Тусгай үүргийн онгоцоор өнөөдөр Сөүлээс 251 иргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2020.04.02-нд нийтлэгдсэн

Тусгай үүргийн онгоцоор өнөөдөр Сөүлээс 251 иргэн ирнэ

Тусгай үүргийн онгоцоор өнөөдөр Сөүлээс 251 иргэн ирнэ

Сөүл болон Токио хотоор дамжуулан хилийн чандад байгаа, хүндэтгэх шалтгаантай Монгол Улсын иргэдийг өнөөдрөөс  /2020.04.02/  эх орондоо авчирахаар болсон билээ. Тодруулбал, Сөүл рүү нисэх тусгай үүргийн онгоц өнөөдөр 08.40 цагт  Улаанбаатараас хөөрч, 12.50 цагт Сөүлд газардана.

Ингээд 14.20 цагт Сөүлээс Улаанбаатар руу нисч, 17.00 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардах юм. 

Мөн өнөөдөр  Токиогийн нислэг 13.00 цагт Улаанбаатараас хөөрч, орон нутгийн цагаар Токиод 19.00 цагт газардана. Токиод газардсан тусгай үүргийн онгоц Токиод нэг хоноод дөрөвдүгээр сарын 3-нд 08.30 цагт Токио хотоос хөөрч, Улаанбаатар орон нутгийн цагаар 13.05 цагт газардана.

Уг нь Улсын Онцгой комиссын хуваарийн дагуу  өнөөдөр 08.00 цагт БНСУ руу, маргааш /2020.04.03/  Япон улс руу нислэг үйлдэх байсан ч өчигдөр /2020.04.01/ орой нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон талаар мэдээлсэн юм. Тусгай үүргийн онгоцоор өнөөдөр Сөүлээс 251 иргэн, Токиогоос 255 иргэн ирэх аж.

Тодруулбал,Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр:

  • Өндөр настан, асран хамгаалагчийн хамтаар 40 гаруй хүн,
  • Эрүүл мэндийн шалтгаантай хүн, асран хамгаалагчийн хамт 110 гаруй хүн,
  • Хөгжлийн бэрхшээлтэй таван хүн,
  • Жирэмсэн 19 хүн,
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 51,
  • Бусад 13 хүн эх орондоо ирнэ.

Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр:

  • Өндөр настан 30,
  • Эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй 10,
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 36,
  • Дамжин ирж байгаа 50 гаруй,
  • Жирэмсэн дөрөв,
  • Бусад 120 монгол иргэн ирнэ.

ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ИРЭХ ИРГЭДИЙГ 21 ХОНОГ ТУСГААРЛАНА

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна. 

  • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 мянган төгрөг буюу нийт нэг сая 50 мянган төгрөг,
  • 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянган төгрөг байна.

Дээрх төлбөрийг тус улсуудаас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газар /ХААН БАНК 5084538375/-ын дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна. Төлбөр хийхдээ тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаар болон байрны төлбөр зэргийг заавал тодорхой бичихийг анхааруулж байгаа юм.

ГУРАВДУГААР САРД ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНТАЙ ИРГЭДЭЭ ДӨРВӨН УДААГИЙН НИСЛЭГЭЭР АВЧИРСАН

Монгол Улсын хувьд  гуравдугаар  сараас эхлэн БНСУ, Япон, ОХУ, Бүгд найрамдах Турк улс болон Европын орнуудад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ дөрвөн удаагийн нислэгээр эх орондоо авчирсан билээ. Тухайлбал,

  • Гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 244 иргэнийг эх оронд нь авчрав.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 231 монгол иргэн ирэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц Японоос 257 иргэнээ авчрав.
  • Гуравдугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 252 иргэн ирсэн юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж