Булган аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх ажил явуулжээ. Энэ хүрээнд тус аймгийн Хишиг-Өндөр сумын тавдугаар багийн хэсэгт иргэн А өөрийн эзэмшлийн оршин суух хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байсныг илрүүлсэн байна.
Мөн тус сумын иргэн Ө өөрийн эзэмшлийн авто гаражид 8 ширхэг бугын эвэр хадгалж байсныг үзлэг хийн, хураан авчээ. Экологийн цагдаагийн албанаас мэдээлснээр дээрх бугын эвэрт шинжилгээ дүгнэлт гаргуулахаар Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Энэ оны нэгдүгээр сарын сүүлээр Төв аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид Мөнгөнморьт сумын Жаргалант нэгдүгээр багийн нутаг дэвсгэр Захарын даваа гэх газраас 2020 оны иргэн А, З, Т, нар нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн долдугаар зүйлд заасны дагуу нэн ховор амьтны жагсаалтад орсон гурван хүрэн баавгай агнаж, түүхий эд болох 12 ширхэг сарвууг /тавхай/ хадгалж, худалдан борлуулахаар бэлтгэж байсныг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Ерөнхий сайдаас чиглэл болгосноор өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаас уул ус, байгаль дэлхийн нурууг амраасан шийдвэр гаргасан билээ. Экологийн цагдаа нь улсын байцаагчийн эрхтэйгээс гадна байгаль орчинд хохирол учруулсан этгээдүүдэд хэрэг нээж бүртгэх эрхтэй юм. Өнгөрсөн 2019 онд уул уурхайн хууль бус 150 орчим лиценз цуцалж, хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдээр нөхөн сэргээлт хийлгэжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ