Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Уг үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Нэргүй, Цагдаагийн Ерөнхий газрын төлөөлөл болон Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, алба хаагчид оролцлоо.
Энэ онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй олон ажлын нэг нь Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн шинэ барилгын ажил юм. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилга нь 1989 онд ашиглалтад орсноос хойш 31 жилийн хугацаанд тус барилгад үйл ажиллагаа явуулж байна. Уг барилгын тухайд багтаамж нь бага, дүүргийн 100 цагдаагийн алба хаагч ажиллахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймээс шинэ барилга баригдсанаар иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдралын төлөө зүтгэдэг цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжрах юм. Харин одоо үйл ажиллагаа явуулж буй барилгыг эрүүлжүүлэх газар болгон ашиглах аж.
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Чимэддорж “Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилгын ажил өнөөдрөөс эхэлж байна. Барилгын ажлыг зургаан сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Гүйцэтгэгч компанийн хувьд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтсийн барилгыг зургаан сарын хугацаанд барьсан туршлагатай компани юм” гэлээ.
Гачуурт уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх шинэ зам нь зүүн болон өмнө бүсийн аймгууд, Налайх, Багануур, Баганхангай дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүстэй холбодог гол зам юм. Үүнийгээ дагаад Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчдын ачаалал ч мөн ихэсдэг. Иймд тэдний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах барилгын ажил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар өнөөдрөөс ийнхүү эхэлж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ