Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Орхон, Дархан-Уул аймгийн сургууль, цэцэрлэг, номын сан, архивын өрөө, тасалгааны агаар дахь радоны хуримтлалын хэмжээг тодорхойлж, хүрээлэн буй орчин болон хүн амын эрүүл мэндэд цацрагийн сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа эсэхийг тогтоох тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ. Уг ажлын хүрээнд дээрх аймгуудын 16 байгууллагын өрөө, танхимын агаарт радоны хуримтлалыг тодорхойлох хэмжилтийг хийхэд 27-152 Бк/м3 хэмжээтэй байсан нь манай улсад мөрдөгдөж буй зөвшөөрөгдөх хэмжээ (200Бк/м3)-нд байна.
Радон-222 нь байгалийн гаралтай цацраг идэвхт хий бөгөөд аливаа барилга байгууламжийн газрын хөрснөөс цэвэр, бохирын хоолой, барилгын суурийн ан цав зэргээр дамжин өрөө тасалгааны агаарт хуримтлагддаг. Цаашлаад радон хий нь амьсгалын замаар хүний биед нэвтрэн дотоод шарлагыг үүсгэж, дотоод цуллаг эрхтэнүүд ялангуяа уушгинд хүрч, улмаар уушгины хорт хавдрын шалтгаан болдог. Иймд радон хийн хуримтлалыг бууруулахын тулд иргэн та өрөө, тасалгааныхаа агааржуулалтыг тогтмол давтамжтайгаар хийж байгаарай.
Тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу Дорноговь, Өмнөговь аймаг, Нийслэлийн холбогдох байгууллагуудыг тандалт судалгаанд хамруулах юм.
ЭХ СУРВАЛЖ: МХЕГ
Холбоотой мэдээ