Д.Сумъяа Чиндаогийн гранприд түрүүллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Д.Сумъяа Чиндаогийн гранприд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

Д.Сумъяа Чиндаогийн гранприд түрүүллээ

Хятадын Чиндаод олимпийн эрхийн оноо олгох уламжлалт гранпри тэмцээн өнөөдөр эхэллээ. Чиндаогийн тэмцээнд 59 орны 375 (эрэгтэй 236, эмэгтэй 139) жүдоч өрсөлдөж байгаагаас манай улсаас 19 тамирчин оролцож байна.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорлоо. Өнөөдөр манай жүдочдоос гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Д.Төмөрхүлэг нарын 7 жүдоч татамид гарснаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр III байрт жагсаж эхэллээ.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан ОУХМ Д.Сумъяа "А" хэсгийг тэргүүлэн барилдаж, Туркменистан, Японы бөхчүүдийг ялж, хэсгийн аварга болсон. Тэрбээр хагас шигшээд Австрийн Сабрина Фильцмозер, аваргын төлөө дэлхийн аваргын хүрэл медальт Германы Ропер Миряам нарыг цэвэр яллаа.

Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон хүрэл медаль хүртэж, медалийн тавцанд зогслоо.

Тэмцээний эхний өдөр Япон улс 2 алт, 2 хүрэл, Азарбайжан 2 алт, Монгол 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтайгаар тэргүүлж эхэллээ.

Энэхүү тэмцээнээр Зүүн Азид болдог цуврал тэмцээн эхэлж байгаа юм. Тодруулбал, Чиндаогийн гранпригийн дараа Чэжүгийн тэмцээн манай тамирчдыг хүлээж байна. Харин Монголын жүдочдын оролцох энэ оны сүүлчийн тэмцээн нь 12 дугаар сарын 2-нд болох Токиогийн “Их дуулга” юм. Дээрх гурван тэмцээний дараа олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааг шинэчлэн гаргах бөгөөд энэ нь ирэх оны нэгдүгээр сард буурал тивд болох цуврал тэмцээний дараа өөрчлөгдөнө.

Ч.БОЛОР

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!