэсэн хол одогсдод зориулсан ерөөлтэй. Зүүн халган дээр нь “Гайхамшигтай иргэншилд нэвтрэх хаалга” гэсэн бичигтэй. Үүгээр хятадууд гадаадынхантай мэндлэн өөрсдийгөө танилцуулж байлаа.

 

4. ЮМЭНЬГУАНЬ нь Их цагаан хэрмийн хамгийн баруун цэг юм. Энэ заставаар торгон замын  жингийн цуваа дайран өнгөрч байв.

 

Бэлтгэсэн: Ш.МЯГМАРСАМБУУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж