Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Хуучирсан мэдээ: 2020.04.01-нд нийтлэгдсэн

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.01) Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өргөн барив.
Монгол Улсын Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэг, түүнийг хэрэглэх онол арга зүйд гарч буй сүүлийн үеийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг бие бүрэлдэхүүнийг бий болгох, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр төслийг боловсруулжээ.
Сүүлийн жилүүдэд улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлууд болох төмөр зам, авто зам, барилга байгууламж, газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц зэрэг томоохон төсөл, хөтөлбөрт Зэвсэгт хүчний барилга, инженерийн анги, байгууллагыг татан оролцуулж, амжилттай хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ үндсэн үүргээ биелүүлэх, бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр цэргийн барилга инженерийн ангиудыг цэргийн захиргааны удирдлагаар шууд ханган бие даасан төрлийн цэргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжийг хангах үүднээс төрөл, мэргэжлийн цэрэгт хамаардаг Барилга, инженерийн ангийн статусыг нэмэгдүүлж гүйцэтгэх чиг үүргийг хуулиар нарийвчлан тодорхойлох шаардлага үүссэн тус холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
Мөн орчин үед цахим кибер хандлага хурдтай өсөн нэмэгдэж, мэдээллийн аюулгүй байдалд заналхийлэх болсонтой холбогдуулан Зэвсэгт хүчинд кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг хуулиар бий болгох асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгцээ шаардлагын дагуу холбогдох зохицуулалтыг тусгажээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмыг батлахтай холбогдсон зохицуулалтыг нэмж тусгах юм байна.
Хуулийн төслийг баталснаар Зэвсэгт хүчний бүтцэд Барилга-инженерийн цэргийн удирдах байгууллага, түүний чиг үүрэг, бүтээн байгуулалтын ажилд оролцох бие бүрэлдэхүүний эрх зүйн үндэс бүрдэх юм байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд улс орны кибер орон зайг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх “Кибер аюулгүй байдлыг хангах төв” нь 2019 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан бөгөөд хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор чиг үүрэг, хариуцлагын түвшин дээшилж, үйл ажиллагаа хуулиар баталгаажих ач холбогдолтой юм хэмээн төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж