"Алтан гургалдай торон дотор жиргэдэггүй. Үзэсгэлэнт гүнж цайз дотор жаргадаггүй” гэж үг байдаг. Улаанбаатар хотод хоногт дунджаар таван эмэгтэй нөхөртөө зодуулсны улмаас цагдаагийн байгууллагад ханддаг байна. Энэ нь зөвхөн Нийслэлийн цагдаагийн газарт бүртгэгдсэн тоо. Үүний цаана олны нүднээс далд, хаалттай хаалганы цаана хэчнээн хүүхэд, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн золиос болж, "тэвчиж" амьдарч байгааг хэлэхэд хэцүү. Ялангуяа хорио цээрийн дэглэмтэй энэ өдрүүдэд ахуйн хүрээний архидалтаас үүдсэн гэр бүлийн хүчирхийлэл анхаарахгүй өнгөрч болохгүй асуудал болжээ.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжийн дагуу баар, караоке зэрэг цэнгээний газрууд үүдээ хааж хөл хорио тогтоосноор гудамж талбай, олон нийтийн газарт үйлдэгддэг гэмт хэрэг эрс буурсан гэх сайн үзүүлэлтийн цаана гэр бүлийн хүчирхийлэл муу мэдээ байна. Тодруулбал, хөл хорионоос өмнө цагдаагийн байгууллагад нэг хоногийн дотор ойролцоогоор 1200-1500 хэрэг бүртгэгддэг аж. Үүний 100-150 орчим нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл байдаг байсан бол хорио цээрийн дэглэмээс хойш гэр бүлийн хүчирхийллийн тухай дуудлага мэдээлэл эрс ихэссэн аж.
20-24 насны эмэгтэйн ярианы хэсгээс:
- “Айхтар сүртэй биш ч хааяа нэг гар хүрч байсан. Эмэгтэй хүн нүд ам нь хөхөрсөн явахад наад зах нь гоо сайханд муухай. Сэтгэлийн шархтай болно. Архи уусан үед нь айж чичрээд яах вэ гэж боддог. Өөрчлөгдөх байх гэж боддог"
35-65 насны эмэгтэйн ярианы хэсгээс:
- “Би арав гаруй жил сүг болтлоо зодуулсан. Шүүх хурлын танхимд надаас дахиж би хэзээ ч ингэхгүй гээд сөгдөж, мөргөөд гуйгаад байсан. Гэвч гарч ирээд л хаалгаа түгжиж аваад “Чи намайг ялын өмнө зогсоодог хэн бэ” гээд зодсон. Тэгэхээр тэр хүн хэзээ ч засрахгүй. Би хэнд ч хэлдэггүй, нуудаг байсан. Би амьд гаръя гээд гэрээсээ зугтсан”
"ГУРАВДУГААР САР ГАРСНААС ХОЙШ АХУЙН ХҮРЭЭНИЙ АРХИДАЛТ МАШ ИХ НЭМЭГДСЭН"
Цагдаагийн Ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар “Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 2018 онд 448 байсан. Харин энэ оны хоёрдугаар сарын байдлаар 426 болж, 4.9 хувиар буурсан. 2019 оны мөн үед 19779 хүн эрүүлжүүлэгдсэн бол энэ онд 17430 болж буурсан байна. Энэ оны эхний хоёрдугаар сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо буурсан. Гэвч гуравдугаар сар гарснаас хойш ахуйн хүрээний архидалт маш их нэмэгдсэн. Үүнтэй холбоотой согтуугаар үйлдэгдсэн хэд, хэдэн ноцтой гэмт хэрэг байна.
Тухайлбал, гуравдугаар сарын 11-ий өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд 30 настай хүүхэд нь 51 настай эцгийгээ маш олон удаа хутгалж, амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарсан. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гуравдугаар сарын 15-ы өдөр архидан согтуурч, хувийн таарамжгүй харьцаанаас болж хоёр хүнийг хутгалж, гэмтээсэн тохиолдол гарсан.
Үүнээс харахад хөл хорионы үед үйлчилгээний газруудыг хаасантай холбоотой ахуйн архидалт ихээр үүсэх болсон. Иргэд олноороо нэгнийдээ цугларч, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ архидан согтуурсны улмаас гэр бүлийн хүчирхийлэл зэрэг бусад гэмт хэргүүд гарч байна. Монгол Улсад нийт бүртгэгдэж байгаа гэмт хэргийн 45 орчим хувь нь архидан согтуурсны улмаас болж үйлдэгддэг. Гуравдугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд 262 хүн эрүүлжүүлэгдсэн. Үүнээс 235 эрэгтэй, 27 эмэгтэй хүн байна.
Архидан согтуурсны улмаас гэмт хэрэгтэн болдог гэсэн үг биш. Гэмт хэрэгтэн болохоос гадна, өөрсдөө хохирогч болох тохиолдол их байдаг. Согтуу явж байгаад унаж гэмтэх эсвэл гар хөлөө гэмтээх, бусдын халдлагад өртөх эрсдэл их байдаг. Иргэд архидан согтуурвал хохирогч, эсвэл гэмт хэрэгтэн л болно гэсэн үг. Тиймээс иргэд архийг бага хэрэглэх хэрэгтэй, аль болох татгалзах нь зөв. Цар тахлын энэ үед архидан согтуурсны улмаас хүний биеийн дархлаа суларч өвчлөх магадлал өндөр болох эрсдэлтэй" гэв.
Хүчирхийлэл үйлдэгчид бараг араатнаас өөрцгүй, эрүүл ухаангүй, ангид хүмүүс байдаг гэсэн нийтлэг ойлголт, төсөөлөл нийгэмд бий.
Харин сэтгэл зүйчид хүчирхийлэл үйлдэгчдийг өөрсдийнхөө буруу үйлдлийг зөв гэж итгэн үнэмшчихсэн, энэ үйлдлийг хийхээс өөр гарцаагүй гэж өөрийгөө зөвтгөдөг. Эсвэл миний энэ үйлдлийг хийхэд орчин тойрны хүмүүсийн үйлдэл нөлөөлсөн тэд л буруутай гэж боддог сэтгэхгүйн төөрөгдөлд орчихсон сэтгэл зүйн өвчтэй хүмүүс гэж дүгнэдэг байна.
"ХҮЧИРХИЙЛЛИЙН ХАРИЛЦААНЫ ТОЙРОГТ ОРЧИХООРОО ХҮН ГАРЧ ЧАДДАГГҮЙ"
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх шалтгаан нөхцөл болон бусад асуудлаар олон улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Б.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
-Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргүүд нийгмийг цочроох боллоо. Ер нь ихэвчлэн ямар сэдлээр дээрх хэрэг үйлдэгдээд байна вэ?
–Гэр бүлийн хүчирхийлэл нь хувь хүн болон нийгмийн амьдралаас шууд шалтгаалдаг. Ерөнхийдөө гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нь гурван үндсэн асуудлаас хамаардаг гэж хэлж болно. Нэгдүгээрт залуучууд, өсвөр үеийнхнийгээ гэр бүлийн амьдралд бэлтгэх боловсрол олгохгүй байна. Гэр бүлийн амьдралын мөн чанар, гэрлэлтийн утга учир, үүсэх асуудлыг даван туулах, нэгнийгээ ойлгох хүлээн зөвшөөрөх зэрэг асуудлуудад бэлдээгүйгээс болоод хүчирхийлэл үйлдэгдэх нэг сэдэл болоод байгаа юм. Мэдээж хүний амьдрал сайнтай муутай янз бүрийн зүйл тохиолдоно. Харин тулгамдсан асуудлаа хүчээр шийдвэрлэх гэсэн болчимгүй үйлдэл нь хүчирхийлэл рүү түлхээд байна.
Хоёрдугаарт нийгмийн асуудал. Өнөөдөр залуучууд ажилгүй, орлого багатай байна. Нийгмийн амьдралын хүрээнд залуу гэр бүлийг дэмжих бодлого эрхзүйн орчин дутмаг байдлаас болоод санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг.
Нэгнээ буруутгадаг, сэтгэл санааны хямралаас болоод архинд ордог. Манай улсад архинд донтох өвчний тархалт гамшгийн түвшинд байсаар байна. Албадан саатуулах байранд гэр бүлдээ түгшүүр төрүүлснээс болж баривчлагдсан хүмүүсийн 60–70 хувь нь согтуугаар үйлдсэн болон архины хамааралтай иргэд байдаг.
Гуравдугаарт хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүсийн гэр бүлийн орчноос авсан төлөвшил хүмүүжилтэй нь холбоотой. Өөрөөр хэлбэл, хүүхэд үзэж, харж, сонссон зүйлийнхээ дагуу төлөвшиж хүмүүждэг. Багаасаа гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж, эсвэл харж өссөн хүүхдүүд насанд хүрээд хүчирхийлэгч болох магадлалтай. Хэдийгээр хүчирхийллийг үзэн ядаж өссөн ч гэсэн далд ухамсарт нь харж, сонсож мэдэрсэн зүйл нь тархинд суусан учраас эрсдэлд нөхцөл байдал бүрдэхэд л тэр зан араншингаа гаргачихдаг.
-Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар цагдаа шүүхэд хандсан хүмүүсийн 80 хувь нь эргэж эвлэрэх магадлалтай байдаг гэсэн тоо харж байсан санагдаж байна?
–Хүчирхийлэл үйлдсэн нөхрөө шоронд оруулчихъя эсвэл салчихъя гэж боддог эмэгтэйчүүд цөөхөн байдаг.
–Яагаад?
-Учир нь хохирогч эмэгтэйчүүд нөхрөө өөрчлөгдөнө гэдэгт итгэж найддаг. Хамтдаа цаашдаа аз жаргалтай элэг бүтэн амьдрахыг л хүсдэг. Түүнээс биш харилцаагаа таслахыг хүсдэггүй. Тиймдээ ч эргэж эвлэрдэг.
-Хүчирхийллийг тасралтгүй үргэлжилдэг тойрог гэж гэр бүл судлаачид ярьдаг. Тэгвэл нэгэнт тэр тойрог дунд орчихсон хүмүүс хэзээ зайлшгүй арга хэмжээ авч, тэндээсээ гарахгүй бол асар аюултай нөхцөлд байгаа гэдгээ яаж мэдэх вэ?
-Гэр бүлийн хүчирхийллийн нэг онцлог нь дахин давтагддаг даамжирдаг тасралтгүй цикл хэлбэрээр үргэлжилдэг үйлдэл. Эхний үед хохирогч зүгээр л гомддог. “Арай ч дээ. Надад гар хүрчихлээ”, “Ууртай, уучихсан байсан болохоороо л ингэчхэв үү”, “Миний буруу байсан юм болов уу” гэх зэргээр асуудлын голыг олж харалгүй өөр шалтгаануудыг хайж, гомдоод уучлаад өнгөрдөг. Энэ үед хохирогч хүчирхийлэгчийг уучлахад бэлэн байдаг. Дараагийн шатандаа ороод эхлэхээр хохирогч “Би энэ байдлыг чинь тэвчиж чадахгүй”, “Чамд зодуулж амьдарч чадахгүй” гэсэн байр суурьтай болдог бөгөөд үүнийг тэмцэлдэх үе гэж үздэг. Гуравдах шат бол зайлсхийх үе. “Асуудал үүсвэл хэрүүл гарах вий”, “Чанга дуугарвал зодуулах вий”, “Ингээд эхлэхээр л зодоон болдог шүү” гэсэн бодолтой болж өнөөх циклдээ ороод эхэлдэг.
Гэнэт тэсрэлт болсон үед гэр лүүгээ хэсэг хугацаагаар явах зэргээр холдож, зугтдаг. Эсвэл эсрэгээрээ уурлуулахгүйн тулд хүссэн бүхнийг нь хийдэг болно. Асуудлынхаа гол руу орохгүй аргацааж, намжаах байдал руу орно. Энэ улам даамжирсаар дөрөв дэх үе рүү орвол хүчирхийлэл амьдралынх нь нэг хэсэг болоод эхэлдэг. “Хэвийн болох үе” гэгддэг энэ үе бол маш хортой. Энэ үед хоёулаа хэрүүлч, зодоонч, нүүр нүүрээ харж ярилцах чадваргүй болно. Ийм байнгын айдас түгшүүртэй байдалд сэтгэл хөрөх, эсвэл хавханд орсон юм шиг, энэ нөхцөл байдлаас гарлаа л бол алуулах юм шиг, бүх юм буруугаар эргэх юм шиг мэдрэмжтэй болдог. Ингээд хүчирхийллийн харилцааны тойрогт орчихоороо хүн гарч чаддаггүй. Энэ болгон нь хүчирхийллийн тойргийг нь улам хумиад, даамжрах тусмаа гарах гарцгүй юм шиг сэтгэгдэл төрдөг.
ТӨРИЙН ХАМГААЛАЛТ ТИЙМ Ч “НАЙДВАРТАЙ АРГА” БИШ
Хэдийгээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хохирогчид сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, нөхөн сэргээх сэтгэл заслын үйлчилгээг үзүүлэх, сургалтын үйл ажиллагааг тусгаж өгсөн ч төрийн хамгаалалт тийм ч “найдвартай арга” биш. Учир нь, эдгээр байгууллага дээд тал нь 60 хоног байрлуулдаг. Ихэнхдээ 3-7 хоног хамгаалах байранд амьдруулна. Эндээс гараад тэд эргээд л гэртээ очно.
Уг нь олон улсын жишгээс үзвэл түр хамгаалах байрны үйлчилгээ дууссаны дараа хохирогчдыг ажил хөдөлмөр хайж олох, өөрийгөө ялан дийлэх хугацаа олгосон “Дамжих байр” байдаг аж. Гэвч энэ нь манай улсад байхгүй. Ийм төсөв, илүү байр ч үгүй.
Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй төвүүдийн ажлаас чангаадаг ганц асуудал нь төсөв, санхүүгийн бэрхшээл аж. Төрөөс тэдэнд асуудлыг дахин даамжрахгүй болтол нь шийдвэрлэ гэж мөнгө өгөөгүй учир тэд хохирогчдоо “түр хамгаалаад” төрхөмд нь буцаахаас өөр аргагүйд хүрдэг гэнэ. Тиймээс эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоохын тулд Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд олон улсын байгууллагуудын олон талт хамтын ажиллагаа нэн чухал байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ