Нөөцийн мах худалдаанд гарсан ч махны үнэ буурсангүй

Хуучирсан мэдээ: 2020.04.02-нд нийтлэгдсэн

Нөөцийн мах худалдаанд гарсан ч махны үнэ буурсангүй

Нөөцийн мах худалдаанд гарсан ч махны үнэ буурсангүй

Жил жилийн хавар махны үнэ тэнгэрт хадаж, мах “магнаг” болдог. Энэ жилийн хувьд харьцангүй тогтвортой байна. Нийслэлийн статистикийн газрын мэдээлснээр дөрөвдүгээр сар гарсаар үхрийн махны үнэ килограмм нь дунджаар 11-12 мянган төгрөгийн үнэтэй байна. Үхрийн цул махны үнэ 50 төгрөгөөр өсчээ. Харин хонины махны үнэ тогтвортой, килограмм нь дунджаар 7800 төгрөгийн үнэтэй байна.  Үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу килограмм нь 9800 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр, 14 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна.  Хонины мах тус захад хамгийн хямд буюу 7800 төгрөгөөр худалдааж буйг статистикийн мэдээнд онцолжээ.

Ингээх махны гол зах болох  “Хүчит шонхор”-ыг зорьж, үнэ ханшийг сурвалжиллаа. Тус захын үхрийн махны тасаг хүн багатай, худалдагчид нь “Шинэ мах хямдхан аваарай” гэж аль болох махаа борлуулахыг хичээж байгаа нь анзаарагдна. Тус захад үхрийн ястай, цул мах килограмм нь 10-12 мянган төгрөгийн үнэтэй байна. Хамгийн үнэтэй нь 12 мянган төгрөг, хямд нь арван мянган төгрөг аж.

Худалдаачдын хэлснээр махны үнэ тогтвортой, ямар өөрчлөлт ороогүй болохыг хэлж байлаа. Харин худалдан авалт буурсныг нөөцийн махны худалдаа болон коронавирусийн халдвараас болж хөл хорио тогтоосон, мөн  эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаж байв.

Лангуу бүрт үхрийн ястай болон цул мах харилцан адилгүй үнэтэй байгаа нь шинэ болон хуучнаараа ялгаатай гэнэ. Тухайлбал, үхрийн шинэ тарган цул болон ястай мах кг нь 12.200 төгрөгийн үнэтэй байгаа юм. Харин үхрийн цул болон ястай мах кг нь 10-11 мянган төгрөгийн үнээр худалдаалж буй нь намар, өвлийн хөлдүү хуучин мах гэнэ.

Худалдагчдын хэлснээр махны үнийг буулгах нь тэдний орлогод ч ашигтай, өсвөл махаа зарж чадахгүйд хүрдгээ хэлж байв.

НӨӨЦИЙН МАХ ЧАНАРТАЙ БОЛ ХУДАЛДАН АВАЛТ БУУРДАГ

 “Хүчит шонхор” захын худалдагч С.СЭРГЭЛЭН: 

Махны үнэ тогтвортой байгаа. Цагаан сараас хойш махны үнэ килограмм нь 11 мянган төгрөгийн үнээр худалдаалж байна. Харин махны ханш өндөр байна. Бид ченжүүдээс махаа нэг килограммыг нь 8500 төгрөгөөр авч 11 мянган төгрөгөөр борлуулдаг. Малчид ч бас махаа үнэтэй зардаг болчихож. Ченжүүд махны үнээ буулгахад дагаад махны үнэ ч бас буурна шүү дээ. Одоогоор хөл хөдөлгөөн багатай, худалдан авалт муу байгаа. Энэ нь коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж хөл хорио тогтоосонтой холбоотой байх. Нөөцийн мах худалдаанд гарснаас болсон ч байж магадгүй. Гэхдээ нөөцийн мах худалдаанд гарлаа гээд махны үнэд өөрчлөлт орохгүй.


“Хүчит шонхор” захын худалдагч Т.ДОЛГОРМАА: 

-Цагаан сараас хойш махны үнэ хэвийн байна. Шинэ тарган мах 12 мянган төгрөгөөр борлуулж байна. Нөөцийн мах худалдаанд гарсан ч махны үнэд нөлөөлөхгүй. Харин иргэд шинэ мах худалдан авахыг илүүд үзэж байх шиг байна. Гэхдээ махны худалдан авалт муу байна. Энэ нь хөл хорио тогтоосонтой холбоотойгоор эдийн засгийн хямрал үүссэнтэй л холбоотой.


“Хүчит шонхор” захын худалдагч Б.ЦЭНГЭЛ: 

-Махны үнэ өсөөгүй. Харин ч тогтвортой байгаа. Кг нь дунджаар 11 мянган төгрөгийн үнэтэй л байна. Махны худалдан авалт муу байгаа. Иргэд махны нэг, хоёр сарын нөөцөө бэлдсэн байж магадгүй. Дээр нь бар, ресторан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон болохоор махны худалдан авалтад нөлөөлж байна. Мөн нөөцийн мах худалдаанд гарчихаар худалдан авалт мууддаг. Гэхдээ нөөцийн мах хэр чанартайгаас л шалтгаална. Нөөцийн мах амт чанар сайтай бол худалдан авалт нэг хэсэг мууддаг. Харин чанаргүй муу байхад иргэд шинэ мах худалдан авахыг л илүүд үздэг гэлээ.


“Хүчит шонхор” захын хонины мах худалдаалж буй тасгаар орж үнэ ханш сонирхвол хонины ястай мах килограмм нь 9500 төгрөгийн үнэтэй байна. Цул мах ч бас 8000-9500 төгрөгийн үнэтэй байна. Мөн л худалдан авалт буурсныг хэлж байв. Харин зарим худалдагчийн хэлснээр махны үнэ 500 төгрөгөөр өссөн хэмээсэн бол зарим нь 500-1000 төгрөгөөр буурсан гэнэ. Ерөнхийдөө махны үнэ бага зэргийн хэлбэлзэлтэй байлаа. Худалдан авалт мөн л тааруу, хөл хөдөлгөөн багатай байлаа.

Иргэдийн хувьд махны үнэ тогтвортой байгааг хэлж байлаа. Харин нөөцийн махнаас илүү шинэ мах худалдан авах сонирхолтой байгааг хэлж байсан юм.

Нийслэлчүүдийн хаврын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах худалдаанд гаргадаг. Нөөцийн махны борлуулалт өмнөх онуудад зөвхөн томоохон худалдааны төвүүд, цөөн дэлгүүрүүдээр хэрэглэгчдэд хүрдэг байсан бол энэ жилээс агентийн гэрээгээр нийт 279 жижиглэн худалдааны төвөөр гуравдугаар сарын 9-нөөс эхлэн худалдаанд гарсан юм. Ингэхдээ хороо бүрт 1-3 хүнсний дэлгүүр байхаар тооцож, НӨАТ, ПОС терминалийн төхөөрөмж ашиглалт, Бар кодын асуудлыг шийдвэрлэжээ. Ингэснээр зорилтот бүлгийн иргэд нөөцийн махыг хүндрэл бэрхшээлгүйгээр хямд үнээр дэргэдээсээ авах боломж бүрдэж байгаа юм. Үнийн хувьд үхрийн мах- 7700 төгрөг, хонины мах- 6700 төгрөг, ямааны мах- 6200 төгрөгөөр тус тус худалдаалагдаж буй.

Нөөцийн махны худалдан авалт хэр байгааг сонирхож Баянгол дүүргийн нутаг, гурав, дөрөвдүгээр хорооллын эцэст байрлах нөөцийн мах худалдаалж буй “Ихэр хайрхан” дэлгүүрээр орлоо. Өчигдөр оройны 19:00 цагийн орчимд нөөцийн мах аль хэдийнэ дууссан болохыг худалдагч Д.Пагмадулам хэлж байв. Түүний хэлснээр нөөцийн махны эрэлт анх худалдаанд гарахдаа маш сайн байсан, одоо бага зэрэг буурсан гэнэ. Харин өчигдөр махны борлуулалт сайн байжээ. Иргэдийн хувьд нөөцийн махны үнэ боломжийн, амт чанартай байгааг хэлж байгаа бол цөөн хэсэг нь шүүмжилж байгааг ч худалдагч хэлж байсан юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж