Нью-Йорк хотод Covid-19 өвчинтэй тэргүүн шугамд тэмцэж буй эгэл баатрууд түүхэнд байгаагүй их түргэн тусламжийн дуудлага, хамгаалах хэрэгслийн хомсдол, гэр бүлдээ өвчин авч харих айдас зэрэг хүнд асуудлуудтай нүүр тулж байна.
Covid-19 цар тахлын үед АНУ-ын хамгийн том хот Нью-Йорк хотын түргэн тусламж 2001 оны есдүгээр сарын 11-ний эмгэнэлт явдлын үеэс ч илүү дуудлага хүлээн авах болсон хэмээн Онцгой байдлын газрын дэслэгч, байцаагч Энтони Алможера ярьжээ.
"Сүүлийн хэдэн өдөр бид 44 мянга гаруй дуудлага хүлээн авч байна. Харьцуулж үзвэл бид энгийн өдрүүдэд ихдээ л 4000 дуудлага хүлээн авдаг байсан юм. Есдүгээр сарын 11 бол бидний хувьд хамгийн завгүй өдөр буюу 6300 дуудлага хүлээн авч байсан өдөр юм. Гэтэл өдгөө бид өдөрт 7000 гаруй дуудлага хүлээж авч байна"
Тэрбээр ийнхүү ярьж байхдаа солигдолгүй хоёр ээлжээр ажиллан маш их ядарсан байсан ч үргэлжлүүлэн "Бид Нью-Йорк хотод хэрэгтэй бүх тусламжийг үзүүлэхээр цаг наргүй ажиллаж байна. Бидэнд маш их тусламж хэрэгтэй байгаа ч бид ажилласаар байна. Ингэж их ядарч, бас тэргүүн шугамд ажиллах нь бид өөрсдөө өвчин тусах эрсдэлийг ч ихээр нэмэгдүүлж байгаа. Бид ажлаа хийж яваад үхэж ч магадгүй. Бид өвчтэй хүний төлөө гэж явсаар өөрсдөө өвдөж ч магадгүй. Гэхдээ л бид ажилласаар байна. Манай ажилтнууд өөрсдөө өвдөхөөс илүү гэрийнхэндээ өвчин тараахаас хамгийн их айж байна. Бид Засгийн газраас өөрсдийгөө шинжилгээнд хамруулах болон гэр бүлээсээ тусдаа амьдрах боломжийг бүрдүүлж өгөхийг хүссэн. Бид энэ хүнд хэцүү үед гэртээ харихын оронд зочид буудалд, эсвэл тусгаарлах байранд амарч байх хэрэгтэй. Гэвч хэн ч бидний хүсэлтийг хүлээж авахгүй байна. Мөн бидний ихэнх нь хамгаалах хэрэгслийн хомсдолд ороод байна. Жишээ нь гэхэд зарим ажилтнууд N95 маскгүй учир оронд нь өөр баталгаагүй маск зүүн ажиллаж байгаа. Энэ хэцүү цаг үед дэлхийн хамгийн баян орны сувилагчид хогийн саванд хэвтэж байх нь утгагүй зүйл. Гэсэн хэдий ч бид үүргээ үнэнчээр гүйцэтгэж байна" хэмээн ярьжээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ