Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал хойшлогдлоо. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.04.01/ 14.00 цагт эхэлсэн юм. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр нараас шүүх хуралдаан давхцсан тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн шүүгдэгч шинээр өмгөөлөгч нэмж авсан бөгөөд уг өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шинжээч эмч оролцуулах хүсэлтийг тус тус гаргажээ. Иймд шүүх талуудын гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулжээ.
Хэргийг сануулахад, Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сард хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан хэрэгт Б.Махбалыг буруутган шалгаж буй юм.
Э.АРИУН
Холбоотой мэдээ