Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2015.11.21-нд нийтлэгдсэн

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр Ховд аймгийн Дөргөн суманд ажиллаж байна. Тэрээр УИХ-аас баталсан хууль, тогтоол, мөн УИХ-д өргөн мэдүүлсэн олны анхаарал татаж байгаа хуулиудаар иргэдэд мэдээлэл өгч, санал бодлыг нь сонсч байгаа юм.

Уржигдар Ховд, Эрдэнэбүрэн сумын иргэдтэй уулзалт хийж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Монгол Улс парламентын засаглалыг сонгосон ч нэг харахаар парламентын засаглалтай ч юм шиг, эс бол ерөнхийлөгчийн засаглалтай ч юм шиг болчихсон.

Энэ нь улс төрийн тогтолцоо буруу байгаагийн шинж. Бид алийн болгон улс төржих билээ?. Одоо цэг тавих хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлье. Танхимын гишүүдээ өөрөө томилдог, танхимын гишүүн муу ажиллавал Ерөнхий сайд өөрөө хариуцлага үүрдэг тэр механизм руу явъя. Одоо байгаа тогтолцоогоор хэн дуртай УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг огцруулах төсөл өргөн барьдаг. Энэ нь эргээд төрийг тогтворгүй болгож байна.Нөгөө талаар сумын Засаг даргыг ард түмнээс сонгодог болох шаардлагатай. 3000 хүнтэй сум хоорондоо улс төржөөд хэнд ч хэрэггүй. Сумын ард түмэн хэн нь хэн бэ, удам судар нь ямар вэ гэдгийг бүгд мэднэ. Мөн хот тосгоны асуудлыг шийдвэрлэнэ. Одоогоор Улаанбаатар гэж ганцхан хоттой, бусад нь сумын төв байгаа. Эдгээр хэдэн өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлагатай байгаа, үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгасан байгаа гэдгийг иргэдэд танилцууллаа. Мөн Сонгуулийн тухай хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуулийн төсөл, Хамтын тэтгэвэр, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг олон хуулийн төслийн талаар танилцуулга мэдээлэл өгсөн юм.

Орон нутгийн иргэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж байна. Цөөхөн сумтай хэдий ч улс төржиж талцсаар ажил явдаггүй тухай учирлаж байв.

Ховд сумын иргэн Х.Бахыт УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцдог механизмыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд заавал оруулж өгөөч гэсэн саналыг хэлэв. Мөн сумын иргэн Х.Еренгайп Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа гэхэд төр барьж буй хүмүүст нөлөөлөхөөс биш  ард түмэнд нөлөөлөх юм байхгүй.  Төрөө тогтвортой байлгая гэж бодож байгаа бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа 5 жил байх нь зөв гэсэн юм. Тэрээр Ховд аймгаас мах бэлтгэл хийх эсэхийг тодруулсан юм.

УИХ-ын гишүүн Д.Батцогт “Махны экспортын ажлыг эрчимтэй хөөцөлдөж байна. Экспортын асуудалд БНХАУ нааштай хариу өгсөн. Бүх асуудал шийдэгдээд мах экспортод гаргах гэж байтал нэг аймагт нь шүлхий өвчин гардаг. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж Хятадын тал мэдээд өвчтэй малын мах авахгүй гэсэн асуудал тавьж эхэлдэг. Иймэрхүү байдлаас болж мах экспорт удааширч байгаа зүйл бий. Сая Монгол Улсын Ерөнхийлөгч Хятад улсад айлчлахдаа эхний ээлжид дулааны аргаар боловсруулсан мах гаргахаар болсон энэ бол нааштай шийдвэр. Мөн дотоодын хүнсний нөөцөд мах авах асуудлыг хөөцөлдөж буйгаа дуулгав.

Эрдэнэбүрэн сумын иргэн. Н.Чойжилсүрэн баруун бүс нутагт ялангуяа Ховд аймагт бензин 1 литр нь 2000 давсан үнэтэй байна. Үүнийг төвийн үнэтэй ижил түвшинд барих боломж байна уу хэмээн асуув.

Шатахууны үнийг Засгийн газар нэг тогтоол гаргаад шийдчихдэг асуудал биш. Хувийн хэвшлийн компаниуд нефть импортолдог учир тодорхой хэмжээний тохироо хийж татвараар зохицуулалт хийдэг. УИХ-д өчигдөрхөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан. Энэ хуулиар Улаанбаатар хотоос 600 км-ээс дээш аймаг, суманд аж ахуй эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн ААНОАТ-ыг 1-5 хүртэл хувиар бууруулахаар заасан. УИХ-аас дээрх хуулийг баталсан нөхцөлд Ховд аймагт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж 1 хувийн ААНОАТ төлнө. Энэ нь аж ахуйн нэгжүүд, мөн иргэдээ дэмжиж байгаагийн зэрэгцээ төвлөрлийг сааруулах ач холбогдолтой гэж УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт хэллээ.

Тэрээр энэ сарын 23-ний өдрийг хүртэл Ховд аймагт ажиллах бөгөөд  Мянгад Буянт, Дөргөн, Чандмань, Дарви сумд болон аймгийн төвд ажиллах юм гэж УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж