Ардчилсан намын даргын ахлах зөвлөх болж, “дэвшсэн” Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд “МАН нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүн болгон байртай болно гэж амласан нь хуулиар хориотой амлалт” гэж мэдэгдээд байна.
Өөрөөр хэлбэл, З.Энхболд зөвлөхийн хэлсэн ёсоор МАН хориотой амлалт өгсөн бол Аудитын байгууллага тус намын 2020 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс дээрх амлалтыг нь хасна гэсэн үг.
Мөн тэрбээр Ардчилсан намаас дэвшүүлсэн дундаж цалинг 3 сая төгрөгт хүргэх тухай амлалтын тухай ийн ярьжээ.
“АН-ын мөрийн хөтөлбөрт зүгээр сууж байгаа хүнд гурван сая төгрөгийн цалин өгнө гэсэн асуудал тусгаагүй. АН-ын мөрийн хөтөлбөрт ажилгүйдлийг хэрхэн даван туулах вэ гэдэг л зүйл байгаа. Ерөнхийлөгч 2017, 2018 онд бүх аймаг, дүүргээр явж уулзалт хийсэн. Энэ уулзалтаар яаж ядуурлаас гарах вэ гэдэг асуултад Ерөнхийлөгч маш ойлгомжтой хариулж байсан. “Бид таван тэрбум ам.долларын түүхий эд зарж байна. Зэс, төмрийн хүдэр, алт, нэхий, махаа боловсруулалгүй гаргадаг. Манай улсын зарж байгаа бүх бүтээгдэхүүн түүхийгээрээ таван тэрбум ам.доллар байгаа. Энэ түүхий эдээ боловсруулбал 30 тэрбум ам.доллар болох юм байна, хэдэн зуун мянган ажлын байр бий болно” гэсэн. Ерөнхийлөгчийн энэ санааг АН мөрийн хөтөлбөрийнхөө гол зүйл болгосон. АН-ын мөрийн хөтөлбөр дотор 10 жилийн хугацаанд 150 мянган ажлын байр бий болгоно, үйлдвэрүүдийг хувийн хэвшил бий болгоно гэж байгаа. Засгийн газар зөвхөн дэд бүтэц барьж дэмжинэ, Зүүнбаянгийн төмөр зам шиг. 30 тэрбумын экспорт хийх учраас багадаа 1000 ам.долларын цалинтай 150000 ажлын байр үүсгэх бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ бол гурван сая төгрөгийн цалин гэж ярьсан. Хувийн хэвшлийнхэн түүхий эдээ боловсруулж өртөг нэмж экспортолсон учраас гурван саяын цалинтай болно. Мөн эдгээр олон мянган үйлдвэрүүдийн төрд төлсөн татвараас төрийн албан хаагчдад хувийн хэвшлийнхнээс дутахааргүй цалин өгнө гэсэн тооцоо хийсэн. Энэ 10 жилийн хөтөлбөрийн эхний дөрвөн жилийнхийг Аудитад өгсөн. Аудитын газар манай мөрийн хөтөлбөрийг өөлөөд байх юм байхгүй. Яагаад гэвэл ажлын байрыг хувийн хэвшил бий болгоно. Төсвөөс хамаарахгүй” гэжээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ